Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2006, 4(138)
Генийн зохицуулгын шинэ механизм
( Редакцийн зурвас )

Ж.Оюунбилэг


 

Энэ жилийн Физиологи, Анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг АНУ-ын эрдэмтэд профессор Эндрю З.Файр, Крейг С.Мелло нар давхар утаслаг РНХ нь ижилсэл хамаарлын замаар генийн зохицуулгад оролцдог шинэ механизмыг нээсний төлөө хүртжээ. Шинжлэх ухаанд цахиур хагалсан энэхүү судалгааныхаа ажлыгтэд «Nature» сэтгүүлд хэвлүүлсэн байна. Зөвхөн антисенс РНХ төдийгүй сенс РНХ ч генийн үйл ажиллагааг зогсоодог буюу бууруулдаг нь урьд нь ч мэдэгдэж байв. Антисенс РНХ мРНХ-д холбогдох нь генийн идэвхийг зогсоодог механизм биш хэмээн үзэж Мелло РНХ интерференс хэмээх шинэ санааг дэвшүүлж гаргажээ.

Өөрсдийн бүтээлдээ үндэслэн тэд дараах дүгнэлтүүдийг хийсэн байна. Үүнд:

  1. Генийн идэвхийг зогсоох буюу бууруулах нь зөвхөн давхар утаслаг РНХ-тэй холбоотой байсан ба сенс ба антисенс, дан утаслаг РНХ-ийн үйлчилгээ нь маш сул байв.
  2. Генийн идэвхи үзүүлэхгүй байх нь давхар утаслаг РНХ-тэй ижилсэл бүхий мРНХ-д ажиглагдаж байв.
  3. Генд үйлчлэх идвхи бүхий давхар утаслаг РНХ нь сплайсингийн дараах бие гүйцсэн РНХ-ийн дараалалд тохирох бегөөд интрон ба промоторын дараалал аль аль нь генд нөлөөлөх үйлчлэлийг өдөөхгүй байв.
  4. Бай РНХ нь алга болж байсан нь уг РНХ задарч байгааг харуулж байв.
  5. Генийг бүрэн идэвхигүй болгоход ердөө л хэдхэн ширхэг давхар утаслаг РНХ шаардлагатай байв. Энэ нь давхар утаслаг РНХ нь олширч каталазын замаар үйлчилж байгааг харуулж байна.
  6. Давхар утаслаг РНХ-ийн үйлчилгээ нь эд ба төл эсд нь илэрч байсан нь эсийн хооронд үйлчилгээ дамжиж буйг харуулж байна.

Эцэст нь тэд давхар утаслаг РНХ нь физиологийнүйлчлэлээргенийнидэвхийгзогсоодог байж болох тухай таамаглал дэвшүүлжээ.

Энэхүү нээлт нь дараах ач холбогдолтой болсон байна.

  1. РНХ интерференс нь РНХ вирүсийн халдвараас сэргийлдэг. Энэ механизм нь ургамал, өт хорхой, ялаанд байгаа нь мэдэгдэж буй ч сээр нуруутан амьтан, түүний дотор хүнд ямар хэлбэрээр байгааг бид хараахан мэдэж чадаагүй байна.
  2. Генийн хөдөлгөөнт элементийг идэвхигүй байлгах замаар РНХ интерференс нь геномын тогтвортой байдлыг хангадаг ажээ. Бидний геномын 50% нь вирүсийн дараалал ба транспозон хэмээх хөдөл гөөнт элементээс тогтдог ажээ.
  3. РНХ интерференс төстэй механизм нь уургийн нийлэгжлийг дарангуйлдаг ба бие махбодын онтогенез хөгжлийг зохицуулдаг байна.
  4. РНХ интерференс механизм нь хроматины эрчлээсийг сул байлгаж транскрипцийг дарангуйлна.
  5. РНХ интерференс механизм нь генийн идэвхийг өвөрмөцөөр сонгож дарангуйлах шинэ хэрэглүүр гэдэг нь тодорхой болов.
  6. РНХ интерференс нь ген эмчилгээний цаашдын шинэ арга болж байна.

Давхар утаслаг РНХ-ийн нөлөөгөөр эс нь ижилсэл бүхий гений идэвхийг дарангуйлдаг болохыг олж нээсэн нь генийн хяналтын тухай бидний мэдлэгийг үндсээр нь өөрчлөв.

РНХ интерференс нь РНХ вирүсийн халдварыг ургамал ба доод амьтдад саатуулдаг бөгөөд бидний геномд байгаа гадны элементийг (вирүс ба транспозон) идэвхигүй байлгадаг ажээ. РНХ интерференсийн үзэгдлийг нээсэн нь генийн үүрэг, үйл ажиллагааг тогтоох судалгааны туршилтын шинэ хэрэглүүрийг бий болгосон төдийгүй ирээдүйн анагаах ухаанд гензаслын шинэ хэлбэрийг хэрэглэх өргөн боломжийг нээж байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2713
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК