Монгол орны хүн амын 1990-2000 оны өвчлөлийн хөдлөл зүйн байдалд хийсэн судалгаагаар хоол боловсруулах эрхтний өвчлөл сүүлийн 10 жилд тогтмол хоёрдугаар байрт бүртгэгдсэнээс 1997 онд нойр булчирхайн өвчлөлийг улсын статистикийн бүртгэлд бүртгэх болсноос хойшхи 5 жилд өвчлөл 1.5 дахин өссөн үзүүлэлт гарсан. Нойр булчирхайн өвчлөлийн өсөлтөнд хүн амын амьдралын хэв маяг өөрчлөгдөж, хоол хүнсний нэр төрөл олширч хэрэглээ нэмэгдсэн нь нөлөөлснөөс гадна сүүлийн жилүүдэд архи хэтрүүлэн хэрэглэж байгаа нь гол хүчин зүйл болж байна. Манай орны хувьд нойр булчирхайн эмгэгүүдийн оношилгоо, эмчилгээний талаар огт хөндөгдөөгүй, нэн төвөгтэй байгаа нь анагаах ухааны тулгамдсан асуудлын нэгд зүй ёсоор тооцогдсоор байгаа юм. Нойр булчирхайн үрэвсэлд цөөн эм голлож хэрэглэж байгаа ч эмчилгээний үр дүн хангалтгүй сайжрал төдийлөн ажиглагддаггүй шинж тэмдэг цөөн хоногт арилдаггүй зэрэг дутагдалтай талууд олон эмч нарын практикт ажиглагддаг байсан. Нойр булчирхайн архаг үрэвслийн сэдрэлийн үед одоог хүртэл стандарт эмчилгээнүүд ялангуяа Контрикалыг үргэлжлүүлэн хэрэглэж байгаа бөгөөд 2005 оноос эхлэн сандостатиныг эмчилгээнд авч хэрэглэх болсон хэдий ч түүний эмчилгээний үр дүнг судлах нь нэн тэргүүнд эмчилгээний нэгдсэн аргачлалын суурь болно.
Зорилго Нойр булчирхайн архаг үрэвслийн үед сандостатины эмчилгээний үр дүнг контрикалтай харьцуулан үнэлэхэд судалгааны ажлын зорилго оршино. Зорилт 1. Нойр булчирхайн архаг үрэвслийн шалтгаан болон өвчтөний нас, хүйсний онцлогийг судлах 2. Нойр булчирхайн архаг үрэвслийн зонхилон тохиолдож буй эмнэл зүйн хэлбэрүүдийг судлан, сандостатиныг эмчилгээнд хэрэглэх уялдааг тодорхойлох 3.Нойр булчирхайн архаг үрэвслийн үед сандостатины эмчилгээний үр дүнг контрикалтай харьцуулан үнэлэх Судалгааны арга, аргачлал Бид ШНТЭ-ийн Хоол боловсруулах эрхтэн судлалын VI тасаг болон Ерөнхий мэс заслын VIII тасгуудад 2009 – 2011 онд “Нойр булчирхайн архаг үрэвсэл” оноштой хэвтэн эмчлэгдсэн 71 өвчтөний нас, хүйсний онцлог,өвчин үүсгэх шалтгаан, зовиур, эмнэл зүйн шинжийг тусгай боловсруулсан 14 бүлэг асуулт бүхий картын дагуу судлан, тэдгээрийн хоорондын хамаарлыг тодорхойлсон. Эмчилгээний 2 бүлэг дэх нойр булчирхайн архаг үрэвсэлтэй өвчтөнүүдийг сандостатин болон контрикалаар эмчлэхээс өмнөх болон эмчилсний дараах цусан дах альфа - амилаз / нэгж/л /, панкреас-амилаз / нэгж/л / эсгэгийн дундаж хэмжээний зөрүүг харьцуулж, эмчилгээ тус бүрийн үр дүнг үнэлсэн судалгааг хийлээ. Судалгааны үр дүнгийн статистик боловсруулалтыг SPSS-17 программуудыг ашиглан гүйцэтгэж, хувь болон дундаж утгын статистик магадлал бүхий ялгааг 95 хувийн магадлалаар баталгаажуулсан болно. Судалгааны үр дүн 1. Судалгаанд 25 - оос 78 насны (дундаж нас 49.6) нойр булчирхайн архаг үрэвсэлтэй нийт 71 өвчтөн хамрагдсанаас 33 (46.5%) эрэгтэй, 38 (53.5%) эмэгтэй байв. Насны хувьд, эрэгтэйчүүдээс 35 – 44 насныхан 16.9%, эмэгтэйчүүдээс 65-аас дээш насныхан 16.9%, хамгийн их байлаа. Бид нойр булчирхайн үрэвсэлт эмгэгээр өвчилж, эмнэлэгт хэвтсэн шалтгаануудыг нэгтгэж үзэхэд үндсэн 8 шалтгаан байв.
Зураг 1. Нойр булчирхайн үрэвсэлтэй өвчтөнүүдийн эмнэлэгт хэвтэх болсон шалтгаанууд
Эдгээр үзүүлэлтүүдийг харьцуулахад, өвчин эхэлсэн шалтгаануудаас архийг хэтрүүлэн хэрэглэсэн нь 32,9% буюу хамгийн өндөр байгаа нь тогтоогдлоо. Зохисгүй хооллолт 27.5%, цөс чулуужих өвчин 14.3%, шалтгаан тодорхой бус 13.2%, нойр булчирхайд хийгдсэн хагалгааны дараа 7.7%, эмийн бэлдмэл 2.2%, хэвлийн гэмтэл 1.1%, архаг гепатит 1.1% байлаа (Зураг 1). Манай оронд нойр булчирхайн үрэвсэл архийг хэтрүүлэн хэрэглэснээс үүсэж байгаа учраас уг шалтгааныг хувь хүний согтууруулах ундааны хэрэглээтэй холбоотой эсэхийг судлахад, архийг хэтрүүлэн ууснаас өвчин эхэлсэн болон согтууруулах ундааны хэрэглээ хоёрын хоорондын хамаарлын хүчийг илэрхийлэх корреляцийн коэффициентийн (r) утга нь 0.58 –тай тэнцүү (r=0.585) буюу шууд хамааралтай байв. Тодруулбал, архи уудаг хүн энэ өвчнөөр өвчлөх боломж 58 хувь байна. Дараачийн гол шалтгаан нь зохисгүй хооллолт байсан бөгөөд нойр булчирхайн үрэвсэл зохисгүй хооллолтын улмаас үүсэх тохиолдол нь манай орны хувьд бусад орнуудтай харьцуулахад нэлээд элбэг байна. Энэ нь монголчуудын зохистой хооллолтын талаархи мэдлэг хомс байгаа, өөх тостой хоол хүнсийг (тухайлбал, өөхтэй мах, өрөм, тос, хайлмаг) ихээр хэрэглэдэг хэв маягтай холбоотой болох нь өвчтөний асуумжаар илэрч байлаа. Нойр булчирхайн үрэвслийг үүсгэж буй шалтгааныг өвчтөний насны бүлгээр авч үзвэл, нойр булчирхайн үрэвсэлтэй өвчтөнүүдээс 35 - 44 насныхан гол төлөв архийг хэтрүүлэн хэрэглэхийн хамт зохисгүй хооллолсноос, 45 – 54 насны өвчтөнүүд цөсний замын чулуужих өвчнөөс болж өвчилжээ. Бид судалгаандаа хамрагдсан НБАҮ-тэй нийт өвчтөний үрэвслийн үндсэн хэлбэрүүдийг тогтоохдоо Оросын эрдэмтэн А.Л.Гребеневын 1982 онд гаргасан НБАҮ - ийг эмнэл зүйн онцлогоор ангилсан ангилалын дагуу авч үзлээ.
Зураг2. НБАҮ- ийн эмнэл зүйн хэлбэрүүд болон өвчтөний хүйсний байдал
Бидний судалгаагаар НБАҮ – ийн өвдөлтийн хэлбэр (81.7%) нь их, олон шинж тэмдэгт хэлбэр (11.3%), биж хэлбэр (4.2%), хуурамч хавдар төст хэлбэр (2.8%) харьцангуй цөөн тохиолддог болох нь тогтоогдсон. Харин далд хэлбэр тохиолдоогүй.Хүйсийн хувьд нийт 33 эрэгтэй өвчтөний 30 нь өвдөлтийн хэлбэртэй, 2 нь олон шинж тэмдэгт хэлбэртэй, 1 нь биж хэлбэртэй байлаа. 38 эмэгтэй өвчтөний 28 нь өвдөлтийн, 6 нь олон шинж тэмдэгт, 2 нь хуурамч хавдар төст, 2 нь биж хэлбэртэй байв (Зураг2).
Хүснэгт 1 НБАҮ-ийн эмнэл зүйн хэлбэрүүд болон сандостатин эмчилгээний хэрэглээний байдал
НБАҮ – ийн эмнэл зүйн хэлбэрүүдээс зөвхөн өвдөлтийн хэлбэрийн 20 тохиолдол буюу архаг үрэвсэлтэй өвчтөнүүдийн 29.6% нь сандостатинаар эмчлэгдсэн. Эндээс дүгнэхэд, өвдөлт нь нойр булчирхайн архаг үрэвслийн үед цоргоны дотоод даралт нэмэгдсэний үр дүнд үүсдэг учир сандостатиныг хэрэглэснээр нойр булчирхайн шүүрэл ялгаралтыг саатуулах замаар өвдөлтийг намдаадаг болох нь судалгаагаар харагдаж байна (Хүснэгт1). Судалгаанд хамрагдсан нийт 71 өвчтөнийг эмчилгээний 2 бүлгээр ялгаж үзэхэд сандостатины бүлэгт 21, контрикалын бүлэгт 36 өвчтөн байв. Үлдсэн 14 өвчтөн шинж тэмдгийн эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээ хийгдэхээс өмнө сандостатины бүлгийн 19 өвчтөн, контрикалын бүлгийн 22 өвчтөний цусан дах альфа-амилазын хэмжээ хэвийн үзүүлэлтээс ихэссэн байлаа.
Хүснэгт 2 Эмчилгээний 2 бүлэг дэх НБАҮ-тэй өвчтөнүүдийн цусан дах альфа-амилазын эмчилгээний өмнөх болон дараах дундаж хэмжээнүүд
Дээрх тоон үзүүлэлтүүдээс харахад сандостатин болон контрикалын бүлэг дэх НБАҮ-тэй өвчтөнүүдийн цусан дах альфа-амилазын эмчилгээний өмнөх, эмчилгээний дараах дундаж хэмжээний ялгавар сандостатины бүлэгт 533.5, контрикалын бүлэгт 180.0 байна. Эндээс дүгнэхэд НБАҮ-ийн хувьд сандостатин болон контрикалын эмчилгээний дараах үр дүн нь адил гарсан боловч эмчилгээний өмнөх хэмжээний зөрүүгээр сандостатин нь эмчилгээний үр дүнгийн хувьд контрикалаас илүү байна (Хүснэгт2).
Хүснэгт 3 Сандостатины бүлэг дэх НБАҮ-тэй өвчтөнүүдийн цусан дах панкреас-амилазын эмчилгээний өмнөх болон дараах дундаж хэмжээнүүд
Нойр булчирхайн архаг үрэвслийн үед цусан дах панкреас-амилаз хэвийн хэмжээнээс 7.6 дахин ихэссэн бөгөөд сандостатинаар эмчилсний дүнд панкреас-амилаз 6.4 дахин буурч хэвийн хэмжээнд хүрсэн нь эмчилгээний өндөр үр дүнтэй болохыг харуулж байна (Хүснэгт 3).
Дүгнэлт
1. Манай оронд нойр булчирхайн үрэвслийг үүсгэх шалтгаанд архи, зохисгүй хооллолт, цөс чулуужих өвчин тэргүүлж байна. 35 - 44 насны эрэгтэйчүүдэд гол төлөв архи болон зохисгүй хооллолт, 45 – 54 насны эрэгтэй, эмэгтэй өвчтөнүүдэд цөсний замын чулуужих өвчин нь нойр булчирхайн үрэвслийн шалтгаан болж байна.
2. НБАҮ – ийн өвдөлтийн хэлбэр (81.7%) нь их, олон шинж тэмдэгт хэлбэр (11.3%), биж хэлбэр (4.2%), хуурамч хавдар төст хэлбэр (2.8%) харьцангуй цөөн тохиолддог болох нь тогтоогдсон. Сандостатиныг нойр булчирхайн архаг үрэвслийн өвдөлтийн хэлбэрийн сэдрэлийн үед хэрэглэх нь эмчилгээний өндөр үр дүнтэй байна.
3. Нойр булчирхайн архаг үрэвслийн сэдрэлийн үед сандостатины эмчилгээний үр дүнг манай оронд стандартаар хэрэглэж буй контрикалтай лабораторийн шинжилгээний зарим үзүүлэлтийн өөрчлөлтөөр харьцуулан судлахад сандостатин нь эмчилгээний үр дүнгийн хувьд контрикалаас илүү өндөр байлаа.
2. /http://en.wikipedia.org/wiki/Acute pancreatitis Epidemiology
3. Монголын анагаах ухаан. 2007. №3. 31-37 х 4. Эрүүл Мэндийн Газар. Эрүүл Мэндийн статистикийн мэдээлэл. 2005-2009