Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2013, (57) 2013 N02(057)
НОЙР БУЛЧИРХАЙН ЦОЧМОГ ҮРЭВСЛИЙН ҮЕД САНДОСТАТИНЫ ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ ҮНЭЛСЭН НЬ
( Судалгааны өгүүлэл )

Т.Солонго, Н.Баярмаа, Б.Оргил, С.Бадамжав

 
Абстракт

Судалгааны ажлын үндэслэл Нойр булчирхайн өвчлөлийг 1997 онд улсын статистикийн бүртгэлд бүртгэх болсноос хойшхи 5 жилд өвчлөл 1.5 дахин, 2005-2009 оны мэдээллээр НБЦҮ болон нойр булчирхайн бусад өвчнөөр стационарт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо улсын хэмжээнд 5 жилд 1,7 дахин өссөн ба 41.4%нь Улаанбаатар хотод эмчлүүлсэн байна. Насны бүлгээр авч үзвэл, 30-34 насны өвчтөнүүд 8.7%, 35-39 нас–11%, 40-44 нас –12%, 45-49 нас -12.6%, 50-54 нас -11.5%, 55-59 нас - 9.2%, 60-64 нас - 8.6%, 65-аас дээш насны өвчтөнүүд 17.2% байсан ба өвчлөл 30 наснаас дээш насны бүлэг бүрт өндөр байна.Тухайн өвчний оноштой амбулаторийн үзлэгийн тоо 2005 оноос жил болгон 1.2 дахин нэмэгдсээр 2009 онд 6781 хүрч, шинэ өвчлөл буюу амьдралдаа анх удаа өвчилсөн тоо жил болгон өсчээ. Нас баралт 5 жилд 267 байсны дийлэнх буюу 31.8% - ийг 65 ба түүнээс дээш насныхан эзэлсэн байгаа нь өвчин архагшиж үлддэг нь тодорхой. Нойр булчирхайн үрэвслийн үед сүүлийн үед дэлхий дахинд эмийн эмчилгээнээс контрикалыг шалтгааны болон эмгэг жамын эсрэг үйлчлэл байхгүй гэж үзээд хэрэглэхээс татгалзсан бөгөөд эмгэг жамын механизмын хувьд нойр булчирхайн гадаад шүүрлийн ялгаралтыг дарангуйлах үйлчлэлтэй сандостатиныг эмчилгээнд хэрэглэж байна. Нойр булчирхайн үрэвслийн үед хийгдэх эмийн эмчилгээнд контрикалаас илүү эмчилгээний өндөр үр дүнтэй сандостатиныг хэрэглэх нь нойр булчирхайн үрэвслийн хүндрэлийг бууруулж, нас баралтыг багасгах ач холбогдолтой юм.

Зорилго

Нойр булчирхайн цочмог үрэвслийн үед сандостатины эмчилгээний үр дүнг контрикалтай харьцуулан үнэлэхэд судалгааны ажлын гол зорилго оршино. Зорилт 1. Нойр булчирхайн цочмог үрэвслийн эмнэл зүйн шинж, өвчтөний нас, хүйсний онцлогийг судлах 2. Нойр булчирхайн цочмог үрэвслийн зонхилон тохиолдож буй хэлбэрүүдийг судлан, сандостатиныг эмчилгээнд хэрэглэх уялдааг тодорхойлох 3.Нойр булчирхайн цочмог үрэвслийн үед сандостатины эмчилгээний үр дүнг контрикалтай харьцуулан үнэлэх Судалгааны арга, аргачлал Бид ШНТЭ-ийн Хоол боловсруулах эрхтэн судлалын VI тасаг болон Ерөнхий мэс заслын VIII тасгуудад 2009 – 2011 онд “Нойр булчирхайн цочмог үрэвсэл” оноштой хэвтэн эмчлэгдсэн 20 өвчтөний нас, хүйсний онцлог, зовиур, эмнэл зүйн шинжийг тусгай боловсруулсан 14 бүлэг асуулт бүхий картын дагуу судласан. Эмчилгээний 2 бүлэг дэх нойр булчирхайн цочмог үрэвсэлтэй өвчтөнүүдийн сандостатин болон контрикалаар эмчлэхээс өмнөх болон эмчилсний дараах хэвлийн өвдөлтийн динамик өөрчлөлт болон цусан дах альфа - амилаз / нэгж/л /, панкреас-амилаз / нэгж/л / эсгэгийн дундаж хэмжээний зөрүүг харьцуулж, эмчилгээ тус бүрийн үр дүнг үнэлсэн судалгааг хийлээ. Судалгааны үр дүнгийн статистик боловсруулалтыг SPSS-17 программуудыг ашиглан гүйцэтгэж, хувь болон дундаж утгын статистик магадлал бүхий ялгааг 95 хувийн магадлалаар баталгаажуулсан болно.

Судалгааны үр дүн

1. Судалгаанд 22 - оос 78 насны (дундаж нас 48.9) нойр булчирхайн цочмог үрэвсэлтэй нийт 20 өвчтөн хамрагдсанаас 15 (75.0%) эрэгтэй, 5 (25.0%) эмэгтэй байв. Насны хувьд, эрэгтэйчүүдээс 25 – 34 насныхан 30.0%, эмэгтэйчүүдээс 35-44 насныхан 10.0%, хамгийн их өвчилсөн байлаа.

                                                     


                                         Зураг 1. НБЦҮ – тэй өвчтөнүүдийн хэвлийн өвдөлт, эмнэл зүйн бусад шинж тэмдгүүдийн илрэл болон давтамж

НБЦҮ – тэй өвчтөнүүдэд хэвлийн өвдөлт 100.0%, дотор муухайралт 70.0%, хоолонд дургүй болох шинж 45.0%, ядарч сульдах шинж 45.0%, гэдэс дүүрэх 40.0%, бөөлжих, ам хатах тус тус 35.0% илэрч, суулгах шинж 15.0% буюу харьцангуй бага илэрсэн байлаа (Зураг 1). Эндээс дүгнэхэд НБЦҮ-ийн үед эмнэл зүйн гол шинж тэмдэг нь хэвлийн өвдөлт байх ба бусад шинжүүд харилцан адилгүй илэрдэг байна. Бид судалгаандаа хамрагдсан НБЦҮ - тэй нийт өвчтөний үрэвслийн үндсэн хэлбэрүүдийг тогтоохдоо Оросын эрдэмтэн А.А.Шалимовын 1990 онд гаргасан НБЦҮ - ийг бүтэц – зүйн үе шатаар ангилсан ангилалын дагуу авч үзлээ.

Хүснэгт 1 НБЦҮ-ийн эмнэл зүйн хэлбэрүүд болон өвчтөний хүйсний байдал

                                                     

Эдгээр үзүүлэлтүүдийг харахад бидний судалгаагаар НБЦҮ - ийн хавагналтат хэлбэр (85.0%) нь их, нойр булчирхайн үхжил (15.0%) харьцангуй цөөн тохиолддог болох нь тогтоогдсон. Харин нойр булчирхайн хоёрдогч халдвараар хүндэрсэн хэлбэр тохиолдоогүй. НБЦҮ – тэй нийт 15 эрэгтэй өвчтөний 13 нь хавагналтат хэлбэртэй, 2 нь нойр булчирхайн үхжилтэй байлаа. 5 эмэгтэй өвчтөний 4 нь хавагналтат хэлбэртэй, 1 нь нойр булчирхайн үхжилтэй байв (Хүснэгт 1). 

 Хүснэгт 2 НБЦҮ - ийн эмнэл зүйн хэлбэрүүд болон сандостатин эмчилгээний хэрэглээний байдал

                                                     

НБЦҮ – ийн хавагналтат хэлбэрийн 12 тохиолдолд, нойр булчирхайн үхжилтэй 2 тохиолдолд буюу нийт НБЦҮ – тэй өвчтөнүүдийн 70.0% нь сандостатинаар эмчлэгдсэн. Эндээс дүгнэхэд, сандостатиныг НБЦҮ – ийн эхний үе шат болох хавагналтат хэлбэр, нойр булчирхайн үхжлийн үед эмчилгээнд хэрэглэх нь өвчний эдгэрэлтэнд чухал ач холбогдолтой байна (Хүснэгт 2). НБЦҮ-тэй нийт 20 өвчтөний 14 нь сандостатин, 5 контрикал, 1 шинж тэмдгийн эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээ хийгдэхээс өмнө эмчилгээний 2 бүлэг дэх өвчтөний хэвлийн, өвдөлтийг эмчилгээний дараах хөдлөл зүйтэй харьцууллаа

                                                              

                                                         Зураг 2. НБЦҮ-ийн хэвлийн өвдөлт 2 эмчилгээний өмнө, дараа өөрчлөгдсөн байдал

Сандостатины эмчилгээний бүлгийн нийт 14 өвчтөнд эмчилгээ хийгдэхээс өмнө хэвлийн өвдөлттэй байхад контрикалын бүлэгт нийт 4 өвчтөнд хэвлийн өвдөлттэй байлаа. Эмчилгээний 2 бүлэгт тус тусын эмчилгээг 3-4 өдөр хийсний дараагаар сандостатины бүлгийн өвчтөнүүдийн хэвлийн өвдөлт бүрэн арилж, харин контрикалын бүлгийн 2 өвчтөний хэвлийн өвдөлт хэвээр байсан нь сандостатин нойр булчирхайн үрэвслийн үед цоргоны дотоод даралтыг бууруулснаар хэвлийн өвдөлтийг намдаах үйлчлэлийг үзүүлж байхад контрикал нь хэвлийн өвдөлтийг намдаах үйлчлэл шууд үзүүлдэггүй болох нь нотлогдож байна (Зураг 2). Сандостатины бүлгийн 11 өвчтөн, контрикалын бүлгийн 5 өвчтөний цусан дах альфа-амилазын хэмжээ эмчилгээ хийгдэхээс өмнө хэвийн үзүүлэлтээс ихэссэн байлаа.

Хүснэгт 3 Эмчилгээний 2 бүлэг дэх НБЦҮ-тэй өвчтөнүүдийн цусан дах альфа-амилазын эмчилгээний өмнөх болон дараах дундаж хэмжээнүүд

                                                       

Сандостатин болон контрикалын бүлэг дэх НБЦҮ-тэй өвчтөнүүдийн цусан дах альфа-амилазын эмчилгээний өмнөх, эмчилгээний дараах дундаж хэмжээний ялгавар сандостатины бүлэгт 1032.5, контрикалын бүлэгт 762.7 байна. Эндээс дүгнэхэд НБЦҮ-ийн үед сандостатин нь цусан дах альфа-амилазыг контрикалаас илүү бууруулсан байгаа нь статистикийн хувьд 95%-ийн үнэн магадлал бүхий үр дүн гарлаа (p=0.0) (Хүснэгт3).

Хүснэгт 4 Сандостатины бүлэг дэх НБЦҮ-тэй өвчтөнүүдийн цусан дах панкреас-амилазын эмчилгээний өмнөх болон дараах дундаж хэмжээнүүд

                                                                

Нойр булчирхайн цочмог үрэвслийн үед цусан дах панкреас-амилаз хэвийн хэмжээнээс 7 дахин ихэссэн бөгөөд сандостатинаар эмчилсний дүнд панкреас-амилаз 5.4 дахин буурч хэвийн хэмжээнд хүрсэн нь эмчилгээний өндөр үр дүнтэй болохыг харуулж байна (Хүснэгт 4). Хэлцэмж Бидний судалгааны үр дүн судлаач Д. Эрдэнэболдын “ Нойр булчирхайн цочмог үрэвслийн хүнд хэлбэрийг эрт оношлох асуудалд “(2011 он) судалгаагаар НБЦҮ өвчнөөр эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 3 дахин илүү өвчилж, насны хувьд 2 хүйсийг оролцуулаад 25 - 44 насны залуучууд байна гэсэн дүгнэлттэй дүйцэж байна. Швейцар, Бернийн Их Сургууль, Дотор эрхтэн болон эрхтэн шилжүүлэн суулгах тэнхимийн тавьсан “ Сандостатиныг цочмог болон архаг панкреатитын эмчилгээнд ашиглах нь “ илтгэлд, НБЦҮ-ийн үед сандостатиныг ашигласан 6 өөр судалгааны үр дүнгээс харахад сандостатин нь нас баралтын тоог бууруулж, хөнгөн хэлбэрийн нойр булчирхайн үрэвсэлтэй өвчтөн хүнд хэлбэр рүү шилжих нь харьцангуй багасч, хяналтын бүлэгтэй харьцуулахад сандостатин эмчилгээ хийлгэсэн өвчтөнүүдэд өвдөлт багассан гэсэн дүгнэлтүүдтэй бидний судалгааны үр дүн бараг ойролцоо байна.

Дүгнэлт

1. Нойр булчирхайн цочмог үрэвслээр эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 3 дахин их өвчилж, насны хувьд 25-44 насны 2 хүйсийн хүмүүс зонхилж байлаа.

2. НБЦҮ – ийн хавагналтат хэлбэр (85.0%) нь их, нойр булчирхайн үхжил (15.0%) харьцангуй цөөн тохиолдож байна. Сандостатиныг НБЦҮ – ийн хавагналтат хэлбэр, нойр булчирхайн үхжлийн үед эмчилгээнд хэрэглэх нь өвчний эдгэрэлтэнд чухал ач холбогдолтой байна.

3. НБЦҮ-ийн үед сандостатин нь цусан дах альфа-амилазыг контрикалаас илүү бууруулдаг болох нь статистикийн хувьд 95%-ийн үнэн магадлал бүхий үр дүнгээр батлагдлаа

Ном зүй

1. http://www.clevelandclinicmeded.com/medicalpubs/diseasemanagment/gastroentrology/pancreatic-disorders/
2. /http://en.wikipedia.org/wiki/Acute pancreatitis Epidemiology
3. Монголын анагаах ухаан. 2007. №3. 31-37 х
4. Эрүүл Мэндийн Газар. Эрүүл Мэндийн статистикийн мэдээлэл. 2005-2009
5. http://ru.wikipedia.org/wiki/Острый_панкреатит
6. Эрдэнэболд Д. Нойр булчирхайн цочмог үрэвслийн хүнд хэлбэрийг эрт оношлох асуудалд. АУ-ны магистрын зэрэг горилсон бүтээл, 2011, Улаанбаатар.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1331
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК