Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2013, (57) 2013 N02(057)
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ МӨНГӨН УСНЫ БОХИРДЛЫН ТҮВШИНГ СУДАЛСАН ДҮН
( Судалгааны өгүүлэл )

Д.Баатарцол1, Б.Ичинхорлоо1, С.Өнөрсайхан1, Б.Говьгэрэл1, Г. Ганзаяа1, Ж.Сарантуяа2

1НЭМХ, 2ЭМШУИС

 
Абстракт

Мөнгөн ус нь байгаль дээр элемент (метал), органик бус (хлорт мөнгөн ус. гм), органик (метил мөнгөн ус, этил мөнгөн ус.гм) гэсэн 3 хэлбэрээр оршдог бөгөөд энэ бүх хэлбэрүүд нь өөр өөрийн өвөрмөц онцлогтой хордлого үүсгэх ба илрэх шинж тэмдэг, авах арга хэмжээ нь өөр өөр байна [1-3]. Галт уулын дэлбэрэлт, хад чулууны өгөршил, усны эргэлт, биологийн процессын дүнд үүссэн мөнгөн усыг байгалийн гаралтай мөнгөн ус гэх бөгөөд байгаль дээр жилдээ 2700-6000 тонн мөнгөн ус үүсэж байдаг. Харин алт олборлолт, металл хайлуулах, цемент, пестицид, хлорын шохой, идэмхий натрийн үйлдвэр, шүдний эмчилгээний түүхий эд, цахилгаан станц, хог, хүүр шатаах газраас ялгарч буй мөнгөн усыг хүний үйл ажиллагааны шалтгаантай үүссэн мөнгөн ус гэж нэрлэх бөгөөд хүний үйл ажиллагааны улмаас дэлхий дээр жилдээ 10000 тонн мөнгөн ус ялгарч, үүнээс 3000 тонн нь агаарт дэгдэж байдаг байна. Энэхүү мөнгөн усны ихэнхи хувийг уул уурхайн салбар ялангуяа алт олборлох ажиллагаанаас үүссэн мөнгөн ус эзэлдэг байна [4-7]. Монгол улсад мөнгөн ус хэрэглэн хууль бусаар алт олборлож байгаа иргэд хэрэглэж байгаа химийн бодисынхоо (мөнгөн ус, цианид) хор аюулын талаар мэдэхгүйгээс гадаад орчныг бохирдуулаад зогсохгүй өөрсдийн болон үр хүүхэд, хүн амын эрүүл мэндэд аюул учруулж байна. 2008 онд Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яамны хийсэн судалгаагаар Өмнөговь, Сэлэнгэ, Төв зэрэг 11 аймгийн 36 суманд цианит натри, мөнгөн ус тархаж, 53.5 га талбайд химийн бодис гамшигт ул мөрөө үлдээснийг тогтоосон байна [7, 8]. Иймээс Өмнөговь аймгийн 5 сумдын мөнгөн усны бохирдлын өнөөгийн байдлыг судлахаар ЭМЯ-наас томилогдсон 12 хүний бүрэлдэхүүнтэй судалгааны баг 2011 оны 2 дугаар сар 21-нээс 3-р сарын 12-ны хооронд Өмнөговь аймагт ажиллав.

Судалгааны зорилго:

Өмнөговь аймгийн хүрээлэн буй орчны мөнгөн усны бохирдлын түвшинг судлах

Судалгааны ажлын арга зүй:

НЭМХ-ийн Эрдмийн зөвлөл, ЭМЯ-ны Анагаах ухааны ёс зүйн хороогоор батлагдсан аргачлалын дагуу судалгааг Өмнөговь аймгийн хууль бусаар мөнгөн ус хэрэглэн алт олборлож байсан Даланзадгад, Цогт-Овоо, Хүрмэн, Ханбогд, Манлай зэрэг сумдыг хамруулан явуулав. Хүрээлэн буй орчны бохирдлыг тодорхойлохын тулд Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын тухайн сум орон нутгийн орчны эрүүл ахуйн улсын байцаагчдын оролцоотойгоор тухайн үед мөнгөн ус хэрэглэн алтны шороо угааж байсан худгийн ойролцоох хөрснөөс 19 дээжийг ”Хөрс. Шинжилгээнд дээж авахад тавигдах ерөнхий шаардлага” MNS 3298:1991 стандартын дагуу, гүний худаг, хүн ам төвлөрч амьдардаг ус түгээх цэгийн усны 10 дээжийг “Усны чанар, дээж авах, дээж боловсруулах ба хадгалах зөвлөмж, стандарт” MNS (ISO) 4867:1999 –ын дагуу металл агуулаагүй тефлон саванд цуглуулав. Хүрээлэн буй орчны агаарыг ус, хөрс авсан цэгүүдийн орчимд зөөврийн мөнгөн усны анализатор Люмекс багажаар газар дээр нь шинжилсэн болно. Хүрээлэн буй орчны дээжин дэх мөнгөн усны агууламжийг НЭМХ-ийн Хор судлалын төвийн лабораторид хүйтэн уурын атом шингээлтийн спектрофотометр (СVAAS)-аргаар RA-915+, RP-91, PYRO-915+ нэмэгдэл бүхий мөнгөн усны анализатор багажаар тодорхойлсон. Шинжилгээний үр дүнгийн статистик боловсруулалтыг SPSS-10 программаар гүйцэтгэлээ.

Судалгааны үр дүн, хэлцэмж:

Хөрсний шинжилгээний дүн: Судалгаанд хамруулсан Өмнөговь аймгийн хөрсний дээжин дэх мөнгөн усны дундаж агууламж (2.6014 мг/кг) Монгол улсад мөрдөж буй “Хөрсний чанар . Хөрс бохирдуулагч бодис, элементүүдийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ” MNS 5850:2008 стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээ (2 мг/кг)-нээс 0,6 мг/кг-аар их байсан. Хүрмэн сумын Цагаан харганы худаг орчмын хөрсөн дэх мөнгөн усны дундаж агууламж (4.415 мг/кг ) нь стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 2.2 дахин их, Хүрмэн сумын Баян нуруу орчмын хөрсөн дэх мөнгөн усны дундаж агууламж (10.425 мг/кг ) 5.2 дахин их, Ханбогд сумын Модот хөшөө 2-р худаг орчмын хөрсөн дэх мөнгөн усны дундаж агууламж (10.285 мг/кг ) 5.1 дахин их, Ханбогд сумын Хар цавын худаг орчмын хөрсөн дэх мөнгөн усны дундаж агууламж (20.282) 10.2 дахин их илэрсэн болно. Усны шинжилгээний дүн: Өмнөговь аймгийн сумдын гүний худаг, хүн ам төвлөрч амьдардаг ус түгээх цэгийн усны 10 дээжинд агуулагдах мөнгөн усны дундаж агууламж (0.0004 мг/л) нь “Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, түүнд тавих хяналт ” MNS 900:2005 стандартад заасан бохирдуулагч бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ(0.01 мг/л)-нээс бага хэмжээтэй илрэв. Агаарын шинжилгээний дүн: Өмнөговь аймгийн таван газрын агаар дахь мөнгөн усны агууламжийг зөөврийн мөнгөн усны анализатор Люмекс багажаар газар дээр нь 30 минутын зайтай тодорхойлоход “Агаарт байх бохирдуулах бодисын хүлцэх хэм хэмжээ, Техникийн ерөнхий шаардлага ” MNS 5885:2008, “Агаарын чанар – Хот суурин газрын гадаад орчны агаарт байх бохирдуулах бодисын хүлцэх хэм хэмжээ” MNS 6063:2010 стандартуудад заагдсан мөнгөн усны хэмжээ (2мкг/м3)-нээс хэтэрсэн тохиолдол илрээгүй болно. Дэлхийн мөнгөн усны олон улсын хөтөлбөрт уурхайд ажиллагсадын эрүүл мэндийн үнэлгээ багтдаг бөгөөд ЮНИДО (Нэгдсэн Үндэстний Байгууллагын Үйлдвэрлэлийн Хөгжлийн Байгууллага) нь эрүүл мэндийн эдгээр үнэлгээний асуудлыг зохион байгуулж, зохицуулдаг байна. Судалгаанд оролцогчдын 72.5% нь хэрэглэсэн мөнгөн усаа газар луу шууд асгадаг гэж хариулсан нь хувиараа алт олборлогчид хүрээлэн буй орчноо мөнгөн усаар ихээр бохирдуулсныг харуулж байна. Онцгой Байдлын Ерөнхий Газар, Улсын Мэргэжлийн Хяналтын Газар, Байгаль Орчны Яамны ажлын хэсгүүд гарч мөнгөн усаар бохирдсон газар нутгыг цэвэршүүлэх, саармагжуулах ажлыг зохион байгуулсан боловч бидний шинжилгээгээр мөнгөн ус хэрэглэн алт угааж байсан зарим худгийн ус, худаг орчмын хөрсний мөнгөн усны агууламж өндөр гарсан нь бохирдол байсаар байгааг харуулж байна.

Дүгнэлт:

1. Хууль бусаар мөнгөн ус хэрэглэн алт олборлож байсан газар нутаг орчмын хөрсний дээжин дэх мөнгөн усны дундаж агууламж2.6014 мг/кг байсан бөгөөд энэ нь Монгол улсад мөрдөж буй стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээ (2 мг/кг)-нээс 0,6 мг/кг-аар их байгаа бөгөөд зарим газар нутгийн хөрсөнд мөнгөн ус 2.2-10.2 дахин их хэмжээтэй илэрсэн болно.

2. Ус ба агаар дахь мөнгөн усны агууламж нь стандартад заагдсан хэмжээнээс хэтрээгүй болох нь тодорхойлогдлоо.

Ном зүй

1. Clarkson TW, Magos L. The toxicology of mercury and its chemical compounds. Crit Rev Toxicol 2006;36(8):609-62.
2. Clarkson TW, Magos L, Myers GJ. The toxicology of mercury--current exposures and clinical manifestations. N Engl J Med 2003;349(18):1731-7.
3. Risher JF. Elemental Mercury and Inorganic Compounds: Human Health Aspects. Geneva; 2003. Report No.: CICAD 50.
4. Drasch G, Bose-O\\\'Reilly S, Beinhoff C, Roider G, Maydl S. The Mt. Diwata study on the Philippines 1999 - assessing mercury intoxication of the population by small scale gold mining. Science of the Total Environment 2001;267:151-168.
5. Drasch G, Horvat M, Stoeppler M. Mercury. In: Merian E, Anke M, Ihnat M, Stoeppler M, editors. Elements and their Compounds in the Environment. Weinheim, Germany: Wiley-VHC Verlag; 2004. p. 931 – 1005.
6. Drasch G, Horvat M, Stoeppler M. Mercury. In: Merian E, Anke M, Ihnat M, Stoeppler M, editors. Elements and their Compounds in the Environment. Weinheim, Germany: Wiley-VHC Verlag; 2004. p. 931 – 1005.
7. Стефан Бойсе О Релли, Ш.Энхцэцэг, Б.Цэцэгсайхан, Б.Бурмаа, А.Энхжаргал, Филип Ферстл, Габриэль Ройдер, Б.Ичинхорлоо, С.Өнөрсайхан, Керстен Гутшмидт. Төв аймгийн Жаргалант, Борнуур сумдын хүн амын эрүүл мэндэд үзүүлсэн мөнгөн усны нөлөөллийг судлах судалгааны тайлан, 2008
8. Stephan Boese-OReilly, Beate Lettmeier, Kersten Gutschmidt. Дархан-Уул аймгийн Хонгор суманд үүссэн орчны онцгой байдлын эрүүл мэндийн нөлөөллийн судалгааны тайлан, 2007
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1150
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК