Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2013, (56) 2013 N01(056)
CЭЛЭНГЭ АЙМГИЙН ХҮН АМД ҮЗҮҮЛЖ БУЙ АРТЕРИЙН ГИПЕРТЕНЗИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ҮНЭЛЭХ НЬ
( Судалгааны өгүүлэл )

C.Эрдэнэсувд1,А.Азжаргал1, Д.Буянхишиг1, Г.Даваа2

1,2ЭМШУИС, НЭМС

 
Абстракт

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагагаас 2030 онд нас баралтын хэтийн төлөвийг дэлхийн хүн амын нас баралтын тэргүүлэх 5 шалтгаан нь зүрхний ишеми өвчин, тархины судасны өвчин, уушигны архаг бөглөрөлт өвчин, амьсгалын доод замын халдварууд, замын осол гэмтэл байна гэж тооцоолсон байна[1]. Монгол улсад цусны эргэлтийн тогтолцооны өвчний улмаас жил бүр 6000-6500 хүн буюу 3 хүн тутмын нэг нь нас барж байгаа бөгөөд хүн амын нас баралтын тэргүүлэх тэргүүлэх шалтгаан болсон хэвээр байна [2]. Сэлэнгэ аймгийн хэмжээнд сүүлийн 10 жилийн байдлаар хүн амын өвчлөлийн /10000 хүн амд ногдох тохиолдлоор/ 4-р байранд, нас баралтын эхний байрт цусны эргэлтийн тогтолцооны өвчин орж, уг өвчний улмаас нас барсан хүний тоо жилээс жилд нэмэгдсээр байна [3]. Иймд артерийн гипертензийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдлыг судалж, нөлөөлж байгаа хүчин зүйлсийг тодорхойлох хэрэгцээтэй болсон юм.

Материал, арга зүй

Аналитик судалгааны хүн амд суурилсан агшингийн загвараар 23 сумаас санамсаргүй түүврийн аргаар Сүхбаатар, Ерөө, Зүүнбүрэн, Хөтөл сумдыг сонгон авч, артерийн гипертензийн тусламж үйлчилгээний байдлыг эргэмж чиглэлтэй дескриптив судалгааны загвараар судаллаа. Судалгааны мэдээллийг оруулж, үр дүнгийн шинжилгээ хийн, мэдээлэл боловсруулахад SPSS17 программ ашиглан боловсруулалт хийсэн. Мэдээллийг цуглуулахдаа: 1.Улс, аймгийн ЭМГ-ын эрүүл мэндийн статистик үзүүлэлтүүд (2002-2011он) 2.Судалгаанд хамрагдсан сумдын артерийн гипертензийн хүндрэл (2007-2011) 3. АМ-11 маягтын (ЭМС-ын 2010 оны 34 тоот тушаал) хяналтын бүртгэл 4.Судалгаанд хамрагдсан сумдын их эмч 13, бага эмч 5, багийн бага эмч 4, эх баригч бага эмч 5, нийт 27 эмч нараас харьяа хүн амд үзүүлж буй тусламж үйлчилгээний байдлыг үнэлэх асуумжийг ашиглан мэдээллийг цуглууллаа.

Судалгааны ажлын ёс зүй

1. Судалгааны ажлын арга, аргачлалыг ЭМШУИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн сургуулийн Биостатистикийн тэнхимийн 2012 оны 02 сарын 09-ны өдрийн хурлаар (Хурлын тэмдэглэл №12/01/08) хэлэлцүүлж батлуулсан.

2. Судалгааны ажлын ёс зүйн зөвшөөрлийг ЭМШУИС-н Анагаах Ухааны Ёс зүйн Хяналтын салбар хорооны хурлаар хэлэлцүүлж, судалгаа явуулах зөвшөөрөл авсаны дараа судалгааны мэдээ баримтыг цуглуулав (Хурлын тэмдэглэл №23/1A). Үр дүн: Сэлэнгэ аймгийн хэмжээнд сүүлийн 10 жилийн байдлаар цусны эргэлтийн тогтолцооны өвчин 10000 хүн амд ногдох тохиолдлоор жил бүр 6 тохиолдлоор, цусны эргэлтийн тогтолцооны нас баралт 1.2 тохиолдлоор өсч байгаа бөгөөд нас баралт жилд дунджаар 20.36 байна (Зураг 1).

                                                    

Зураг 1. Цусны эргэлтийн тогтолцооны өвчний нас баралтын байдал,10000 хүн амд ногдох тохиолдлоор

Cудалгаанд хамрагдсан аймгийн төвийн өрхийн эрүүл мэндийн төв, сумдын эрүүл мэндийн төвүүдэд артерийн гипертензитэй хүмүүсийг хянах гол үзүүлэлтийн нэг болох (ЭМС-ын 2010 оны 34 тоот тушаал) АМ-11 маягтын дагуу хяналтын картын бүртгэл хяналт хангалтгүй байгаа нь хяналтын картын хүрэлцээ хангалтгүй, эмч нар хяналтын картыг хөтөлж хэвшээгүй, хяналтын картын паспортын хэсгийг бөглөсөн боловч явцын хяналт хийгдээгүй зэрэг нь статистик тоон мэдээлэл гаргах боломжгүй байлаа. Судалгаанд хамрагдсан сумдын артерийн гипертензийн хүндрэл сүүлийн 5 жилийн байдлаар дундаж нь аймгийн төвд: тархинд цус харвах өвчин 17.8, зүрхний шигдээс 15.6, бөөрний хүндрэл 2.8, нүдний хүндрэл 10.4, суманд: тархинд цус харвах өвчин 36, зүрхний шигдээс 29.2, бөөрний хүндрэл 7.6, нүдний хүндрэл 11.6 байна. Зураг 2–с үзэхэд артерийн гипертензийн дээрх хүндрэлүүд нь жил ирэх тусам тогтвортой нэмэгдсээр байна

                                                         

Зураг 2. Артерийн гипертензий хүндрэлийг аймгийн төв, сумаар харьцуулсан үр дүн

Судалгаанд хамрагдсан эмч нарын 74.1% нь эрүүл мэндийн салбарт 10-аас дээш жил ажиллаж байна. Их эмч, бага эмч, багийн бага эмч, эх баригч бага эмч нарын өдрийн нийт үзлэгийн 40-60%-ийг артерийн гипертензитэй хүмүүс эзэлж байна (Хүснэгт 1).

Хүснэгт 1. Эмч нарын өдрийн нийт үзлэгийн хувиар тооцсон үр дүн

                                                             

Сүүлийн жилүүдэд артерийн гипертензийн өвчлөл аймаг, суманд ялгаагүй нэмэгдэж байна гэж хариулсан бөгөөд нэмэгдэж байгаа шалтгааныг тодруулахад: эмч нарын дийлэнх хувь буюу 96.3% стресс, 81.5% хоол хүнс, 81.5% хөдөлгөөний хомсдол, 74.1% удамшил, 63.0% ажилгүйдэл, 33.3% байгаль цаг уурын онцлог, 7.4% бусад гэж хариулсан байна (Зураг 3).

                                                              

Зураг 3. Артерийн гипертензид нөлөөлж байгаа хүчин зүйлсийг хувиар харьцуулсан байдал

Судалгаанд хамрагдсан эмч нарын 88,9% нь хаврын улиралд артерийн гипертензитэй хүмүүст илүү эрүүл мэндийн тусламж үзүүлдэг гэж хариулсан бөгөөд сумын хүн амын артерийн гипертензигээр өвчлөх эрсдэл хаврын улиралд илүү нэмэгдэж байна. Cүүлийн нэг жилийн хугацаанд судалгаанд хамрагдсан эмч нарын 59.3% нь даралтны аппаратаа стандарт хэмжилзүйн газраар баталгаажуулсан байна. Судалгаанд хамрагдсан эмч нарын 24 % нь АГ оноштой 100-аас дээш хүн, 37% нь 50-70 хүнийг хянадаг байна (Зураг 4).

                                                         

Зураг 4. Артерийн гипертензийн өвчлөлийн хяналт, хүн амаар

Эмч нарын артерийн гипертензитэй хүмүүсийг хянахад тулгардаг бэрхшээлийг аймаг, сумаар харьцуулан судалж үзэхэд: 37% нь АГ-тэй хүмүүс хяналтандаа тогтмол ирдэггүй, 88.9% нь даралт бууруулах эмийг тогтмол уудаггүй, 85.2% нь хүмүүс өөрсдийн эрүүл мэнддээ тавих хяналт хангалтгүй зэрэг бэрхшээл нь аймгийн төв, суманд ялгаагүй байна. Харин аймгийн төвийн эмч нарын 75%, сумын эмч нарын 31.6% нь хяналттай хүмүүст зөвлөгөө өгөх хугацаа бага гэсэн бөгөөд статистик ач холбогдол бүхий ялгаатай (p=0.03) байлаа. Энэ нь аймгийн төвийн хүн амын нягтшил, эмчийн үзлэгийн ачаалал зэргээс шалтгаалж болох юм (Хүснэгт 2). Хүснэгт 2. Артерийн гипертензитэй хүмүүсийг хянахад гарах бэрхшээлийг аймаг, сумаар харьцуулсан нь

                                                         

Судалгаанд хамрагдсан сумын эрүүл мэндийн төвүүд АГ өвчнийг бууруулах, сэргийлэх талаар сүүлийн нэг жилийн хугацаанд:урьдчилан сэргийлэх үзлэг (92,6%), эрүүл мэндийн боловсрол (ЭМБ) олгох сургалтыг (88,9%) хийсэн бол, олон нийтийг хамарсан компанит ажил, тэмцээн уралдаан, бусад үйл ажиллагааг харьцангуй бага зохион байгуулсан (29,6%-14,8%) байна. Зураг 5-с харахад сумын эрүүл мэндийн нэгдлүүд АГ-ийг бууруулах, урьдчилан сэргийлэх талаар зохион байгуулсан ажлууд нь аймгийн төвийн эрүүл мэндийн төвөөс харьцангуй илүү байгаа нь харагдаж байна.

                                                                                   


Зураг 5. Aртерийн гипертензийг бууруулах, урьдчилан сэргийлэх талаар зохион байгуулсан үйл ажиллагааг аймгийн төв, сумаар харьцуулсан байдал

Хэлцэмж:

Б.Байгалмаа нарын 2010 оны Артерийн гипертензийн хяналтгүй байдлыг үнэлэх судалгаагаар артерийн гипертензийн хяналтын үр дүнг илэрхийлэх үзүүлэлтүүдийг ЭМС-н 2010 оны 34 тоот тушаал ”АМ-11 хяналтын картнаас тодорхойлох боломжгүй байсан нь бидний судалгааны үр дүнтэй ижил байлаа.

Дүгнэлт

Аймгийн төвийн эмч нарын үзлэгийн 30-40%, сумын эмч нарын үзлэгийн 40-60%-ийг артерийн гипертензитэй хүмүүс эзэлж байгаа бөгөөд Артерийн гипертензитэй хүмүүс хяналтын хугацаандаа тогтмол ирдэггүй, даралт бууруулах эмийг тогтмол уудаггүй, хүмүүс өөрсдийн эрүүл мэнддээ тавих хяналт хангалтгүй, артерийн гипертензитэй хүмүүст зөвлөгөө өгөх хугацаа бага зэрэг нь артерийн гипертензитэй хүмүүсийг хянахад нөлөөлөх хүчин зүйл болж байна

 

Ном зүй

1. Дэлхийн зүрх судасны холбооны тайлан 2007 он х 37-38
2. Health indicators of Mongolia, 2011.p: 59-60
3. Pекомендаций Российского Медицинского Общества по артериальной гипертензий 2008. From wedsite www.cardiosite.ru
4. Journal of the American heart association
5. Global burden of hypertention analysis of world data. www.who.dk
6. Зүрх судас судлал д.Зулгэрэл, Ө.Цолмон, Н.Баясгалан, Б.Бурмаа УБ 2010
7. Л.Байгалмаа “Артерийн даралт ихдэлтийн хяналтгүй байдал, түүнд нөлөөлж буй зарим хүчин зүйлсийн судалгаа 2011 он
8. Халдварт бус өвчний өвчлөл ба нас баралтанд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлсийн кохорт судалгаа. Суурь судалгааны тайлан.Улаанбаатар 2010 он
9. Г.Анхзаяа “Зүрх судасны тогтолцооны өвчлөл нас баралтын хэтийн төлөв ба нийгэм эдийн засгийн зарим хүчин зүйлс “ судалгаа 2010
10. Г.Дэжээхүү, Н.Дондог, Эффективность длительностого лечения больных гипертоническом болезного. Автореферат .Канд.мед.1985
11. Халдварт бус өвчин (ХБӨ)-ний эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын түвшинг тогтоох STEPS 2009
12. Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн үзүүлэлт 2002-2011 он
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1317
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК