Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2013, (56) 2013 N01(056)
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЕБСУРГУУЛИЙН АХЛАХ ДУНД АНГИЙН СУРАГЧДЫН ТАМХИ ТАТАХ ЗАН ҮЙЛИЙН ТАРХАЛТ, ТАМХИДАЛТЫН ЭРҮҮЛ МЭНДЭД НӨЛӨӨЛӨХ НӨЛӨӨЛЛИЙН СУДАЛГАА
( Судалгааны өгүүлэл )

Ц.Өнөржаргал1,Н.Oдонгуа, О.Чимэдсүрэн2

1 ЭМШУИС,НЭМС-н магистрант,2НЭМС

 
Абстракт

Дэлхий дахинд хүн амын өвчлөлийн төлөв байдал өөрчлөгдөж хотжилт амьдралын хэв маяг өөрчлөгдөхийн хирээр халдварт бус өвчнөөр өвчлөгсдийн тоо асар хурдацтай нэмэгдэж нийгэм, эдийн засгийн хөгжил сая сая хүний амьдрал, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж байна1. Монгол улсад хүүхэд, залуучуудын дунд тамхины хэрэглээ их байгаа нь ДЭМБ, АНУ-н Өвчний хяналтын төвтэй хамтарч 2007 онд хийсэн Залуучуудын тамхины хэрэглээний судалгаагаар мөн тогтоогдсон байна5. Өмнөговь аймгийн ЕБС-н сурагчдын дундах тамхи татах зан үйлийн тархалт, дам тамхидалтын тархалт, түүний шалтгааныг тодруулах зорилгоор судалгааг явуулав.

Зорилго

Сурагчдын тамхидалт, дам тамхидалтын тархалт, тамхидалтын улмаас эрүүл мэндэд нөлөөлөх зарим сөрөг хүчин зүйлсийг тодорхойлох

Зорилт

1. Сурагч өсвөр үеийнхний тамхидалтын тархалтыг тогтоох

2. Өсвөр үеийнхний эрүүл мэндэд тамхины нөлөөллийг судлах.

3. Сурагч өсвөр үеийнхний дам тамхидалтын тархалтыг тодорхойлох

Материал, арга зүй

Өмнөговь аймгийн ЕБСургуулиудын дунд ахлах ангийн сурагчдаас нас хүйсийн хувьд төлөөлөх чадвартай байхаар тооцож энгийн санамсаргүй түүврийн аргаар 6 сургуулийн 541 сурагчдыг уг судалгаанд хамруулан, асуумжийн аргаар мэдээллийг цуглуулав. Мэдээнд дескриптив шинжилгээ хийн үр дүнг гаргав.

Үр дүн

Судалгаанд хамрагдсан сурагчдын хүн ам зүйн үзүүлэлтэд хөдөө сумдаас 159(29.4%), хүүхэд, аймгийн төвөөс 381(70.6%) хүүхдийг хамруулсан байна. Тэдгээрийн хүүхдүүдийн 331(61.1%) нь эрэгтэй, 210(30.9%) эмэгтэй хүүхдүүд байсан ба 4 хүүхдийн 3 нь гэрт амьдарч, 3 хүүхэд тутмын 2 нь 4-5 ам бүлтэйгээр амьдарч байна. /хүснэгт-1/ Сургуулийн дунд ахлах ангийн сурагчдын тамхидалтын тархалтын судлахад нийт судалгаанд хамрагдсан сурагчдын 26.4% нь тамхи тогтмол татдаг, 1.7% нь тамхийг татаж үзсэн байна. Хүйсийн хувьд хөвгүүдийн 42%, охидын 6.2% нь тамхи татдаг ба судалгаанаас харахад төвийн сургуулиудын сурагчдын тамхи таталтын тархалт сумдынхаас 1.5-2.0 дахин их байгаа нь статистикийн хувьд магадлалтай байв (p-0.001). Хүйсийн хувьд харьцуулан үзхэд төвийн сургуулиудын охид хөвгүүдийн тамхидалт сумаас өндөр (p=0.043), насны хувьд ахлах болон дунд ангийн хувьд мөн ялгаатай болох нь харагдаж байна (p=0.033).

Хүснэгт-1 Сурагчдын тамхидалтын тархалт,

Сургуулийн дунд болон ахлах насны охид хөвгүүдийн эрүүл мэндийн байдалд тамхи таталт хэрхэн нөлөөлөөлж байгааг тамхи татдаг болон татдаггүй сурагчдын дунд харьцуулан 6 үзүүлэлтээр судлан үзэхэд аливаа зүйлд харшлах шинж тэмдэг нь тамхи татдаг хүүхдүүдийн 34.9%-д нь, тамхи татдаггүй нийт хүүхдүүдийн 28%-д нь илэрч байгаа хэдий ч статистик ач холбогдол бүхий ялгаа байхгүй байлаа (p-0.21)./хүснэгт-2/ Нүүр цээжээр батга гарах зовиур нь тамхи татдаг хүүхдэд 30.9%-тай, татдаггүй хүүхдүүдэд 26.2%-тай байгаа хэдий ч статистик ялгаа байхгүй байв (р-0.266).

Хүснэгт 2. Тамхи таталт ба эрүүл мэндийн зарим нөлөө

Тухайн хичээлийн жилд амьсгалын замын өвчнөөр өвчилсөн эсэхийг харьцуулан үзэхэд тамхи татдаг хүүхдүүдийн 62.2%, татдаггүй хүүхдүүдийн 57.2% нь амьсгалын замын үрэвсэлт өвчнөөр өвчилсөн гэж хариулсан нь статистик ач холбогдлын түвшинд ялгаагүй байв (p-0.391). Харин цээж шуугих, астмын шинж тэмдэг нь тамхи татдаг хүүхдүүдийн дунд 19%-р (p-0.001), ханиалгаж цэр гарах зовиур 14.6%-р (р<0.001), шүд шарлаж өнгөө алдах зовиур 9.8%-р (р<0.001) татдаггүй хүүхдүүдээс илүү байгаа нь статистик ач холбогдолтой байлаа./хүснэгт-2/ Дам тамхидалтын хор хөнөөлийн нийт судалгаанд хамрагдсан хүүхдийн 87.2 % нь хор хөнөөлтэй гэдгийг мэддэг гэж хариулжээ. Тэдний 64.7 % нь дам тамхидалтанд өртөж, тэдгээр сурагчдын 41% нь олон нийтийн газар, 27% нь гэр орондоо дам тамхидалтанд өртдөг гэсэн судалгаа гарсан байна. Сурагч өсвөр үеийнхний тамхи татах зан үйлд нөлөөлж байгаа хүчин зүйлсийг харьцуулан судлахад тамхи татдаг хүүхдүүдийн 91(59.9%) нь телевиз, киногоор тамхины зар сурталчилгааг сүүлийн нэг сар харсан байгаа нь тамхи татдаггүй хүүхдүүдийнхтэй (68.9%) ойроллцоо байлаа. /хүснэгт-3/ Найз нөхөдийн тамхидалтын нөлөөг харьцуулан судлахад тамхи татаж буй хүүхдүүдийн найз нарын 28.3% тамхи татдаггүй бол тамхи татдаггүй хүүхдүүдийн 52.7 % нь тамхи татдаггүй байгаа нь стандарт ач холбогдолтой байна (p=0.0001). Тамхи татдаг болон татдаггүй нийт хүүхдүүдийн 34.5% нь сурагч өсвөр үеийнхний тамхидалтанд найз нөхдийн нөлөө хамгаас илүү байдаг гэдгийг баталсан байна.

Хүснэгт-3 Тамхи татах зан үйлд нөлөөлж буй хүчин зүйлс

Хэлцэмж Э

МЯ, ДЭМБ, ММСС, НЭМХүрээлэнгээс хамтран хийсэн дэлхий дахины сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгаа-Монгол-2010 оны судалгаагаар ЕБС-ийн 13-15 насны сурагчдын 23.4%, үүний дотор эрэгтэй сурагчдын 35.2 хувь, эмэгтэй сурагчдын 13.3% байгаатай харьцуулахад энэхүү судалгаанд нийт сурагчдын 26.4%, эрэгтэй сурагчдын 42%, эмэгтэй сурагчдын 6.2% байгаа нь Өмнөговь аймагт сурагчдын дундах тамхидалт ойролцоо байгаа ч эрэгтэй хүүхдийн тамхидалт улсын хэмжээнд хийгдсэн бусад судалгаанаас өндөр байна.

Дүгнэлт:

1. Өмнөговь аймгийн ЕБСургуулиудын дунд болон ахлах насны хүүхдүүдийн дундах тамхидалтын тархалт 26.4 байна. Хөвгүүдийн тамхи таталтын тархалт 42 хувьтай, охидын тамхи таталтын тархалт 6.2 хувьтай буюу хүйсийн хувьд ялгаатай байна

2. Тамхи татдаг хүүхдүүдэд астма, ханиах, цэр гарах, шүд шарлах шинжүүд давамгай илэрч байна

3. Тамхи татах зан үйлд найз нөхдийн нөлөөлөл болон телевиз, кино хэлбэрээр тамхийг сурталчилах байдал нь тамхи татах зан үйлд илүүтэйгээр нөлөөлдөг байна.

4. Сурагчдын 64.7 хувь нь дам тамхидалтанд өртдөг байна.

 

Ном зүй

1.Нийгмийн эрүүл мэндийн төлөв байдал.ЭМЯ,ДЭМБ.УБ.2011 он х.х 39
2.World Helth Organizatoin,Report on the Gllobal Tobacco, Epidemic ,2009.Word Heаlth Organization, 2010 х.х 25-26
3.Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан эрсдлт хүчин зүйлийн тархалтын судалгаа-2009. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн.УБ.2010 он х.х 15-20
4.Говийн бүсийн аймгийн хүн амын дунд цусны даралт ихсэх өвчний эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлох судалгааны тайлан.УБ.2011 х.х 11-12
5.Дэлхий дахины сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгаа-Монгол,2010 Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эрүүл мэндийн зан үйлийг тодорхойлох,ЭМЯ,WHO,ММСС,НЭМХ х.х 13-14
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2374
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК