Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2013, (60) 2013, N05(060)
ШАСТИНЫ НЭРЭМЖИТ УГТЭ-ИЙН ДУРАНГИЙН КАБИНЕТАД МӨРДӨГДӨЖ БАЙГАА УЯН ДУРАН, ТҮҮНИЙ ДАГАЛДАХ ЖИЖИГ БАГАЖИЙН АРИУТГАЛЫН СТАНДАРТ
( Эмнэлзүйн хөтөлбөр )

М.Энх-Өлзий, О.Цэвээндарь,  А.Төрболь, Г. Жавзандолгор, Г. Гантогос

 
Абстракт

Дурангийн тусламж үйлчилгээ түүний угаалга, халдваргүйтгэл, ариутгал, хадгалалт, хэрэглэх журам нь үйлчлүүлэгч  ба эмч, эмнэлгийн ажилчдад  дурангийн багажаар дамжих  халдварын   эрсдлийг бууруулах, аюулгүй, чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх, багаж тоног төхөөрөмжийн ашиглалт, эдэлгээг уртасгахад оршино.
Эмнэлгээс шалтгаалсан халдварын эрсдэлээс урьдчилан  сэргийлэх шаардлагын үүднээс бид олон улсын ACGE, JGETS холбооноос гаргасан зөвлөмжийн дагуу манай орны нөхцөлд  эмнэлгийн тоног төхөөрөмжийн ариутгалд өргөн хэрэглэгддэг ариутгалын бодисуудаас нэн тохиромжтой, олдоц сайтай 2% глютаральдегид  агуулсан уусмалыг сонгон авч уян дуран, түүний дагалдах багаж хэрэгслэлийн халдваргүйтгэл, ариутгалыг хийх  заавар аргачлалыг боловсруулан стандарт болгон батлуулж өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна.
 


Уян дурангийн угаалга, ариутгал, халдваргүйтгэлийн ерөнхий зарчим
Дурангийн ариутгал, халдваргүйтгэлийг дараах  5 үе шатаар хийнэ
1.    Цэвэрлэгээ
2.    Халдваргүйтгэх
3.    Угаах
4.    Хатаах
5.    Хадгалах
I.    Цэвэрлэгээ:
Халдваргүйтгэлийн өмнө заавал цэвэрлэгээ хийгдсэн байна
1.    Агаар, ус орох  хоолой, биопсийн сувагт цус, цусан бүтээгдэхүүн, салс гм шүүрэл үлдээлгүйгээр 10-15 секундийн турш угаалгын нунтагтай ус  шахаж, соруулж цэвэрлэх.
2.    Дуранг ус болон угаагч бодистой усанд дүрэх буюу гадна талыг нь алчуур болон губкээр арчих.
3.    Агаар, ус орох хоолой болон elevator- ийг зөөлөн сойзоор 3 аас доошгүй удаа сойздож угаах.  
4.    Усаар зайлах
II. Халдваргүйтгэх
•    Агааржуулалтын системтэй тусгай өрөөнд халдваргүйтгэлийг хийнэ.
•    Бээлий, нүдний шил, хормогч зэрэг халдвар хамгааллын хувцас өмсгөл өмсөнө.
•    2%-ийн глютаральдегид агуулсан бодис болон бусад халдваргүйтгэх  уусмалаар халдваргүйжүүлнэ.  
•    Хугацаа 10 минутаас багагүй байна.
•    Дараа нь заавал усаар зайлж халдваргүйтгэлийн уусмалаас бүрэн салгана. Ус нь чанарын шаардлага хангасан ус байх ба нэрмэл усаар зайлж болно
III. Угаах
Дээрхи дамжлагыг дамжсны дараа 30 орчим минут дурангийн эд ангийг автомат машин болон гараар угааж ариутгана
IY.  Хатаах
Дурангийн төгсгөл хэсэг, линз, цахилгаан контактуудыг сайн хатаах шаардлагатай.
Y. Хадгалах
Хадгалахын өмнө сайтар хатаах хэрэгтэй.
•    Дуранг хадгалах өрөө нь хуурай цэвэр байх.
•    Нарны шууд гэрэл, өндөр температур, чийг, рентгэн туяанаас хол байх
•    Дуранг шулуун  байдлаар бөглөө, клапануудыг авч, хөдөлгөөн хязгаарлагч байдалд хадгалах
•    Дуран хадгалах шүүгээ нь зориулалтын кварцтай байх
•    Дуранг тээвэрлэх үед зөвхөн зориулалтын цүнхэнд нь хийх шаардлагатай.
Дээрх журамыг баримтлаагүйгээс халдвар дамжих, дуран гэмтэж болох бөгөөд дуранг угааж ариутгахдаа зааврын дагуу ажилбарын дараалалыг нарийн чанд баримтлах шаардлагатай
Манай эмнэлгийн уян дурангийн ариутгалд бид Франц улсын  АLKAPHARM-ийн ALKACID, ALKAZYME-ийг хэрэглэж байгаа бөгөөд уг бодисууд нь:
•    Mycobacterium tuberculosis 5%-1 цаг
•    Candida albicans 0.5%-15 минут
•    Aspergillus fumigatus 2%-15минут
•    HIV-1 0.5%-5 минут
•    Hepatitis B 1%-5 минут
•    Bacillus subtilis 5%-1цаг
•    Pseudomonas aeruginosa 2%-5 мин тус тус устгах чадвартай уусмалууд юм
Уян дуран түүний дагалдах хэрэгслэлүүдийг дараах 2 аргаар угааж ариутган халдваргүйжүүлж байна. Энэ 2 аргаар ариутгасны дараа дуран ба түүний дагалдах хэрэгслээс арчдас авч бактериологийн лабораторид нян ургуулах шинжилгээнд өгөхөд эмгэг төрөгч нян илрээгүй. Иймд өөрийн ажлын нөхцөл байдалд тохируулан аль нэг аргыг хэрэглэж болох юм.
Үүнд:              I арга: Гараар угааж, ариутгах арга
II арга: Дуранг автомат машинаар угааж,  ариутгах арга

I арга: Гараар угааж ариутгах арга
А: Шинжилгээний өмнөх багажийн бэлтгэл,  ариун байдал:
•    Дурангийн сувилагч ариутгасан дуранг дуран хадгалах шүүгээнээс цэвэр ариун самбай бүхий тэргэнцрээр зөөн авчирч дурангийн гэрэл үүсгэгчтэй холбож, багажны бүрэн бүтэн байдал, хэвийн ажилтай эсэхийг шалгаж,  шинжилгээ хийхэд бэлэн болгосон байна
Б: Шинжилгээний дараа:
I дамжлага: Шинжилгээний дараа дурангийн багажийг хатаалгүйгээр шууд анхан шатны халдваргүйтгэгч 0.5%-ийн Alkazyme-ийн  уусмал бүхий нэг удаагийн самбай даавуугаар гадаргууг дээрээс доош чиглэлд дурангийн үзүүр хүртэл сайтар арчиж,  халдваргүйтгэнэ
II дамжлага: Анхан шатны халдваргүйтгэж цэвэрлэсэн дуранг ариутгалын бодисыг зохих зааврын дагуу хийж бэлтгэсэн 2% болон 5%-ийн Alkacide-ийн уусмалд 15-25 мин угаана. Энэхүү химийн ариутгал хийхдээ ариун, таглаатай паалантай болон хуванцар сав хэрэглэнэ.
•    Ариутгал хийх хугацааг тооцож эхэлсэнээс хойш багаж нэмж   хийхийг хориглоно
•    Ус агаар гүйдэг хоолойг хүчтэй шахаж үлээлгэж цэвэрлэх ба органик бохирдлыг арилгахын тулд биопсийн хоолойгоор  халдваргүйтгэлийн бодисыг соруулж шахаж, сойздож угаана
•    Дурангийн багажны салдаг нугас түгжээ, хаагддаг, нээгддэг хавхлагуудыг нээж уусмалд хийх ба багаж нь уусмалд бүрэн дүрэгдсэн байна Уусмалын хэмжээ нь багажнаас дээш 1см-ээс багагүй хэмжээтэй байх ба уусмалаа сайтар зайлж  хөдөлгөнө

III дамжлага: Цэвэрлэгээ, угаалга, халдваргүйтгэлийн дараа дурангийн гадаргуу, хоолой, сувгуудыг нэрмэл усаар сайтар зайлж, соруулж шахаж угаана.  
•    Багаж зайлах ус нь ариутгасан нэрмэл ус байна
•    Ариутгасан багажийг богино болон урт хугацаагаар зайлж угаах нь ариутгалд ашиглагдсан бодисын үйлдвэрлэлийн зааварчилгаанаас хамаарна
•    Ариутгалын дараах үлдэгдэл уусмалыг угааж зайлахад ариун даавуун материал, суваг хөндийг угаах ариун тариур, бусад хэрэгслүүд байна
•    Дурангийн суваг хөндийг зайлж угаах ус нь 20 мл-ээс багагүй   хэмжээтэй байх ба саван  дахь устай холилдоогүй байна
•    Цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн дараа багаж хэрэгслийг бүрэн хатаана Дурангийн суваг доторх чийгийг арилгахын тулд 70%-ийн 15 мл этилийн спирт  тариураар шахаж хатаана
IY дамжлага: Дуранг угааж, халдваргүйтгэсэн  бүх савыг ариутгал дууссаны дараа уусмалыг юүлэн сайтар цэвэрлэж,  ариутгана
Y дамжлага: Дуранг шулуун байдлаар бөглөө, клапануудыг авч, хөдөлгөөн хязгаарлагч байдалд хадгална Дуран хадгалах шүүгээ нь зориулалтын кварцтай байна.

II арга: Дуранг автомат машинаар угаах арга
А: Шинжилгээний өмнөх багажийн бэлтгэл,  ариун байдал:
•    Дурангийн сувилагч ариутгасан дуранг дуран хадгалах шүүгээнээс цэвэр ариун самбай бүхий тэргэнцрээр зөөн авчирч дурангийн гэрэл үүсгэгчтэй холбож, багажны бүрэн бүтэн байдал, хэвийн ажилтай эсэхийг шалгаж,  шинжилгээ хийхэд бэлэн болгосон байна
Б: Шинжилгээний дараа:
•    Шинжилгээний дараах анхан шатны халдваргүйтгэлийг 0.5%-ийн Alkazyme-ийн  уусмал бүхий самбай даавуугаар арчиж цэвэрлэнэ, 1-2 удаа халдваргүйтгэх уусмалыг соруулж дурангийн сувгийг халдваргүйтгэнэ
•    Анхан шатны халдваргүйтгэж цэвэрлэсэн дуранг тэргэнцэрээр  зөөн аваачиж ариутгалын өрөөнд хүлээлгэн өгч урсгал усаар угаана
•    Дуран угаах автомат машинд ариутгалын бодисыг зааврын дагуу хийж 15-25 мин угаана /угаагч машин болон ариутгалын бодисын зааврыг хавсралтаас үзнэ үү/
•    Дуранг машинаас гарган авч хийн компрессороор үлээлгэн хатаасны дараа ариун даавуу бүхий тэргэнцэрээр зөөж дурангийн сувилагчид хүлээлгэн өгнө
•    Сувилагч дурангийн багажны бүрэн бүтэн байдлыг зааврын дагуу шалгаж дараагийн шинжилгээнд бэлэн болгож байрлууна

Дурангийн дагалдах хэрэгслүүдийг ариутгах үндсэн зарчим
•    Чимхлүүр (шипцы), зүү, гуурс, гогцоо зэрэг хэрэгслүүдийг шинжилгээ болон эмчилгээнд хэрэглэж дууссаны дараа анхан шатны халдваргүйтгэлийг тусламж үйлчилгээ үзүүлсэн хэсэгтээ хийнэ
•    Дурангийн багажийг ариутгах хэсэгт хүлээлгэн өгнө
•    Багажууд, тэдгээрийн сувгуудыг даралттай цэвэр урсгал усаар зайлж, сойздож  угаана
•    Дурангийн дагалдах жижиг багажуудыг угаагч автомат машинд зааврын дагуу хийж 15-25 мин угаана
•    Угаагч машинаас гарган авч хатаан, бүрэн бүтэн байдлыг зааврын дагуу шалгана
•    Хэрэв угаагч уусмалтай нам давтамжийн ариутгах төхөөрөмжтэй бол  багажийг уг төхөөрөмжийн зааврын дагуу ариутгана
•     Дараа нь цэвэр хөвөн даавуу материалаар арчаад зориулалтын шүүгээнд өлгөж хатаах буюу ариун уутанд хийж амсрыг сайтар нааж, ариутгасан он сар өдрийг тэмдэглэнэ
•    Дээрх аргаар урьдчилан угааж ариутгасан багажаа ариун уутанд хийж 132-134 градусын температурт 5 минутийн турш автоклавт байлгана. Энэ ажилбараар бүх дурангийн эмчилгээний багаж, жижиг хэсгүүдийг ариутгаж болно
 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1175
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК