Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2013, (60) 2013, N05(060)
ХЕЛИКОНЯНГИЙН ХАМААРАЛТ ЭМГЭГИЙН ОНОШЛОГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ОРЧИН ҮЕИЙН МЕНЕЖМЕНТ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ
( Лекц )

  Ц.Сарантуяа, Н.Бира, С.Бадамжав

 

Хеликонянгийн эмгэг жамын нөлөө нь ходоодны салстын үрэвсэл, шарх, метаплази, дисплази зэрэг архаг үрэвсэлт өөрчлөлт үүсгэж, улмаар ходоодны хавдар үүсэх урьдал өвчин болж буй дэлхий дахины тулгамдсан асуудал манай оронд ч ижил ажээ. Монгол улсын хүн амын өвчлөлд  халдварын бус шалтгаант эмгэгийн дотор ХБЭ-ний эмгэг II байр, нас баралтын шалтгаанд хавдарын өвчлөл (элэг, ходоодны өмөн) болон ХБЭ-ний эмгэг эхний 5-н байранд багтах энэхүү тоо баримт нь манай улсын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд тус эрхтэн тогтолцооны эмгэг онцгой анхаарал татаж буйг илтгэнэ.
Хеликонянгийн халдварыг оношилгоо, эмчилгээнд олон улсын гастроэнтеролог мэргэжлийн байгууллага, судлаач нар  орчин үед нотолгоонд суурилсан анагаах ухааны байр сууринаас хандаж, тодорхой давтамжтайгаар эмнэлзүйн удирдамж, зөвлөмжийг шинэчлэн боловсруулдаг уламжлал 1996 оноос тогтжээ. Эдүгээ  H.pylori судлалын Европын холбоо, Ази номхон далайн холбоо нь улс тивийн эрдэмтэн судлаачдыг нэгтгэн ажиллах ба ихэнхи орнуудад судлаачдын бүлэг ажилладаг ажээ. Эдгээр бүлгээс боловсруулан гаргаж буй эмнэлзүйн зөвлөмж удирдамж нь H.pylori -ийн халдварыг оношлох ба эмчлэх заалт шалгуурыг тухайн бус нутаг, орны хүн амын эрүүл мэнд болон тусламж үйлчилгээний онцлогт тохируулан, сүүлийн үеийн нотолгоот судалгааны үр дүнгээр баяжуулж шинэчилж,  ХЭНИЙГ, ХЭРХЭН, ЯАЖ оношилж  эмчлэх үндсэн гурван асуудлыг зөвлөдөг.

H.pylori -ийн халдварын оношлогоо, эмчилгээний менежментийн зарчим


Оношилгоо эмчилгээний заалт (Хэнийг?)

Оношилгоо  (Xэрхэн?)

Эмчилгээ (Яаж?)

Манай оронд H.pylori -ийн оношлогоо 1994 оноос  эхэлсэн бөгөөд багш  Н.Баярмаа, Х.Оюунцэцэг нар гастроэнтерологи - дурангийн тасагт, судлаач  Г.Отгонсүрэн хүүхдийн практикт  хэрэглэж ирсэн түүхтэй. 1996-2006 онуудад хүүхэд ба насанд хүрэгсдэд эрүүл ба ходоод гэдэсний архаг өвчний үеийн H.pylori хамааралт эмгэгийн эмнэлзүйн судалгааны ажлууд хийгдэж, анагаах ухааны доктор, магистрын олон бүтээл төрсөн. 2006 оноос өнөөг хүртэл H.pylori судлалын ажил нь молекул биологи, эмнэлзүйн эм судлалын чиглэлийг хамарч, магистрын судалгааны ажлууд гарсаар байна.  
2013 онд ЭМШУИС-иас санаачлан, МУ-ын ШУТ-ийн сангийн төслийн хүрээнд (төслийн удирдагч Х.Оюунцэцэг) МОН-НР уреаза түргэвчилсэн оношлуурыг эх орондоо үйлдвэрлэх технологийн асуудлыг шийдсэн явдал бол хүн амын дунд тохиолдох H.pylori халдварыг зохистой оношлох эмчлэх, эмийн зохистой хэрэглээний асуудлыг шийдэхэд түлхэц өгсөн ач холбогдолтой ажил болсон.
Үүний зэрэгцээ Гастроэнтеролог эмч нарын нийгэмлэгийн хүрээнд  H.pylori судлаачдын бүлэг байгуулагдсан нь цаашдаа Монгол улсад H.pylori тархалт, эмчилгээний үр дүнг нотолгоонд суурилсан судалгааны арга аргачлалаар явуулах, судалгааны ажлын чанарыг олон улсын хэмжээнд хүргэх, хүн амын дунд хеликобактер пилори нянгийн шалтгаант ходоодны өвчлөлийг бууруулж, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, хянах тогтолцоог бодитоор хөгжүүлэх боломжийг олгох болно.
H.pylori  халдвартай холбоотой гастроэнтерологийн практикт дараах тулгамдсан асуудлууд байна.  Үүнд:
•    H.pylori оношлоход арьс, хатгаж цоолохгүй аюулгүй аргуудыг эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх, инвазив арга хэрэглэх үед  дуран ба багаж хэрэгслийн ариутгал, халдваргүйтлийн асуудлыг чанаржуулах, гистологи  болон иммуногистохимийн аргыг практикт хэвшүүлэх, эмнэлзүйн практикт молекул биологийн шинжилгээг нэвтрүүлэх  
•    Антибиотик эмийн зохисгүй, үр дүнгүй хэрэглээг таслан зогсоох,  эмчилгээний үр дүнтэй загварыг нотлох, эмчилгээг эхлэх ба үр дүнг хянах стандарт аргыг нэвтрүүлэх, улс орны онцлогт тохирсон эмнэлзүйн удирдамж гаргаж мөрдөх
•    H.pylori халдварын оношлогоо, эмчилгээнд зарцуулж буй эдийн засгийн тооцоо хийх, ходоодны хавдарын урьдал эмгэг болон эрт үеийн оношлогоо эмчилгээний асуудлыг ЭМД-ын системд зохистой суулгах г.м.
Ийнхүү манай гастроэнтерологийн эмч нарын өмнө H.pylori хамааралт ходоодны эмгэгийн оношлогоо эмчилгээний үр дүнтэй менежментийг практикт хэрэгжүүлэх, олон улсын хөгжлийн түвшинтэй хөл нийлүүлж, үйлчлүүлэгчдээ аюулгүй, үр дүнтэй тусламж үйлчилгээг үзүүлэх хэрэгцээ шаардлага бий болжээ.
 
 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 956
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК