Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2012, (52) 2012. N01(052)
ХҮРЭН МАНЖИНД ХИЙСЭН ФИТОХИМИЙН СУДАЛГААНЫ ДҮНГЭЭС
( Судалгааны өгүүлэл )

М.Мөнгөнчимэг2, Ж. Батцэцэг,2,Ц. Даваасүрэн1, Д. Дүнгэрдорж1

1- ЭМШУИС, ЭЗС-ийн багш
                                                                                             2- ЭЗС-ийн магистрант

 
Абстракт

Өвчний эмгэг жамын онцлогт тохирсон үйлдэлтэй, гаж нөлөө багатай, байгалийн гаралтай эмийн бэлдмэл  гарган авах асуудал нь эм зүйн шинжлэх ухааны зорилтын нэг бөгөөд онол болон практикийн хувьд чухал ач холбогдолтой юм. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Монгол орны нөхцөлд ургаж байгаа эмийн ургамлын фитохимийн судалгааг явуулах асуудал эрдэмтэн, судлаачдын өмнө зүй ёсоор тавигдаж байна. Ялангуяа уламжлалт анагаах ухаанд хэрэглэгдэж ирсэн хүнсний зориулалтаар ашиглаж байгаа эмийн ургамлууд бидний анхаарлыг татсан юм. Иймээс бид Монгол оронд бүрэн нутагшсан Бордо-237 сортын хүрэн манжингийн түүхий эд болох  газрын доод хэсэг үндэс үрийг өөрсдийн судалгааны объект болгон сонгон авлаа.                                                                                                                                         
Хүрэн манжин /Вeta Vulgaris L/ нь Лууль/Chenopodiaca/-ийн овогт хамаарагдах навч ишний хамтаар 1-2 м өндөр ургадаг 2 наст өвслөг ургамал юм. Хиргүй мэндэлсэн болор толь /Түмбэ димид шэлжи мэлон/ хэмээх сударт манжинг  “Нюнма” гэж нэрлээд амтлаг, шингэсний дараа бүлээн чадалтай, хорын өвчинг маш сайн сахиж дарна, хийн өвчнийг арилгана, хурмалыг нядлан үйлдэхэд рашаан лугаа адил  хэмээжээ.   
Хүрэн манжинг хүлээн авч, шалгахдаа MNS 2445:77 стандартаар, түүхий эдийн чанарт үнэлгээ өгөхдөө MNS 2445:77 стандартаар, хүрэн манжингийн түүхий эдийн үнслэгийн хэмжээг ОХУ-ын XII фармакопейн аргаар, нийт уургийн хэмжээг MNS 215:1975, органик хүчлийн агууламжийг MNS 383-61, пектиний хэмжээг MNS 3080-1981, чихэрлэгийн хэмжээг МNS 0344-1988,  эслэгийн агууламжийг MNS 4264–1995 стандартын  дагуу тодорхойлсон болно. Хүрэн манжингийн макро, микро элемент, хүнд металлын агууламжийг Физикийн хүрээлэнгийн спектроскопын лабораторид атом шингээлтийн спектроскопын тусламжтайгаар тодорхойлов. Түүхий эдийн хөгц, мөөгөнцөр, нянгийн тоог MNS 5188-2002, MNS 5989-2002, MNS 5190-2002, MNS 5193-2002, MNS 5194-2002 стандартын дагуу тодорхойлов. Хүрэн манжинд агуулагдах бетацианин, бетаксантиныг НҮХ-ын аргаар, тэдгээрийн тоон хэмжээг спектрофотометрийн аргаар тодорхойлов. Статистик боловсруулалт хийхдээ Стьюдент t критерийн аргыг ашиглав.

Удиртгал:  
Орчин үед ургамал, амьтан, эрдэс, байгалийн гаралтай бэлдмэлүүдийг хэрэглэх  хандлага улам бүр нэмэгдэж байна. АНУ-д сүүлийн жилүүдэд ургамлын эмийн хэрэглээ 38%-иар өссөн мэдээ байгаа бол Герман улсад хүн амын 70% нь байгалийн гаралтай эм хэрэглэдэг бөгөөд ихэнх хүмүүс хөнгөвтөр өвчний үед ургамлын гаралтай эмийн бүтээгдэхүүнийг сонгодог байна. Манай оронд 5100 гаруй зүйл дээд, доод ургамал ургадгаас уламжлалт ба орчин үеийн анагаах ухаанд 800 гаруй зүйл ургамал ашиглаж байгааг бүртгэсэн байна. Эдгээр эмийн  ургамал нь эх орны эмийн үйлдвэрийн чухал нөөц баялаг болоод зогсохгүй эрдэмтэн судлаачдын анхаарлыг зүй ёсоор татдаг. Аливаа өвчний эмгэг жамын онцлогт тохирсон үйлдэлтэй, гаж нөлөө багатай, байгалийн гаралтай шинэ эмийн бэлдмэл гарган авч эмчилгээний практикт хэрэглэх асуудал нь эм зүйн шинжлэх ухааны тулгамдсан асуудлын нэг бөгөөд онол болон практикийн хувьд чухал ач холбогдолтой юм. Хүрэн манжинг уламжлалт анагаах ухаанд өргөнөөр хэрэглэж ирсэн ч түүнийг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах шаардлага зайлшгүй гарч байгаа юм. Иймд уламжлалт анагаах ухаан болон хүнсэнд хэрэглэж ирсэн хүрэн манжинд агуулагдах биологийн идэвхит бодисыг судлах цаашид шинэ  эмийн бэлдмэл гарган авч эмчилгээнд хэрэглэх асуудлыг дэвшүүлэн тавьсан юм.
Зорилго
Хүрэн манжингийн түүхий эдэд чанарын үнэлгээ өгч, агуулагдах зарим биологийн идэвхит бодисын судалгааг явуулахад судалгааны ажлын зорилго оршино.
Дараах зорилтыг дэвшүүлэн тавьж байна.Үүнд:
1.    Хүрэн манжингийн түүхий эдийн чанарт үнэлгээ өгөх
2.    Хүрэн манжингийн түүхий эдэд агуулагдах макро микро элемент болон хүнд металлын хольцыг тодорхойлох  
3.    Микробиологийн шинжилгээ хийж нянгийн бохирдолыг шалгах
4.    Хүрэн манжинд агуулагдах бетацианин болон бетаксантиныг НҮХ аргаар илрүүлэх, спектрофотометрийн аргаар тоон агууламжийг тогтоох
Судалгааны хэрэглэгдэхүүн,  арга зүй:
Бид судалгааныхаа ажлыг  ЭМШУИС-ийн ЭЗС-ийн Эмийн хими, ургамал судлалын тэнхим, Монгол Улсын ШУА-ийн хими-технологийн хүрээлэнгийн Биохими-технологийн лабораторит явуулсан. Бид судалгаааныхаа хэрэглэгдэхүүнээр Зүүнхараагийн сангийн аж ахуйд тариалсан  2010-2011 оны ургацын Бордо-237 сортын  хүрэн манжинг сонгон авлаа. Хүрэн манжингийн түүхий эдийн үнслэгийн хэмжээг ОХУ-ын XII фармакопейн аргаар, нийт уургийн хэмжээг MNS 215:1975, органик хүчлийн агууламжийг MNS 383-61, пектиний хэмжээг MNS 3080-1981, чихэрлэгийн хэмжээг МNS 0344-1988,  эслэгийн агууламжийг MNS 4264–1995 стандартад заасан аргын дагуу тус тус тодорхойлсон. Хүрэн манжингийн макро, микро элемент, хүнд металлийн агууламжийг Физикийн хүрээлэнгийн спектроскопын лабораторид атом шингээлтийн спектрийн аргаар тодорхойлов. Түүхий эдийн хөгц, мөөгөнцөр, нянгийн тоог MNS 5188-2002, MNS 5989-2002, MNS 5190-2002, MNS 5193-2002, MNS 5194-2002 стандартын дагуу тодорхойлов. Хүрэн манжинд агуулагдах бетацианин болон бетаксантиныг НҮХ аргаар илрүүлж, спектрофотометрийн аргаар тоон агууламжийг тогтоов.
Судалгааны ажлын үр дүн:
Хүрэн манжингийн түүхий эдийн чанарт өгсөн үнэлгээний дүн
Хүрэн манжингийн эмийн түүхий эд болох үндэс үр нь конус хэлбэртэй, бор саарал өнгийн хальсаар хучигдсан  ба доторх махлаг эд нь гүн хүрэн улаан өнгөтэй.  Хөндлөнгөөр нь зүсэж үзэхэд хар хүрэн өнгийн цагираг харагдана. Амтлахад бага зэргийн чихэрлэг, газар амтагдсан өвөрмөц амттай.

Хүснэгт 1
100 гр түүхий эдэд  агуулагдах бодисын хэмжээ

Судалгааны дүнгээс харахад уг ургамлын түүхий эдэд шүүслэг 85.15%± 5.768, хуурай бодис14.85%±5.77, үнслэг 5,3%±0,93, органик хүчил  7.5%± 1.39, уураг 10.472%±0.84,  нийт пектины хэмжээ 36.5%±0.58,  үүнээс усанд уусдаг пектин 23.32%, уусдаггүй пектин 13.112%,  эслэг 26.76%± 0.21 тус тус агуулагдаж байгааг судлан тогтоолоо.

Зураг 1. Хүрэн манжингийн макро, микро элементүүд болон хүнд металлын агууламж
Судалгааны дүнгээс үзэхэд хамгийн их агууламжтай нь магни, кали, кальци байгаа ба төмөр, цайр, кобальт зэрэг элемент харьцангуй их агууламжтай байна. ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу ургамалд агуулагдах хүнд металлын давс Hg>0.1мг/кг, Pb>5мг/кг, As>0.5 мг/кг, Cd>0.2 мг/кг агууламжтай эмийн ургамлын түүхий эдийг хэрэглэхгүй байхыг зөвлөдөг байна. Хүрэн манжингийн түүхий эдэд мөнгөн ус, мышьяк зэрэг хүнд металлын давс илрээгүй байна. Бусад хүнд металлын агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй байна.
Хүрэн манжингийн түүхий эдийн микробын бохирдолтыг тодорхойлсон             
                                                        судалгааны дүн
Эм, эмийн түүхий эдэд бактери, мөөгөнцөрийн бохирдолт их байх нь түүнд агуулагдах үйлчлэгч бодисын хэмжээг бууруулах, чанар байдлыг алдагдуулахад хүргэдэг. Иймд хүрэн манжингийн хөгц, мөөгөнцөр, нянгийн тоог MNS 5188-2002, MNS 5189-2002, MNS 5190-2002, MNS 5193-2002, MNS 5194-2002 стандартанд заасан аргачлалын  дагуу тодорхойлов.
Хүснэгт 2
Хүрэн манжинд агуулагдах хөгц, мөөгөнцөр, нянгийн бохирдолтыг судалсан
судалгааны дүн

Хүрэн манжинд агуулагдах хөгц, мөөгөнцөр, нянгийн тоог тодорхойлоход MNS 5193-2002, MNS 5194-2002  стандартын шаардлага хангаж байна.
Түүхий эдэд агуулагдах биологийн идэвхт бодисыг таньж тодорхойлсон
                                                  судалгааны дүн
          Жижиглэсэн хүрэн манжингийн үндэснээс 1г-ийг нарийвчлалтай хэмжин авч шувтан колбонд хийгээд дээр нь 10мл 70%-ийн этанол хийж 2 цаг эргэх хөргөгчтэй холбосон усан банн дээр хандалсны дараа  хөргөөд центрифугт 10 минут  хурилтуурдаад доод хэсэгт үлдсэн хэсгийг ялган авав. Өтгөн ялгамлыг метанолд уусгаж микро пипеткээр соруулан авч силуфоль бүхий НҮХ-ийн ялтас дээр дусааж янз бүрийн системд туршилт явуулахад хамгийн тохиромжтой уусгагчийн систем нь  бутанол:цууны хүчил:ус (12:3:5) гэсэн харьцаатай систем байлаа. Ялтасыг хөнгөн цагааны хлоридын 5%-ийн уусмалаар шүршиж 365 нм, 264 нм долгионы урттай гэрэлд харахад бетацианин нь нил улаан, бетаксантин нь шар өнгийн толбо үүсгэн тус тус илэрсэн. Хроматограммын ялтас дээр тооцоо хийхэд бетацианины Rf нь 0.28, бетаксантины Rf нь 0.17  байлаа.
Бетацианин, бетаксантин болон нийлбэр беталайн пигментийн тооны шинжилгээг хийсэн үр дүн
Хүрэн манжингийн үндсийг урсгал усаар угаагаад, хальслагчаар хальсалж, автомат, цахилгаан ногоо хэрчигчээр жижиглэн хэрчсэн. Үүнээс 0,5 г-ыг авч ус; хүчиллэгжүүлсэн ус; 0,05%-ийн аскорбины хүчлийн уусмал болон 0,01%-ийн лимоны хүчлийн холимог уусмал; 50%; 70%; 80%; 96%-ийн этанол, метанол ус 1:1 харьцаатай холимог уусмал бэлтгэж тус бүрээс нь 20мл-ийг авч тасалгааны температурт 2 цаг  үе үе сэгсэрэх байдлаар хандлав. Тэдгээрийг  50мл-ийн хэмжээст колбонд хийж тус тусын уусгагчаар хэмжээс хүртэл нь дүүргэв. Дараа нь таглан 30 минут зөөлөн сэгсрээд спектрофотометрт 540, 480 нм гэрлийн долгион уртад гэрэл шингээлтийг хэмжихэд бетацианин 0.501 гр%±0.0237; бетаксантины хэмжээ 0.705 гр% ±0.071 байгааг тус тус судлан тогтоолоо.     

Хэлцэмж
Монгол орны нөхцөлд тарьж ургуулсан Bordo-237 сортын хүрэн манжинг  Ж.Жамсран, Б.Амгалан зэрэг судлаач эрдэмтэд 1970 онд химийн талаас нь судалж,  түүнд агуулагдах витамин С, уураг, нүүрс ус, пектинт бодис, эслэг, кальци, фосфорын агууламжийг тодорхойлсон байна.
     Д. Ирвэллхам, Б. Совджамц, Я. Бадрал нарын эрдэмтэд 1963 онд хүрэн манжинг тарималжуулан нутагшуулах, нутагшмал сортын хүрэн манжингийн үрийг бий болгох  судалгаануудыг  нэлээд гүнзгий хийжээ.
Судлаач Б.Баярсайхан “Цөсний замын өвчний үеийн эмчилгээний хоолонд хүрэн манжинг ашиглах нь” сэдэвт магистрын ажилдаа хүрэн манжингийн цэвэр шүүсийг ашиглан эмчилгээ сувиллын хоолны жор технологийг боловсруулсан бол судлаач Б.Ариунсанаа “Хүрэн манжингийн зарим сортуудыг харьцуулан судалсан дүн” судалгаандаа хэд хэдэн сортуудын  хүрэн манжинг харьцуулан судлахад Монгол оронд Бордо 237 сорт нь арвин их ургацтай, чанар сайтай болохыг тогтоожээ.
     ОХУ-ын А.А.Кардовский “Хүнсний хүрэн манжингаас шүүс гарган авах технологийг боловсронгуй болгох нь” докторын зэрэг горилсон нэг сэдэвт зохиолд Хүрэн манжингийн шүүсний гарцыг нэмэгдүүлэхийн тулд ферментаци явуулах, шүүсний хүчиллэг чанарыг тохируулахын тулд янз бүрийн байгалийн органик хүчлүүд болох интор, алим, чацаргана зэргийг нэмсэн байна.
Бидний судалгаагаар нийт сахарын хэмжээ 9.77% байгаа нь  И.К. Мурри, В.А. Девятин, Байгальмаа, Б. Ариунсанаа зэрэг зэрэг судлаачдын тодорхойлсонтой тохирч байгаа бол,  шүүслэг  нь 85.15%± 5.768,  хуурай бодисын хэмжээ нь  14.85%± 5.77 байгаа нь Биологийн ухааны дэд эрдэмтэн Ж. Жамсран, Я. Бадрал зэрэг судлаачдын тодорхойлсонтой дүйж байна. Уургийн хэмжээ 10.472%±0.84 байгаа нь Биологийн ухааны дэд эрдэмтэн Ж. Жамсран гуайн тодорхойлсонтой харьцуулахад өндөр байгаа ба харин B.N.Shyamala ба P.Jamuna зэрэг судлаачдын тодорхойлсонтой дүйж байна. Нийт пектины хэмжээ 36.5%±0.58, эслэгийн хэмжээ 26.76%± 0.21 байгаа нь    байгаа нь Shyamala. B.N  ба  Jamuna. P зэрэг судлаачдын тодорхойлсонтой дүйж байна.  Судлаач Б. Ариунсанаагийн тодорхойлсноор бетацианины хэмжээ 128-137 мг% байсан бөгөөд бидний тодорхойлсонтой харьцуулахад  бага агууламжтай  байна.
Дүгнэлт

1.    Бид хүрэн манжингийн үндэс нь 85.15%± 5.768 шүүслэгтэй, 14.85%± 5.77 хуурай бодисын агууламжтай, нийт сахарын агууламж 9.77%, 5,3%±0,93 үнслэгтэй, органик хүчил  7.5%± 1.39, уураг 10.472%±0.84,  нийт пектин бодис 36.5%±0.58,  үүнээс усанд уусдаг пектин бодис 23.32%, уусдаггүй пектин бодис 13.112%,  эслэг 26.76%± 0.21 агуулагдаж байгааг судлан тогтоолоо.
2.    Хүрэн манжингийн түүхий эдэд агуулагдах макро, микро элементийн агууламжийг тодорхойлоход хамгийн их агууламжтай нь Mg, K, Ca байлаа. Хүрэн манжингийн түүхий эдэд Cd-0.009 мг/кг, Pb, Hg, As зэрэг хүнд металлын давс илрээгүй нь ДЭМБ-аас гаргасан шаардлагад нийцэж байна.
3.     Хүрэн манжинд хөгц, мөөгөнцөр, нянгийн тоог тодорхойлоход MNS 5193-2002, MNS 5194-2002  стандартын шаардлага хангаж байна.
4.    Хүрэн манжингийн түүхий эдэд агуулагдах бетацианин, бетаксантиныг таньж тодорхойлох судалгааг нимгэн үет хроматографийн аргаар  явуулж, спектрофотометрт 540, 480 нм гэрлийн долгион уртад гэрэл шингээлтийг хэмжихэд бетацианин 0.501 гр%±0.0237; бетаксантины хэмжээ 0.705 гр% ±0.071 байгааг тус тус судлан тогтоолоо.     
    
Талархал
Бидний судалгааны ажлыг удирдан явуулж байгаа Монгол Улсын гавьяат багш, ЭЗШУ-ы доктор, ШУА-ын жинхэнэ гишүүн, Академич, профессор Д.Дүнгэрдорж, Эм зүйн ухааны доктор, дэд профессор Ц. Даваасүрэн болон Эм зүйн сургуулийн бүх багш нартаа  талархал илэрхийлж, бидэнд зөвлөгөө өгч чиглүүлж, тусалж дэмжиж байдагт баярлаж явдагаа илэрхийлье.
Мөн уг судалгааг явуулахад дэмжлэг үзүүлсэн ШУА-ийн хими-хими технологийн хүрээлэнгийн биохими-технологийн лабораторын хамт олон болон ЭЗС-ийн эмийн хими,  ургамал судлалын тэнхимийн хамт олонд гүн талархал дэвшүүлье.   

Ном зүй

1. Энхжаргал Д., Баясгалан Б., Пүрэвсүрэн С., Эмийн ургамал судлал. Улаанбаатар: ЭМШИУС-ын “Эрхэс” хэвлэх үйлдвэр;2004 х. 37-42.
2. Ичинхорлоо Ц. Байгалийн эмийн сан. Улаанбаатар: 2002 х.128-130.
3. Жамбалдорж, Гаваадорж, Хиргүй мэндэлсэн болор толь /Түмбэ димид шэлжи мэлон/ БНХАУ-ын ӨМӨЗО 1995 х.325
4. Монгол улсын стандарт MNS 0269-1973. Хүрэн манжингийн түүхий эдийн стандарт
5. Даваасүрэн Ц. “Ягаан мүгэз (Rhodiola Rosea L)-ээс шинэ эмийн хэлбэр гарган авах технологийн судалгаа”. ЭЗУ-ы докторын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл. Улаанбаатар:Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль;2006.
6. World Health Organization. Quality Control Methods for medicinal plant materials.Geneva.1998.p.61-73
7. WHO guidelines on good agricultural and collection practices for medicinal plants.Geneva.2003.
8. Кардовский А.А. Совершенствование технологии и разработка новых видов купажированных соков из свеклы. Кандидата технических наук. Краснодар:2008.ст.21-22
9. P.Suganyadevi et al. Journal of Pharmacy research. 2010,3(11) Research Article ISSN: 0974-6943 www.jpronline.info


 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 717
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК