Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2012, (52) 2012. N01(052)
ЭМИЙН СӨДИЙН ЦЭЦЭГНЭЭС ШАХМАЛ ЭМ ГАРГАН АВАХ ТЕХНОЛОГИЙН СУДАЛГАА
( Судалгааны өгүүлэл )

 Г. Солонго1    Ц. Даваасүрэн2

1 - Эв-Эрдэнэ эмийн үйлдвэр
2 - ЭМШУИС-ийн ЭЗС

 
Абстракт

Монгол орны цаг агаарын байдал, хоол тэжээлийн онцлог байдлаас шалтгаалж хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчин хүн амын нас баралтын тэргүүлэх 5 өвчний 4-рт, хүн амын дундах нийт өвчлөлийн 9,9% буюу 2-р байрын эзэлж байна. Уг өвчлөлийн эмгэг жамын онцлогт тохирсон, гаж нөлөө багатай ургамлын гаралтай эмийн бэлдмэл гарган авах асуудал чухлаар тавигдаж байна. Иймээс эмийн сөд- Sanguisorba officinalis L эмийн ургамлаас суулгалт болон хоол боловсруулах эмгэгийн үед хэрэглэх шахмал эм гарган авах зорилго тавин ажиллаа. Энэ ажлын хүрээнд сөд өвсний цэцгийн өтгөн хандыг гарган авч, өтгөн ханднаас чийгтэй мөхлөгжүүлэх уламжлалт аргыг ашиглан шахмал эм бэлтгэлээ. Энэхүү судалгааг ЭМШУИС-ийн Эм зүйн сургуулийн ЭЗАЗБЭТ-ийн тэнхимд явуулав. Дорнод аймгийн Хэрлэн сумаас 2010 оны 8-р сарын эхээр түүж хатаасан сөд өвсний цэцгийг судалгааны материал болгон ашиглав. Шингэн хандыг реперколяцын  аргын Германы фармакопейн хувилбараар, мөхлөгийг чийгтэй мөхлөгжүүлэх уламжлалт аргаар, гарган авсан шахмалын чанарын шалгуур үзүүлэлтүүдийг болон агуулагдах аргаах бодисын хэмжээг АНУ-ын 32-р фармакопей, ОХУ-ын XII фармакопей, MNS4567-98 зэрэг техникийн баримт бичгийг ашиглан тодорхойлов.

Удиртгал:
Манай оронд 5100 гаруй зүйлийн ургамал ургадгаас 800 гаруйг нь ардын уламжлалт болон анагаах ухааны эмчилгээнд хэрэглэж байна(19). Монгол орны цаг агаарын байдал, хоол тэжээлийн онцлог байдлаас шалтгаалж хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчин хүн амын нас баралтын шалтгаанд тэргүүлэх 5 өвчний 4-рт, хүн амын нийт өвчлөлийн 9,9%-ийг буюу 2-р байрыг эзэлж байна. Иймд хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчний эмгэг жамын онцлогт тохирсон гаж нөлөө багатай ургамлын гаралтай эмийн бэлдмэл гарган авах асуудал чухлаар тавигдаж байна. Ялангуяа хүүхдэд зонхилон тохиолддог суулгалт өвчний үед хэрэглэх шинэ эмийн бэлдмэл гарган авах шаардлагатай байгаа тул эмийн сөдийн цэцэгнээс шахмал эмийн хэлбэр гарган авч эмчилгээний практикт хэрэглэх  асуудлыг дэвшүүлэн тавьсан юм.
Эмийн сөд Sanguisorba officinalis L, сарнай Rosaceae овогт багтдаг, хүрэн улаан өнгийн жижиг цэцгүүд нь ишний үзүүрт бөөгнөрч гонзгойдуу бөөрөнхий толгой баг цэцэг үүсгэн 20-110 см өндөр ургадаг олон наст өвслөг ургамал юм. Эмийн сөд нь Хөвсгөл, Хангай, Хэнтий, Монгол дагуур, Ховд, Хянган, Монгол-Алтай, Дундад халх, Дорнод монгол, Их нууруудын хотгор, Олон нуурын хөндий зэрэг ургамал газар зүйн тойргуудаар алаг өвст, намагт хээрийн болон ойн нуга намаг, хээр голын нуга шугуй, ойн хаялага шинэсэн төгөл түүний зах цоорхойд ургана. Эмийн сөд өвсөнд пиррогаллын аргаах бодис 15-20%, сангивисорбин хэмээх сапонин будагч бодис, эфирийн тос 1,8%, цардуул 29%, фитонцид, витамин С, каротин зэрэг биологийн идэвхт бодис агуулагдана. Төвд эмч нар сөдийг чүчүнба гэж нэрлэдэг байжээ. Монгол, Төвд, Герман, Солонгос, Латви, Польш, Унгар зэрэг олон оронд суулга тогтоох, ходоод гэдэсний үрэвсэл намдаах, цус тогтоох, цусан суулга, цусан халуун, уушгины сүрьеэгийн үед цустай ханиах, цустай шээх, хамраас цус гарах, сарын тэмдэг хэвийн хэмжээнээс илүү ирэх, гадуур шархнаас цус гарах үед хэрэглэдэг байжээ.
Судалгааны ажлын зорилго:
Аргаах бодис ихээр агуулдаг эмийн сөдийн цэцэгнээс хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэгийн үед хэрэглэх шахмал эмийн хэлбэр гарган авахад судалгааны ажлын  зорилго оршино.

Судалгааны ажлын зорилт:
1.    Эмийн сөдийн цэцгийн түүхий эдийн чанарт үнэлгээ өгөх. Эмийн сөдийн цэцгийн түүхий эдийн чийглэг, хандлагдах бодисын хэмжээ, үнслэг, дотоод болон бүрэн шингээх коэффициентийг янз бүрийн уусгагч дээр тодорхойлох. Эмийн сөдийн цэцгийн тохиромжтой хандлагч болон хандлах аргыг сонгох.
2.    Эмийн сөдийн цэцэгнээс шингэн ханд гарган авах, түүнийг өтгөрүүлэх.
3.    Эмийн сөдийн цэцгийн өтгөн хандыг шахмал эмийн хэлбэрт оруулах, чанарын шалгуур үзүүлэлтийг тогтоох
Судалгааны материал арга зүй:
Судалгааны хэрэглэгдэхүүн болох эмийн сөдийн цэцгийг 2010 оны 8 сарын сүүлээр Дорнод аймгийн Хэрлэн сумын нутгаас түүж бэлтгэсэн болно.
Эмийн сөдийн цэцгийн түүхий эдийн чийглэг, хандлагдах бодис, үнслэгийг USP 32, ОХУ-ын XII фармакопейн дагуу, түүхий эдэд агуулагдах аргаах бодисыг Левенталийн аргаар, шингээх коэффициентыг Т.П.Литвинова, А.Г.Люкшенков /Фармация 2004 ¹5/ нарын аргаар, шингэн хандыг Германы реперколяцын  аргаар, шахмалыг чийгтэй мөхлөгжүүлэх уламжлалт аргаар гарган авч, шахмал эмийн чанарын шалгуур үзүүлэлтийг шахмал эмийн ерөнхий техникийн шаардлага MNS4567-98 стандартыг ашиглан тодорхойлов.

Судалгааны ажлын үр дүн:
1.    Эмийн сөдийн цэцгийн түүхий эдийн чанарт өгсөн судалгааны  дүн
Эмийн сөдийн цэцгийн түүхий эдийн чийглэг, хандлагдах бодис, үнслэгийг USP 32, ОХУ-ын XII фармакопейн дагуу тодорхойлов. Эмийн сөдийн цэцгийн түүхий эдийн чанарт үнэлгээ өгсөн судалгааны  дүнг хүснэгт 1-д харуулав.
Хүснэгт 1
Эмийн сөдийн цэцгийн түүхий эдийн чанарт өгсөн
үнэлгээний дүн

Судалгааны дүнгээс харахад эмийн сөдийн цэцэгт агууулагдах  аргаах бодисын хэмжээ 18% ±1,5, хандлагдах бодисын хэмжээ 22%±2,1 байгаа нь түүхий эдэд агуулагдах биологийн идэвхт бодисын хэмжээ эмийн хэлбэрт оруулахад тохиромжтой болохыг нотолж байна.

2.    Эмийн сөдийн цэцгийн шингээх болон бүрэн шингээх коэффициентыг
тодорхойлсон судалгааны дүн:
Ургамлын эс тодорхой хэмжээний хандлагчийг шингээх замаар үүссэн  шүүсийг дотоод шингээх чадвар буюу дотоод шингээх коэффициент,  эсийн гадаргуу, эд эсийн завсар зайд үүссэн шүүсийг бүрэн шингээх коэффициент гэж нэрлэдэг. Ургамлын түүхий эдийн шингээх чадварт нөлөөлдөг өөр нэг хүчин зүйл нь нүхжилт ба сийрэгжилт юм. Хандлалтыг дамжуулан явуулах тохиолдолд бүрэн шингээх коэффициент, дотоод шингээх коэффициентыг нарийн тооцоолж авах нь хандлагчийн алдагдлыг  багасгахад чухал ач холбогдолтой. Эдгээр коэффициентыг тодорхойлохын тулд 200мл хэмжээтэй 3 шилэн аяга тус бүрд эмийн сөдийн цэцэгнээс 10г жинлэн авч хийгээд, нэрмэл ус, 40%-ийн этанол, ацетоноос тус бүр 100мл-г авч нэмээд 4 цаг хөөлгөв. Хөөсөн түүхий эдийг 4 давхар марлиар шүүж уусгагчаас нь салгасны дараа хэмжив /бүрэн шингээх коэффициент/. Анхны хэмжилт хийсэн хөөсөн түүхий эдийг хуурай сальфеткаар шингэн хэсгийг нь сайтар шингээж авсны дараа дахин жинлэв/дотоод шингээх коэффициент/. Эмийн сөдийн цэцгийн дотоод шингээх болон бүрэн шингээх коэффициентыг янз бүрийн хандлагч дээр  тодорхойлсон дүнг  хүснэгт 2-т харуулав.
Хүснэгт 2

Эмийн сөдийн цэцгийн шингээх болон бүрэн шингээх коэффициентыг  янз бүрийн хандлагчид тодорхойлсон судалгааны дүн

Судалгааны дүнгээс харахад туйлшрал ихтэй уусгагч ургамлын түүхий эд рүү илүү сайн нэвчин орсноор  хандлагдах процессыг эрчимжүүлэхэд нөлөө үзүүлдэг болохыг судлан тогтоолоо. Түүхий эдийн хөөх тохиромжтой хугацаа нь 3-4 цаг болохыг судлан тогтоосон  ба  температурыг нэмэгдүүлэх, хөдөлгөөнд оруулахад  хөөх хугацаа 2 дахин богиносдог болохыг  судлан тогтоолоо. Энэ судалгаагаар сөдийн цэцгийн бүрэн болон дотоод шингээх коэффициент нь янз бүрийн туйлширлын зэрэг бүхий хандлагчийн  хувьд өөр өөр байдгийг тогтоолоо. Мэдээж сөдийн цэцэгт агуулагдах аргаах бодисыг ацетоноор хандлан авахгүй нь ойлгомжтой боловч туйлшралын зэрэг багасах тусам шингээх коэффициент хэрхэн өөрчлөгддөг болохыг тогтоохын тулд олдоц сайтай ацетоныг ашигласан болно.
3.    Эмийн сөдийн цэцэгнээс өтгөн ханд гарган авсан судалгааны дүн:
Эмийн сөдийн цэцгийн 1:1 шингэн хандыг перколяци болон реперколяцын аргаар /АНУ-ын болон Германы фармакопейн хувилбараар/ гарган авах судалгаа явуулав.  Судалгааны дүнд Германы фармакопейн реперколяцын  хувилбарыг  хамгийн тохиромжтой арга болохыг тогтоов. Германы фармакопейн арга нь түүхий эдийг 3 тэнцүү биш хэмжээгээр буюу 5:3,25:1,75 гэсэн харьцаагаар хандлалтыг явуулдаг онцлогтой. Гарган авсан шингэн хандыг шулуун хөргөгчтэй холбож спиртыг нь нэрж аваад дараагийн хандлалтанд ашиглав. Шингэн хандны спиртыг нэрж авсны дараа вакуумд залгаж ууршуулж өтгөрүүлэв. Ууршуулах процессыг  600 мм муб даралтанд  60-700С температурт шингэн хандны эзэлхүүнийг  2.5-3 дахин багасгаж явуулав.


4.    Эмийн сөдийн цэцгийн өтгөн хандыг шахмал эмийн хэлбэрт оруулж, чанарын шалгуур үзүүлэлтийг тогтоосон судалгааны дүн
4.1. Холбогч бодисыг сонгон авсан судалгааны дүн:
Эмийн сөдийн цэцгийн өтгөн хандыг шахмал эмийн хэлбэрт оруулахдаа чийгтэй мөхлөгжүүлэх уламжлалт аргыг ашиглав. Холбогч бодисыг сонгон авахын тулд цардуулын 5%, 7,5%-ийн уусмал, натрийн карбоксиметилцеллюлозын 3%-ийн уусмал, метилцеллюлозын 3%-ийн уусмал, цардуулын 7,5%-ийн уусмал болон натрийн карбоксиметилцеллюлозын 3%-ийн уусмалын холимог зэрэг холбогч бодисыг харьцуулан судлав. Дүүргэгч бодисоор глюкозыг сонгон авлаа. Холбогч бодисын уусмал дээр нарийн тооцоолсон сөдийн өтгөн хандыг /бага зэргийн спиртэнд уусгаж/ нэмж сайтар хутгаж  чийгтэй масс үүсгэхэд ашиглав. Эдгээр холбогч бодисуудаар хийсэн шахмалын даралтын хүчний үйлчлэлд болон үрэлтийн хүчний үйлчлэлд бат бөх байх чанар, задрах хугацаа зэргийг харьцуулан судалсны дүнд цардуулын 7,5%-ийн уусмал болон натрийн карбоксиметилцеллюлозын 3%-ийн уусмалын холимогийг сонгон авлаа.  Судалгааны дүнг хүснэгт 3-д үззүлэв.
Хүснэгт 3

 Холбогч бодисыг сонгосон судалгааны дүн

Эмийн сөдийн шахмалын массын технологийн шинж чанарыг судалсан судалгааны дүн
Чийгтэй мөхлөгжүүлэх аргаар гарган авсан мөхлөгийн технологийн шинж чанарыг судалж түүний шинж чанарыг сайжруулахын тулд гулсуулагч бодис ашиглав. Мөхлөгийн технологийн шинж чанарыг туслах бодис хэрэглэсний дараах үзүүлэлттэй харьцуулан судлав. Шахмалын массын урсах чанарыг  ERWEKA маркын багажны тусламжтайгаар тодорхойлов. Урсах чанарыг дараах томъёогоор  тодорхойлов.
                                                                  m
                                                    Ку.ч = ---------
Ку.ч - нунтагийн урсах чанар               t
m –  нунтагийн жин, г
t –    урсах хугацаа, сек
Шахмалын массын асгарах жинг  дараах томъёогоор  тодорхойлов.


                                                                 m
                                                    Рас=  --------
                                                                  V

Pac – асгарах жин, г/см3
m -  нунтагийн масс, г
V -  нунтагийн эзэлхүүн см3
Мөхлөгийн технологийн шинж чанарыг туслах бодис хэрэглэсний дараах үзүүлэлттэй харьцуулан судалсан  судалгааны дүнг  хүснэгт 4-д  үзүүлэв.
Хүснэгт 4

Шахмалын мөхлөгийн урсах чанар, асгарах жинг тодорхойлсон судалгааны дүн
 

Хүснэгтээс харахад  мөхлөгт гулсуулагч бодис нэмснээр нэгж хугацаанд урсан өнгөрөх мөхлөгийн хэмжээ нэмэгдэж,  нэгж эзэлхүүн дэх мөхлөгийн жингийн хэмжээ багассан болох нь харагдаж байна. Энэ нь шахмалын машины хэвийн ажиллагааг хангах, жигд тугнах, марицын нүхнээс шахмал түлхэгдэн гарах хүчийг сайжруулахад чухал ач холбогдолтой

4.3.    Гарган авсан эмийн сөдийн цэцгийн шахмал эмийн чанарын шалгуур үзүүлэлтүүдийг тогтоосон судалгааны дүн
Сөдийн өтгөн ханднаас гарган авсан шахмал эмийн чанарын шалгуур үзүүлэлтүүдийг  Шахмал эмэнд тавигдах ерөнхий шаардлага MNS4567-98 улсын стандартын шалгуур үзүүлэлтээр  тогтоолоо.  Судалгааны дүнг хүснэгт 5-д үзүүлэв

Хүснэгт 5
Шахмал эмийн чанарын шалгуур үзүүлэлтүүдийг тогтоосон судалгааны дүн

Судалгааны дүнд MNS4567-98 улсын стандартанд тавигдах шаардлагыг  бүрэн хангасан  шахмал эм гарган авсан болох нь нотлогдож байна.
Дүгнэлт:
1.    Сөдийн цэцгийн түүхий эдийн чанарт хийсэн үнэлгээний дүнд сөдийн цэцгийн түүхий эдэд чийглэг 6,6%±0,52, ерөнхий үнслэг 6,1%±0,35, хандлагдах бодисын хэмжээ 22%±2,01, аргаах бодисын хэмжээ 18%±1.5 болохыг тогтоолоо. Түүхий эдийн дотоод болон бүрэн шингээх коэффициентыг тодорхойлов.
2.    Эмийн сөдийн цэцэгнээс шингэн ханд гарган авч түүнийгээ өтгөрүүлэв.
3.    Сөдийн өтгөн ханднаас шахмал эм гарган авах технологийн судалгаа амжиттай явуулав. Судалгааны дүнд сөдийн шахмалын чанарын шалгуур үзүүлэлтийг судлан тогтоов. Сөдийн шахмал эмийн даралтын хүчний үйлчлэлд бат бөх байх чанар 0,093 мПа, үрэлтийн хүчний үйлчлэлд бат бөх байх чанар 99%, задрах хугацаа 4 минут, уусалт нь 30 минутанд 80%, шахмалд агуулагдах аргаах бодисын хэмжээ 50мг болохыг тогтоов.

 

Ном зүй

1. Агваандондов Ш, “ Монгол хар модны судруудын чуулган” УБ: Мон адмон, 1991.х. 18-23.
2. Баавгай Ч, Болдсайхан Б, Монголын уламжлалт анагаах ухаан-УБ Улсын хэвлэлийн газар. 1990.
3. Буджав Л, Анагаах ухааны статистикийн судалгааны арга зүй ба арга. УБ: Адмон ХХК. 2000. Х-180
4. Даваасүрэн Ц, Ягаан мүгэз (Rhodiola rose L)-ээс шинэ эмийн хэлбэр гарган авах технологийн судалгаа. ЭЗУ-ны докторын зэрэг горилж бичсэн нэг сэдэвт бүтээл. ЭМШУИС-УБ 2006.
5. Цэцэгмаа Н, Нахиа эмийн үйлдвэрийн зарим эмийн технологи, чанарыг шалгах аргыг боловсронгуй болгох асуудалд. ЭЗУ-ны магистрын зэрэг горилж бичсэн бүтээл. ЭМШУИС-УБ 2005
6. Гаадулам С, Эх орны эмийн үйлдвэрийн эмийн чанарыг шалгах, стандартчилах асуудалд. ЭЗУ-ны докторын зэрэг горилж бичсэн бүтээл. ЭМШУИС-УБ 1999.
7. Жамбалдорж А, Монгол эмийн судлал УБ. Улсын хэвлэлийн газар. 1978. Х.24-26
8. Жамбалдорж Г, Монгол эмийг зөв таних толь бичиг- Хөх хот. Өвөр Монголын ардын хэвлэлийн газар. 1987.
9. Эрдэнэцэцэг Г, Хандсүрэн С, Энхзаяа Ш, Эмийн технологи II боть 2005. Х.13-22
10. Эрдэнэцэцэг Г, Бадаан, Хүн хорсын хандтай шахмал эмийн технологийг боловсруулах. ШУТМ-ийн эрдэм шинжилгээ судалгаа боловсруулалтын үр дүн. УБ Анагаах ухаан. 1992. Х.11-13
11. Дүнгэрдорж Д, Зайлшгүй шаардлагатай эмийн хурдавчилсан шинжилгээ. 1996. Х. 4-18
12. MNS:4567-98 шахмал эмийн ерөнхий стандарт
13. Лигаа У, Монголын уламжлалт эмнэлэгт эмийн ургамлыг хэрэглэх арга ба жор. Дэд дэвтэр. УБ Арцогт ХХК 1997. Х. 209-210
14. Шатар С, Монгол орны эфирийн тост аргаах бодистой ургамал. УБ 1996. х.59
15. Ламжав Ц, Доржжанцан Д, Монгол орны эмийн ургамал. УБ 1971. х.117-120
16. Лигаа У, Даваасүрэн Б, Нинжил Н, Монгол орны эмийн ургамлыг өрнө дорны анагаах ухаанд хэрэглэхүй. УБ 2005. х.289-299.
17. Шатар С, Манай орны эмийн ургамал. УБ 1991. х.50-51
18. Лигаа У, Орон нутгийн эмийн ургамлыг мал эмнэлгийн практикт өргөн хэрэглэе. УБ 1964. х.50-51
19. Энхжаргал Д, Баясгалан Б, Пүрэвсүрэн С, Эмийн ургамал судлал. ЭМШУИС, ЭЗС УБ. Өнгөт хэвлэл. 2004, х. 337-338.
20. Володя Ц, Цэрэнбалжир Д, “ Монгол орны эмийн ургамал” УБ 2008. х.151-154
21. Эм, Эмийн түүхий эд, эмийн хэлбэрт staphylococcus aureas, pseudomonas aeroginosa бактерын тоог тодорхойлох MNS: 5195-2002.
22. Эм, Эмийн түүхий эд, эмийн хэлбэрт хөгц мөөгөнцрийг тодорхойлох арга MNS: 5194-2002.
23. Эм, Эмийн түүхий эд, эмийн хэлбэрт enterobacteriaceac бүлгийн бактерыг тодорхойлох MNS: 5192-2002.
24. Эм, эмийн түүхий эд. Эмийн хэлбэрт бактерын нийт тоог тодорхойлох арга MNS: 5192-2002.
25. Итгэлт М, Ацетилсалицилийн хүчлээс хөөсөрч уусдаг шахмал эмийн хэлбэр гарган авах технологийн судалгаа. ЭЗУ-ны магистрын зэрэг горилж бичсэн нэг сэдэвт бүтээл. ЭМШУИС УБ. 2008.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2363
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК