Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2012, (52) 2012. N01(052)
“ХДХВ/ДОХ-ЫН ХАЛДВАР ТЭЭГЧИД БОЛОН ӨВЧЛӨГЧИДТЭЙ ХАРИЛЦАХ ЁС ЗҮЙН АСУУДАЛД”
( Судалгааны өгүүлэл )

Г. Даваасүрэн1, Х.Дамдинжав2

1БГД-ийн ЭМН
2Эрүүл Мэндийн  Шинжлэх Ухааны Их Сургууль

 
Абстракт

Янз бүрийн учир шалтгааны улмаас шинэ шинэ өвчин эмгэг илрэх болж, хүмүүс  халдварлагдан өвчилж түүнтэй уялдан нийгэм эдийн засаг, хууль эрх зүй, харилцааны ёс зүй зэрэгт олон нарийн төвөгтэй асуудлууд тулгарч байна. Ийм асуудлуудын нэг бол ХДХВ/ДОХ-ын халдвар тээгчид болон өвчлөгчидтэй харилцах эмнэлгийн мэргэжилтнүүдийн ёс зүйн асуудал  юм.
Уг өвчлөл дэлхийд анх 1981 онд оношлогдож, Монголд 1992 онд илэрсэн. Эдүүгээ Монгол 100 тохиолдол илэрч тэдгээрээс 88 нь бидэнтэй хамт амьдарч байна. 2000-аад он хүртэл ХДХВ/ДОХ-ын халдвар авагчид болон өвчлөгчдийг дорд үзэх, ялгаварлан гадуурхах хандлага дэлхий дахинд давамгайлж байсны хор уршгийг ДЭМБ болон бусад Олон Улсын байгууллагууд анхааруулах болов.
Монголд уг өвчлөлийн тохиолдол илэрч оношлогдсоноос хойш эдүүгээ хүртэл эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд тэдэнтэй харилцах харилцааны олон асуудал тулгарч буй. Үүний нэг бүрдэл нь ДОХ-оор өвчилсөн өвчлөгчидтэй харилцах ёс зүйн асуудал мөн. Үүнээс үндэслэн уг асуудалд хандах эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ёс зүйн харилцааны асуудлыг судлах шаардлагатай хэмээн үзэв.   
 

Зорилго:

ХДХВ/ДОХ-ын халдвар тээгчид болон өвчлөгчидтэй харилцах эмч, эмнэлгийн мэргэжилтний  ёс зүйн харилцаа, хандлагын өнөөгийн байдлыг судалж, дүгнэлт хийх  
Зорилт:
    ХДХВ/ДОХ-ын халдвар тээгчидтэй харилцдаг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд тулгардаг ёс зүйн харилцааны эерэг болон сөрөг хүчин зүйлсийг судлан илрүүлэх
    ХДХВ/ДОХ-ын халдвар тээгчидтэй харилцдаг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд тулгардаг ёс зүйн харилцааны сөрөг хүчин зүйлсийг  засах талаар санал зөвлөмж боловсруулах
Судалгааны хамарсан хүрээ:
1.    Судалгаанд нийслэлийн 7 дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн БЗДХ/ДОХ-ын кабинетын эмч, эмнэлгийн мэргэжилтэн болон Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн “Улаан тууз“ эмнэлгийн эмч, сувилагч зэрэг нийт 81 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан.

Судалгааны үр дүн
    Судалгаанд хамрагдагсдыг насны ангилалаар авч үзвэл 30-39 насныхан 25,9 хувийг, 40-49 насныхан 42 хувийг нь эзэлсэн байна. Хүйсээр нь авч үзвэл 96.3 хувийг эмэгтэйчүүд эзэлсэн байна. Мэргэжилээр нь авч үзвэл 67,9 хувь нь эмч, 18,5 хувь нь сувилагч, 7.4 хувь нь лабораторын эмч болон лаборант, 3.7 хувь нь эрүүл мэндийн нийгмийн ажилтан, 1.2 хувь нь бага эмч зэрэг хүмүүс хамрагдсан байна. Судалгаанд хамрагдсан нийт эмч, эмнэлгийн мэргэжилтний  19,8 хувь нь эрүүл мэндийн салбарт 5 хүртэл жил ажиллаж байгаа бол 39,5 хувь нь 21-ээс дээш жил ажилласан байна. Мөн 19,8 хувь нь одоо ажиллаж буй мэргэжлээрээ 5 хүртэл жил ажиллаж байгаа бол 8.6 хувь нь 16-20 жил ажиллаж байна.  

Зураг 1. Ёс зүйн шаардлагын талаар ойлголт.
Судалгаанд хамраглдсан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн маш бага хувь нь хүний эрхийг дээдлэн хүндэтгэх, хүнлэг сэтгэлээс энэрэнгүй хандах гэсэн хариултыг сонгосон байна

Зураг 2 ХДХВ/ДОХ өвчний талаар ойлголт
Судалгаанд хамрагдагсдын тал хувь нь уг өвчин хүнд учирсан золгүй тохиолдол гэж үзсэн байна.

Зураг 3 Хүнд муу нэрийн Шошиг зүүх гэсэн ойлголтын талаар
Судалгаанд хамрагдсан нийт эмч, эмнэлгийн мэргэжилтний маш бага хувь буюу 19.8 хувь нь зөв хариулт болох өвчилсөн өвчнөөр нь хүний нэр төрийг сэвтээх гэсэн хариултыг сонгосон байна.
Судалгаанд оролцсон нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ХДХВ-ийн халдвартай болон ДОХ-оор өвчилсөн үйлчлүүлэгчтэй харилцах ёс зүйн сургалт явуулах шаардлагатай нэн чухал гэж үзсэн байна.

Зураг 4 Эмч, эмнэлгий мэргэжилтэний ёс зүйг сайжруулахад авах арга хэмжээний талаар
Судалгаанд хамрагдсан нийт эмч, эмнэлгийн мэргэжилтэнүүдийн дийлэнх хувь нь ХДХВ-ийн халдвартай болон ДОХ-оор өвчилсөн үйлчлүүлэгчтэй ажилладаг  сэтгэл зүйч, нийгмийн ажилтанг ажиллуулах шаардлагатай гэж үзэж байна. Мөн эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд ёс зүйн харилцаа хандлагын талаар сургалт тасралтгүй зохион байгуулах шаардлагатай байна гэсэн бөгөөд ажлын онцлог ачаалал зэргийг олон нийтэд зөвөөр таниулах, сурталчилах зэрэгт хэвлэл мэдээллийн хэрэгслийг татан оролцуулах шаардлагатай байна гэж хариулсан байна.
Бусад гэсэн нээлттэй асуултанд:
- Анагаахын сургуульд ёс зүйн хичээлийг оюутанд сонгон суралцуулах
-Эмч, эмнэлгийн мэргэжилтэнийг ажлын байранд дахь ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг сайжруулах
- Эмч, эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн мэдлэг чадварыг сайжруулах  сургалт зохион байгуулах
- Нууцыг чандлан хадгалах талаар сургалт шаардлагатай байна гэсэн хариултуудыг дурьджээ.

Судалгаанд хамрагдсан эмч, эмнэлгийн мэргэжилтний талаас илүү  /61.7%/ хувь нь ХДХВ-ийн халдвартай болон ДОХ-оор өвчилсөн үйлчлүүлэгчтэй ажилладаг  байсан
Судалгаанд хамрагдсан эмч, эмнэлгийн мэргэжилтэнүүдийн багагүй /28.4/ хувь нь ХДХВ-ийн халдвартай болон ДОХ-оор өвчилсөн өвчтөнүүд эмчилгээ хийлгэхээс гадна гэр бүлийнхэнтэйгээ уулзуулж тэдэнд зөвөөр ойлгуулахыг хүсдэг гэж хариулжээ.
Мөн бусад гэсэн нээлттэй асуултанд:
-    Ажилтай байх, ялгаварлан гадуурхалд өртөхгүй байх
-    Боломжтой ажил зуучлуулах
-    Сэтгэл зүйн дэмжлэг авахыг  хүсэх
-    Бусдад мэдэгдэхгүй байхыг
-    Шинжилгээ өгөхийг хүсдэг гэж хариулсан байна.

ХДХВ-ийн халдвартай хүнтэй ажилладаг нийт эмч эмнэлгийн мэргэжилтний 4-ны 3 /76%/ нь  ХДХВ/ДОХ-ын эмчилгээ, оношлогооноос гадна тухайн хүнд үзүүлэх сэтгэл зүй болон     нийгмийн дэмжлэгийн талаар сургалтанд хамрагдсан гэхдээ сургалтаас олсон мэдлэг бодит амьдралтай нийцдэггүй гэж 42,8 хувь нь хариулсан.

Зураг 5 ХДХВ/ДОХ-ын халдвартай болон өвчлөгдөгсөдөөс илэрдэг сэтгэл зүйн илрэл
Судалгаанд хамрагдсан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн 41 хувь нь ХДХВ-ийн халдвартай болон ДОХ-оор өвчилсөн эмчлүүлэгчид уурлаж бухимддаг гэж хариулсан бол 25 хувь нь эмчилгээгээ тасалдаг, 22 хувь нь бусдад бурууг тохдог гэж хариулсан байна.  
ХДХВ-ын халдвартай болон ДОХ-оор өвчилсөн эмчлүүлэгчтэй ажилладаг эмч, эмнэлгийн мэргжилтний 50 хувь нь уг эмчлүүлэгчтэй ажиллахад эмээх сэргэмжлэх сэтгэл төрдөг гэсэн бөгөөд тэрхүү сэтгэл  харилцааны ёс зүйд нөлөөлдөг гэж хариулсан байна.     
Манай эмч эмнэлгийн мэргэжилтнүүд эмчлүүлэгчидтэй харилцахдаа ямар асуудлаар алдаж байна? гэсэн асуултанд судалгаанд хамрагдсадын 37 хувь нь ажлын ачаалал стрессээс гэж үзэж байгаа бол 27 хувь нь эмнэлгийн мэргжилтний хөдөлмөрийн үнэлэмж муу байгаагаас, 25 хувь нь мэргэжлийн ёс зүй, харилцааны мэдлэг чадвар дадлага муу байгаагаас гэж хариулсан байна.
Өнөөгийн түвшинд Монголд ХДХВ-ын халдвартай болон ДОХ-оор өвчилсөн эмчлүүлэгчтэй ажилладаг эмч, эмнэлгийн мэргэжилтний  харилцааны ёс зүй дунд зэрэг байна гэж  судалгаанд хамрагдсан хүмүүсийн 24,7 хувь нь хариулсан бол  хангалтгүй гэж 2,5 хувь нь хариулсан байна.  
Дүгнэлт  
Шинэ эринд эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн харилцаанд эрхэмлэвэл зохих үйлчлүүлэгчийн нууцыг чандлан хамгаалах, хүний эрхийг дээдлэн хүндэтгэх, хүнлэг сэтгэлээс энэрэнгүй хандах гэсэн хариултыг маш бага хувь нь сонгосон нь ХДХВ-ийн халдвартай үйлчлүүлэгчтэй харилцдаг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ёс зүйн шаардлагыг мэдэхгүй байна.
Орчин үеийн анагаах ухаанд ХДХВ-ын халдвар болон ДОХ өвчин нь жирийн өвчин гэж үзэж байхад судалгаанд хамрагдагсдын тал хувь нь уг өвчин хүнд учирсан золгүй тохиолдол гэж үзэж байгаа нь БЗДХӨ болон ХДХВ-ын халдварын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд энэ талын мэдээлэл хомс байгаа нь харагдаж байна.  
ХДХВ-ын халдвартай болон ДОХ-оор өвчилсөн өвчтөнтэй ажилладаг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ажил мэргэжилдээ эрхэмлэх хамгийн чухал зүйлийн нэг нь өвчилсөн өвчнөөр нь хүний нэр төрийг сэвтээхгүй байх буюу хүнд муу нэрийн ШОШИГ зүүхгүйг хичээх юм. Гэтэл судалгаанд хамрагдагсдын маш бага хувь нь муу нэрийн шошиг зүүх гэсэн ойлголтыг мэдэж байгаа нь энэ талын мэдээллийг эмч, эмнэлгийн мэргэжилтэнд хүргэх шаардлагатай байгааг харууллаа. .  
    Судалгаанд хамрагдсан эмч, эмнэлгийн мэргэжилтэнүүдийн багагүй /28.4/ хувь нь ХДХВ-ийн халдвартай болон ДОХ-оор өвчилсөн өвчтөнүүд эмчилгээ хийлгэхээс гадна гэр бүлийнхэнтэйгээ уулзуулж тэдэнд зөвөөр ойлгуулахыг хүсдэг гэж хариулжээ. Мөн бусад гэсэн нээлттэй асуултанд:
    Ажилтай байх, ялгаварлан гадуурхалд өртөхгүй байх
    Боломжтой ажил зуучлуулах
    Сэтгэл зүйн дэмжлэг авахыг  хүсэх
    Бусдад мэдэгдэхгүй байхыг
    Шинжилгээ өгөхийг хүсдэг зэрэг хариултыг дурьдсан нь тэдгээр хүмүүст эмчилгээ үйлчилгээнээс гадна нийгмийн талын дэмжлэг хэрэгтэй байдаг хэдий ч тэдгээр хүмүүсийн нийгмийн асуудлыг шийдэх мэргэжлийн хүн дутагдалтай байгааг харууллаа. .
    Судалгаанд хамрагдсан нийт эмч, эмнэлгийн мэргэжилтний 31 хувь нь ХДХВ-ийн халдвартай болон ДОХ-оор өвчилсөн эмчлүүлэгчтэй ажиллахад эмээх сэрэмжлэх сэтгэл төрдөг тэрхүү сэтгэл нь тэдгээр хүмүүстэй харилцах  харилцааны ёс зүйд нөлөөлдөг гэж хариулсан нь эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд ХДХВ/ДОХ-ын халдвартай болон өвчлөгчидтэй харилуах харилцааны ёс зүйн талаар сургалт зохион байгуулах шаардлагатай байна.     
 

Ном зүй

1. Д.Тунгалаг, Х.Дамдинжав бусад “Мэргэжлийн болон хэрэглээний ёс зүй” УБ. 2007 он.
2. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээний асуудалд. /Лекцийн эмхэтгэл/ УБ. 2006 он.
3. Х.Дамдинжав, Т.Алтанцэцэг бусад “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй” УБ. 2008 он.
4. Д.Шагдарсүрэн “Эмчийн ёс зүй” УБ. 2009 он.
5. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Эрүүл мэндийн газар”, “Эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан Анагаах ухааны ёс зүйн зайн сургалт” 2009-2010
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2053
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК