Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2012, (52) 2012. N01(052)
УРАГИЙН ХӨГЖЛИЙН ҮЕ ДЭХ ТОЙГНЫ ҮЛЭМЖ БОЛОН БИЧИЛ БҮТЦИЙН СУДАЛГААНЫ ТОЙМ
( Судалгааны өгүүлэл )

Н.Энхээ1, Б.Дагданбазар1

1-“Ач” АУДС, Морфологийн тэнхим

 
Абстракт

Бид “Урагийн хөгжлийн үе дэх тойгны үлэмж болон бичил бүтцийн судалгаа” сэдэвт ажлын хүрээнд тойгны бүтцийн судлагдсан байдлыг авч үзлээ.
     Судлаачид хүн амьтны тойгийг 19-р зууны сүүлч үеэс эхлэн судалсан боловч тойгны үений бэхлэх аппарат ба тойгны үлэмж болон бичил бүтцийн цогц судалгаа байхгүй байна. В.М. Маркушев (1955), Х.Ф. Файзиев (1960), Г.П. Подрушняк (1972), И.Г. Лагунов (1981), P.S. Walker (2001) зэрэг эрдэмтэд тойгны бүтэц үүргийг судалж бүтээлдээ дурьдсан байна. Бид монгол хүний тойгны үлэмж болон бичил бүтцийг урагийн хөгжлийн үед судлах бөгөөд энэ судалгаа нь цаашид энэ талаар хийгдэх онолын суурь судалгаа болон монгол хүний тойгны бүтцийн онцлогийг мэдэх чухал  ач холбогдолтой байж болох юм.  
 

Удиртгал
Хүний тойг нь насны онцлогоос шалтгаалан нас тус бүрд хөгжил нь ялгаатай (Л.К.Семенова 1956) бөгөөд үений бэхлэх аппаратын бүрэлдэхүүнд орж доод мөчний хөдөлгөөнд чухал үүргийг гүйцэтгэдэг гэжээ.
Хүний тойгны эмгэг нь гэмтлийн практикт өргөн тохиолддог бөгөөд тойгны гэмтлийн төрөл, хэмжээ, түүнээс шалтгаалсан үйл ажиллагааны алдагдлыг судалсан бүтээл нэлээд элбэг  З.С.Миронова 1962; A.B.Кириленко бусад, 1989; В.Кузьменко бусад 1995; С.Г.Гиршин бусад 2000 байна.
Аливаа улс орны хүн амын биеийн ерөнхий бүтэц, эрүүл мэнд тухайн газар орны байрлал, цаг агаар, амьдралын түвшин, ёс заншилтай холбоотойгоор өөр өөр байдаг бөгөөд манай орны эрс тэс уур амьсгал, түүнд зохицсон хоол хүнсний хэрэглээ, мал аж ахуй, нүүдлийн соёл иргэншлээс шалтгаалан монгол хүний биеийн онцлог өвөрмөц байх нь дамжиггүй. Тиймээс монгол хүний эрүүл биеийн бүтцийг судлан хэмжиж, нарийн тодорхой гаргах нь чухал бөгөөд бид хүний биеийн тулгуур эрхтэн-доод мөчний том өнчин яс болох тойгны бүтэц хөгжлийг судлахаар шийдэн энэхүү сэдвийг сонгон авлаа

  Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга аргачлал
Бид тойгны бүтэц, хөгжлийг судлахдаа урагийн тойгны үлэмж болон бичил бүтцийн судалгааны аргуудыг ашиглан статистик боловсруулалт хийсэн боловч энэ талаар үл өгүүлэн тойгны судлагдсан байдлын талаар шинжлэх ухааны сэтгүүл, нэг сэдэвт бүтээл, ном, сурах бичиг, цахим эх сурвалжаас эрэл хайгуул хийж, судалгааны материалуудад харьцуулан дүгнэх арга хэрэглэн, тэдгээрийн ялгаатай ба төсөөтэй талыг илрүүлэхийг оролдон, дүгнэсэн тухайгаа өгүүлэе.   

Судалгааны үр дүн
     Хүний өнчин яс бол араг ясны бусад хэсгүүдээс хол, булчин мах, түүний шөрмөсөн дотор байрлаж, хөдөлгөөн хийхэд булны үүргийг гүйцэтгэхийн сацуу зарим нэгж цэг дээрх өндөр ачаалал ирдэг газар зөөлөн эдүүдийг холбож оршдог  (М.Г.Привс 1938, 1955).
     Л.Аня (2002) нарын бүтээлд хүний хэмт ясны бичил бүтцийн талаар нилээн тодорхой бичсэн байна. Л.Аня (2002) бичсэнээр хүний тойгны яс нь гадуураа хуулдсаар бүрээстэй бүхэлдээ хэмт, өнчин ясны төрөлд хамаарагдахаар бүтэц бөгөөд тойгны хуулдас хальс 2 давхаргатай, хамгийн гадна талаар ширхэглэг, хэлбэржсэн нягт холбогч эд нилээд зузаан давхарга үүсгэж байдаг гэжээ. Харин үүний дотно талаар нэг эгнээ остеобласт эсүүдээс тогтсон өсөлтийн (камбиал) давхарга байрладаг ба  хүний тойг яс параллель байрлалтай ясны ялтсуудаас тогтсон  нягт ясны эдээр гадуураа бүрээстэй бөгөөд энэ эд нь тойгны гүнд байрлах хэм рүү ойртох тусам остеоны бүтэцтэй хэмт ясны эд болж байна. Тойгны хэмт ясны ширхэгүүд  (тарабекул)  хоорондоо өнцөг үүсгэн тор маягтай байрласан бүтэцтэй бөгөөд завсар зайнд цусны тулман хялгасан судаснаас бүтсэн судсан тор байрлаж дотор нь цус төлжлийн олон эсүүд бүхий шавиа чөмөг байршдаг байна. Тойгны хэмний ясны ширхэгүүдийг бичил бэлдмэл дээр хараад нэг ширхэг гэхэд параллель байрласан 2-3 остеоноос тогтож байгааг болон тойгны ясны хэмийн шавиа чөмөг байрлах хөндийнүүд төв хэсэгтээ том, тойгны гадаргуу руу ойртох тусам хэмжээ нь багасаж тойгны гадаргууд параллель хавтгай хэлбэртэй болж байгааг ажиглаж тодорхойлсон. Ийм бүтэц нь тойгны гүнд байрлах шавиа чөмөгний хөндийд цус төлжил эрчимтэй явагддаг ба тойгны хэм гадаргуу руу ойртох тусам цус төлжүүлэх үүрэг нь багасаж ясны бөх бат чанарыг тогтоон тодорхойлоход оролцох болж байгаатай холбоотой ажээ. Судлаач Л.Аня (2002) монгол хүний тойгийг 0-76 настай хүмүүс дээр судлаад 2 нас хүртэл тойг нь голдоо бяцхан ясжих цэгтэй, дийлэнх нь мөгөөрс байдалтай байдаг, 7 нас гэхэд тойгны гүнд байсан ясжих цэг томорч тойгны эзэлхүүний тал хувийг эзэлж ирдэг. 10 нас хүрэхэд бүхэлдээ тойг ясжиж дуусдаг гэж бичсэн байна. Энэхүү судалгааны ажлын хүрээнд хавирга, өвчүүг хамт судлаад хамгийн сүүлд ясжиж дуусдаг ясыг тойгны яс байна гэж тодорхойлсон. Судлаач аливаа хэмт яс нь энхондрол замаар ясжиж үүсдэг тухай бусад судлаачдын үзэл баримтлалыг мөн баталж хүүхдийн тойг энэ замаар нэг ясжих цэгээс үүсч ясжиж байгааг тодорхойлжээ.
     Хэмт ясны хөгжил удаан үргэлжлэх нарийн үйл явцын хувьд бодгал хөгжлийн явцад хэд хэдэн үе шатыг  дамжин төгөлдөрждөг  болох нь тодорхой ажээ. Тодруулбал, тухайн ясны мөгөөрсөн загвар бүрэлдэх, түүн рүү мөгөөрсний хуулдаснаас судас-эдийн ургалт, ясжилтын цэгүүд бүрэлдэх, эдгээр төвүүдийн хооронд холбоо үүсч тухайн эрхтэн бүрэлдэх ба цаашид өсөлт үргэлжилж хэмжээндээ хүрэх зэрэг  шатаар хөгжиж байна гэжээ Л.Аня (2002).
Гаж хөгжил: тойгны ясны гаж хөгжил нь ихэвчлэн араг ясны хөгжлийн гажигтай хавсарч тохиолддог үений функцийг алдагдалд оруулдаггүй.
Анатомийн төрөлхийн мултралын шалтгаантай lateral байрлал ховор бөгөөд  үүнийг өвдөгний үений тогтворгүй байдал гэдэг. Энэ тохиолдолд тойгны холбоосыг medial тал руу шаант ясны овгортой цуг шилжүүлэх мэс заслын эмчилгээний заалттай. Харин тойгны өсөлт зогсох эмгэгийн үед ЛФК физик  эмчилгээний массажыг хэрэглэх нь маш үр дүнтэй. Өөр нэг тойгны төрөлхийн эмгэг нь хэлтэртсэн тойг бөгөөд энэ гажиг нь үзлэгээр илрэхгүй, рентгенээр оношлогддог. Тойгны хугарал гэж андуурч оношлох талтай. Ийм гажигтай тойг нь 2 хэлтэрээс тогтсон бол patella bipartite, 3 хэлтэрээс бүтвэл patella tripartite, олон хэлтэртэй бол patella multipartite гэж нэрлэдэг. Тойгны гажиг нь
 Хэлцэмж:
     Л.Аня нар (2002) хүний тойг  нь 1-3 насанд (хүүхдэд) дан мөгөөрс байх бөгөөд 6-7 насанд тойгны ясжилт эрчимтэй явагдаж нягт болон хэмт эд нь ялгарч өндөр нь 13.5±1.7мм, суурийн зузаан нь  2.0±0.9мм, их биеийн зузаан нь 7.0±1.2мм, оройн зузаан нь  1.2±0.6мм байхад 8 настай хүүхдийн тойгны ясны урт 27.1±0.5мм, суурийн зузаан  3.0±0.8мм, их биеийн зузаан  11.3±1.0мм, оройн зузаан  2.3±0.6мм байлаа. 10 насанд хүний тойг  жинхэнэ хэлбэрээ олж нягт болон химт хэсгүүд нь бүрэн ялгарсан байна. Урт нь 29.0±1.8мм, суурийн зузаан  6.5±1.1мм, их биеийн зузаан  14.0±0.9мм, оройн зузаан  3.0±0.6мм болж насанд хүрсэн хүний тойгтой адилхан болдог  байна гэжээ.  
    И.И.Новиков (1968, 1983) арай өөр байдлаар буюу, хэмт ясны ясан таславчинд остеоны зохион байгуулалт ажиглагдлаа хэмээн дурьдсан байна.

Дүгнэлт:
1.    Аливаа хэмт яс нь энхондрол замаар ясжиж үүсдэг нь судалгааны ажлуудыг үр дүнгээс харагдаж байна.  
2.    Тойгны яс нь нэг ясжих цэгээс үүсч, 1-3 настай хүүхдийнх дан мөгөөрс байх нь анхаарал татах юм.
3.    Цаашид тойгны судасжилт, түүний тархалт хувилбарыг урагийн хөгжлийн үеүүдэд судлах шаардлагатай байна.
 

Ном зүй

1. “Большая Медицинская Энциклопедия” глав.ред.Б.В.Петровский, М.,”Сов.энциклопедия”,
2. Борзяк.Э.И., Богаров.В.Я. и др., “Анатомия человека”
3. Л.Аня., “Хүний зарим хэмт ясны бүтэц, судасжилтыг судалсан нь” –анагаах ухааны докторын зэрэг горилж бичсэн нэг сэдэвт зохиол, УБ.2002
4. Д.Амгаланбаатар, Онолбаатар М. , Б.Дагданбазар, Ч.Бурмаа, С.Энэбиш, С.Түндэврэнцэн, Н.Батсайхан, А.Авирмэд “Хүний биеийн бүтэц зүйн лекц” УБ 2007
5. “Эрүүл мэндийн шинжлэх ухаан” сэтгүүл, №3, 2006.
6. “Монголын анагаах ухаан” сэтгүүл, №4, 2011.
7. Амгаланбаатар Д, Дагданбазар Б нарын “Хүний биеийн эрүүл анатоми” УБ 2008
8. Cooper R., Milgram J., Robinson R. Morphology of the osteon. In: The journal of bone and joint surgery, 1966, №7, p.22-28
9. Hancox N. Biology of the bone, Cambridge, 1972.
10. www.technologyreview.com/biomedicine/
11. www.medicineNET.com
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 741
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК