Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2012, (52) 2012. N01(052)
УРАГИЙН ХӨГЖЛИЙН ҮЕ ДЭХ БАМБАЙ БУЛЧИРХАЙН ҮЛЭМЖ БОЛОН БИЧИЛ БҮТЦИЙН СУДАЛГААНЫ ТОЙМ
( Судалгааны өгүүлэл )

Д.Мядагмаа1, Б.Сувд1

1-“Ач” АУДС, Морфологийн тэнхим
ЭМШУИС2, БАС Биологи-Гистологийн тэнхим

 
Абстракт

Бид “Урагийн хөгжлийн үе дэх бамбай булчирхайн үлэмж болон бичил бүтцийн судалгаа” сэдэвт ажлын хүрээнд бамбай булчирхайн бүтцийн судлагдсан байдлыг авч үзлээ.
     Т.Л Лысенков (1932), В.И. Бушкович (1943), Г.Ф. Иванов (1949),  В.Н. Тонков (1961), A. Benninghoff (2004) нар бамбай булчирхайн бүтэц үйл ажиллагааг судалж бүтээлдээ дурьдсан байна. Бид монгол хүний бамбай булчирхайн үлэмж болон бичил бүтцийг урагийн хөгжлийн үед судлах бөгөөд цаашид энэ талаар хийгдэх онолын суурь судалгаа болон монгол хүний бамбай булчирхайн бүтцийн онцлогийг мэдэх чухал  ач холбогдолтой байж болох юм.

Удиртгал
    Бамбай булчирхай нь үр хөврөлийн 3-4 долоо хоногийн сүүлээр заламгайн I, II хармайны хооронд үүсдэг ба цагаан мөгөөрсөн хоолойн хүзүүний хэсгийн өмнө, төвөнхийн хоёр талаар байрлана. Энэ булчирхайн дааврууд нь бие махбодийн бодисын солилцооны эрчмийг зохицуулах үүрэгтэй.   
Эрдэмтэн Б.А. Никитюк (1983), Д.В. Беков (1983) нар бамбай булчирхайн жин хэмжээ хэлбэлзэлтэй байдаг нь  нас хүйс, газар зүйн байрлал, цаг уур, хоол хүнс, бие махбодийн дотоод зүй тогтол, бамбай булчирхайн өвөрмөц үйл ажиллагаатай холбоотойг тодорхойлон бичжээ.
    Аливаа улс орны хүн амын биеийн ерөнхий бүтэц, эрүүл мэнд тухайн газар орны байрлал, цаг агаар, амьдралын түвшин, ёс заншилтай холбоотойгоор өөр өөр байдаг бөгөөд манай орны эрс тэс уур амьсгал, түүнд зохицсон хоол хүнсний хэрэглээ, мал аж ахуй, нүүдлийн соёл иргэншлээс шалтгаалан монгол хүний биеийн бүтэц онцлог байх нь дамжиггүй. Тиймээс монгол хүний эрүүл биеийн бүтцийг судлан хэмжиж, нарийн тодорхой гаргах нь чухал бөгөөд бид хүний биеийн дотоод шүүрлийн  эрхтэн болох бамбай булчирхайн бүтэц хөгжлийг судлахаар шийдэн энэхүү сэдвийг сонгон авлаа.
Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга аргачлал
Бид бамбай булчирхайн бүтэц, хөгжлийг судлахдаа үлэмж болон бичил бүтэц судлалын аргуудыг ашиглан статистик боловсруулалт хийсэн боловч энэ талаар үл өгүүлэн бамбай булчирхайн судлагдсан байдлын талаар шинжлэх ухааны сэтгүүл, нэг сэдэвт бүтээл, ном, сурах бичиг, цахим эх сурвалжаас эрэл хайгуул хийж, судалгааны материалуудад харьцуулан дүгнэх арга хэрэглэн, тэдгээрийн ялгаатай ба төстэй талыг илрүүлэхийг оролдон, дүгнэсэн тухайгаа өгүүлье.   
Судалгааны үр дүн
          Б.Туяа (1998) нарын бүтээлд бамбай булчирхайн бичил бүтцийн талаар нилээн тодорхой бичсэн байна. Б.Туяа (1998) нарын бичсэнээр хүний бамбай булчирхай нь хөгжлийн үеүүдэд хэсгэнцэр завсрын холбогч эд, цэврүүний завсрын эд хөвсгөр, сийрэг байдлаас нас ахих тусам харьцангуй нягтарч байдаг гэжээ. Балчир ба хүүхэд насныханд хэлбэржээгүй цэврүүнүүд буюу тиреоцитын бөөгнөрөл багц ба бөөрөнхий хэлбэртэй бүтцүүд нилээд хэмжээгээр тохиолддог гэжээ. Цэврүүний завсрын эд дотор бичил цэврүүнүүд ихтэй, хөндий дэх коллоид нь шингэн, нягтрал багатай, эргэн шимэгдэлтийн хоосовчуудтай. Цэврүүнүүд ихэнхдээ жижиг, эсүүд нь өндөрдүү, эсийн бөөмүүд бөмбөлөг хэлбэртэй тод будагдсан байхад өсвөр болон залуу насныханд цэврүүнүүд голчоороо нилээд тэлж өргөссөн, эсүүд нь намхавтар боловч бөөм нь бамбөлөг хэлбэртэй байлаа. Хөндий нь хоосон, коллоидоор дүүргэгдээгүй цэврүүнүүд олноор тохиолдоно. Үүнийг үйл ажиллагааны хэвийн болон идэвхит үеийн зураглал хосолсон, мөн хөгжилтийн болон цэврүү доторх төлжилтийн зураглалууд илэрч байна гэж үзжээ. Идэр насны I үед хөндийрүүгээ ургацаг ба хөхлөг маягаар түрсэн цэврүүний доторх төлжилт бүхий цэврүүнүүд хэсгэнцрийн талбайн тал хувийг  эзэлнэ. Бусад цэврүүнүүд нь голчоороо янз бүрийн хэмжээтэй тэлсэн, эсүүд нь харилцан адилгүй өндөртэй боловч эсийн бөөмүүд нь бөмбөлөг хэлбэртэй. Цэврүүнүүдийн хөндий коллоидоор дүүрсэн, эргэн шимэгдэлтийн хоосовчууд мөн тохиолдоно.  Идэр насны II үед голчоороо эрс тэлсэн эсүүд нь хавтгайрсан эсийн бөөмүүд нь зуйвандуу хэлбэртэй, цэврүүнүүд маш олонтойгоос гадна цэврүүний гаднах төлжилтийн хэсгүүд болох тиреоцитүүдийн бөөгнөрлүүд мөн тохиолдоно. Цэврүүний хөндийд коллоид нь нягтарсан зогсонгишилтой. Үүнээс үзэхэд үйл ажиллагааны хэвийн болон бууралтын үеийн зураглал насны ялгаатай, харьцангуй залуу насныханд төлжилтийн үеийн зураглал тод илэрснээс гадна хөгжилтийн үеийн шинжүүд ч байна. Харин харьцангуй  хижээл насныханд төлжилтийн хэсгүүд ховортой, хөгширлийн шинжүүд илэрсэн нь ажиглагдлаа гэжээ.
Судлаач монгол хүний бамбай булчирхайг 1-74 настай хүмүүс дээр судлаад бага залуу насанд үйл ажиллагааны идэвхтэй цэврүүнүүд давамгайлж, идэр насанд үйл ажиллагааны хэвийн болон идэвхтэй, бууралттай цэврүүнүүд зэрэгцэн оршиж харин хижээл насанд судас ба завсрын эдийн хатуурал, үйл ажиллагааны бууралтын улмаас мөхөж хатингаршсан цэврүүнүүд давамгайлдаг гэж бичсэн байна.  
Хэлцэмж:
Б.Туяа нар (1998) бамбай булчирхай нь 1-3 насанд жин нь 2.91±0.29гр, баруун дэлбээний дундаж урт нь 2.20 ±1.16см, дундаж өргөн нь 1.17±0.07см, дундаж зузаан нь 0.76±0.07см,  зүүн дэлбээний дундаж урт нь 2.13±0.13см,  хүзүүвчний дундаж урт нь 0.86±0.7см, дундаж өргөн нь 1.01±0.09см, дундаж зузаан нь 0.63±0.06см, байхад 4-12 насанд жин нь 9.1±1.18гр, баруун дэлбээний дундаж урт нь 3.70 ±0.33см, дундаж өргөн нь 1.90±0.15см, дундаж зузаан нь 1.20±0.09см, зүүн дэлбээний дундаж урт нь 3.55±0.28см, дундаж өргөн нь 1.85±0.2см, дундаж зузаан нь 1.17±0.08, хүзүүвчний дундаж урт нь 1.35±0.09см байлаа. 17-21 насанд жин нь 24.5±0.50гр, баруун дэлбээний дундаж урт нь 4.66 ±0.21см, дундаж өргөн нь 2.85±0.18см, дундаж зузаан нь 1.80±0.50см, зүүн дэлбээний дундаж урт нь 4.40±0.21см дундаж өргөн нь 2.45±0.25см, дундаж зузаан нь 1.65±0.35см байна. Насанд хүрсэн хүний бамбай булчирхайн баруун дэлбээний дундаж урт нь 4.44 ±0.42см, дундаж өргөн нь 2.65±0.23см, дундаж зузаан нь 1.55±0.16см,  зүүн дэлбээний дундаж урт нь 4.35±0.36см, дундаж өргөн нь 2.33±0.19см, дундаж зузаан нь 1.46±0.14см байна гэжээ.
    М.Туул нар (1996) насанд хүрсэн хүний бамбай булчирхайн баруун, зүүн хэсгийн жингийн дундаж , урт, өргөн зузаан хоорондоо бодитой ялгаагүй байна гэжээ. Эдгээрээс харахад манай орны хувьд урагийн хөгжлийн үе дэх бамбай булчирхайн үлэмж болон бичил бүтцийг судлаагүй байгаа нь бидний судалгааны үндэслэл болов.
Дүгнэлт:
1.    Дээрх эрдэмтдийн судалгааг харьцуулахад насанд хүрсэн хүний бамбай булчирхайн жин, хэмжээний хувьд ойролцоо байна.
2.    Бамбай булчирхайн бичил бүтцийн хувьд бага залуу насанд үйл ажиллагааны идэвхитэй цэврүүнүүд давамгайлж, нас ахих тусам үйл ажиллагаа нь буурч байгаа нь ажиглагдлаа.  
3.    Цаашид бамбай булчирхайн үлэмж болон бичил бүтцийг урагийн хөгжлийн үеүүдэд судлах шаардлагатай байна.
 

Ном зүй

1. “Хүний биеийн эрүүл анатоми” Д.Амгаланбаатар нар УБ. 2010 он
2. “Гистологийн сурах бичиг II” Д.Цолмон УБ. 2010 он
3. “Большая Медицинская Энциклопедия” глав.ред.Б.В.Петровский, М.,”Сов.энциклопедия”,
4. “Гистология” Ю.И.Афанасьева, Н.А.Юриной
5. “Анатомия человека” В.Н.Тонков 1961
6. “Анатомия человека” М.Г.Привес 1986.
7. Б. Туяа , “Монгол хүний бамбай булчирхайн хэмжээ, бүтэц болон судасжилтын онцлог” –анагаах ухааны магистрын зэрэг горилж бичсэн нэг сэдэвт зохиол, УБ.1998 он.
8. М.Туул, ”Насанд хүрсэн монгол хүний дотор эрхтний хэмжил зүй” АУ-ны дэд докторын зэрэг горилж бичсэн нэг сэдэвт зохиол, УБ.1996 он.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 382
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК