Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2012, (54) 2012.N03(054)
АХМАД НАСТАНД ҮЗҮҮЛЖ БАЙГАА ӨРХИЙН СУВИЛАХУЙН ТУСЛАМЖИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
( Судалгааны өгүүлэл )

Д. Ган-Очир1 Б. Оргил2

1. Этүгэн" ДС-ийн магистрант 2. "АЧ" АУДС, АШУ-ныдоктор,профессор

 
Абстракт

Өнөө үед дэлхий нийтийн өмнө тулгарч байгаа нэг онцлог асуудал бол хүн амын насжилт юм. ДЭМБ-аас "Идэвхтэй урт наслалт"- ыг хүний амьдралын нэгэн үнэт баялаг гэж үзэж, амьдралын чанарыг сайжруулах нь настай хүмүүсийн аюулгүй байдал, нийгмийн оролцоо, эрүүл мэндийн боломжийг нэмэгдүүлэх үйл явц мөн хэмээн тодорхойлсон байна.
НҮБ-ын тооцсон дэлхийн хүн амын өсөлтийн дундаж хувилбараар 2025 он гэхэд Монгол улсын хүн ам 24 хувиар өсөж, 65 - аас дээш настан 6 хүртэлх хувийг эзлэх төлөвтэй байна. Монгол улсын "Ахмад настны нийгмийн хамгааллын тухай" хуульд зааснаар: 55 ба түүнээс дээш насны эмэгтэй, 60 ба түүнээс дээш насны эрэгтэй хүнийг "Ахмад настан" гэж хуульчлан тогтоосон байдаг. Манай оронд ахмад настны өвчлөл, нас баралтын түвшин бусад насны бүлгүүдтэй харьцуулахад өндөр байна. Энэ бүхэн нь ахмад настанд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний эрэлт хэрэгцээ өсч буйг илтгэж байна. Настны эрүүл мэндийн эрэлт хэрэгцээг хангахад Өрхийн эрүүл мэндийн төв (ӨЭМТ)-ийн сувилахуйн тусламж үйлчилгээ чухал байгааг үндэслэл болгон бид энэхүү судалгааг явуулсан болно.
Судалгааны зорилго: Ахмад настанд үзүүлж байгаа өрхийн сувилахуйн тусламжийн өнөөгийн байдлыг судалж үнэлгээ өгөхөд судалгааны зорилго оршино.

Судалгааны зорилт:
1. ӨЭМТ-ийн сувилагчаар үйлчлүүлж байгаа ахмад настны хүйс, насны бүлгийн харьцаа болон амьдралын чанарыг судлан тогтоох.
2.    Улаанбаатар хотын гэр хороолол ба орон сууцны хороололд амьдарч буй настанд үзүүлж буй сувилахуйн тусламжийн байдлыг харыдуулан судалж, үнэлгээ өгөх.
3.    Ахмад настанд үзүүлж буй өрхийн сувилахуйн тусламжийн хүртээмж, чанарт үнэлгээ өгөх.

Судалгааны ажлын материал ба арга зүй.
Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг (БГД, БЗД, СХД, ХУД, СБД, ЧД)-ийн ӨЭМТ-үүдээр үйлчлүүлж буй ахмад настан 180, ӨЭМТ-үүдэд ажиллаж буй 180 сувилагчийг санамсаргүй түүвэрлэлтийн аргаар сонгож судалгаанд хамруулсан болно. Судалгааг нэг агшингийн дескриптив судалгааны загвараар, тоон судалгааны аргыг ашиглан явуулсан. Мэдээллийг урьдчилан боловсруулсан асуумжийг ашиглан, ярилцах байдлаар цуглуулан, түүндээ SPSS-17 программыг ашиглан, задлан шинжилгээ хийсэн.

Судалгааны үр дүн:
Судалгаанд хамрагдсан180 ахмад настны 50 (27.8%) нь эрэгтэй, 130 ( 72.2%) нь эмэгтэй байв. Насны бүлгээр авч үзвэл: 55-64 насны эмэгтэй - 65 (36.1%), 60-64 насны эрэгтэй - 34 (18,9%), 65-74 насны эрэгтэй, эмэгтэй нийт - 54 (30.0%), 75- 84 насны эрэгтэй, эмэгтэй - 25 (13.9%), 85 ба түүнээс дээш насны хүн - 2 (1.1%) байсан. Нийт настны 97 (53.9%) нь гэр хороололд, 83 (46.1%) нь орон сууцны хороололд амьдарч байна. Судалгаанд хамрагдсан настнуудын ахуй амьдралын нөхцөлийг авч үзвэл: 41(22.8%) нь сайн,131 ( 72.8%) нь дунд зэрэг, 8 (4.4%) нь тааруухан байлаа. Ахмад настнуудын эрүүл мэндийн ерөнхий түвшинг үнэлбэл: 38 ( 21.1%) нь сайн,128 (71.1%) нь дунд зэрэг,14 (7.8%) нь муу байв.
Судалгаанд хамрагдсан ахмад настнуудын насны бүлгийн харьцааг зураг 1-ээр

Судалгаанд гэр хороололд амьдардаг 97 настан ӨЭМТ-өөс үзүүлж буй сувилахуйн тусламжийг дараахь байдлаар үнэлсэн байлаа. Үүнд: 3 (1.7%) нь -"маш сайн", 35 (19.4%) нь -"сайн", 45 ( 5.0%) нь - "дунд", 14( 7.8%) нь -"хангалтгүй". Тэгвэл орон сууцанд амьдардаг 83 настаны 5(2.8%) нь - "маш сайн", 39 (21.7% нь - "сайн", 32(17.8%) нь - "дунд", үлдэх 7(3.9%) нь-"хангалтгүй" гэж үзжээ.
Судалгаанд хамрагдсан нийт ахмад настны 151(83.9 хувь) нь ӨЭМТ-ийн сувилагчаар үйлчлүүлдэг ба үүнээс гэр хороололд амьдарч буй настан 83 (46.1%) -ийг, орон сууцанд амьдарч буй настан 68 ( 37.8%) -ийг тус тус эзэлж байна.
Ахмад настанд үзүүлж буй сувилахуйн тусламжийн нэг төрөл болох гэрийн эргэлтийн байдлыг судлахад: гэр хороололд амьдарч буй настнуудын 50 ( 27.8%) нь, орон сууцанд амьдарч буй настнуудын 42 (23.3%) нь - "Өрхийн сувилагч эргэлтээр ирдэггүй", нийт настнуудаас 22 (12.2%) нь -"Сувилагч эргэлтээр ирсэнийг санахгүй байна" гэсэн хариулт тус тус өгсөн байна.
Судалгаагаар гэр хороололд амьдардаг настнуудын 48 (26.7%), орон сууцанд амьдардаг настнуудын 43 (23.9%) нь ӨЭМТ-ийн сувилагчаас зөвлөгөө авдаггүй ажээ. Харин 72 (40.0%) нь - "Эмчээс зөвлөгөө авдаг", 23 (12.8%) нь -"ӨЭМТ-ийн сувилагч нар зөвлөгөө өгдөггүй" гэсэн хариулт өгсөн байна.
Судалгаанд хамрагдсан настнуудад хүргэж байгаа сувилахуйн тусламжийн төрлөөс заримыг нь гэр болон орон сууцны хорооллоор харьцуулан хүснэгт 1 - ээр үзүүлэв.

Хүснэгт 1. Настангуудад үзүүлж буй сувилахуйн тусламжийн төрөл

Хүснэгтээс харахад настанд үзүүлж байгаа сувилахуйн тусламжийн нэр төрөл харилцан адилгүй хувийн жинтэй байна. Тухайлбал: Эмчийн заалтаар тарилга хийх сувилахуйн тусламжийг гэр хороолол, орон сууцны хороололд ойролцоо түвшинд үзүүлж байхад, эргэлтээр гэрт нь    очих, настанд зөвлөгөө өгөх төрлийн тусламж нь гэр хороолол ба орон сууцны хорооллын хувьд ялгаатай байна.
Судалгаанд хамрагдсан нийт ахмад настны 151 (83.9%) нь ӨЭМТ-ийн сувилагчаар үйлчлүүлдэг байхад, 29 (16,1%) нь ӨЭМТ-ийн сувилагчаар үйлчлүүлдэггүй байна. Судалгаагаар ӨЭМТ-ийн сувилахуйн тусламжийг нийт настнуудаас 8 (4.4%) нь - "маш сайн", 74 (41.1%) нь - "сайн", 77 (42.8%) нь -"дунд", 21 (11,7%) нь "хангалтгүй" гэж үнэлжээ.
Ахмад настангуудын үнэлгээгээр ӨЭМТ-ийн сувилагч нарын зан ааш, харилцааны соёлын байдлыг судлахад 33 (18.3%) нь - "маш эелдэг", 61 (33.9%) нь - "хүндэтгэлтэй ханддаг", 51 (28.3%) нь - "ердийн харилцаатай", 22 (12.2%) нь - "маш их санаа тавьдаг", 28 (15.6%) нь - "сэтгэлийн дэм өгдөг", харин 8 (4.4%) нь - "үл тоомсорлодог", 6 (3.3%) нь - "төвөгшөөдөг" гэжээ.
ӨЭМТ- ийн сувилагч нарын 31 (17.2%) нь - ӨЭМТ дээр, 48 (26.7%) нь - гэрт нь, харин 101 (56.1%) нь - ӨЭМТ болон гэрээр сувилахуйн тусламжийг настанд үзүүлсэн байна. Ахмад настанд ӨЭМТ ба гэрээр үзүүлж буй сувилахуйн тусламжийн төрөл байдлыг хүснэгт 2- оор үзүүлэв.

Хүснэгт 2. Ахмад настанд ӨЭМТ ба гэрээр үзүүлж буй сувилахуйн
тусламжийн төрөл, байдал

Судалгаанаас харахад сувилагчын дийлэнх буюу 176 (97.8%) нь - эмчийн заалтаар гэрт нь тарилга хийх, 165 (91.7%) нь - ӨЭМТ дээр судас тарилга, 165 (91.7%) нь - дусал тарилга, 164 (91.1%) нь -булчин тарилга хийх байдлаар тус тус сувилахуйн тусламжийг үзүүлж байна.
Гэрээр ахмад настанд түлхүү үзүүлдэг тусламж үйлчилгээний хэлбэрийг судлахад: эмчийн эргэлт - 50 (27.0%), эмч дуудлагаар очиж үзэх - 40 (22.2%), сувилагчийн эргэлт - 50 (27.8%), сувилахуйн тусламж - 77 (42.8%)-ийг тус тус эзэлж байна.
Настанг гэрээр 1 удаа эргэн очиж үзүүлэх сувилахуйн тусламжинд ӨЭМТ-ийн сувилагчдаас 58 (32.2%) нь - 1 цаг, 122 (67.8%) нь - 1-3 цаг зарцуулдаг байна.
Ахмад настанд эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг бидний судалгаанд хамрагдсан ӨЭМТ-ийн сувилагч нарын 159 (88.3%) нь зохион байгуулдаг, 21 (11,7%) нь зохион байгуулдаггүй ажээ.
Судалгаанд хамрагдсан сувилагчид эрүүл мэндийн боловсрол олгох сургалтанд ахмад настнуудын оролцооны идэвхийг 82 (45.6%) нь - "сайн", 70 (38.9%) нь - "дунд", 9 (5.0%) нь - "хангалтгүй оролцдог" гэж үнэлсэн байна.
ӨЭМТ-ийн сувилагч нарын ахмад настныг сувилах чиглэлийн сургалтанд хамрагдсан байдлыг нь авч үзэхэд 110 (61.1%) нь - "хамрагддаг", 41(22.8%) нь - "хамрагддаггүй", харин 29 (16.1%) нь - "Энэ чиглэлийн сургалт зохион байгуулагддаггүй" гэж хариулсан байна.

Хэлцэмж:
Судалгаанд хамрагдсан ахмад настны эрүүл мэндийн ерөнхий түвшинг үнэлэхэд 21.1% нь сайн, 71.1% нь дунд зэрэг, 7.8% нь тааруу байгаа нь "Настан ба эрүүл мэнд" дэд төслийн хүрээнд хийгдсэн судалгаагаар настан хүмүүсийн 12.2% нь өөрийн эрүүл мэндийг сайн, 70.4% нь дунд зэрэг, 17.4% нь тааруу (муу) гэж үнэлсэн нь бидний судалгааны үр дүнтэй ойролцоо байна.
Д.Солонго нарын судалгаагаар гэрээр үзүүлэх эмчилгээ сувилгааны хэрэгцээг төрлөөр авч үзвэл, дусал болон судас, булчин тариаг гэрээр тариулах хэрэгцээ бусад төрлийн эмчилгээний үйлдлүүдээс өндөр хувьтай байжээ.
Бидний хийсэн судалгаанд өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч нарын 97.8% нь эмчийн заалтаар гэрт нь тарилга хийх сувилахуйн тусламжийг үзүүлж байгаа нь дээрх судалгааны нэгэн адил өндөр хувийг эзэлж байна.
Ахмад настны үнэлгээгээр ӨЭМТ-ийн сувилагч нарын зан ааш, харилцааны соёлын байдлыг судлахад 61 (33.9%) нь хүндэтгэлтэй ханддаг, 8 (4.4%) нь үл тоомсорлодог, 6 (3.3%) нь төвөгшөөдөг гэж байгаа нь Ц. Оюундарь нарын судалгаагаар өрхийн эмнэлгээр үйлчлүүлж буй үйлчлүүлэгчид ӨЭМТ- ийн сувилагч нар тусламж үйлчилгээ үзүүлэхдээ зан байдлын хувьд 3.5% (10) нь аашилдаг, 6.9% (20) нь төвөгшөөдөг, 72.2%(208) нь үйлчлүүлэгчтэй хүндэтгэж харилцдаг гэж байгаа нь бидний судалгааны үр дүнтэй дүйцэж байна.

Дүгнэлт:
1. Судалгаанд хамрагдсан настангуудын 27.8% нь эрэгтэй, 72.2% нь эмэгтэй байсан ба насны бүлгээр авч үзэхэд, 55-64 насныхан 36.1%,
65-74 насныхан 30.0%-ийг эзэлж байна. Ахмад настны 71.1% нь эрүүл мэндийн байдлын хувьд дунд зэрэг, 72.8% нь амьдрал ахуй нөхцлийн байдал дунд зэргийн түвшинд байна.
2.    Гэр хороолол болон орон сууцны хороололд аж төрж байгаа ахмад настанд үзүүлж буй сувилахуйн тусламжийн төрөл нь тодорхой ялгаатай байна. Гэр хороололд амьдарч байгаа настнуудын 25% нь, орон сууцад амьдарч байгаа настангуудын 17.8 % нь ӨЭМТ-ийн сувилахуйн тусламжийг "дунд зэрэг" гэж үнэлж байна.
3.    Судалгаанд хамрагдсан нийт настны 83.9 хувь нь ӨЭМТ-ийн сувилагчаар үйлчлүүлж байгаа нь ахмад настанд үзүүлэх сувилахуйн тусламжийн эрэлт хэрэгцээ их байгааг харуулж байна. Настанд үзүүлж байгаа сувилахуйн тусламжийн ихэнх хувийг ӨЭМТ дээр тарилга хийх ажилбар эзэлж байгаа бөгөөд харин гэрээр үзүүлэх тусламж болон сувилахуйн тусламжийн бусад нэр төрлийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

Ном зүй

1. ДЭМБ-аас ахмад настны талаар хэрэгжүүлж буй хөтөлбөрийн тайлан. Ахмад настанд үзүүлэх сэргээн засах үйлчилгээ гарын авлага. УБ. 2006 он.107-р тал
2. Б.Баярсайхан. Ахмад настны эрүүл мэнд. УБ., 2004 он 119-р тал
3. \\\"Ахмад настны нийгмийн хамгааллын тухай\\\" Монгол улсын хууль. УБ.2005.он
4. Б.Оргил. Өрхийн анагаах ухаан. УБ. 2007 он .236,164-р тал
5. Ц.Цэрэгмаа, Ж.Мөнхцэцэг. Геронтологи. гериатрийн үндэс. УБ. 2005 он.198,199-р тал
6. ЭМС-ын 2004 он. №136-р тушаал. Гэрээр үзүүлэх тусламж, асаргаа сувилгаа хийх журам.
7. Б.Оргил, Ц.Мухар, Ч.Цогт-Очир, Ц.Ганбат. Өрхийн сувилагчийн тусламж үйлчилгээ. УБ. 2000 он
Д.Солонго, С.Наранчимэг, Б.Оргил, Б.Батсэрээднэ, Ц.Мөнхтуяа, Б.Бурмаа. Гэрийн сувилахуйн тусламжийн хэрэгцээг зарим аймагт судалсан байдал. Монголын анагаах ухаан. 2011он. №4 Настан ба эрүүл мэнд.дэд төсөл.ЭМУМБТ. УБ. 2000 он
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3313
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК