Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2012, (55) 2012.N04(055)
ТУУЛАЙН ЦУС БҮЛЭГНЭЛТИЙН ХУГАЦААНД “ЖОНШ 8” ТАНГИЙН ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ
( Судалгааны өгүүлэл )

            С.Отгонбүрэн1, С.Сээсрэгдорж2, З.Ариунаа3, Б.Ууганбаяр4

 ЭМШУИС-н УАС1,2
УАШУТҮК3,4

 
Абстракт

Зүрх судасны өвчлөлөөс ажиглахад цус бүлэгнүүлэх үйлдэлтэй эм, биологийн идэвхт бодисоос дутахааргүй ач холбогдолтой асуудал бол цус шингэлэх бүтээгдэхүүн юм. Бид  дээрх үндэслэлээр уламжлалт анагаах ухаанд цусны халуун  хямарга, муу цусны өвчинд хэрэглэдэг  “Жонш-8” танг сонгон авч туршилтын амьтны цусны бүлэгнэлтэнд үзүүлэх нөлөөг судлахаар зорьсон.
 

Материал, арга зүй: Туршилт судалгааг 50 толгой лабораторийн цагаан хулгана, Шиншилла үүлдрийн 20 толгой туулайн дээр орчин үеийн эм  судлалын  аргуудаар гүйцэтгэв. Тангийн цусны бүлэгнэлтэнд үзүүлэх нөлөөг  Rajagopal K, Sasikala K , (2008) нарын аргаар хийж гүйцэтгэв.  
Судалгааны үр дүн: Судалгаанд авсан эрүүл, хяналтын, туршилтын 3 бүлгийн амьтдын цусны протромбины хугацаа эрүүл бүлэгт 11.8 сек, хяналтын бүлэгт 14, 21 хоногтоо 7.1, 7.55 сек байхад туршилтын бүлэгт 7.6, 7.9 сек хүрч богиноссон байна. Протромбины индексийг туршилтын бүлгүүдэд хянахад: Эрүүл бүлэгт  141.6%, хяналтын бүлэгт судалгааны 14, 21 дэх хоногт 720.7, 592.15% байхад туршилтын бүлэг амьтдад 7, 14, 21 хоногтоо 337.2, 579.6, 337.2% болж буурсан үзүүлэлт илэрлээ. Харин судалгааны 7, 14, 21 хоногуудад цусанд нь INR тодорхойлоход эрүүл бүлэгт 0.79 хяналтын бүлэгт судалгааны 7,14,21 хоногт 0.69, 0.58, 0.62 , туршилтын бүлгийн амьтдад 7, 14, 21 хоногт 0.70, 0.63, 0,72 байгаа нь эрүүл амьтдынхаас ялгаа багатай байна.Эдгээр үр дүн нь тус жор нь цус бүлэгнүүлэх үйлдэлтэй болохыг харуулж байна.

Түлхүүр үг: Жонш 8, протромбин, протромбины индекс, INR
Удиртгал
           Монгол улсын хэмжээнд 2010 оны статистик мэдээгээр цус, цус төлжүүлэх эрхтний өвчин 6744  бүртгэгдсэн байна.1
             Манай орны судлаачдын үзэж буйгаар хүний цус өтгөрснөөс судас бөглөрөх шинж тэмдэг илрэх ба үүнийг муу цусны өвчин (З.Мэндсайхан, Р.Цэвэлмаа, 1998)2-д  хамааруулж, ханасан судаснаас цус хүчтэй харваж гарвал даруй өвчний цус мөн гэж дурдсан байдгаас гадна дорно дахины анагаах ухаанд хануур заслын эцсийн үр дүн нь цус ялгах тангийн  үйлдэл болох талаар (Д.Цэрэндагва нар, 2000)3 судалжээ
             Утешев Б.С (1998) нарын эрдэмтэд муу цусны онолыг шинжлэх ухааны үүднээс тайлбарлахдаа өөхний хэт исэлдэлтийн процесст өртсөн цусны улаан  эсүүд нь дархлал дарангуйлах чанартай болж хувирдгийг тогтоосон байна. Түүнчлэн бие организмд өөхний хэт исэлдэлтийн процессийн хорт бүтээгдхүүнүүд ихэссэнээс, концентраци нь цусанд ихсэн цусны улаан эсийн мембранын бүтэц алдагдаж, эсийн хэмжээ томрон наалдамхай чанар нь ихэссэнээс цусны сийвэнгийн өндөр болон бага молекулт нэгдлийн адсорбцлох чадварыг ихэсдэг (Е.В.Барт Л.Г.Прокопенко 1995) байна.4
          Уламжлалт анагаах ухааны ном сударт цусыг шингэлэх, цус хямарсан өвчин бүгдэд тустай башга,  рүда, зандан, гүргүм, агар, жонш, домьти зэрэг ургамал, эрдэс, амьтны гаралтай эмийн түүхий эдүүд, мөн жоруудаас тагтүг гүнсэл, брүгар 15, топүлин 7 тан, марчин 13, мана 5-ийг бичиж тэмдэглэсэн байдаг.
Мөн Ламын гэгээн Лувсанданзанжанцан 1680 онд туурвисан “Рашааны цацрал” зохиолд “Жонш-8” тан нь хямарсан цусны өвчнүүдэд болон цус шингэлэх, муу цус ялгах үйлдэлтэй, Нинмава ёсны Бригүн Гаажүдвийн тэжээхүй ухааны цомог зохиол5 дахь “Жонш-8” тан нь цусны өвчинд тустай гэдгийг дурджээ.  
          Эдгээрээс хямарсан цусны өвчнүүдэд онцгой үйлдэл үзүүлдэг нь тагтүг гүнсэл, мөн “Жонш-8” тан юм. Иймээс бид уламжлалт анагаах ухаанд цусны халуун  хямарга, муу цусны өвчинд хэрэглэдэг  “Жонш-8” танг сонгон авч туршилтын амьтны цусны бүлэгнэлтэнд үзүүлэх нөлөөг судлахаар зорьсон юм.
Судалгааны ажлын зорилго зорилт
Судалгааны зорилго:
Туршилтын амьтанд “Жонш-8” тангийн цус бүлэгнэлтэнд үзүүлэх нөлөөг судлах.
Бид энэхүү зорилгоо биелүүлэхийн тулд дараах зорилтыг дэвшүүллээ.
Үүнд:  1.”Жонш-8” тангийн туршилтын амьтны цусны бүлэгнэлтэнд үзүүлэх нөлөөг тогтоох

Судалгааны ажлын материал арга зүй

Судалгааны загвар: Уг судалгааг туршилт судалгааны аргыг ашиглан хийж гүйцэтгэсэн.
Судалгааны хэрэглэгдэхүүн
Туршилтанд 22-28 грамм жинтэй 50 цагаан хулгана, Шиншилла үүлдрийн 2,5-3,0 кг жинтэй 20 туулай ашигласан. Туршилтын хугацаанд амьтдыг виварийн хэвийн нөхцөлд  (20±20C) байлгаж, ердийн тэжээлээр хооллосон. Туршилтыг УАШУТҮК-ийн Эм судлалын лабораторид орчин үеийн эм  судлалын  нийтээр хүлээн зөвшөөрөгдөн мөрдөгдөж буй аргуудыг ашиглан гүйцэтгэсэн.
“Жонш-8” танг “Монг-эм” уламжлалт эмийн үйлдвэрээс авч туршилтанд хэрэглэсэн.
Судалгааны ажлын арга зүй
   ”Жонш-8” тангийн цусны бүлэгнэлтэнд үзүүлэх нөлөөг судлах арга зүй
          Судалгаанд шиншилла үүлдрийн 20 толгой туулай авч амьтдыг эрүүл, хяналт, харьцуулах, туршилтын гэсэн 4 бүлэгт хуваан туршилтын өмнө бүх амьтдад коагулограммын шинжилгээ хийсэн. Хяналт, харьцуулах болон туршилтын бүлгийн амьтдад  Alloxan monohydrate-ийг 80/мг/кг тунгаар хэвлийн хөндийд тарьсан. Туршилтын бүлэгт “Жонш-8” танг туршилтын эхний өдрөөс эхлэн 100 мг/кг, 150 мг/кг тунгуудаар усан ханд бэлтгэж амаар өгсөн. Туршилтын 7, 14, 21 дэх хоногуудад бүх амьтдад коагулограммын шинжилгээ хийж үр дүнг үнэлсэн. (Rajagopal K, Sasikala K, 2008) 7
     Шинжилгээ авахдаа туулайн чихний судсаар зориулалтын хуруу шилэнд 3-5 мл цус авч коагулограммын шинжилгээг Poch-100 анализатор ашиглан явуулсан. Ингэхдээ судлаач зориулалтын хувцас, нэг удаагийн бээлий өмсөж, туулайн чихний захын вен (маргиналь вен)-ийн судсыг сонгон, тэр орчмын үсийг хусаж, спирт иодоор ариутгана. Үүний дараа туслах судлаач сонгосон чихний угаар тухайн судсыг дарж барихад туулайн чихний захын вен тодрон харагдана. Энэ үед зориулалтын зүүгээр хатгаж хуруу шилэнд цусаа авч шинжилнэ.
Судалгааны ажлын үр дүнг биостатистикийн үндсэн аргуудаар арифметик дундаж (M), стандарт хазайлт (δ), стандарт алдаа (m), итгэмжлэх хязгаар (CI-95%) болон дундаж тооны үнэн магадлалыг Стьюдентийн t шалгуураар шалган,  боловсруулалтыг SPSS 16.0 программ  ашиглан хийв.
Судалгааны ажлын үр дүн

Цус бүлэгнэлтэнд үзүүлэх нөлөөг судалсан үр дүн
Судалгааны 7-21 дэх хоногуудад амьтны цусанд Протромбины хугацаа, Протромбины индекс, INR-ийн хөдлөлзүйг ажигласан.
           Судалгаанд авсан эрүүл, хяналтын, туршилтын 3 бүлгийн амьтдын цусны протромбины хугацаа эрүүл бүлэгт 11.8 сек, хяналтын бүлэгт 14, 21 хоногтоо 7.1, 7.55 сек байхад туршилтын бүлэгт 7.6, 7.9 сек хүрч богиноссон байна.
Харин PI-Протромбины индексийг туршилтын бүлгүүдэд хянахад: Эрүүл бүлэгт  141.6, хяналтын бүлэгт судалгааны 14, 21 дэх хоногт 720.7%, 592.15% байхад туршилтын бүлэг амьтдад 7, 14, 21 хоногтоо 337.2%, 579.6%, 337.2% болж  буурсан үзүүлэлт гарлаа.  
Туршилтын бүлгүүдэд судалгааны 7, 14, 21 хоногуудад цусанд нь INR тодорхойлоходсудалгааны 7, 14, 21 хоногуудад цусанд нь INR тодорхойлоход эрүүл бүлэгт 0.79 хяналтын бүлэгт судалгааны 7,14,21 хоногт 0.69, 0.58, 0.62 , туршилтын бүлгийн амьтдад 7, 14, 21 хоногт 0.70, 0.63, 0,72 байгаа нь эрүүл амьтдынхаас ялгаа багатай байна.
Дүгнэлт
Эрүүл болон хяналт, туршилтын амьтны цусны бүлэгнэлтийн үзүүлэлтүүдийг харьцуулахад хяналт, туршилтын амьтны цусанд(PTT) протромбины хугацааг богиносгож PI- Протромбины индекс-ийг уртасгаж  байгаагаас үзэхэд “Жонш-8” тан нь цус өтгөрүүлэх үйлдэлтэй болох нь тогтоогдлоо.
 

Ном зүй

1. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ,Эрүүл мэндийн газар Эрүүл мэндийн статистикийн мэдээлэл II 2010 он х.15,76-77,81

2.Д.Цэнд-Аюуш “Гурван үрийн тангийн цусны бүлэгнэлтийн зарим үзүүлэлтэд үзүүлэх нөлөө” Анагаах ухааны магистрийн зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл Улаанбаатар 1998 он

3. 4.Д.Цэрэндагва “Хануур заслын үйлдлийн механизмыг судлах асуудалд ”Анагаах ухааны боловсролын докторын (Ph.D) зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл. Улаанбаатар., 2000 он

4.Баркаген З.С.”Очерки антитромботический профилактики и терапий”. Москва 2000 г

5. .Б.Сандаг-Очир нар Бригүн Гаажүдвийн Тэжээхүй ухааны цомог Улаанбаатар 2007 он х.138 www.tilopa.netwww.danzanrawjaa.net

6. БНХАУ-ын эм зүйн судалгааны арга. Бээжин хот, 2005)
7. Rajagopal K, Sasikala K, 2008

8.А.Отгонбат. ”Гиперлипидемитэй өвчтөний цусны бүлэгнэлтийн зарим үзүүлэлтэнд Липо-Мерц эмийн нөлөө” Анагаах ухааны магистрийн зэрэг горилсон бүтээл Улаанбаатар 2004 он
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1165
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК