Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2012, (55) 2012.N04(055)
ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ГАМШГИЙН ҮЕД ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНД СУУРШЛИЙН ОРЧИН НӨЛӨӨЛӨХ НЬ
( Судалгааны өгүүлэл )

Н.Цогбадрах 1, Э.Ган-Эрдэнэ2, Б.Оргил3 Д.Даваалхам4 ,Н.Оюунбилэг5

 НЭМГ1, ЭМШУИС-ДОРНОГОВЬ салбар сургууль2,
Ач  АУДС3 ЭМШУИС-НЭМС4, ММСС5

 
Абстракт

Хүн төрөлхтөний түүхэнд хамгийн их хор хөнөөл учруулж байдаг  цөөхөн гамшгийн нэг нь газар хөдлөлт юм. Газар хөдлөлт гэдэг нь Дэлхийн хөрсний хавтангуудаас гэнэт их хэмжээний энерги сулран чичирхийллийн давалгаа үүсч тархах үйл явцыг хэлдэг.[1]
Сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд Монгол улсын нутаг дэвсгэрт хийгдсэн газар хөдлөлтийн судалгаанаас харахад манай улсын хот суурин газрын 75 орчим хувь нь газар хөдлөлтийн 7 ба түүнээс дээш баллын бүс нутагт оршиж байна. 7 ба түүнээс дээш балл бүхий газар хөдлөлтийн бүс нутагт манай нийт хүн амын 86 хувь нь амьдарч байна. 2007 оны байдлаар манай улсын нийт хүн амын 60 гаруй хувь нь хот суурин газарт байнга суурьшдаг ба зөвхөн нийслэлд 40-50 орчим хувь нь амьдарч байна.[2]
Улаанбаатар хотыг газрын хөрсний хэв шинжээр нь авч үзвэл газар хөдлөлтийн өндөр эрсдэлтэй газарт тооцогдох бөгөөд өндөр нарийвчлалтай сансрын зураг, хээрийн ажлын судалгаагаар 7,5 магнитуд хүртэл хөдлөх магадлалтай гэж үздэг байна. Улаанбаатар хотын нийт барилгажилтын талбайн 25% нь 6 баллын, 52% нь 7 баллын, 23 % нь 8 баллын газар хөдлөлтийн бүсэд хамрагддаг.[3]
Улаанбаатарт хүн ам олноор сууршиж буй төдийгүй манай орны эрүүл мэндийн салбарын цөм болж байгаа тул хүчтэй газар хөдөлвөл үлэмж хэмжээний хохирол амсах болоод байна.[4]
 Онцгой байдлын эрүүл мэндийн удирдлагын гол үүрэг нь хүн амын эрүүл мэнд болон аюулгүй байдлыг хангахад оршино. Бидний үйлчлүүлэгчид бол гэмтэж бэртсэн , аюулд нэрвэгдсэн эсвэл аюул занал хийгдэж буй иргэд байдаг. Хэрэв суурьшлын орчинд гамшиг тохиолдох эрсдэл байгаа болон онцгой байдлын эрүүл мэндийн удирдлага нь гамшгаас урьдчилан сэргийлэх, гарах нөлөөлөл болон эмзэг байдал үүсгэхээс сэргийлэх мөн яаралтай тусламжийн бэлэн байдлыг хангах арга хэмжээг оновчтой төлөвлөн төлөвлөгөөндөө тогтмол тодотгол хийж ажиллах шаардлагатай байдаг . Хэрэв гамшиг нүүрлээд гэмтэл үхэл үүсгэсэн бол хариу арга хэмжээ болон эргэн сэргэлтэнд илүү анхаарна. [2]
Суурьшлын орчинд хүмүүс,тэдний өв хөрөнгө, эд хогшил, дэд бүтэц,барилга байгууламж, нийгмийн үйлчилгээ түүний дотор эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хүрээлэн буй орчин зэрэг үндсэн элементүүд ордог байна.[2]  
Газар хөдлөлтөд учирч болзошгүй гамшгийн эрсдлийг урьдчилан тооцож, хариу арга хэмжээг зөв төлөвлөж хэрэгжүүлэх ялангуяа эмнэлгийн барилга байгууламжийн аюулгүй байдалд үнэлгээ өгөх яаралтай тусламж үйлчилгээний бэлэн байдлын түвшинг үнэлэх нь  нэн чухал юм. Эрүүл мэндийн байгууллагуудын, гамшгийн үед ажиллах чадавхи яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх бэлэн байдлаас иргэдийн амь нас ихээхэн хамаардаг байна. Иймээс эрүүл мэндийн байгууллагын гамшгийн үеийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг цогцоор нь үнэлж шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүднээс судалгааг хийх зайлшгүй  шаардлагатай  байна.
 

Зорилго:
Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 2,3-р шатлалын эмнэлгүүдийн барилгын өнөөгийн байдал болон  бэлэн байдлын түвшинг үнэлэхэд оршино.
Зорилтууд:
•    Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 2,3-р шатлалын эмнэлгүүдийн барилгын өнөөгийн байдлыг  үнэлэх  
•    Газар хөдлөлтийн гамшгийн үед дээрхи эрүүл мэндийн байгууллагуудын  тусламж үйлчилгээний бэлэн байдлыг үнэлэх  
Материал, арга зүй  :
Аналитик судалгааны агшингийн  арга ашиглан гамшгийн үеийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг үнэлэх асуумж болон үнэлгээний хуудсыг боловсруулж судалгааны арга аргачлалыг ЭМШУИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн Эрдэмтдийн Зөвлөлийн 2011.06.14-ны өдрийн хурлаар хэлэлцүүлж батлуулсаны дараа  ЭМШУИС-ийн дэргэдэх Анагаах Ухааны Ёс Зүйн хяналтын салбар хорооны 2011.06.13-ны өдрийн хурлаар (протокол № ) судалгаа явуулах ёс зүйн зөвшөөрөл авсан. Судалгаандаа нийслэлд үйл ажиллагаа явуулж буй  2-р шатлалын 20 эмнэлэг, 3-р шатлалын 10 эмнэлэгийг  хамруулж, судалгааны мэдээлэлд  SPSS-17,0 программыг  ашиглан  боловсруулалт хийлээ.
Үр дүн :

•    Судалгаанд хамрагдсан 2.3-р шатлалын эмнэлгүүд нь хот суурин газартай 33,3% (10) нь гүүрээр холбогдсон, барилгын 83,3% (25) нь тоосго чулуугаар баригдсан,   36,7% (11) нь эмнэлгийн зориулалтаар баригдаагүй  ч  100% (30) даацын ханыг нураагаагүй 98,3% (28) зургын планыг өөрчлөөгүй, 63,6% (17)  эмнэлгийн лабораторын  урвалж хадгалах зоорьгүй 21-57 жил ашиглагсан ба 43,3% (13) нь 40-өөс дээш жил ашиглагдсан байна.

•    2,3-р шатлалын эмнэлгүүдийн  73,3% (22) нь  усны нэмэлт эх үүсвэргүй бөгөөд 100% (30) нь усны нөөцгүй, 26,7% (8) нь цахилгааны нэмэлт эх үүсвэр байхгүй,  90% (27) галын дохиололын систем байхгүй, 30% (9) нь хийн систем байхгүй ба 56,7% (17) нь зөөврийн баллон ашиглаж байна 36,7%(11) нь мэс заслын хагалгааны зориулалтын өрөөгүй,56,7% (17) нь өвчтөний ор зөөх болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан шатгүй гарцгүй  байна.
•    Судалгаанд хамрагдсан эрүүл мэндийн байгууллагуудын 68,2% нь эмнэлгийн барилгад эрсдэлийн үнэлгээ хийгээгүй, 96.7%(29) нь гарцын тэмдэглэгээтэй,73,3% (22) нь эрэмбэлэн ангилалын өнгөөр ялгах тогтолцоотой, 96,7% (29)  нь яаралтай тусламжийн ажлын хэсэгтэй,83,3% (25) нь онцгой байдлын бэлэн байдлын сургалт хийдэг хэдий ч 53,3% нь санхүүжилт олгодоггүй, 33,3%  нь гамшгийн үед байгууллага орхин гарах төлөвлөгөө байхгүй, 43,3% нь эмх замбараагүй байдлыг зохицуулах тусгай хамгаалалтын ажилтан байхгүй,43,3% (13) нь явуулын эмнэлэг дэлгэх  нөөц байхгүй байна. Гал унтраах сургалт хийдэг эсэхийг бэлтгэл сургалтанд санхүүжилт олгодог эсэхтэй харицуулж үзэхэд сургалт хийдэг хэдий ч санхүүжилт олгодоггүй байна.(chi square 2,058а).
•    Судалгаанд хамрагдсан 2,3-р шатлалын эрүүл мэндийн байгууллагуудын багаж тоног төхөөрөмжийн нөөцийн хангалт муу байна.Тухайлбал: 10%(3) нь дамнуургагүй,20%(6)   нь тэргэнцэргүй, 10% (3) нь амбугүй, 33,4 %(20)  нь тээвэрлэлтийн чиг шиний хангалт муу, 23,3% (7) нь нөөцийн ор байхгүй, 53,3% (16) нь цус цусан бүтээгдэхүүний нөөц огт байхгүй байна.

Хэлцэмж :

Бидний судалгаагаар Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын  43,3% нь 40-өөс дээш жил ашиглагдсан, 33,3% нь хот суурин газартай гүүрээр холбогдсон ,100%  усны нөөцгүй ,26,7%  цахилгааны нэмэлт эх үүсвэргүй, 36,7%(11) нь мэс заслын хагалгааны зориулалтын өрөөгүй эм,эмнэлгийн багаж тоног төхөөрөмжийн нөөц  хангалтгүй  байгаа зэрэг хүчин зүйлийн улмаас газар хөдлөлтийн үед иргэдэд учирах  хор хөнөөлийг нэмэгдүүлэх нөхцлийг бүрдүүлж байна.
Иймээс  Эрүүл мэндийн байгууллагуудын барилгын насжилт өндөр, зориулалтын бус барилгад үйл ажиллагаа явуулж байгаа байдал, хүрээлэн буй орчин болон эм,эмнэлгийн хэрэгслийн нөөц хангалтгүй байгаа зэрэг нь газар хөдлөлтийн гамшгийн улмаас иргэдэд учирч болзошгүй  хор уршгийг арилгах үйл ажиллагаанд сөрөгөөр нөлөөлөх нөхцөл болж буйг шийдвэр гаргагчдын анхааралд хүргэх шаардлага зүй ёсоор гарч байна.

Дүгнэлт :

1.    Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 2,3-р шатлалын эмнэлгүүдийн барилга нь аюулгүй эмнэлгийн  шаардлагад нийцэхгүй байгаа нь газар хөдлөлтийн гамшгийн үед учруулж болох эрсдэлийг нэмэгдүүлж байна.
2.    Судалгаанд хамрагдсан эрүүл мэндийн байгууллагуудын гамшгийн үед иргэдэд яаралтай тусламж үзүүлэх чадавхи болон эм эмнэлгийн хэрэгслийн нөөцийн хангалт муу байгаа зэрэг нь эрүүл мэндийн байгууллагуудын гамшгийн үед ажиллах бэлэнбайдал сул байгааг харуулж байна
 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1200
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК