Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2012, (53) 2012. N02(053)
УРАГИЙН ХӨГЖЛИЙН ҮЕ ДЭХ ТОЙГНЫ ҮЛЭМЖ БҮТЦИЙН СУДАЛГААНЫ ДҮНГЭЭС
( Судалгааны өгүүлэл )

Н.Энхээ1, Б.Дагданбазар1

1-“Ач” АУДС, Морфологийн тэнхим

 
Абстракт

Бид “Урагийн хөгжлийн үе дэх тойгны үлэмж болон бичил бүтцийн судалгаа” сэдэвт ажлын хүрээнд тойгны үлэмж бүтцийг авч үзлээ.
Бид монгол хүний тойгны үлэмж болон бичил бүтцийг урагийн хөгжлийн эрт, хожуу, гүйцэд үеүүдэд судлах бөгөөд энэ судалгаа нь цаашид энэ талаар хийгдэх онолын суурь судалгааны болон монгол хүний тойгны бүтцийн онцлогийг мэдэх чухал  ач холбогдолтой байж болох юм.  
 

Удиртгал
Монгол хүний тойгны бүтцийн талаар Л.Аня 2002 нарын “Хүний зарим хэмт ясны бүтэц, судасжилтийг судалсан нь” бүтээлд хүний тойгны яс нь гадуураа хуулдсаар бүрээстэй бүхэлдээ хэмт, өнчин ясны төрөлд хамаарагдахаар бүтэц байна гээд насны тодорхой ангилал бүрд хүний тойгонд морфометрийн хэмжилтүүдийг хийж дундаж үзүүлэлтүүдийг гаргасан байна.
Хүний тойг нь насны онцлогоос шалтгаалан нас тус бүрд хөгжил нь ялгаатай (Л.К.Семенова 1956) бөгөөд үений бэхлэх аппаратын бүрэлдэхүүнд орж доод мөчний хөдөлгөөнд чухал үүргийг гүйцэтгэдэг гэжээ.
Хүний тойгны эмгэг нь гэмтлийн практикт өргөн тохиолддог бөгөөд тойгны гэмтлийн төрөл, хэмжээ, түүнээс шалтгаалсан үйл ажиллагааны алдагдлыг судалсан бүтээл нэлээд элбэг  З.С.Миронова 1962 A.B.Кириленко бусад, 1989, В.Кузьменко бусад 1995, С.Г.Гиршин бусад 2000 байна.
В.М. Маркушев (1955), Х.Ф. Файзиев (1960), Г.П. Подрушняк (1972), И.Г. Лагунов (1981), P.S. Walker (2001) зэрэг эрдэмтэд тойгны бүтэц, үүргийг судалж бүтээлдээ дурьдсан байна.
Бидний энэхүү хэмт ясны үлэмж ба бичил бүтцийг судлах асуудал онол практикийн чухал ач холбогдолтой юм. Онолын хувьд монгол хүний тойгны ясны хөгжлийг урагийн хөгжлийн үетэй харьцуулан гаргах бөгөөд практикийн хувьд юуны өмнө урагийн хөгжлийн гажгийг тогтоох, мэс засал, гэмтэл судлалын практикт эмгэгийн шалтгааныг тайлбарлах болон эмчилгээний аргыг боловсруулахад нэмэртэй болох ба бидний судлан гаргасан үлэмж болон бичил хэмжилтүүд нь сургалтын практикт мэдээллийг баяжуулж, үзүүлэн таниулах материалын санг арвижуулах юм. Мөн хүний биеийн бүтэц судлалд анх удаа урагийн тойгны үлэмж болон бичил бүтцийг урагийн хөгжлийн тодорхой үеүүдтэй харьцуулан судалж тогтоосон бөгөөд монгол хүний анатомийн суурь мэдээлэлд бодит хувь нэмэр оруулах болов уу хэмээн найднам.

Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга аргачлал
Бид судалгааны материалаа Хууль зүй дотоод хэргийн яамны харъяа Шүүх шинжилгээний үндэсний төв, ЭНЭШТ, ЭМШУИС-ийн Анатомийн тэнхимийн судалгааны лаборатори-сургалтын баазын материалд хадгалагдаж байсан, ёс зүйн хорооны зөвшөөрлийг авсан урагаас тойгийг авч “Ач” АУДС-ийн Морфологийн тэнхим /эрхлэгч Анагаахын Шинжлэх Ухааны доктор, профессор  Б.Дагданбазар/-ийн эд судлалын материаллаг бааз дээр түшиглэн явуулж байна.
Бид судалгаанд хамруулах урагийн эхийн хэвлийд амьдарсан хугацааг олохдоо:
1.    Газын томъёо:            25 см хүртэл урттай бол квадрат язгуур гаргана                25 см-ээс урт бол 5-д хуваана:
2.    Вольтазерын томъёо:     t=( биеийн урт х 5.6)/ 28 гэсэн аргуудаар тодорхойлно.  
Морфометрийн арга:
Бид судалгааг явуулахдаа В.В. Бунак (1941), А.И.Абрикосов (1936), Г.Г.Автандилов (1990  нарын хэмжил зүйн аргыг хэрэглэн судалгаанд авсан тойгны урт (хэвтээ тэнхлэгийн дагуу баруун, зүүн үзүүрийн хоорондох зайг), өргөн (дээд, доод ирмэг хоорондын зайд), зузаан (урд, хойд гадаргуугийн хамгийн өндөр цэгийн хоорондох зайд) болон жинг хэмжиж, урагийн хөгжлийн эрт, хожуу, гүйцэд үе шатан дахь тойгны үлэмж бүтцийн хэмжээг тогтоолоо.
Статистик боловсруулалтын арга:  
Бид судалгааныхаа ажлын материалын тоон үзүүлэлтийн арифметик дундаж, стандарт хазайлт, тоон үзүүлэлтийн дээд, доод утга зэргийг SPSS 17 дээр статистик программаар тооцоолон гаргасан.

Судалгааны үр дүн

Хүснэгт 1.
Урагийн хөгжлийн эрт үеийн тойгны морфометр хэмжилтийн
статистик үзүүлэлт

Эдгээрээс харахад бидний судалгаагаар урагийн хөгжлийн эрт үеийн тойгны уртын дундаж 6.97±1.62мм, өргөн нь 5.09±1.13мм, зузаан нь 1.86±0.54мм, жин нь 0.22±0.10г байна. Мөн урагийн хөгжлийн эрт үеийн тойгны уртын хамгийн бага утга 4.50мм, хамгийн их нь 9.50мм, өргөнийх нь хамгийн бага утга 3.00мм, хамгийн их нь 6.50мм, зузааны хамгийн бага утга 1.00мм, хамгийн их нь 3.00мм бол жингийн хамгийн бага утга 0.03г, хамгийн их нь 0.35г байна.
Хүснэгт2.
Урагийн хөгжлийн хожуу үеийн тойгны морфометр хэмжилтийн
статистик үзүүлэлт

Эдгээрээс харахад бидний судалгаагаар урагийн хөгжлийн хожуу үеийн тойгны уртын дундаж 10.52±1.18мм, өргөн нь 7.84±1.28мм, зузаан нь 3.73±0.75мм, жин нь 0.59±0.20г байна. Урагийн хөгжлийн хожуу үеийн тойгны уртын хамгийн бага утга 9.50мм, хамгийн их нь 13.00мм, өргөнийх нь хамгийн бага утга 6.00мм, хамгийн их нь 10.00мм, зузааны хамгийн бага утга 3.00мм, хамгийн их нь 5.00мм бол жингийн хамгийн бага утга 0.36г, хамгийн их нь 1.10г байна.

Хүснэгт3.
Урагийн хөгжлийн гүйцэд үеийн тойгны морфометр хэмжилтийн
статистик үзүүлэлт

Эдгээрээс харахад бидний судалгаагаар урагийн хөгжлийн гүйцэд үеийн тойгны уртын дундаж 16.05±1.49мм, өргөн нь 13.37±1.49мм, зузаан нь 7.12±2.35мм, жин нь 1.73±0.30г байна. Урагийн хөгжлийн гүйцэд үеийн тойгны уртын хамгийн бага утга 14.00мм, хамгийн их нь 17.50мм, өргөнийх нь хамгийн бага утга 11.50мм, хамгийн их нь 15.00мм, зузааны хамгийн бага утга 5.50мм, хамгийн их нь 10.50мм бол жингийн хамгийн бага утга 1.39г, хамгийн их нь 2.11г байна.

Хэлцэмж:
Л.Аня нар (2002) хүний тойг  нь 1-3 насанд (хүүхдэд) дан мөгөөрс байх бөгөөд 6-7 насанд тойгны ясжилт эрчимтэй явагдаж нягт болон хэмт эд нь ялгарч урт (өндөр) нь 13.5±1.7мм, суурийн зузаан нь  2.0±0.9мм, их биеийн зузаан нь 7.0±1.2мм, оройн зузаан нь  1.2±0.6мм байхад 8 настай хүүхдийн тойгны ясны урт 27.1±0.5мм, суурийн зузаан  3.0±0.8мм, их биеийн зузаан  11.3±1.0мм, оройн зузаан  2.3±0.6мм байлаа. 10 насанд хүний тойг  жинхэнэ хэлбэрээ олж нягт болон химт хэсгүүд нь бүрэн ялгарсан байна, урт нь 29.0±1.8мм, суурийн зузаан  6.5±1.1мм, их биеийн зузаан  14.0±0.9мм, оройн зузаан  3.0±0.6мм болж насанд хүрсэн хүний тойгтой адилхан болдог  байна гэжээ.  
Бидний судалгаанаас харахад тойгны хөгжил нь урагийн хөгжлийн гүйцэд үед илүү эрчимтэй явагддаг бөгөөд үүнээс хойш 6-7 нас хүртэл эдийн бүтцийн өөрчлөлт (мөгөөрс нь ясны хэмт эдээр солигдох) явагддаг нь Л.Аня нарын судалгааны үр дүнтэй тохирч байна.
    И.И.Новиков (1968, 1983) арай өөр байдлаар буюу, хэмт ясны ясан таславчинд остеоны зохион байгуулалт ажиглагдлаа хэмээн дурьдсан байна.

Дүгнэлт:
1.    Урагийн тойгны ясны урт нь урагийн хөгжлийн эрт үед 6.97±1.62мм, хожуу үед 10.52±1.18мм, гүйцэд үед 16.05±1.49мм байна, өргөн нь урагийн хөгжлийн эрт үед 5.09±1.13мм, хожуу үед 7.84±1.28мм, гүйцэд үед 13.37±1.49мм байна, зузаан нь урагийн хөгжлийн эрт үед 1.86±0.54мм, хожуу үед 3.73±0.75мм, гүйцэд үед 7.12±2.35мм болж өсдөг байна.
2.    Урагийн тойгны ясны жин нь урагийн хөгжлийн эрт үед 0.22±010г, хожуу үед 0.59±0.20г, гүйцэд үед 1.73±0.30г болж сүүлийн сардаа эрчимтэй өсдөг нь тогтоогдлоо.
 

Ном зүй

1. “Большая Медицинская Энциклопедия” глав.ред.Б.В.Петровский, М.,”Сов.энциклопедия”,
2. Борзяк.Э.И., Богаров.В.Я. и др., “Анатомия человека”
3. Л.Аня., “Хүний зарим хэмт ясны бүтэц, судасжилтыг судалсан нь” –анагаах ухааны докторын зэрэг горилж бичсэн нэг сэдэвт зохиол, УБ.2002
4. Д.Амгаланбаатар, Онолбаатар М. , Б.Дагданбазар, Ч.Бурмаа, С.Энэбиш, С.Түндэврэнцэн, Н.Батсайхан, А.Авирмэд “Хүний биеийн бүтэц зүйн лекц” УБ 2007
5. Амгаланбаатар Д, Дагданбазар Б нарын “Хүний биеийн эрүүл анатоми” УБ 2008
6. Cooper R., Milgram J., Robinson R. Morphology of the osteon. In: The journal of bone and joint surgery, 1966, №7, p.22-28
7. Hancox N. Biology of the bone, Cambridge, 1972.
8. www.technologyreview.com/biomedicine/
9. www.medicineNET.com
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 512
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК