Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Нүд Судлалын Монголын Сэтгүүл , 2013, 1(13)
Редакцийн зурвас
( Редакцийн зурвас )

МУ-н Ардын эмч, АУ-ы доктор,Профессор Э.Санжаа

 

Манай уудам эх орны төв, хөдөө орон нутагт амьдран сууж, хүн амынхаа эрүүл мэнд түүний дотор нүдний хараа хамгаалах их үйлст чин сэтгэлээр хандан энэрэнгүй буянт үйлс бүтээж байгаа эмч, сувилагч, хараа зүйч, техник ажилтан та бүхэнд ирж байгаа 17 жарны Тийн ялгуулсан хэмээх усан могой жилийн билэгтэй ерөөлийг дэвшүүлэн мэндчилж байна. Би 70 нас хүрч, намайг дайрч өнгөрсөн, миний хөл алдан байж туулж өнгөрүүлсэн нэгэн жараныг би асар их баяр баясгалантай ч, хөнгөн гунигтай мэдэрч байдаг билээ. Түүхт байдлыг биеэр үзэж зүтгэсэн гэрчийн хувьд мэргэжлийнхээ түүхийг үнэн зөвөөр тодорхойлж хойч үедээ үлдээх үүрэг ноогдож байна. Хүмүүний амьдрал олон арваад (декад) жилд хамаардаг боловч түүний дотор 25-45 нас бол ихэнх хүмүүст бүтээл туурвилын оргил үе байдаг.

Манай нийгмийн хөгжлийн явцтай дүйж, энэхүү үе шатанд тулгуурлан үзэхэд нүдний тусламжийн албыг нэгдүгээр үе 1947-1960, хоёрдугаар үе 1960- 1970 онууд, гуравдугаар үе буюу 1980-1990ээд онууд, дөрөвдүгээр үе 21 зуун хамаарагдана. Энэ арвин их түүхт хугацаанд нүдний өвчтөнд тусламж үзүүлэх албанд нөр их хөдөлмөрөө зориулсан хүмүүс, өөрийн өнгөрүүлсэн үе үедээ, эрүүл мэндийн байгууллагын тэргүүний салбарт хамаарагдаж байсан нь он дарааллын бичгээр тодорхойлогддог юм. Нүдний салбарын хөгжлийн нэг, хоёрдугаар үеүдэд хамаарах хүмүүст бие дааж мэргэжлээ эзэмшихийн (номоор суралцах) зэрэгцээ, залуу хойч үеийнхээ мэргэжилтэнг хүмүүнлэг, өндөр боловсролтой уламжлалт ёс зүйг дээдлэгч, жинхэнэ эмч болгон хүмүүжүүлэх, эрүүл мэндийн албыг зохион байгуулах, хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх(соёлын довтолгоо) зэрэг төрөл бүрийн албанд зүтгэж байлаа. Энэ үе шатанд мэргэжлийн олон салбарууд төв, хөдөөд нээгдэн идэвхтэй ажиллаж ирсний дээр ЗХУ-н эм, эмнэлгийн багаж төхөөрөмжөөр хангагдаж, тухайн түвшингийн ололт амжилтуудыг практикт нэвтрүүлж байсан нь тэр үеийн мэргэжилтнүүдийн томоохон ололт амжилт байлаа. Гэвч мэргэжлийн хүний ихэнх нь хөгжлийн 3-р үеийн эхэн хүртэл орчин үеийн компьютер техник, бичил мэс заслын төрөл бүрийн аппарат тоног төхөөрөмж дээр хангалттай ажиллаж, мэргэжлийнхээ таашаалыг хүртэж чадаагүй гавьяаныхаа амралтанд гарсан явдалд ахмад мэргэжилтэн багшийн хувьд би харамсаж явдаг юм. Гуравдугаар үеийн шинжлэх ухаан, техникийн онцлог нь хүн судлалын хувьд генетик, эс судлал, иммунологийн түвшинд хүрч, хими, физик, техникийн шинжлэх ухаанд шинэ эргэлт гарч, бидний өмнө эмчилгээний шинэ технологийг эзэмших, томоохон зорилт тавигдаж байсан. Энэ үед нүдний эмнэлгүүд төрөлжин хөгжих эхлэл тавигдаж (бичил мэс засал, нейроофтальмолог, рефракцийн мэс засал, торлог шилэнцэрийн мэс засал, хараа зүйн салбар) онол практикийн хувьд ч шинэ дэвшил гарсан. Хөгжлийн 3-р үед хүний нөөц, техник технологийн талаар шинэ мэдлэгээр баяжиж, онош эмчилгээний талаар туршлага хуримтлуулсан онцгой үе байлаа. Манай орон зах зээлийн харилцаанд шилжин гадаад болон дотоодын хүрээнд шинэ харилцаа үүсэж дэвшил гарсан боловч хүмүүсийн итгэл, хүндлэл, нэгдмэл байх уламжилт ёс журамд ч сөрөг нөлөө илрэх болсон. Цаашдаа мэргэжлийн нягт нэгдмэл үйл ажиллагааг хөгжүүлэх нь чухал байна. Гуравдугаар үеийн мэргэжилтнүүдэд оногдож байгаа томоохон үүрэг хариуцлага нь ёс суртахууны цоо шинэ хүмүүжилтэй хүнлэг энэрэнгүй эмч ба эмнэлгийн ажилтныг бэлтгэхэд оршино. Дөрөвдүгээр үеийн мэргэжилтнүүд маань мэдээллийн болон техникийн шинэ эрин зуун, анагаах ухааны хувьд, эс судлалын хүрээнээс хальж, молекул-биологийн түвшин, амин хүчлийн гинжин хэлхээнд хүрч, физикийн шинжлэх ухаан нь квантын систем гэх мэт задлан шинжилгээний өндөр түвшинд хүрсэн өнөө үед хөгжил дэвшилийн хурдацийг гүйцэхгүй хүмүүс ганц нэгээрээ бие даан ажиллах боломжгүй болжээ. Иймээс бидний сайн мэдэх Н.С.Федоровын шинэ идей буюу сэтгэлгээний загварчлал (М.Н.Т.К мик.хир.глаза – салбар дундын шинжлэх ухаан техникийн нэгдэл) гэсэн томъёолол нэгийг сануулна. Шинэ зууны мэргэжилтэн нь гадаад хэлийг гарамгай эзэмшсэн, өндөр боловсролтой,ажилч хичээнгүй, хүний эрхэм чанартай эмч болох сайхан нөхцөл бүрдэж байгаад баяртай байдгийн зэрэгцээ өөрийгөө зөв үнэлж, сөрөг чанараа үргэлж мэдэрч, түүнээс зайлсхийж байх нь шинэ хүмүүний онцлог юм.

Монголын нүд судлалын сэтгүүл 13 дах удаагаа гарч, өөрийнхөө үүрэг зорилгоо биелүүлсээр ирлээ. Сэтгүүлийн бүтэц, хөгжлийн талаар бусад орны нүд судлалын сэтгүүлийн агуулга, цар хүрээнд хүрэхийн тулд цаашид чанаржуулах шаардлагатай юм. Сэтгүүлийнхээ бүтэц агуулгыг сайжруулахын тулд өөрийн орны материал дээр үндэслэсэн судалгааны ажлыг олшруулах нь зүйтэй байна. Жишээ нь өөрийн орны нүдний өвчний тархалтыг орон нутгийн онцлог байдалтай харьцуулан судлах, 1 ба 2 нүдний сохролын статистик болон шалтгаан зүйг олон улсын ангилалын түвшинд судлах нь суурь судалгаа бөгөөд ийм судалгаанд орчин үеийн өндөр техник технологи шаардахгүй, зөвхөн бидний санаачлага, хөдөлмөр дутсанаас ийм энгийн бөгөөд чухал судалгаа, нотолгоо хараахан буй болж чадаагүй байна. Сэтгүүл гаргахад хичнээн хүндрэлтэй (судалгааны материал, санхүү эдийн засгийн байдал, мэргэжилтнүүдийн санаачлага) байгаа боловч нэг ч дугаар тасалдаагүйн дээр судалгааны өндөр түвшинд бичигдсэн практик ач холбогдолтой рефератууд бичигдэж байгаа нь бас ч гэж олзуурхууштай хэрэг юм. Монгол оронд гарч байгаа анагаахын мэргэжлийн сэтгүүлүүдтэй нягт холбогдон онц хэрэгтэй материалуудыг солилцож, нийтлэж байх нь уншигчдад илүү ашигтай. Мөн сувилагч буюу эмчийн туслагчийн орчин үеийн агуулга эрс өөрчлөгдөж, эмчилгээний болон техник шинжилгээний аргуудыг эзэмших шаардлагатай учир дунд мэргэжлийн хүмүүст зориулсан буланг нээх. Нүд судлалын мэргэжлээр зэрэг дэв авах (баклавр, магистр, доктор) нар судалгааныхаа ажлын цуврал хэсгүүдийг 3-4 удаа хэвлүүлсэн байх шаардлагатай.

Нүдний эмнэлгийн салбарт ажиллаж байгаа нийт хүмүүстээ эрүүл энх, сайн сайхан, ажлын амжилтыг хүсэн ерөөе.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 341
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК