Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2012, (53) 2012. N02(053)
ШИНЭЭР ОНОШЛОГДСОН ЧИХРИЙН ШИЖИН ХЭВ ШИНЖ 2-ТОЙ ХҮМҮҮСИЙН ЗАН ҮЙЛИЙН ЭРСДЭЛТ ХҮЧИН ЗҮЙЛС, БОДИСЫН СОЛИЛЦООНЫ ҮЗҮҮЛЭЛТИЙГ СУДАЛСАН НЬ
( Судалгааны өгүүлэл )


Я.Энхжаргал1 Б.Батзориг2,  П.Нарангэрэл1, Ш.Бүжинлхам 1,Д.Дорждэрэм1 С.Сэргэлэнчимэг1  Д.Цэрэндагва1,Х.Алтайсайхан 3

1ЭМШУИС-ийн ЭМТС,
 2ЭМШУИС-ийн НЭМС
3 Фижигийн АУИС

 
Абстракт

Чихрийн шижингийн тархалт хурдацтай нэмэгдэж өвчлөл нас баралтаараа  дэлхий дээр зүрх судас, хорт хавдрын дараа орж байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна. Олон улсын чихрийн шижингийн холбооны мэдээгээр  дэлхий дахинаа 248 сая гаруй хүн чихрийн шижингээр өвчлөөд байгаа бөгөөд талаас илүү хувь нь 20-60 насныханд тохиолдох магадлалтай байна 1 Чихрийн шижингийн нийт тохиолдолын 90 хувийг Чихрийн шижин хэвшинж 2 эзэлдэг. Чихрийн шижин хэвшинж 2 бүхий хүмүүст зүрх судасны эмгэгээр өвчлөх эрсдэл 2-4 дахин өндөр, нас баралтын 80%-ийг нөхцөлдүүлж байна.2,3Нийгэм эдийн засгийн өөрчлөлт, хотжилттой холбоотойгоор  чихрийн шижин хэв шинж 2-ын  тархалт хурдацтайгаар нэмэгдэж байна. Чихрийн шижингийн тархалт  1999 онд эрэгтэйчүүдийн дунд 2.4%, эмэгтэйчүүдийн дунд 3.1%, глюкозын ачаалалт сорилын өөрчлөлт 9% байсан3 Монгол улсад 2009 онд хийгдсэн халдварт бус архаг өвчлөлийн  хоёр дахь удаагийн үндэсний судалгаагаар чихрийн шижин 6,5%, өлөн үеийн глюкозын өөрчлөлт 9,5% байна. 4
 

ЗОРИЛГО
Шинээр оношлогдсон чихрийн шижин хэв шинж 2-той хүмүүсийн зан үйлийн эрсдэлт хүчин зүйлс, бодисын солилцооны үзүүлэлттэй холбон   судлахад оршино.

СУДАЛГААНЫ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН, АРГА ЗҮЙ

Судалгааг 2011 оны 5-10 саруудад Диабетийн төв болон Улаанбаатар хотын  I ба II шатлалын эмнэлгүүдийг түшиглэн нэг агшингийн дискриптив судалгааны загвараар  явуулав. Чихрийн шижин хэв шинж 2-оор   2011 оны 5-8–р саруудад шинээр оношлогдсон, Улаанбаатар хотын (Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул) Эрүүл мэндийн нэгдлүүдийн  булчирхайн  эмчид  хянагдаж, бүртгэлд хамрагдсан  үйлчлүүлэгчдээс судалгаанд оруулах болон хасах  шалгуураар  сонгосон.
Судалгаанаас хассан шалгуур: Жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүд, 64-с дээш насны, хөгжлийн бэрхшээлтэй болон  эмзэг бүлгийн хүмүүс (цэрэг цагдаа, оюутан, хоригдол)  бусад эрхтэн системийн хүндрэл (элэг, бөөрний дутагдал, хоол боловсруулах замын эмгэгтэй), Чихрийн шижингийн хожуу үеийн хүндрэлтэй (нүдний, бөөрний хөлийн, зүрхний шигдээс).
Мэдээ мэдээлэл цуглуулсан арга: Судалгаанд  сонгогдсон үйлчлүүлэгчдэд  тусгай боловсруулсан ОУ-ын стандарт    асуумжуудыг ашигласан. Антропометрийн хэмжилт, бодит үзлэг (Биеийн өндөр (см),  Биеийн жин (кг), Систолын  даралт (мм муб), Диастолын даралт(мм муб),   Бүсэлхийн тойрог - (см) Биеийн өөхний эзлэх хувь-( %) –ийг хэмжсэн. Лабораторийн шинжилгээнд HbA1C-ийн түвшин (%), ИНЛП  (ммол/л), БНЛП (ммол/л), Нийт холестрин (ммол/л),  Триглицерид (ммол/л), Захын цусан дах өлөн үеийн глюкоз (ммол/л ) тус тус үнэлсэн. Биеийн жингийн индекс, бүсэлхийн тойргийн хэмжээг ДЭМБ-ын 1999 оны аргачлалаар үнэлсэн.


Антропометрийн хэмжилт ба хэрэглэгдсэн багаж хэрэгсэл
Бид судалгаандаа биеийн ус агуулсан ба агуулаагүй хэсгээр електрон хурд дамжин өнгөрөх давтамжид үндэслэн биеийн өөхний эзлэх хувийг хэмжигч  БНСУ-д үйлдвэрлэсэн Vivente аппаратыг ашиглан    үйлчлүүлэгчдийг 100 гp хүртэлх нимгэн хувцастай  хэмжсэн.
Биеийн өндөр- Стандарт хамжилзүйн төвөөр баталгаажсан өндөр хэмжигчийг хөлийн өсгий, өгзөг далыг нэг түвшинд байрлуулан хэмжилт хийсэн.
Бүсэлхийн тойрог- Ариутгаж болохуйц хулдаасан туузан метрээр  хэмжсэн.  Судалгаанд хамрагдагсдыг хэвийн амьсгалуулан  зогсоож хавирганы доод ирмэг, ташаан толгойн хооронд тааруулан хэмжинэ. Судлуулагчийн хэвлий том унжсан тохиолдолд хүйсийг тааруулан хэмжилт хийсэн.
Цусны даралт – Судалгаанд хамрагдагсдыг цай, хоол, кофе зэргийг хэрэглэсэн эсэхийг асууж, хэрэв хэрэглэсэн болон гаднаас орж ирсэн бол 15 минут  тайван суулгасны дараа   баруун гарын бугалганд OMRON model M5 автомат даралт хэмжигчээр  2-3 удаа хэмжилт хийн дундаж үзүүлэлтийг авсан.

Лабораторийн шинжилгээ:
Бельги улсад үйлдвэрлэсэн Clindiag FA -300 бихимийн бүрэн автомат анализатороор ХБНГУ-ын Diasys бүрэн автомат анализаторийн хагас шингэн оношлуурын ашиглан  Глюкозжсон гемоглобин буюу HbA1C, нийт холестрин, ИНЛП (HDL), БНЛП (LDL) триглицеридийг плазмын цусанд  тодорхойлсон.
 Захын цусан дах  глюкозыг тодорхойлохдоо  өвчтөнийг өлөн үед захын цусны сахарыг  Герман улсад үйлдвэрлэсэн Accu-chek  active сахар хэмжих аппаратаар  хэмжсэн.
 ЭМЯ-ны Анагаах Ухааны Ёс зүйн Хяналтын хороогоор хэлэлцүүлж судалгаа хийх зөвшөөрөл авсан, таниулсан зөвшөөрлийн хуудсан дээр гарын үсэг зурж  баталгаажуулсан тохиолдолд судалгаанд хамруулсан.
Статистик боловсруулалт
Судалгааны мэдээлэл боловсруулалтыг SPSS 16 программ ашиглан боловсруулсан. Үзүүлэлтүүдийн хоорондын ялгааг тооцоход хувиар илэрхийлэгдсэн хувьсууруудад Пирсоны хи квадрат, дундажийн ялгааг олохдоо Т тест , аргуудыг тус тус тооцсон ба p утга 0,05-аас бага байх тохиолдолд ялгааг статистик үнэн магадлалтай гэж үзсэн.


ҮР ДҮН, ХЭЛЦЭМЖ
Шинээр оношлогдсон 23-64 насны эрэгтэй 43,6%, (65) эмэгтэй 56,7% (85) үйлчлүүлэгч хамрагдсан. (Хүснэгт1) Үйлчлүүлэгчдийн 39,3% нь чихрийн шижингийн удмын анамнезтай байсан.
 

Судалгаанд хамрагдагсдын антропометрийн  үзүүлэлтүүдийг Монгол улсын ХБӨ-ний эрсдлийн түвшин тогтоох шаталсан судалгааны үзүүлэлтүүдтэй харьцуулахад бидний судалгааны үзүүлэлт өндөр байна.  (Хүснэгт 2)

Хүснэгт 2. Судалгаанд хамрагдагсдын антропометрийн үзүүлэлтүүд

Судалгаанд хамрагдагсдын биеийн жингийн индеск нийт тохиолдлын 85,7%-д, бүсэлхийн тойргийн хэмжээ нийт тохиолдлын 84,2% -д, хэвийн хэмжээнээс ихэсссэн бөгөөд төвийн таргалалт эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс 9,5%-аар   илүү тархалтай, (p<0.001 ), мөн эмэгтэйчүүдэд артерийн даралтын хэмжээ 9,3%-аар  өндөр байсан нь бидний судалгаагаар тогтоогдсон. (p<0.01)

Хүснэгт 3. Бодисын солилцооны үзүүлэлтүүд

Монгол улсын чихрийн шижин  хэв шинж 2-ын эмнэлзүйн удирдамжид заагдсан  хяналтын  зорилтот   үзүүлэлттэй харьцуулж авч үзэхэд БНЛП –ийн хэмжээ 77%-д өндөр, өлөн үеийн  захын цусан дах глюкоз, НВА1С-ийн нийт хүмүүсийн 94%-д хэвийн хэмжээнээс  өндөр байгаа нь шинээр оношлогдсон хүмүүсийн чихрийн шижингийн архаг хүндрэлийн эрсдэл өндөр байна.  Бидний судалгаанд хамрагдагсдын 59,4%-д  триглицеридын хэмжээ ихэсч, ИНЛП-ийн хэмжээ судалгаанд хамрагдагсдын 12%-д
буурсан байсан.

ОУ-ын хөдөлгөөний идэвхийг үнэлэх асуумжаар сүүлийн 7 хоногт  их болон дунд зэргийн хөдөлгөөн шаардсан хөдөлгөөн хийсэн байдлыг үнэлэхэд нийт оролцогсдын 87,6% нь ямар нэг хөдөлгөөн хийгээгүй болон хөдөлгөөн хийсэн хүмүүсийн 56% нь өдөрт нэг удаадаа 10 минутаас ихгүй хугацаагаар хөдөлгөөн хийсэн байгаа нь жингийн илүүдэлд хүргэх гол эрсдэл гэж үзлээ.  Хөдөлгөөний  идэвх эрэгтэй эмэгтэй хүйсээс хамааралгүй байна.( p=0,0683)

ДҮГНЭЛТ
1.    Шинээр оношлогдсон чихрийн шижин хэв шинж 2-той хүмүүсийн  чихрийн шижингээр өвчлөх гол эрсдэлт хүчин зүйлст хөдөлгөөний дутагдал, таргалалт гол эрсдэл болж байна.
2.    Шинээр оношлогдсон чихрийн шижин хэв шинж 2-той хүмүүсийн бүсэлхийн тойргийн хэмжээ биед агуулагдах өөхний хувиас шууд хамааралтай байна. (p<0.05 )
3.    Шинээр оношлогдсон хүмүүсийн чихрийн шижингийн архаг хүндрэлийн эрсдэл өндөр байна

 

Ном зүй

1. International Diabetes Federation Diabetes atlas prevalence estimates of diabetes mellitus.2010;11-12
2. Mensing C,Boucher J, cypress M Weinger K, Mulcahy K,Barta P National standarts for diabetes self-management education. Diabetes care 2005;28:72-9
3. Clinical guideline for type 2 diabetes 2010;4-5 ( in Mongolia)
4. Mongolian STEPS Survey on the Prevalence of Noncommunicable Disease Risk Factors 2006
5. Acik Y, Bulut HY, Gulbayrak C, Ardicoglu O, Ilhan N (2004). Effectiveness of a diabeteseducation and intervention program on blood glucose control for patients with type 2 diabetes in a Turkish community. The Southeast Asian journal of tropical medicine and public health 2004;35(4):1012-1018.
6. Adolfsson ET, Walker Engstrцm ML, Smide B, Wikblad K Patient education in type 2 diabetes: a randomized controlled 1-year follow-up study. Diabetes Research and Clinical Practice 2007;76(3):341-350.
7. Anderson RM, Funnell MM, Nwankwo R, Gillard ML, Oh M, Fitzgerald JT
Evaluating a problem-based empowerment program for African Americans with diabetes:results of a randomized controlled trial. Ethnicity & Disease 2005;15(4):671-678.
Balas EA, Krishna S, Kretschmer RA, Cheek TR, Lobach DF, Boren SA Computerized knowledge management in diabetes care. Medical Care 2004;42(6):610-621.
8. Ellis SE, Speroff T, Dittus RS, Brown A, Pichert JW, Elasy TA Diabetes patient education: a meta-analysis and meta-regression. Patient Education & Counseling 2004;52(1):97-105.
9. Norris SL, Lau J, Smith SJ, Schmid CH, Engelgau MM . Self-management education for adults with type 2 diabetes: a meta-analysis of the effect on glycemic control.Diabetes Care 2002;25(7):1159-1171.
10. T. Chas Skinner , Marian E. Carey , Sue Cradock , Heather Daly , Melanie J. Davies Yvonne Doherty , Simon Heller , Kamlesh Khunti , Lindsay Oliver Diabetes education and self-management for ongoing and newly Diagnosed , Process modelling of pilot study Patient Education and Counseling 2006;(64) 369–377
11. Wens J,Vermeire E, Hearnshaw H, Lindenmeyer A, Biot Y, Van Royen P interventions aiming at improving adherence to treatment recommendations in type 2 diabetes. A sub-analysis of a systematic review of randomised controlled trials.
Diabetes Research and Clinical Practice 2008;79:377-388.
12. Everett J, Kerr D. Nurse- led management of newly diagnosed type 2 diabetes . diabetes nurse 2008;2:12-21
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2073
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК