Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2012, (53) 2012. N02(053)
МУХАР ОЛГОЙН ЦОЧМОГ ҮРЭВСЛИЙН ҮҮСГЭГЧ, ТҮҮНИЙ АНТИБИОТИК МЭДРЭГ БАЙДЛЫГ СУДАЛСАН НЬ
( Судалгааны өгүүлэл )

Н.Насантуяа1 Н.Даваацэрэн2 Н.Баттуяа3

1ТТАХНЭ 2Этүгэн ДС.3ЭМШУИС

 
Абстракт

 Мухар олгойн цочмог үрэвсэл нь хэвлийн хөндийн яаралтай мэс заслын өвчнүүдийн дунд хамгийн элбэг /65-70%/ [1] тохиолддог эмгэг бөгөөд энэхүү өвчний улмаас хот хөдөөгийн янз бүрийн шатлалын эмнэлгүүдэд мэс засал эмчилгээ хийдэг. Гэвч сүүлийн үед энэ өвчний талаар хийсэн судалгаа хомс байгаа нь энэхүү судалгааны үндэслэл боллоо.
 Бидний судалгааны зорилго бол мухар олгойн цочмог үрэвслийн зонхилон тохиолдох үүсгэгч, үүсгэгчийн мэдрэг антибиотикийг судлах, хагалгааны дараа антибиотик эмчилгээний зохистой сонголт хийхэд дөхөм болох үзүүлэлтийг гаргах юм. 2006-2007 онд  ТТАХНЭмнэлгийн мэс заслын тасагт хэвтэн мухар олгойн цочмог үрэвслийн улмаас яаралтай хагалгаа хийлгэсэн 57 өвчтөнөөс таниулсан зөвшөөрөл авсны дагуу  судалгаанд хамруулан, санамсаргүй түүврийн аргаар проспектив судалгаа хийлээ. Мухар олгойн цочмог үрэвслийн  үүсгэгчдийг тодорхойлж үзэхэд, үүсгэгчдийн дийлэнх буюу 64,91%-ийг E.Coli эзлэж байсан бөгөөд E.Coli нь бидний практакт өргөн хэрэглэдэг пенициллины бүлгийн антибиотикуудад тэсвэртэй байв. Судалгаанд хамрагдсан нийт нянгийн 98,25% нь пенициллин, ампициллинд, 92,98% нь амоксациллинд, 59,65% нь левомицинд тэсвэртэй байлаа. Харин нийт нянгийн 84,21% нь гентамицинд, 98,25% нь цефазолинд, 100% клафоранд мэдрэг байна.
     Эндээс үзэхэд, мухар олгойн цочмог үрэвслийн хагалгааны дараа бактериологийн шинжилгээг хийж, антибиотик мэдрэг байдлыг тодорхойлон антибиотикийг хэрэглэх нь зохистой байна.
 

Удиртгал:
Манай оронд 2006 оны байдлаар 15192 хүн мухар олгойн үрэвслийн улмаас хагалгаа хийлгэсэн нь бүх мэс заслын өвчний  22,5%-ийг эзлэж,  уг өвчний улмаас 11 хүн нас баржээ [2].
Хагалгааны дараах идээт хүндрэлээс урьдчилан сэргийлэх гол арга хэмжээ нь антибиотик урьдчилан сэргийлэлт [3] бөгөөд манай оронд сүүлийн жилүүдэд мухар олгойн цочмог үрэвслийн үүсгэгч,  үүсгэгчийн мэдрэг антибиотикийн талаар хийсэн судалгаа хомс, практикт мухар олгойн цочмог үрэвслийн хагалгааны дараагаар антибиотикийг таамгаар хэрэглэж заншсан тал харагдаж байгаа нь мухар олгойн үрэвслийг зонхилон үүсгэх нянгууд болон тэдгээрийн мэдрэг антибиотикийг судлах үндэслэл болсон юм.  
Бид мухар олгойн цочмог үрэвслийг зонхилон үүсгэх эмгэг төрөгч нян, тэдгээрийн мэдрэг антибиотикийг судлан тодорхойлж, хагалгааны дараах эмчилгээг боловсронгуй болгоход дөхөм болох үзүүлэлт гаргах зорилго тавилаа.

Судалгааны хэрэглэгдэхүүн, арга зүй:
2006-2007 онд  ТТАХНЭмнэлгийн мэс заслын тасагт хэвтэн мухар олгойн цочмог үрэвслийн улмаас яаралтай хагалгаа хийлгэсэн 57 өвчтөнөөс таниулсан зөвшөөрөл авсны дагуу  судалгаанд хамруулан, санамсаргүй түүврийн аргаар проспектив судалгаа хийлээ.
Хагалгааны үед мэс заслаар авсан мухар олгойн уг хэсгийн хананаас арчдас авч бактериологи лабораторит илгээн, эмгэг төрөгч нянг тодорхойлон, үүсгэгчийн антибиотикт мэдрэг байдлыг судлав.
Судалгааны дүнг Microsoft Excel-2003, SPSS-10 программуудыг ашиглан статистик  боловсруулалт хийв.
 
Үр дүн:
Бидний судалгаанд ТТАХНЭ-ийн Ерөнхий мэс заслын тасагт хэвтэн мухар олгой авах хагалгаа хийлгэсэн 17-49 насны 33(58%) эмэгтэй, 24(42%) эрэгтэй нийт 57 өвчтөн  хамрагдсан. Нийт 57 өвчтөний 53(92,98%)д нь агаартан бактерийн ургалт илэрсэн ба 4(7%) д нь агаартан бактери ургаагүй. Гэвч нянгийн ургалтгүй 4 тохиолдлын хоёрт нь мухар олгой идээлж үрэвссэн, нэгд нь мухар олгой үхэжсэн, нөгөөд  нь  мухар олгой үхжиж цоорсон байв. Иймд дээрх тохиолдлуудын үед мухар олгойноос агаартан нян илрээгүй ч үрэвсэл  дан агааргүйтэн нянгаар үүсгэгдсэн байж болох талтай.
Мөн нийт өвчтний 4(7.0%)-д нь нянгийн ассоциаци илэрсэн бөгөөд Staphylococcus aureus илэрсэн 5 тохиолдлын 4 нь өөр бусад нянгуудтай, 1 нь Candida мөөгөнцөртэй  хавсран ургасан байлаа.  
Мухар олгойн цочмог үрэвслийн  үүсгэгчдийг тодорхойлж үзэхэд, үүсгэгчдийн дийлэнх буюу 64,91%-ийг E.Coli, 17,54%ийг Enterobacter, 8,77%ийг Staphylococcus aureus, 5,26%-ийг нь  Pseudomonas, 1,75%-д Citrobacter, 1,75% -д Proteus mirabilis илэрсэн болно.  Нийт 11 тохиолдолд Candida бусад нянтай  хавсран ургасан.
1-р хүснэгт: Бактериологийн шинжилгээний үзүүлэлтүүд

2-р хүснэгт: Мухар олгойн цочмог үрэвслийн  үүсгэгчдэд антибиотикуудын үйлчилсэн диаметрийн дунджаар хийсэн харьцуулалт:

E.Coli-оор үүсгэгдсэн мухар олгойн цочмог үрэвслийн үед нянгууд левомицинд тэсвэртэй байсан бол Enterobacter,  Staphylococcus aureus аар үүсгэгдсэн мухар олгойн цочмог үрэвслийн үед нянгууд левомицинд 80% мэдрэг байгаа нь идээт үрэвсэлт өвчний үед үүсгэгчийг тодорхойлж, үүсгэгчийн мэдрэг антибиотикийг сонгон хэрэглэх шаардлагатайг харуулж байна.

3-р хүснэгт:Судалгаанд сонгон хэрэглэсэн 8 антибиотик нянгуудад хэрхэн нөлөөлж буйг үзүүлбэл:

Судалгаанд хамрагдсан нийт нянгийн 98,25% нь пенициллин, ампициллинд, 92,98% нь амоксациллинд, 59,65% нь левомицинд тэсвэртэй байлаа.
Харин нийт нянгийн 84,21% нь гентамицинд, 98,25% нь цефазолинд, 100% клафоранд мэдрэг байна.

Хэлцэмж:
    Бидний хийсэн судалгаагаар мухар олгойн цочмог үрэвслийн эмгэг төрөгч нянгуудыг судлаж үзэхэд үүсгэгчдийн ихэнх нь буюу 64,91% нь E.Coli–оор үүсгэгдэж байгаа нь Мизуров Н.А нарын (1978) судалгаанд 58,3%[4], Stefan M Groetsch, Joseph M Shaugnessy нарын  (2002) судалгаанд [5] Гостищев В.К, Сажин В.П нарын (2002)[6] хамгийн их тохиолдох үүсгэгч E.Coli гэсэнтэй нийцэж байна.
Мөн Stefan M Groetsch, Joseph M Shaugnessy нарын  2002 оны судалгаанд мухар олгойн цочмог үрэвслийн үед E.Coli-ийн дараа элбэг тохиолдох эмгэгтөрөгч нян Enterococcus [5] гэж бичсэн нь бидний судалгааны үр дүн (Enterococcus 17,54% илэрсэн)-тэй ойролцоо байна.

Дүгнэлт:
1.МОЦҮ-ийн үүсгэгч эмгэг төрөгч нянгуудыг  судлаж үзэхэд үүсгэгчийн ихэнх нь буюу 64,91% нь E.Coli –оор үүсгэгдэж байна.
2.E.Coli–ийн мэдрэг антибиотик нь Клафоран, Цефазолин, Гентамицин байна. Харин Enterobacter болон Staphylococc–оор үүсгэгдсэн үед нянгууд  Клафоран, Цефазолин, Гентамицинээс гадна хлорамфениколд мэдрэг байна.
3.МОЦҮ-ийн үүсгэгчид нь пенициллин, ампициллин (98,25%), амоксациллин (92,98%), эритромицин (87,71%) гэх мэт антибиотикуудад мэдрэг бус байгааг харгалзан  хагалгааны дараа эмгэгтөрөгч нянг тодорхойлж, мэдрэг антибиотикийг сонгон хэрэглэж занших, харин боломжгүй  тохиолдолд цефалоспорины болон макролидийн бүлгийн антибиотикуудыг сонгон хэрэглэх нь эмчилгээний арга барилын хувьд  зохистой гэж үзэж байна.
 

Ном зүй

1. Гоош Б, Даваацэрэн Н, Баасанжав Н, Нямхүү Г, Пунцаг Ч болон бусад. Мэс заслын өвчин. Улаанбаатар; 2000. хуудас 354, 364.
2. 41. ЭМЯ ЭМХҮТ “2006 оны эрүүл мэндийн статистик мэдээлэл I” хуудас 182
3. Кукош М.В, Кукош В.И Завьялов В.В Гомозов Г.И Емельянов Н.В. Антибиотикопрофилактика в абдоминальной хирургии; Актуальные проблемы современной хирургий. Москва, Нижний Новгород; 2003.02-22-25; стр. 79.
4. Кочнев О.С. Хирургия неотложных заболевании. Kазань, Издательство Казанского университета; 1981. стр. 72-73.
5. 28. Stefan M, Groetsch M.D, Joseph M, Shaughnessy M.D, Medical management of Acute Appendicitis: A Case Report. [cited 2008.02.21]; [about 2 screens]. Accessed on 2008.02.17. Available from: http://www.jabfm.org/cgi/reprint/14/3/225.pdf.
6. Гостищев В.К, Сажин В.П, Авдовенко А.Л. Перитонит. Москва, ГЭОТАР-МЕД; 2002. стр. 8-9, 104, 106,197-198.


 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1570
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК