Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Нүд Судлалын Монголын Сэтгүүл , 2013, 1(13)
Монгол оронд тохиолдож байгаа увеит өвчний дархлааны эмгэг жамын судалгаа
( Судалгааны өгүүлэл )

Н.Аззаяа1, Э.Санжаа2 , С.Чимидцэрэн1

1ЭМШУИС, Био-Анагаахын Сургууль 2Орбита эмнэлэг 3УКГЭ 

 
Абстракт

Увеит (Нүдний судаслаг бүрхүүлийн үрэвсэл) өвчин нь гадаадын эрдэмтдийн судалгаагаар нүдний нийт өвчлөлийн 5-30%-ийг, хоёр нүдний сохролын 10%, нэг нүдний сохролын 30%-ийг эзэлж байна1.2. Шалтгаан тодорхойгүй өмнөд увеиттэй өвчтөн болон хяналтын бүлэг болох ямар нэгэн үрэвсэлгүй бүлэг хүмүүсийн өмнөд камерын шингэн болон цусанд цитокин үзэхэд CD4+ T эсийн түвшин нэмэгдэж IL-10 хэмжээ буурсан байна4. Бид Монгол оронд тохиолдож буй нүдний судас бүрхүүлийн үрэвсэлт өвчний үеийн дархлааны урвал, эмгэг жамын загварыг гаргах зорилго тавилаа.

Бид дархлааны системийн хариу урвал ба нүдний судаслаг бүрхүүлийн үрэвсэлт өвчний хамаарлыг судлах зорилгоор Th-1 хэлбэрийн цитокин INF- γ, Th-2 хэлбэрийн цитокин IL -10-ийн хэмжээг нүдний судаслаг бүрхүүлийн үрэвсэлтэй хүмүүсийн цусны сийвэн болон өмнөд камерын шингэнд тус тус тодорхойллоо. 

Үндэслэл:

Увеит (Нүдний судаслаг бүрхүүлийн үрэвсэл) өвчин нь гадаадын эрдэмтдийн судалгаагаар нүдний нийт өвчлөлийн 5-30%-ийг, хоёр нүдний сохролын 10%, нэг нүдний сохролын 30%-ийг эзэлж байна[1.2]. Увеит өвчин нь биеийн гадаад дотоод шалтгаанаар үүсдэг. Дотоод шалтгаантай аутoиммуны увеит нь НLA В27, ревматизм, ревматоид артрит, хүүхдийн архаг полиартрит, анкилоз спондилиоз зэрэг тогтолцооны өвчнүүдийн суурин дээр үүсдэг.

Хурц иридоциклит нь дунд эргэм насны эрэгтэй хүмүүст илүү их тохиолдож байна. Хурц иридоциклиттэй хүмүүсийн 24%-д хараа муудах, 21%-д нүдний дотоод даралт ихсэх, 19%-д глауком, 13%-д катаракт үүсгэсэн хүндрэлүүд тохиолдож байна[3].

Шалтгаан тодорхойгүй өмнөд увеиттэй өвчтөн, хяналтын бүлэг (ямар нэгэн үрэвсэлгүй) бүлэг хүмүүсийн өмнөд камерын шингэн болон цусанд цитокин үзэхэд CD4+ T эсийн түвшин нэмэгдэж IL-10 хэмжээ буурсан байна[4].

Манай оронд 1994-1996 онуудад хийгдсэн Э.Санжаа, Б.Жавзандулам нарын судалгаагаар увеит өвчин нь нүдний өвчлөлийн 8,25%-ийг эзэлж хараагүй болгох хөдөлмөрийн чадвар алдуулах гол шалтгааны нэг болж байна[5].

Нүдний нэвт гэмтлийн хүндрэлүүд дотор гэмтлийн дараах увеит 10-30%-ийг эзэлж байна[6].

Манай оронд 2005-2007 онд Нүдний клиникүүдэд хэвтэн эмчлүүлсэн 350 өвчтөнөөс 18 нь увеит өвчтэй байсан байна. 2005 онд 6 хүн, 2006 онд 9 хүн, 2007 онд 3 хүн нүдний тасагт хэвтэн эмчлүүлжээ[7]. Манай оронд суулийн жилүүдэд дотоод шалтгаантай болон шалтгаан тодорхойгүй аутоиммуны механизмаар явагддаг нүдний судаслаг бүрхүүлийн үрэвсэлийн үеийн дархлааны талаар судалгааны ажил хийгдээгүй учраас бид энэхүү сэдвийг сонгон авсан юм.

Зорилго:

Монгол оронд тохиолдож буй нүдний судас бүрхүүлийн үрэвсэлт өвчний үеийн дархлааны урвал, эмгэг жамын загварыг гаргах зорилго тавилаа.

Арга зүй:

Судалгаанд УКНЭ, УКГЭ, Орбита нүдний эмнэлэгүүдэд нүдний судаслаг бүрхүүлийн үрэвсэлт өвчин оношлогдсон 19 хүнээс ерөнхий ба эмнэлзүйн асуумжийг нийт 17 асуултаар авсан. Эдгээр 19 хүнээс 6 хүн, хяналтын бүлэг болох болорын хагалгаанд орох 3 хүнээс өмнөд камерын шингэн авч IL-10 ба INF-γ н агууламжийг тодорхойлсон. Ариун нөхцөлд судалгаанд оролцогчийн бугалганы хураагуур судаснаас 5мл цус авч центрфукт 1000 эргэлтээр 15 минут эргүүлж, сийвэнг ялгаж шинжилгээ хийгдтэл -20 градуст хадгалсан. Цусны плазм дахь IL-10 ба INF-γ –ийн хэмжээг Eu Cardio laboratories, USA компаний ELISA kit ашиглан тодорхойлсон ба шинжилгээг үйлдвэрлэгчийн протоколын дагуу хийж гүйцэтгэв. Бүх дээжүүдийн IL-10 ба INF-γ-ийн дунджийг тодорхойлж,бүлэг хоорондын ялгаа байгаа эсэхийг нэг чигтэй ANOVA test-ээр, хувь хүний шинжтэй дагавар эрсдэлт зүйлийн хамаарлыг хи квадратын аргаар тооцооллоо. Харьцангуй алдааг 0.05 аас бага байхаар тооцсон болно.

Үр дүн:

Архи, тамхины хэрэглээ, ажлын онцлог, хүйс зэрэг нь увеитийн явцтай хамааралтай эсэхийг тооцоолоход хоорондоо хамааралгүй (Хүснэгт 1) байна. (X2=1.413, X2=2.290, X2=0.950, X2=2.170; P>0.05) Өвчний сэдрэлийг өвчний явцтай хамааралтай эсэхийг тооцоолоход хоорондоо хамааралтай буюу өвчний сэдрэл их байх тусам явц нь архаг байна. (X2=9.898 ; P<0.05) Нийт өвчтөний 68.42 хувь нь архаг увеиттэй байгаа бөгөөд үүнээс 69.3 хувь нь оношлогдсноосоо хойш 3 ба түүнээс олон удаа сэдрэл өгсөн байна.

Цусны плазм болон өмнөд камерын шингэнд IL- 10 цитокины агууламжийг увеитын хэлбэрүүдээр харьцуулан үзэхэд цусны плазмд IL-10 агууламж увеитийн хэлбэрүүдийн хооронд ялгаагүй гарч байхад, өмнөд камерын шингэнд статистик үнэн магадлалын хувьд ялгаатай (р<0.05) гарч байна.(Хүснэгт 2)

Дүгнэлт:

  1. Увеит өвчний сэдрэл их байх тусам өвчний явцыг даамжруулж байна.
  2. Цусны плазмд IL-10 агууламж увеитийн хэлбэрүүдийн хооронд ялгаагүй гарч байхад, өмнөд камерын шингэнд IL-10 агууламж ялгаатай байгаа нь увеитын хэлбэрүүдийн даамжралд нөлөөлж байна.

Талархал

Энэхүү судалгааны ажлыг гүйцэтгэхэд гүн туслалцаа үзүүлсэн ЭМШУИС, Био-Анагаахын сургуулийн Бичил Амь Дархлаа судлалын тэнхим, УКНЭ-ийн нүдний тасаг, УКГЭ-ийн нүдний тасаг, Орбита нүдний эмнэлэгийн хамт олонд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. 

Ном зүй

1. Brewerton DA, Caffrey M, Nicholls A, Walters D,James DC. Acute anterior uveitis and HLA B27. s.l. : pubmed:4127279. Lancet 1973;302:994-6.
2. R.Acharya, Allison R.Loh and Nisha. Incidence Rates and Risk Factors for Ocular Complications and Vision Loss in HLA B27 Associated Uveitis. с.л. : Ophthalmol, 2010 October.
3. K Pathanapitoon, S Suksomboon, P Kunavisarut, S Ausayakhun, S Wattananikorn, N Leetrakool, A Rothova. HLA B27- associated acute anterior uveitis in the University Referral Centre in North Thailand: clinical presentation and visual prognosis. 9 August 2006.
4. Calder VL, Shaer B, Muhaya M, et al. increased CD4+ expression and decreased IL-10in the anterior chamber in idiopathic uveitis. с.л. : Invest Ophthalmol Vis Sci. 1999;40:2019–2024.
5. Нүдний эмнэлэгийн тусламжийн алба байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурлын материал. Улаанбаатар хот : с.н., 1998.
6. М, Энхтуул. Клинико-эпидемиологические особенности и исходы тяжелых травм глаз у детей в Монголии диссертация. 1995.
7. Нүдний эмгэгийн улмаас нүдний тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн дунд зонхилон тохиолдож буй өвчлөлийн байдалд хийсэн судалгаа. сэтгүүл, Монголын нүд судлалын. Улаанбаатар : с.н., 2008 оны.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 893
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК