Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2012, (53) 2012. N02(053)
УЛААНБААТАР ХОТЫН НӨХӨН ҮРЖИХҮЙН НАСНЫ ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ЭСТРОН,ЭСТРАДИОЛ ДААВРЫН ТҮВШИНГ ТОДОРХОЙЛОХ НЬ
( Судалгааны өгүүлэл )

          Ж. Мядагмаа1,,Д.Ганмаа2 , Ж.Энхцэцэг3,Д.Даваалхам1

                                                                              1ЭМШУИС-ийн НЭМС-ийн Эпидемиологи Биостатистикийн тэнхим
                                                                              2АНУ-ын Харвардын Их Сургуулийн НЭМ-ийн сургууль
                                                                              3ЭМШУИС-ийн Эх барих,Эмэгтэйчүүдийн тэнхим

 
Абстракт

Бид нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дааврын түвшинг тодорхойлж, нийгмийн байдал, амьдралын хэв маяг, нөхөн үржихүйн үзүүлэлттэй холбон судлах зорилго тавин уг судалгааны ажлыг хийв.
Бид судалгаагаа агшингийн загвараар хийж, Улаанбаатар хотын нөхөн үржихүйн насны 316 эмэгтэйг хамрууллаа. Судалгаанд оролцогчдоос ерөнхий мэдээлэл, хооллолтын байдал, амьдралын хэв маяг, биеийн хүчний ачаалал, нөхөн үржихүйн байдал зэрэг  5 бүлэг асуумж авч судалгаанд оролцогчдын биеийн жин, өндөр, бүсэлхийн тойргийг хэмжин, биеийн жингийн индекс, бүсэлхийн таргалалтын байдлыг тодорхойлов.Цусанд дааврын түвшинг тодорхойлох шинжилгээг Америкийн Калифорнийн Лос-Анжелас хотын Анагаахын Кек сургуулийн нөхөн үржихүйн дотоод шүүрлийг судлах лабораторт хроматографын аргаар тодорхойлсон.
           Судалгаанд оролцогчдын цусан дахь эстрон дааврын хэмжээ 18.50-1042.00 пг/мл хэлбэлзэж байсан ба, дундажаар 88.23 пг/мл байв.Харин эстрадиол дааврын хэмжээ 7.46-2486.00пг/мл, дундажаар 140.26 пг/мл байв.
Судалгаанд 24-46 насны эмэгтэйчүүд хамрагдсан ба тэдгээрийн 64.3% нь 30-39 насны эмэгтэйчүүд байлаа. Судалгаанд оролцогчдын 52.2% хэвийн жинтэй, 31.6% илүүдэл жинтэй, 12.9% нь таргалалтай, 3.3% туранхай байв. Нас ахих тусам нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн  биеийн жингийн индекс (р=0.002), бүсэлхийн таргалалт статистикийн ач холбогдол бүхий нэмэгдэж байна. (р=0.009).
Харин нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дааврын түвшин боловсрол, гэр бүлийн байдал ,  архи тамхины хэрэглээ, ахуйн нөхцөл зэргээс хамааралгүй байна.

Үндэслэл
Өнөөдөр дэлхий нийтэд эмэгтэйчүүдийн дотоод шүүрэл судлалтай холбоо бүхий шийдвэрлэх асуудал улам өсөн нэмэгдэж байна. Бэлгийн дааврууд эмэгтэйн нөхөн үржихүйн эрхтний үйл ажиллагаанд оролцож гол  үүрэг  гүйцэтгэдэг. Гэвч сүүлийн хориод жилд эстроген, прогестерон ба тестостероны рецепторууд  нөхөн үржихүйн бус эд эрхтэнүүд болох яс, тархи, зүрх судасны систем зэрэгт хэрхэн нөлөө үзүүлдэг нь шийдвэрлэх асуудал болж байна[1].
Мөн эмэгтэйчүүдийн хавдарууд нь даавар хамааралтай бөгөөд тухайлбал умайн лейомиома эстроген ба прогестерон хамааралтай болох нь тогтоогдсон. Жирэмслэлтээс хамгаалах дааврын бэлдмэл,фибройд хавдрын хооронд дааврын хамаарал байгаа нь илэрсэн[2].
Tарган эмэгтэйчүүдэд эстрон ба андрогены хэмжээ ихэсч үүнтэй холбоотой бэлгийн даавар болон холбогч уургийн хэмжээ ч ихэсдэг[3].  
 Эдгээр эмгэгийн үед дааврийн хэмжээг зайлшгүй тодорхойлох шаардлагатай байна.
Манай оронд нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дааврын хэмжээг тодорхойлсон судалгаа цөөн байгаа бөгөөд эмэгтэйчүүдийн хавдар үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлүүд болон дааврын хүчин зүйлийг тогтоох нь Монгол улсын хувьд бэрхшээлтэй асуудал хэвээр байгаа нь энэ судалгааг хийх үндэслэл боллоо.
Зорилго

Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн цусанд эстрон,эстрадиолын түвшинг тодорхойлж, нийгмийн байдал, амьдралын хэв маяг, нөхөн үржихүйн үзүүлэлттэй холбон судлах зорилго тавин уг судалгааны ажлыг хийв.

Судалгааны хэрэглэгдэхүүн арга зүй:    
Бид судалгааг агшингийн загвар ашиглаж, 2009-оны 3-р сарын 27-ны өдрөөс 4-р сарын 18 хүртэлх хугацаанд судалгааг хийсэн. Судалгаанд Нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн нөхөн үржихүйн насны 316 эмэгтэйг хамрууллаа.
Судалгаанд оролцогчдоос ерөнхий мэдээлэл, хооллолтын байдал, амьдралын хэв маяг, биеийн хүчний ачаалал, нөхөн үржихүйн байдал зэрэг  5 бүлэг 119  асуулт бүхий асуумж авч судалгаанд оролцогчдын биеийн жин, өндөр, бүсэлхийн тойргийг хэмжин, биеийн жингийн индекс, бүсэлхийн таргалалтын байдлыг тодорхойлов. Таргалалтыг ДЭМБ-ийн биеийн жингийн индексийн ангилалаар тооцов. Бүсэлхийн тойргийг 80 см-аас дээш бол  бүсэлхийн таргалалттай гэж үнэллээ. Цусанд дааврын түвшинг тодорхойлох шинжилгээг Америкийн Калифорнийн Лос-Анжелас хотын Анагаахын Кек сургуулийн нөхөн үржихүйн дотоод шүүрлийг судлах лабораторт тодорхойлсон.

Судалгааны мэдээ материалд SSPS-12 программ ашиглан боловсруулалт хийж, үзүүлэлт хоорондын ялгааг р утга <0.05 байхад үнэн магадтай гэж үзсэн.
Үр дүн
Судалгаанд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 141, Баянзүрх дүүргийн 175 нийт 24-46 насны 316 эмэгтэйг хамрууллаа. Эдгээр эмэгтэйчүүдийн 64.2 хувийг 30-39 насны эмэгтэйчүүд эзэлж байсан бөгөөд дундаж нас 35.1 (±4.83) байв.

Хүснэгт 1. Судалгаанд хамрагдагсадын хүн ам зүйн үзүүлэлтүүд

Судалгаанд оролцогчдын тал хувь нь (49.7%) хэвийн жинтэй,32.3% (102) илүүдэл жинтэй 15.8% нь таргалалттай, 2.2 % нь туранхай байв.Нас ахих тусам биеийн жингийн индекс (p=0.002),бүсэлхийн таргалалтын хувь статистикийн ач холбогдол бүхий нэмэгдэж байсан.
Судалгаанд оролцогчдын цусан дахь эстрон дааврын хэмжээ 18.50-1042.00 пг/мл хэлбэлзэж байсан ба, дундажаар 88.2310 пг/мл байв.Харин эстрадиол дааврын хэмжээ 7.46-2486.00пг/мл, дундажаар 140.2669 пг/мл байв.
Судалгаанд оролцогчдын нөхөн үржихүйн байдлын дундаж үзүүлэлтийг авч үзэхэд биений юм анх ирсэн дундаж нас 14.75  анхны хүүхдээ төрүүлсэн дундаж нас 22.7, жирэмслэлтийн дундаж тоо 3.46  төрүүлсэн хүүхдийн тоо дунджаар 2.15 үр хөндөлт хийлгэсэн дундаж тоо 1 байсан.

Хүснэгт 2.    Эмэгтэйчүүдийн цусан дахь даавруудын  дундаж хэмжээг нөхөн үржихүйн үзүүлэлтээр харьцуулахад

Эстрон дааврын дундаж хэмжээг нөхөн үржихүйн үзүүлэлт болох умайн гадуурх жирэмслэлт болж байсан эмэгтэйчүүдтэй харьцуулахад статистик үнэн магадтай өндөр байсан.(p=0.012)
Харин нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дааврын түвшинд боловсрол, гэр бүлийн байдал ,  архи тамхины хэрэглээ, ахуйн нөхцөл зэрэг нөлөөлөхгүй байна.

Хэлцэмж:
Энэ судалгаагаар бид нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн даавар болох эстрон,эстродиолын түвшинг тодорхойлж түүний түвшинд амьдралын хэв маяг,нийгэм эдийн засгийн хүчин зүйл,нөхөн үржихүйн үзүүлэлтийн хамаарлыг судаллаа.Монголд нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дааврын түвшинг тодорхойлсон судалгаа  цөөн байдаг.
 2011 онд Д.Батнаран нарын хийсэн “Эмэгтэйчүүдийн насжилтын үеийн фолликул идэвхжүүлэгч даавар болон эстрадиолын түвшинд гарах өөрчлөлт,хоорондын хамаарал” судалгаагаар судалгаанд хамрагдсан 35 дээш насны 175 эмэгтэйд хийсэн судалгаагаар фолликул идэвхжүүлэгч дааврын хэмжээ 19.84±22.60ОУ/л, эстрадиол дааврын дундаж хэмжээ 19.6±20.85пк/мл байсан бөгөөд 35-45 насны эмэгтэйчүүдийг 75-аас дээш насны эмэгтэйчүүдтэй харьцуулахад эстрадиол дааврын хэмжээ 20.6 дахин буурч фолликул идэвхжүүлэгч дааврын хэмжээ 21.3 дахин нэмэгдэж байсан.Эстрадиол дааврын хэмжээнд эмэгтэйчүүдийн нас (β= -0.350,р<0.001) фолликул идэвхжүүлэгч дааврын хэмжээ (β= -0.222, р<0.016) нь хамгийн хүчтэй нөлөөг үзүүлж байсан[4].  

Дүгнэлт:
1.Судалгаанд хамрагдсан нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн цусан дахь эстрон дааврын   хэмжээ 18.50-1042.00 пг/мл хэлбэлзэж байсан ба дундажаар 88.23 пг/мл байв.Харин эстрадиол дааврын хэмжээ 7.46-2486.00пг/мл, дундажаар 140.26 пг/мл байв.
2.Эмэгтэйчүүдийн умайн гадуурх жирэмслэлт эстрон даавартай хамааралтай байв.
3.Биеийн жингийн индекс,бүсэлхийн таргалалт нь дааврын хэмжээнд нөлөөлөхгүй байна.


 

Ном зүй

1. Sex steroid hormones and reproductive disorders: impact on women\\\\\\\\\\\\\\\'s health.Fauser BC, Laven JS, Tarlatzis BC, Moley KH, Critchley HO, Taylor RN, Berga SL, Mermelstein PG, Devroey P, Gianaroli L, D\\\\\\\\\\\\\\\'Hooghe T, Vercellini P, Hummelshoj L, Rubin S, Goverde AJ, De Leo V, Petraglia F. 2011 Aug;18(8):702-12.
2. Wise LA, Palmer JR, Harlow BL, et al:Reproductive factors,hormonal contraception,and risk uterine Leiomyomata in African-American women:a prospective study.Am J Epidemiol 2004;159:113-123.
3. Reproductive functions in obese women Kumar A, Mittal S, Buckshee K,Farooq A Department of Physiology, All India Institute of Medical Sciences, Ansari Nagar, New Delhi. Prog Food Nutr Sci 1993 Apr-Jun; 17(2):89-98.
4. Д.Батнаран,Ж.Мөнхцэцэг,Д.Энэбиш,Л.Наранцэцэг,”Монголын анагаах ухаан” 2011 №4 (154),х-16-19
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1255
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК