Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2009, (43) 2009.No3(043)
ШИЖИД-6 НИЙЛМЭЛ ЖОРЫН НАЙРЛАГАНД ОРДОГ ТҮҮХИЙ ЭДҮҮДИЙН УРГАМАЛ ЗҮЙН ШИНЖ ЧАНАР, ТАРХАЦ, АГУУЛАГДАХ БОДИС, ОРЧИН ҮЕИЙН ХЭРЭГЛЭЭ
( Судалгааны өгүүлэл )

Д.Бүүвэйхүү, М.Амбага, Л.П.Филаретова

 
Шижид-6 жор нь найрлагандаа долгиотсон гишүүнэ, гажаа, мана, арүр, жамц давс болон хужир зэрэг 6 төрлийн эмийн түүхий эдийг агуулна. Түүний найрлаганд орсон эмийн түүхий эд бүр нь дорно дахины анагаах ухаанд олон зуун жилийн туршид өргөн хэрэглэгдсээр ирсэн бөгөөд тус бүрдээ өөр өөрийн гэсэн өвөрмөц амт, чанар, эрдэм, чадал буюу эмчилгээний үйлдэлтэй байдаг ажээ.
Долгиотсон гишүүнэ Rheum undulatum нь
Тарнын овогт (Polygonacaceae) хамаарах бүдүүн үндэслэг иштэй 250 см хүртэл өндөр ургадаг жижиг бэрсүү үе бүхий гадаргуутай, хөндий шулуун иштэй олон наст өвслөг ургамал. Хумигдсан захтай, зүрх хэлбэрийн суурьтай, үзүүр рүүгээ шувтан, зууван хэлбэртэй навчис нь ишиндээ цуварч байрлана. Ишний угийн навчис захаараа маш их долгионтсон, урт махлаг өнгийн шилбэтэй байна. Урт шилбэтэй цагаан цэцгүүд иш мөчрийн оройд бөөгнөрч урт залаа хэлбэрийн 8 мм урттай, дундуураа судалтай, гялгар бараан бор, далавчтай үрэнцэр бүхий эмийн ургамал юм.
Гишүүний төрлийн ургамлууд Ази, Европын улсуудын ардын эмнэлгийн үйл ажиллагаанд
Азийн зарим орны эмнэлэгт МЭӨ 2700 – аад жилийн өмнөөс эхлэн хэрэглэж иржээ. Дараа нь Грек, Римд хэрэглэн улмаар дундад зууны үед Европ тивд тархсан гэж үздэг. Их Юань улсын үеийн нэгэн судар бичигт Монголчууд гэдэсний балнад өвчний үед гишүүнэг хэрэглэсэн гэж үздэг. Манай оронд 4 зүйл гишүүнэ ургадгаас долгионтсон гишүүнэ, нягт гишүүнийг Reum compactum эмнэлэгт хэрэглэдэг байна. Газарзүйн тархалтаар долгионтсон гишүүнэ нь Монгол орны ургамал газарзүйн Хэнтий, Хангай, Монгол дагуур, Дундад халх, Сэлэнгэ, Булган, Хянган, Дорноговь, Говь-Алтай, Архангай, Төв аймгийн бүсээр хээрийн болон ойт хээрийн ойн бүслүүрт уулын хад чулуутай өвөр, ар энгэр, хормой бэл, гуу жалгын хөвөө, ёроол сөөгөн шугуй, түүний зах, малын бууц, тарвагны дошинд ургана. 
Долгионтсон гишүүнэ
Химийн бүрэлдэхүүнээс долгионтсон гишүүний үндэс, үндэслэг ишинд 2 төрлийн зонхилон үйлчлэгч бодис антрохинон 2.5% ба антрагликозид бусад нь аргаах бодис байдаг. Антогликозууд нь реум-эмодин ба глюкоз болон задардаг глюко-реим-эмодин, хризофенол ба глюкоз болон задардаг хризофанейн, реохрицин (фиецион+глюкоз), глюкорейн зэрэг болно. Газрын дээрхи хэсэгт фенол карбоны хүчил, катехин, антрахинон, (хризофенол, реим,эмодин), навчинд С,Е,К,РР витамин, каротиниод, флавноид (рутин), аргаах бодис, 3.83-5.5%, органик хүчил (хурган чихний, дарсны, алимний хүчил 1.93-3.5%), навчний бариуланд С витамин, аргаах бодис, 5.7-6.29%, чихэрлэг 3.30-4.61%, жимсэнд витамин С,К каротин агуулагдана. Үндсэнд Ca, Fe, Mg, Ae, Na зэрэг 20 гаруй элемент байдаг. Үндэс ба үндэслэг иш 10-11% хүртэлх аргаах бодистой. 
Бичил бүтцийн хувьд: Гишүүний үндсийг бичил харуураар харахад торлог бүтэцтэй модлогын цоргоны хугархай, олон тооны талстууд, төвдөө цавтай цардуулын энгийн болон нийлмэл мөхлөгүүд, улаан бор буюу улаан шар өнгөтэй паренхимийн эсүүд харагдана. Түүхий эдийг танихад долгионтсон гишүүний үндэс нь 10-15 см урттай, гадуураа хүрэн бор өнгийн нимгэн холтсоор хучигдсан дотроо ягаандуу бор өнгөтэй хугалж үзэхэд цагаан дэвсгэр жижиг ягаавтар толбо зураасууд үзэгдэнэ. Түүхий эд өвөрмөц үнэртэй, гашуун аргаах амттай байдаг. 
Долгионтсон: Гишүүний үндэснээс идээшмэл, хандмал, нунтаг, шахмал, сироп зэрэг эмийн хэлбэрүүдийг бэлтгэн ашиглаж байна. Фармакологийн судалгаагаар гишүүний үндэслэг ишний бэлдмэл Реум шахмалыг ходоод гэдэсний замын өвчинд хэрэглэнэ. Гишүүний үндэс ба үндэслэг ишинд агуулагддаг антрогликозид амьтны хоол боловсруулах явцад гидролиз болон задарч реум эмодин ба хризофаны хүчил болон хувирдаг. Эдгээр бодисууд гэдэсний салст бүрхүүлийн рецепторыг цочроож ходоод гэдэсний моторыг ба шүүрлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх үйлдэлтэйгээс гадна антрогликозид нь үрэвслийг дарах ба нянгийн эсрэг сулавтар үйлдэлтэй эдийн бодисын солилцоог идэвхжүүлж түүний нөхөн төлжилтийг хурдасган шархны эдгэрэлтийг түргэсгэхээс гадна цөс ялгаралтыг сайжруулах үйлдэлтэй. Харин танногликозид нь аргаах, үрэвсэл эсэргүүцэх үйлдэл үзүүлнэ. Гишүүний бие махбодид үзүүлэх үйлдэл нь түүний тунгаас хамаардаг. Иймээс гишүүний үндэсний бэлдмэлийг бага тунгаар (0.5Ч2гр) хэрэглэхэд идээг шингээх, суулгалт зогсоох, хоолны дуршил сайжруулах, ходоод гэдэсний хөдөлгөөний ба шүүрлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, хоол боловсролтыг сайжруулах нөлөө үзүүлнэ. Ялангуяа энэ дозоор ходоодны салстах өвчинг анагаана. Дунд тунгаар (0.5Ч3) гэдэсний үрэвсэл, ходоодны салстах өвчинг анагаана. Бэлдмэлийн дотор байгаа танногликозидууд зонхилон нөлөөлж аргаах үйлдэл үзүүлдэг учраас гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн удаашран гэдэсний агууламж өтгөрч чацга зогсох ба үрэвсэл намжина. 
Их тунгаар (1,0Ч3) хэрэглэхэд гэдэсний салст бүрхүүлийг цочроож гүрвэлзэх хөдөлгөөнийг ихэсгэн туулгах үйлдэл үзүүлэхийн зэрэгцээ рефлексийн замаар нөлөөлөн аарцгийн хөндийн эрхтэнүүдийн цусны судсыг өргөсгөн цусан хангамж ихэсгэх нөхцлийг бий болгодог. Иймд жирэмсэн эмэгтэйд их дозоор хэрэглэхгүй. Монгол оточ эмч нар ходоод гэдэсний өвчний үед гишүүний үндэсний хуурай нунтагийг хандалж хэрэглэхээс гадна бөөр, нуруу өвдөх, сарын хир хоригдох, сахуу, боом, могой яр, тэмбүү, шар усны өвчнүүдийг анагаах усан хаванг эмчлэхэд хэрэглэж ирсэн. Халдварт өвчнөөс жижиг цусан суулгын үед хэрэглэж ирсэн байна. 
Гажа, цагаан гаа: (Kaempferia glanga.L. (Zingiber offcinale Rosc, Hedichum spicatum) нь Zingiberaceae-ийн овогт хамаарагдах олон наст өвслөг ургамал. Ботаник шинжийн хувьд навч нь зузаан уутанцар хэлбэртэй, 2 эгнээ байрласан байдаг. Тархалт нь азийн дулаан бүсээр болон Энэтхэг, Малайз, Филлипин зэрэгт ургана. Hedychum coronarium хэмээх зүйлийн навч нь гонзгойвтор хэлбэртэй, шовх үзүүртэй, цагаан цэцэгтэй байдаг. Энэтхэгийн уулархаг бүсэд ургана. Гажаг уламжлалт эмнэлгийн 4000 хэр давтамжтай орсныг цахим тооцоолуулаар тооцоход 144 жоронд орсон байгааг (Б. Болдсайхан) тогтоосон. Гажаны фотохимийн судалгаагаар  Zingiber offcinale – ийн үндэслэг иш нь жингерол, шогаолуудыг агуулах бөгөөд шүлс, цөс, ходоодны шүүрэл идэвхжүүлэх, агчил тавиулах, бөөлжилт намдаах мөн зингибаин хэмээх ферментийн идэвхт бодис нь үрэвслийн эсрэг нөлөөлнө. Мөн холестерол бууруулах, антиагрегант болон антиоксидант үйлдэлтэй. Hedychium spicatum нь найрлагандаа эфирийн тос, гашуун бодис, гликозид агуулдаг байна.
Алтан өнгөт ар үр Terminalia chebula Retz нь 
Нийлмэл цэцэгтний (Combreraceae) овогт хамаарах намжил, жигмэд, пэлжид дүдзи ба чэмбү хэмээх 5 зүйл байхаар заасан байдаг. Энэ овогт 20 төрөл 600 шахам ургамал байх ба гол төлөв мод, сөөглөг, бут, ороонго шинжтэй байдаг. Ар үрийн төрлүүд Африк, Австрали, Азийн өмнө захыг барьж халуун бүс нутгаар ургана. Бидний эмэнд хэрэглэгддэг ар үрийн мод тийм ч өндөр биш, жилд нэг удаа навчаа гүвж зуувандуу хэлбэрийн үр жимс гардаг, бусад төрлөөс арай содон мод юм. Үр жимс нь хатсан үедээ ногоовтор, давирхайлаг аргуун амттай байдаг. Малайзад ургадаг ар үр уртаараа 17см, диаметр нь 6см орчим улаан өнгөтэй зуувандуу хэлбэртэй байх ажээ. Үүнийг зарим номонд намжил арүр мөн байх гэж бичсэн байдаг. Ар үр нь модны нэр бөгөөд бидний хэрэглэдэг ар үр нь тэр модны үр жимс юм. Монголчууд ар үр гэдэг нэрийг нь ашого, үрийг нь ашура гэдэг. Ашур нь өндгөлжин хэлбэртэй, 2-4см урт, диаметр нь 2-2.5 см байна. Гадар тал нь шаравтар улбар эсвэл гүн улбар өнгөтэй мөртлөө гялтганам хатуу байна. Гаднаа 5-6 зурвас голт ирмэг болон эмх замбараагүй атираатай угийн хэсэгт нь дугираг хэлбэртэй жимсний бариулын ором байдаг. Жимсний мах 0.2-0.4 см зузаан шар улбар буюу шар хүрэн өнгөтэй. Жимсний яс нь 1.5-2.5 см, диаметр нь 1-1.5 см байдаг. 
Эмийн түүхий эд: Тус эм бол халуун оронд ургадаг тураг мод болох ар үр, ноолуурт ар үр (Terminalia chebula Retz Yertomentella kurt) буюу Ганга мөрний ар үр (Terminalia Chebula Retz )-ийн хатаасан жимс юм. 
Химийн бүрэлдэхүүн нь: 40-50% аргаах бодистой үүний гол бүтээгдэхүүн нь эллогав, галлю, лютелин, таннасе, синносиде А мэт олон нэгдэл байхаас гадна бага судлагдсан органик хебулины хүчил С_(41  ) H_34 O_27 давирхайлаг бодис байдаг. Элогав нь сулавтар хүчлийн нөлөөгөөр энгийн фенолт ба фенолгүй нэгдэл болон салж задарна. Фенолт нэгдэл нь аргаах ба идээлэх үйлдэл үзүүлдэг. Аргаах бодисын бас нэг онцлог нь ургамлын алколиод төстэй шинжтэй ба ямар нэг хортой нэгдэлтэй урвалд орж тундас үүсгэдэг чанарыг нь ашиглаж догшин хортой эмийн бодисыг ар үрийн шөлөөр номхотгодог. 
Фармакологийн үйлдэл: Ар үрийн ханд нь ходоодны агших хөдөлгөөнийг идэвхжүүлэхийн зэрэгцээ түүний шүүрлийг бууруулж гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сулруулснаар суулгахыг зогсоох үйлдэл үзүүлнэ [66]. Иймд ар үрийг хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагаа хямрах цусан суулга ба умайн цус алдалт, шамбрамаас цус гарах зэрэгт цус тогтоох заалтаар хэрэглэдэг ба цусаар суулгахад ар үрийн хандаар бургуй тавьдаг байна. Эдгээрээс гадна галлийн хүчил, гуанины хүчил, нүүрс ус, глюкоз, сапонин, антронал, агуулдаг. Голлох биологийн идэвхит бодис нь chebulagic, chebularic acid, болон corilagir зэрэг болно. Фармакологийн судалгаагаар хүчтэй аргаах үйлдэлтэйн зэрэгцээ эрхтэний үйл ажиллагааг сэргээн тамирцжуулах, зохицон дасах, элэг хамгаалах, цусны сахар бууруулах, вирусын эсрэг эмийн хүчийг нэмэгдүүлэх, бактер мөөгөнцөрийн эсрэг HSV(Herpes Simplex Virus) ба HIV вирусын идэвхийг саатуулах, E. Coli-ийн эсрэг идэвхитэй нөлөөлөхөөс гадна туулгах гэдэс хоослох үйлдэлтэй нь тогтоогдсон байна. Ар үрийн 0.5% усан ханд савханцар Шегелийн амьдралын үйл ажиллагааг дарангуйлахын зэрэгцээ цусан суулга үүсгэдэг Шегелла, Флекснер, Зонно, Смили зэрэг савханцаруудын үйл ажиллагааг дарангуйлах чадалтай нь батлагдсан. УАУ-д ар үр эхүүн амттай, тэгш чанартай хийгээд хор тайлах, хоолны шингэц сайжруулах, шар дарах, шарх үрэвслийг анагааж, гэмтсэн газрын махыг төлжүүлэх чадалтай гэжээ. Ар үр нь тэгш чанартай болохоор ХШБ-ы тэнцвэрт чанарыг хадгалан, 3 махбодыг зохихи түвшинд нь барьж зохицуулах гэсэн ухаанаар эм тангийн хөлөг болгохоор заасан учир эмийн жор найрлагад их түгээмэл ашигладаг уламжлалтай байжээ. Намар өвлийн улиралд боловсорсон жимсийг түүн авч холимог бодисыг нь арилгаад хатаана. Эсвэл буцалсан усанд хийж  5мин  таглаад дахин хатаана.
Мана-Inula helenium  нь 
Asteraceae-ийн овогт хамаарах 1.5-2 метр өндөр ургадаг олон наст өвслөг ургамал юм. Ботаник шинжийн хувьд бүдүүн хүрэн үндэслэг иштэй, навч нь том далгабар, үрчлээ ихтэй. Үндэс орчмын навчнууд нь том, дунд хэсгийнх нь суумал, дээшлэх тутам  жижгэрдэг жигд бус шүдлэг ирмэгтэй, орой нь хурц шовх, уртавтар зуйван хэлбэрийн навчтай. Цэцэг нь алтлаг шар өнгөтөй, хоолой хэлбэрийн ишний оройд нэг нэгээрээ байрлана. 6-8сард цэцэглэнэ. Зоосон цэцэг нь Монгол улсын нутагт 4 зүйл ургана. Inula salsolrides нь дунд халх Дорнот говь, Алша говийн элсэрхэг хөрсөнд ургана. Inula salicina L нь Хэнтий, Дорнот Монголд нугын хажуу эргээр ургадаг. Inula Linariifolia Turcz Цайдамын нуур, шаргын говь, Орго нуурын эргээр Inula Britannica L нь Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол дагуурын гол, нуур, горхины эргээр ургадаг. Харин Оросын Холбооны Улсд  30 орчим зүйл ургадгаас тархалтын хувьд Кавказ, Сибирийн хойд хэсгээр, Казахстан, Дундад азид илүү тохиолдоно. Орчин үеийн анагаах ухааны судалгаагаар манын үндэс, үндэслэг ишинд полисахарид инулин 44% хүртэл, псевдоинулин, эфирийн тос 4.3%, органик хүчил, сапонин, салслаг болон гашуун бодис агуулагддагийг тогтоосон. Эфирийн тосны гол бүрэлдэхүүн нь бицикл бүтэцтэй сесквитерпен болох алантолактон, изоалантолактон, дигидроалантолактон, сантонин зэрэг β селиненийн уламжлалын нэгдлүүд юм. Манын үндэс нь фармакологийн судалгаагаар гуурсан хоолойн булчирхайн шүүрэл ялгаралтыг бууруулах, цэр ховхролтыг нэмэгдүүлэх, үрэвслийн эсрэг, нян устгах ходоод гэдэсний замын эмгэгийн үед ялангуяа ходоодны шүүрлийн үйл ажиллагааг нэмэгдүүлэн хоол унданд дур сонирхол оруулдаг зэрэг н болохыг илрүүлжээ. Мөн халдваргүйжүүлэх, шээс хөөх, цөс хөөх, шимэгчийн эсрэг нөлөөлөх, гуурсан хоолойн үрэвсэл, бөөр, элэг, цөсний өвчин, болон ил шарх, идээт үрэвсэл зэрэгт хэрэглэх боломжтой нь тогтоогдсон. Эфирийн тосны бүрэлдэхүүнд ордог алантолактон нь бактерцид, шимэгчийн эсрэг үйлдэлтэйгээс гадна халуун бууруулах, амьсгалын дээд замын улайлтат үрэвсэл, хамуутах үед гадуур угаалга байдлаар ашиглахад тохиромжтой байдаг. Эфирийн тосонд агуулагдаж буй сантонин нь халдвар, үрэвслийн, цагаан хорхойн эрсэг үйлдэлтэй. Зарим орнуудад манын үндэсийг ходоод, нарийн бүдүүн гэдэс, гуурсан хоолойн үрэвсэл, сарын тэмдэг алдагдах болон өвдөлттөй ирэх үед хэрэглэнэ. Мөн бөөр, элэгний өвчин шанбрамын үед хэрэглэж болно гэж үздэг. Гадуур тосон түрхлэгээр арьсны загатнаа, тууралт, үрэвсэлт өвчин зэргийн үед хэрэглэнэ. Харин Оросын ардын эмнэлэгт үндэс, үндэслэг ишнээс 20-30грыг 1 литр усанд хандлан хоол идэх хүсэл буурах, шалтгаангүй гэдэс дүүрэх, хэвлийгээр өвдөлт өгөх, хоолны шингээлт муудах, ходоодны хүчил багадах зэрэгт хэрэглэнэ. Сүүлийн үеийн судалгаагаар манын үндсэнд алантолактон, изоалантолактон, 11 альфа H 13 дигидроизоалантолактон, эдгээрийн өмнөх исэлдэлтийн бүтээгдэхүүнүүд болох 5 альфа – эпоксиалантолактон, 4 эпоксизоалантолактон, дигидроокси – алантолактон зэрэг нь микобактерийн эсрэг нөлөөтэй болохыг илрүүлсэн. (Cantrell C.L, Abate L, Fronczek F.R) байна. Уламжлалт эмнэлгийн 4000 жоронд манын үндэс хэр давтамжтай орсныг цахим тооцоолуураар тооцоход 256 жоронд орсон байгааг (Б. Болдсайхан) тогтоожээ.
Жамц давс Sallucidum Halite нь 
Галлойдын ангид хамаарах галлогент уламжлалын тэнцүү тэнхлэгт талстын тогтолцоот хлорт натрийн давс юм. ”Монголын нэвтэрий тольд” галлойдын ангийн эрдэс, натри хлорийн нэгдэл. Өнгө тунгалаг, саарал, хөхөвтөр, шорвог амттай, усанд уусгуур сайтай, хатуулаг нь 2-2.5, хувийн жин нь 1.85 гэсэн байдаг. Жамц давсны чанарын тухай бичихдээ хаднаас гарсан нь цайвар хөх, шил шиг тунгалаг, хичнээн хагалсан ч дөрвөлжин болдог, давс амттай нь сайн. Далайгаас гаргасан нь цагаан, маш тунгалаг, жонш буюу өөхөн чулуу адил нь дунд хар хөх өнгөтэй жижиг нь адаг гэж тодорхойлсон байдаг. 
Уламжлалт анагаах ухааны хэрэглээ:
Амт: “Димод шэлжий-мэлон бод-манжий намши”-д амтлаг, давслаг, амттай.
Чанар: Хурц, хүнд, бүлээн, зөөлөн чанартай
Чадал: Илч сэлбэж идээг шингээнэ. Бадгана, хийг арилгаж харааг сайжруудах чадалтай. Хүйтэн өвчин, гэдэс дүүрэх бадгана, хий өвчнийг арилгах, бор, шар өвчнийг анагаах, хараа сайжруулах, хэхрүүлэх, толгой өвдөх, нүдний улингор, уруу арилгагч хий урвах зэрэг өвчин эмгэгүүдийг эмчлэхэд хэрэглэж үр дүнгээ өгсөөр иржээ. Жамц давсыг оточ эмч нар эрт үеэс гэдэс ходоод өвдөх, цанх, хий огиулах, эмчлэх чадалтай гэжээ.
Жамц давс манайд Увс аймгийн Шүдэн ууланд элбэг байдаг. 
Фитохими
Судлагдсан байдал: Жамц давсанд агуулагдах эрдэсүүдийн фитохимийн судалгаагар [Д. Бүүвэйхүү, М. Амбага, П. Батхуяг 2006] Ca(HCO3)2, 0.13%, CaSO 4 0.49%, MgSO4 0.13%, Na2SO4 0.86%, NaCI 98.3%, тус тус агуулагддаг болохыг тогтоосон байна. 
 
Хужир Troneae Veneni нь 
Хужрийн томьёо нь Na3 [H CO3] [CO3] 2H2O (TRONA), мөн  Na2CO3 10H2O байдлаар агуулга нь (21.6%-Na2O, 15.4%-CO2, 63%-H2O) байдаг байгаль дээр цагаан, саарал, шаравтар өнгөтэй тохиолдох, моноклон тогтолцоогоор талсжсан, шил гялгатай, усанд хялбар уусдаг эрдэс юм. Хольцонд нь шигдэц байдлаар Na-ын амархан уусдаг давсууд тохиолдоно. Термонатрит Na2 CO3 H2O, трона  Na3H [CO3] 2H2O, мирабилид Na2SO4 10H2O, тенардит Na2SO4 мэтийн эрсдсүүд хамт тохиолдоно. Хужирт нүүрс хүчлийн кали, нүүрс хүчлийн натри зэрэг органик бус давс голлон агуулагдахаас гадна бас цардуул, уураг агуулагдаж буй. Нуур тойрмын захаас авсан хужрыг усанд тунгаасны дараа цайны хужир болно гэж оточ Дандар тодорхойлоод өөлд нутгын хүмүүс хужир тунгаах боловсронгуй аргатай байдаг тул түүнийг эмэнд хэрэглэх нь зүйтэй гэж үздэг. Я. Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь”-д хужир нь хээр газар ургадаг шүлтэрхэг талст бодис, өнгө цагаан гэжээ. Хужир, буулт, амны ба мөсний, шороон, тооройн хужир гэх олон нэртэй байдаг. Бас байгалын хужир, водца, бүлдог зэрэг өөр нэртэй. Тус эмийн бодис нь дан жишүү талстын системийн хүдэр болох нүүрс хүчлийн натрийг гол агуулагч салаа шиг хэлбэрт талст юм. Дүрс байдал нь талст чанартай нунтаг, цагаан буюу шаравтар цагаан өнгөтэй. Хэсэглэг бодис нь тунгалаг мөртлөө шил адил гялтганам байдаг. Хөнгөн мөртлөө хялбархан хэмхэр, огтлоос тал нь тэгшгүй, цагаан өнгөт зураадастай, маш амархан илэгдэнэ. Элэгдсэний сүүлээр цагаан буюу хөнгөн шаравтар цагаан өнгөт нунтаг болдог. Хуруугаар тэмтрэхэд гар дээр хялбар наалдана. Хөнгөн хатууцийн хэмжээ нь 2,5-3%ийн жин нь 2,11-2,14 байдаг. Усанд хялбархан уусдаг. Шорвог нуурын химийн тунамал бодис мөн. Хужирыг авч цэвэрлээд буцалган тунгааж хатаана. Тус эм бол давслаг, амтлаг гашуун амттай, тэгш, хүнд чанартай, бадганыг арилгах, идээг шингээх, бэтгийг эвдэх, хорхойг хөөх, илжрэхийг зогсоох, хоргослосныг зөөлрүүлэх, хор харшсныг дарах чадалтай.
Ус эрдэсийн солилцоонд шижид – 6 нийлмэл жор нөлөөлөх нь
Хүний бие махбодийн зайлшгүй хэрэгцээтэй уусмал хэлбэрээр оролцдог нэгдэл нь давс юм. Давсны онцлог шинж нь түүний талсжих чадвар юм. Бие эрхтэний үйл ажиллагааны процессд давс уусмал хэлбэрээр орших бөгөөд түүний уусгагч нь зөвхөн ус байна. Хоол хүнсний органик бүрэлдэхүүн хэсгүүд нь хүний биед орж задарч хувирч байдаг бол давс нь хүний биед задрах болон үүсэж хувирдаггүй харин хүний биемахбодид нэвтрэн биеийн болон эсийн шингэнүүдэд давсны хэмжээг зохицуулан урсах тэнцвэрийг тогтвортой байлгах үүрэг гүйцэтгэдэг. Давсны уусах процессын үед усны дипол шинж илэрнэ. Иймд ионы талст орон торын гадаргуу дээрхи ионуудын цахилгаан статик татах хүч суларч ирдэг. Усны молекулууд талст орон торын анион ба катионуудын завсраар нэвтрэн орж уусах процессын үед ионууд бие биеэсэ холдон тасарч диссоциацид ордог. Ийм учраас давсны уусмал нь хүчтэй электролит шинж чанартай байдаг. Давсны оронт торын энергийн хэмжээ нь ионы цэнэг болон радиусаас хамаардаг. Ионы цэнэг их радиус бага байх тусам ионуудыг салгахад шаардагдах оронт торын энерги нь их байна. Давсны уусмалд анион ба катионууд чөлөөт хэлбэрээр бус харин ионы цэнэг болон радиусаасаа хамаарч их бага олон тооны усны молекулаар хүрээлэгдсэн байдаг. Энэ үед ион – дипол харилцан үйлчлэл үүсэх бөгөөд үр дүнд нь ион гидратжина. Ионыг тойрон хүрээлэх усны молекулын тоо ихэвчлэн дөрөв эсхүл зургаа байдаг. Гидратын бүрхүүл нь ионы цэнэг радиус болон температураас хамаардаг. Ион гидратжих үед энерги ялгарах бөгөөд үүнийг гидратжих энтальпи гэнэ. Энэ үед хийн төлөвт байгаа ионууд усанд уусаж гидратжсан ионы хэлбэрээр уусмалд оршино. Гидратын бүрхүүлийн ионжсон жижиг хэсгүүдийн хэмжээ нь тэдгээрийг эсийн дотор болон гадна орчинд чөлөөтөй хөдлөхөд нөлөөлөх бөгөөд ялангуяа диффуз эсхүл мембраны нүх сүвээр зөөвөрлөгдөх процесст чухал ач холбогдолтой. Тухайлбал гидражсан Na-ийн ион гидратжсан K- ийн ионоос хэмжээгээр том байх тул мембраны К+ ион нэвтэрч, харин Na+ ион үлдэнэ. Хэрэв эдгээр шүлтийн ионууд гидратын бүрхүүлээсээ салсан тохиолдолд, хэмжээний харьцаа эсрэгээр эргэнэ. Идэвхтэй буюу энерги зарцуулан явагддаг зөөвөрлөлтийн ачаар эсийн мембран дээрхи концентрацийн ялгаа хэвийн хэмжээнд байж чаддаг байна. Хэдийгээр ионы тархалт харилцан адилгүй байдаг ч, эсийн дотор болон гадаад орчин дахь шингэний осмос даралт тэнцүү, мөн эерэг ба сөрөг цэнэгүүд дотор гаднаа аль алинд нь оройлцоогоор тэнцүү байх зарчим хэвээр үйлчилнэ. Электролитийн тэнцэл нь биеийн усны тэнцэлтэй ямагт холбоотой байдаг. Давсны изотоник усан уусмал нь биохимийн урвалуудын зайлшгүй орчин болдог. Изотоник уусмалын молекул нь 2 туйлт өндөр диэлектрик тогтомолтой туйлт нэгдэл тул өөртөө ууссан органик ба органик бус нэгдлүүдийг ион болгон задалдаг учраас гидролиз буюу катаболизмын бүх шатны биохимийн урвалууд зайлшгүй оролцдог.
 
Ходоодны салст бүрхүүлийн гэмтлийн эмгэг жамын талаарх орчин үеийн ойлголт
Ходоодны салст бүрхүүлийн бүрхэвчийн (ХСБ)  үрэвсэл, жижиг шалбархай, улайлт гэмтлээс авахуулаад шарх үүсэх хүртлээ хүндэрч сэдээгдэн явагддаг өргөн цар хүрээт эмгэг жамын үзэгдэл нь ходоод гэмтээгч ба хамгаалагч хүчин зүйлүүдийн хоорондох хэвийн тэнцвэр алдагдсантай холбоотой болохыг судлаачид нарийвчлан тогтоожээ. Салст бүрхүүлийн тэнцвэрт чанар буюу хүчиллэг шүүрлийн гэмтээх үйлчилгээг ходоодны хана тэсвэрлэн даах чадвар сулрах нь өвчний гол шалтгаан болдог.
Ходоодны салслаг- бикарбонатын хоригын алдагдал
Ходоодны салслаг- бикарбонатын хоригын алдагдал нь ХСБ-ийн үрэвсэл, шарх үүсэх эмгэг замын нэг хүчин зүйл юм. Ходоод дээд гэдэсний салслаг бүрхэвч (СБ) нь хамгаалалтын ерөнхий механизмтай болох нь тогтоогдсон бөгөөд тэдгээрийн тоонд салслаг ялгаралт, хучуур эсийн гадаргуу дээр pH-ийн саармаг түвшинг барьж байх үүрэгтэй бикарбонатын ялгаралт болон эс хоорондын зайнд орших бикарбонат, хэвийн цусан хангамж, СБ-ийн нөхөн төлжих чадвар зэрэг биет бүтэц, бодис үйл ажиллагааны холбогдолтой хүчин зүйлүүд орно. Салстын давхарга СБ-ийг зөөллөхийн давсны хүчлийн гэмтээх үйлдлээс эсийн мембраныг хамгаалан хучуур эсэд аливаа халдвар орохыг хориглодог. Гэвч муцины найрлагыг бүрдүүлэгч гликопротеин дангаараа СБ – ийг хамгаалах чадвар нь сул, харин шүлтлэг орчинд уусч гель болон хувирсныхаа дараа хамгаалах шинж чанартай болдог. Энэхүү гель нь СБ- ээс ялгарах бикарбонаттай харилцан үйлчлэлцэж байгаа нөхцөлд л хамгаалах үүргээ гүйцэтгэж чаддаг. Бикарбонатын ялгаралт нь “энерги - АТФ” хамааралт идэвхитэй процесс бөгөөд, уг бикарбонат салслаг бодисын хамтаар түүний орчинд хүчлийг саармагжуулж, устөрөгчийн ионыг ходоодны дотор талаас тогтмол зайлуулан, хучуур эсийн гадаргууд нэвтрэн орохыг саатуулж, хүчлийн гэмтээх нөлөөнөөс хучуур эсийг хамгаалдаг. Устөрөгчийн ион ходоодны хөндийгөөс салст гелиэр дамжин аажим нэвтэрч эпители эсийн гадаргуу руу чиглэхдээ (pH 2,0-3,0) болон эпетилийн орчин хоёрын хооронд pH – ийн (7,0-7,4) зөрүү үүсч шүлтлэг тал руугаа шилжих нөхцөлийг бий болгодог. Ходоодны салслаг бодисын гол найрлаганд өндөр молекулт биополимерүүд болох мукиод хэлбэрийн бодисууд орох ба энэ нь макромолекулын 2 үндсэн хэлбэрээр оршиж гликолротеин (2Ч106м.ж) протеогликан хэмээн нэрлэгдэх бөгөөд эдгээр нь ходоодны салст бүрхүүл болон ходоодны шүүсэнд цогц нэгдлийн байдлаар орших боловч ходоодны СБ –ийн гэмтлийн үед амархан задралд ордгоос хүчил пепсиний гэмтээх идэвхийг сулруулдаг биологын хамгаалах чанараа алддаг. Ходоодны салслаг бодис нь 2 үндсэн хэлбэрээр оршини. Үүнд: 
1. Усанд уусамтгай салс: Энэ нь ходоодны нийт салсны 80%ийг эзлэнэ.
2. Усанд үл уусамтгай салс: Салст бүрхүүлийн бүрэн байрладаг салслаг гель 50-450 мкм орчим зузаантай ба үүнийг хучуур эсийн давхаргатай харьцуулахад хавьгүй зузаан юм. Салслаг гель хоорондоо шүлжилдсэн гликопротеины бүтцийн сараалжаас тогтох бөгөөд уг бүтэц иммуноглобулин А, ийлдэсний уургууд, эпителиоцитын задармал хэсгүүд болон гликолипид агуулдаг. Эдгээр нь салсны зарим шинж чанарт нөлөөлөх боловч гель-н хамгийн гол шинж чанар нь үндсэндээ гликопротений бүтэц найрлагаас шууд хамаарах бөгөөд түүний СБ-ийг гэмтлээс хамгаалах үйлдэл нь:
1. Хучуур эсээс ялгарах бикарбонаттай харилцан үйлчлэлцэж бат бэх чанартай хориг үүсгэх замаар давсны хүчлийн нөлөөллөөс хамгаалах.
2. Ходоодны хөндийд агуулагдах пепсиний үйлдлээс “нэлэнхий (диффузэн) хориг” үүсгэх механизмаар хамгаалах
3. Усанд уусамтгай салсны хамтаар зөөллөгчийн үүрэг гүйцэтгэн механик гэмтлээс хамгаалах үйл ажиллагаагаар тус тус нөхцөлдөн явагдана.
 
Ходоодны салст бүрхүүлийн эсийн орчин дахь- шүлтийн тэнцвэрт байдлын алдагдал
Ходоодны салст бүрхэвч (ХСБ) – ийн эсийн орчин дахь хүчил шүлтийн тэнцвэрт байдлын алдагдал нь ХСБ-ийн үрэвсэл, шарх үүсэх эмгэг жамын нэг хүчин зүйл болдог. Шүлтлэг шүүс ялгаралтын механизм нь дотоод гаралтай простагладин нийлэгжин чөлөөлөгдөхөд шууд нөлөөлөх замаар ЦАМФ – ийн түвшинг ихэсгэдэгтэй холбоотой. Үүнийг ХСБ – ийн орчинд pH багасгах => дотоод гаралтай простагландин нийлэгжилт ихсэх => простагландинд мэдрэг аденилатциклаза эрчимжих => бикарбонатын ялгаралт хурдсах => салст бүрхүүлийн эдийн давсны хүчлээс хамгаалагдах эрчим нэмэгдэх гэсэн эрэмбэ дарааллын дагуу ойлгож болох юм. Эрүүл хүмүүст ялгарах давсны ялгарах давсны хүчлийн анхны концентраци нь 130-140 мм/л байдаг боловч ходоодноос авсан шүүсэнд уг концентраци 40-70мм/л болтлоо буурсан байдаг нь ходоодны хөндийд давсны хүчил бикорбанатаар саармагжиж түүнтэй холбогдон, харилцан үйлчлэлцэж, шингэрэх процесс явагдсаныг нь харуулж байна. Давсны хүчлийн концентраци хэвийн хэмжээнээс өндөр байх, түүний ялгаралт ихсэх нь хүчил үүсэх процесс эрчимжиж хүчтэй болсонтой холбоотой байлгийн зэрэгцээ түүнийг саармагжуулан шингэрүүлэх процесс суларсантай ч нэгэн адил шүтэлцээтэй юм. Бикарбонатын ялгарал багасч, давсны хүчлийн саармагжуулах чадвар буурснаас ХСБ- ийн салслаг-бикарбонатын хориг суларна.  Энэ үед pH- ийн зөрүү буурч, устөрөгчийн ион эргэн нэвчих боломж бүрдэнэ. Устөрөгчийн ион ходоодны эд рүү хүчтэй нэвчин орсноос хялгасан судас дарагдан, цусны бичил эргэлт алдагдаж, эдийн доторхи ацидоз давамгайлдгаас уураг, устөрөгчийн холбоог задлагч ферментүүд хүчиллэг орчинд идэвхжиж (салст бүрхэвчийн лизосомд байрладаг катепсин зэрэг) эсийн лизосомын мембран задрахад хүргэнэ. Мөн ийлдсэнд агуулагдах протеаза ферментийг саатуулагч угтвар бодисууд идэвхгүй байдалд хувиран, фибрин задлагч болон каллекреин – кинины систем идэвхжиж, салст бүрхэвчийн цусны бичил эргэлт өөрчлөгдсөнөөс болж салст бүрхэвчийн үрэвсэл, гэмтэл, шарх сэдээгдэнэ гэж үздэг.  
 
Ном зүй

Алтан сүмбэр П. Монгол анагаах ухааны дарвөн ерөндөг, Өвөр монголын ардын хэвлэлийн хороо, 1990.
Анагаах ухааны дөрвөн үндэс (төвд-монгол хадмал), дээд ба доод дэвтэр, Үндэсний хэвлэлийн хороо, 1991.
Анцупова Т.Н. Растения Тибетской медицины. Новосибирск, 1980.
Асеева Т.А., Блинова К.Ф., Яколев Г.П.Лекарственные растения тибетской медицинй, Издательство ”Наука”, Сибирское отделение, Новосибирск, 1985.
Атлас Тибетской Медицины, Издательство “Галарт”, Москва, 1994.
Болдсайхан Б., Оюунцэцэг Ц. Хүнс, эмийн язгуур махбодын нэрийн толь бичиг. УБ., 2000.
Грубов В.И., Опеределитель сосудистых растений монголий /Монголын цоргот ургамал таних бичиг/, Ленинград, “Наука” ленинградское отделение, 1982.
Губанов И.А. Конспект флоры внешней Монголий (сосудистые растения). Москва “Валанг”, 1996.
Дагвацэрэн Б., Наранцэцэг Г., Хишигжаргал Л., Зина С., Оюун З., Батчимэг Ө. Ургамлын эмийн зохистой хэрэглээний гарын авлага. УБ., 2005.
Дагвацэрэн Б., Хишигжаргал Л., Наранцэцэг Г., Туул Л., Наранцэцэг Д., Бархасдорж Д. Уламжлалт эмт бодис, жорын хяналтын лавламж. УБ., 2003 он.
Данзанпунцаг. Эмийн хир үгүй болор эрих. ӨМШУТМХХ., Улаанхад, 2001.
“Дзэйцхар мигчжан”-памятник тибетской медицины. Баторова С.М., Яковлев Г.П., Базарон Э.Г., Ракшаин К.В., Хунданова Л.Л. Издательство “Наука”, Сибирское отделение, Новосибирск, 1985.
Дорж. Эм гарахуй ёсон Хиргүй Шилэн Толь (түвэд). Бээжин, 1995.
Дундад улсын анагаах ухааны нэвтэрхий толь, Монголын уламжлалт анагаах ухаан. I, II боть
Жамбалдорж. Монгол эмийг зөв таних толь. Өвөр монголын ардын хэвлэлийн хороо, 1988.
Ибрагимова В.С. Китайская медицина (методын диагностики и лечения лекарственные средства чжень-цзю терапия). Москва 1994.
Ковалева Н.Г. Лечение растениями, Издательство “Медицина”, Москва, 1972.
Кьосев П.А. Полный справочник лекарственных растений. ЭКСМО, 2003.
Ламжав Ц., Доржжанцан Д., Цэрэнбалжир Д. Монгол орны эмийн ургамал, УБ., 1971, Улсын хэвлэлийн газар.
Лигаа У., Даваасүрэн Б., Нинжил Н. Монгол орны эмийн ургамлыг өрнө дорнын анагаах ухаанд хэрэглэхүй. Улаанбаатар, 2005.
Лувсан. Монгол эмийн судлал, Үндэсний хэвлэлийн хороо, Бээжин, 1991.
Машковский М.Д. Лекасртвенные средства, I, II том, Москва, “Медицина”, 1993.
Лувсанчоймбол. Жидүй нин нор(Нандин эрдэнийн шимийн хураангуй). 19-р зуун.
Монгол орны ашигт ургамлын зурагт лавлах. 1-р дэвтэр УБ., 2003 он, 2-р дэвтэр УБ., 2005 он.
Олдох С., Цэрэнцоо Б., Батхуяг П. Монгол эмийн судлал. УБ., 2009.
“Онцар гадон дэр зод”- тибетский медицинский трактат, Издательство “Наука”, Сибирское отделение, Новосибирск, 1989.
Пүрэвсэрэн Б., Мэндсайхан З. Монгол эмийн эрдэс чулуу. УБ., 2002.
Растительные лекарственные средства, Под редакцией проф. Н.П.Максютиной, Киев, “Здоровья”, 1985.
Растительные ресурсы СССР. I-VIII том. Ленинград, 1987.
Санжайжамц. Хөх Биндэръяа (МОТ-ын 17-р зуун),
Справочник по заготовкам лекарственных растений, Киев, “Урожай”, 1989.
Сүмбэ-ханба Ишбалжир. Цагаан болор толь (МОТ-ын 18-р зуун),
Турова А.Д., Сапожникова Э.Н. Лекарственные растения СССР и их применение. Москва, “Медицина”, 1984.
Үрт ургамлын зурагт толь. Өвөр Монголын сурган хүмүүжлийн хэвлэлийн хороо, Хөх хот, 1977.
Хайдав Ц., Алтанчимэг Б., Варламова Т.С. Лекарственные растения в монгольской медицине, Госиздательство, Улан-Батор, 1985.
Хайдав Ц., Төмөрбаатар Н., Цэнд-Аюуш Г. Монгол төвд анагаах ухаанд хэрэглэгддэг мод, үрийн эмийн зүйл, УБ., 1996.
Харкевич Д.А. Фармакология. Москва, “Медицина”, 1987.
Хүрэлчулуун Б., Батчимэг Ө. Монгол орны ургамлын гаралтай зарим эмийн түүхий эдийн лавламж. УБ., 2006.
Хүрэлчулуун Б., Суран Д., Зина С. Уламжлалт эмэнд хэрэглэгддэг ургамлын түүхий эдийн зурагт лавлах. УБ., 2007.
Шамрук С.Г. Лекарственные растения, Минск, “Ураджай”, 1-88.
Эм таних ухаан (Цахар гэвш Лувсанчүлтэм). ӨМҮХХ., 1998.
The Ayurvedic Pharmacopoeia of India. Part-1, Volume-1, New Delhi, 1986.
Bhagwan Dash. Tibetan medicine with special reference to yoga sataka. Library Tibetan works & archives, Dharamsala, India, 1976.
WHO monographs on Selected Medicinal Plants. Volume 1,2. Geneva, 1999, 2002.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3572
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК