Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2009, (43) 2009.No3(043)
ЦАЙ ҮҮССЭН ТҮҮХЭЭС
( Лекц )
 
Хүн төрлөхтөн цайг 600 мянган жилийн тэртээгээс мэддэг болсон бөгөөд ном сударт хамгийн анх МЭӨ 2700 оны үед тэмдэглэгджээ. Анх Хятадууд цайны ургамлыг олж эмчилгээний журмаар /амьдралын гал/ гэж нэрлэн хэрэглэж эхэлсэн. VI зууны үеэс Хятадын хаад ноёд дээдсийн хүрээнд тансаг хэрэглээнд зориулан ашиглаж байсан. Үүнээс хойш гурван зууны дараагаар Хятадын хүн амын дунд дэлгэрч хүмүүсийн үндсэн ундааны хэрэглээнд орж иржээ. Цайны ургамлыг Хятадад 2500 жилийн тэртээгээс тариалан ашиглаж эхэлсэн. IX зууны үеэс Японд хэрэглэж эхэлсэн бөгөөд бүр сүүлд XVIII зууны үед Японы эзэн хааны эмч цайны ургамлын цус шингэлэх, элэг дэлүүг цэвэрлэх, ядаргаа сульдааг багасгах нөлөөг олж ирүүлсэн байна. Харин Европод 1517 онд Протугалчууд цайны ургамлыг авчирсан. Голландын худалдаачид Хятадаас цайны ургамлын бутыг нууцаар авчирч Индонезод тариалан 1610 оноос Голландад оруулж 1664 оноос Англид нэвтрүүлсэн байна. Англичууд цайг халуун дотноор хүлээн авч цай уух, цайны ёслолыг анх бий болгож цайг өргөн хүрээтэй хэрэглэх болсон. Оросод 1638 онд Оросын элчин Василий Старков , Монголоос (Алтан Улсын Хааны бэлгийг 64 кг цай) авчирснаас хойш  Оросын хаад, ноёдуудын дунд өргөн хэрэглээ болж цаашид дэлгэрсэн. 1814 оноос Никитины батоникийн цэвэрлэгт хүрээлэнд эхлэн тариалан ашиглах болжээ. 
Ингээд цай нь XVIII зуунаас бусад Европын орнуудад ихэд дэлгэрэн кофетэй өрсөлдөхүйц ундаа болж Франц, Испани, Герман зэрэг орнуудын хүмүүсийн дунд дуртай ундааны хэрэглээ болж эхэлсэн. Тухайн үед цайны ургамлын түүхий эдээс болж АНУ(кофег хэрэглэдэг), Англи (цайг хэрэглэдэг) хоёр орон өрсөлдөж кофе цай хоёрыг өнөө хүртэл өрсөлдүүлэн хэрэглэж байна.
Монгол оронд эхлээд Алтан хааны үед Хятадаас дамжуулан авч хэрэглэж байсан боловч сүүлдээ Оросоос авч өргөн хэрэглэдэг болжээ. Жишээ нь : Дэлхийн II дайны үед Оросоос цай орж ирэхээ больсон учраас нутгийн зэрлэг ургамлаар цай хийж бэлтгэх ажлыг өргөн хүрээтэй явуулж байсан бөгөөд 165 тн ургамлын ногоон цай (Хөвөн ороот, Мягмансанжа) бэлтгэн хэрэглэж байсан мэдээ байдаг. Одоо Манай улс өргөн хэрэглээний цайг Хятад, Энэтхэг, Цеолон, Орос зэрэг Дэлхийн олон орнуудаас авч хэрэглэхээс гадна өөрийн орны ургамлын баялагаас (Их тайга, Энхжин, Мөнхжин гэх мэт) олон төрлийн цайг бэлтгэн хүнсий болон эмчилгээний чиглэлээр өргөн хэрэглэх боллоо. Дэлхийд цайны ургамлыг тариалан ашигладаг 4 том улс байна. Эдгээр улсууд нийтдээ 1,5 сая га талбайд цайны ургамлыг тариалж жилдээ 2 сая орчим тн хуурай цай үйлдвэрлэн гаргадаг. Жишээ нь : Энэтхэг 500 мянган тн, Шриланк 210 мянган тн, Хятад 200 мянган тн, Орос 100 гаад мянган тн цай тус тус үйлдвэрлэн гаргаж байна. Цайны ургамалд Танина 12%, уураг 16%, сахар 1,5%, кофеин 4%, теофлеин, теобромид зэрэг алкалоидууд байхаас гадна витамин С 250 мг%, Вит Р, РР болон эфирийн тос зэрэг биологийн идэвхт бодис зонхилон агуулагдаг. Эдгээр биолоигийн идэвхт бодисын биологийн шинж чанар нь хүний биеийн алжаал ядаргааг тайлах, зүрх, тархины судсыг тэлэх, оюуны болон биеийн хөдөлмөрийн чадварыг дээшлүүлэх цайны үйлдлийг хадгалж байдаг. 
Сонгомол цайны ургамлуудаас гадна эмийн шинж чанар бүхий зарим ургамлуудыг дээр үеэс эхлэн Европ, Дорно дахины ардын эмнэлэгт цай байдлаар чанаж ундаанд хэрэглэж иржээ.
Тусгай боловсруулалт хийгээгүй ургамлын хатаасан навчийг “ногоон цай” гэж нэрлэн хэрэглэдэг. 
Манай оронд “Хөвөн оройтыг “уулын цай”, “шонхор цай”, “өндөр улаан цай”, нохойн хошууны навчийг “ногоон цай ” гэж нэрлэн өдгөөг хүртэл уламжлан хэрэглэсээр байна. Түүнчлэн хус, гүйлс, монос, тавилган, даль зэрэг мод бутны навчийг гүзээлзгэнэ, бадаан, инж буурлын навч, цээнэ, туйпланцар, сөд өвсний үндэс, шимтэглээн навч цэцгийг цайнд өргөн хэрэглэж байжээ. Энэ мэтчилэн ургамлаар цай хийж ундаанд хэргэлж байсан уламжлал олон улс үндэстэнг түгээмэл элбэг тохиолддог билээ. 
 
 
 
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1307
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК