Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2008, (037) 2008.No1(037)
АНХНЫ БИШРЭЛ
( Түүх )

Эмч, зохиолч яруу найрагч Хандын Цэрэндорж Сайншанд. 2008.01.31
 

 
Абстракт

Б.Рагчаа багшийн тухай дурсан бичнэ гэдэг бараг боломжгүй юм. Тэр тусмаа би мэт нэн молхи бичээчийн хувьд бүр ч бэрх даваа юм.

• Яагаад гэвэл аливаа хязгааргүйн тухайн хэмжээ дамжаатай жижигхэн ухааны цараар баримжаалах арга чарга байдаггүй.

Зах зухгүй орон зайн энгээр гэрлийн хурднаас ч түргэн сэтгэгч тэр хүний сэтгэлийн хөдлөл, баяр баясгалан , жаахан дургуйцлынх нь тухай бичих бүү хэл, бодох ч удаадана.

Дургүйцал гэхийн учир багшид үзэн ядахуй гэж байгаагүй байхаа.

Б.Рагчаа багшийг магтах хэрэг ч үгүй. Тэр хүнд ямарч их магтаал багадана. Муулах ч нэмэргүй. Мэс мэт хурц, жад лугаа адил үзүүрт (муушаал) багшийн гэрэл гэгээ, элч дулаанд мөс адил хайлж арилна.

Багшийн тухай дурсамж бичих хэцүү гэхийн учир наад зах нь энэ гурав болой.

Одоо яах вэ?    Огт дурсахгүй

бурханлаг их багшийнхаа тухай ганц үг ган гэхгүй суухуу? Бас үгүй ээ. Болсон бодит үнэн , тэр үеийн баримт сэлтийг хүмүүст хэлж өгье. Энэнээс өөр арга замыг би олсонгүй. Бас үүнийхээ зөвд итгэнэм.

1955 онд бид хүн эмнэлэгийн техникумын 3-р ангид сурч байлаа. Долоо дугаар анги төгсч ирсэн , арван долоо найман нас хүрцэгээж байв. Хичээл орох хонх дуугарчихсан багш орж ирээгүй байлаа. Яг ийм л үед манай ангийхан жинхэнэ зэрлэг хүмүүс шиг болчихдогсон. Нэг нь хөөж .нөгөөх нь зугатааж, охин нь эсэргүүцэж , банди нь үнсэхээр ноцолдож, ноололдож , баахан нь уухайлж зөв дахиад гэх мэт хөөрөгдөж, негөөдүүл болиочээ! Арай дэндүү юмаа гэхчлэн эх адаг, эцэс төгсгөлгүй бөөн шуугиан дунд ангийн хаалга сэвхийтэл нээгдэв.

Харвал: Цав цагаан нөмрөгтэй, хар зангиатай, хар хөхөвтөр хүрэмтэй, дув дугуй алаг нүдтэй , сэрвээгээрээ жаахан бөгтөр намавтар хүн орж ирэв.

-За би чинь хаана хүрээд ирчих нь энэ вэ? Шар хадруу яваагүй шиг санагдах юм. Маникалный депрессивный синдромтой ийм
олон хүн хорьдог газар чинь хаанах байдаг билээ.

-Гэсэн асуултууд угсруулан тавив. Хэнч дуугарсангүй. Энэ хүний бараа сүр гэрэл гэгээгээр өнөөх маникалны депрессивный эмгэгүүд илааршин арилжээ.

Анги чив чимээгүй. үргэж сандачсан ялаанууд амсхийхээр цонхруу нисэлдэх чимээ сонсогдож байж билээ.

Багш, хөдөлгөөнгүй цэрэг шиг дэвхийтэл зогсох зуу гаруй оюутнуудыг нэг нэгээр нь нэвт харах мэт инээмсэглэн зогсоно. Тэгснээ сайн байна уу? гэж мэндэллээ. Ангийхны сайн гэх их цуурай түрлэгээр заалны 6 цонхны шил арамтайгаа дархийн цочив.

Хичээл эхэлэлээ. Үзэгний шир шир, чихар чихар гэх дуу авиа хаяа нэг нь нусаа шор хийтэл татахаас өөр дуу шуугүй нам гүм болжээ.

Багшийн ярианы ур дүй, утга агуулгын нарийн нягт холбоо уялдаа, амьдарлын жишээ баримт бидний анхаарлыг нарны гэрлийг галт шил хумих адил нягруулжээ, Завсарлагааны хонх дуугарав. өнөөдрийн хичээл дууслаа. Асуух юм байна уу? гэж багш асуув. өнөөх хэдэн ялаанаас өөр чимээ түүрээ гаргах сөгөөтэй юм манай ангид алгаа. Асуух юм байхгүй бол завсарла гэлээ. Хэн ч хөдөлсөнгүй, хэн ч дуугарсангүй . Гэтэл манай ангид Болд гэж нилээд ахимаг насны Өвөр монгол ах сурдаг байлаа. Тэр ам нээн багшаа гэрийн даалгаварт юу өгөх вэ? гэж асуулаа.

-Гэрийн даалгаварыг бол ээж чинь өгне. Аав, багш , эх орон гурав амьдарлын даалгавар өгдөг юм. Та нар "Хөх дэй мэргэн " шиг цул нягт бие бялдартай , нар шиг дуусашгүй дотоод эрчимтэй хүүхдүүд юмсанж. Даан ч ухаан чинь манан будантайн цээр сэтгэл зүрхний тэмүүлэл чинь мухардангүй юм. Оюуны салхи дэгдээвэл юухан байхав цэлмэчихэнэ. Тийм их хүч, эрчмээ нэг охин хөөхөд, нэг муу бандиас дутаахад үрж дуусах нь ээ. Харамсалтай байгаа биз.

Та нар сургуулиа төгсөөд бага эмч, эрүүл мэндийн дайчид болцгооно. Их эмч болно.
 

Астирантур доктрантурт сурна. Ирээдүйн зам чинь ийм урт алс хол гэрэл гэгээтэй байхад битгий муриг.сариг гээд байцгаагаач гэв.

Хичээл орох хонх дуугарлаа. үг олдож үхэр холдох нь гээд багш эргэн гарах гэтэл урдаас нь дараа нь орох багш алдарт Ж. Аминдаваа орж ирэнгүүт , өө Рагчаа багшаа та сайн байна уу? гээд мэхийн хүндэтгэв.

Ингэж л Монголын анагаах ухааны зуунд нэг л төрөх их суу билэгт Рагчаа багшийнхаа анхны зэм, анхны ном, анхны урмын үгийг сонссоноо мэдэж билээ.

Орон зай, огторгуй тэнгэрийн ихийг хэнч мэддэггүй.

Хойт уул зүүн баруун гүвээ өмнөх хөлийн толгодоор хязгаарлагдсан мэт ойлгодог. Яг үүн лүүгээ адил Рагчаа багшийн аугаа их оюун билгийг тэр бүр шавь нар нь анзаардаггүй. Байдаг л нэг доктор, академич гэж боддог. Анагаах ухааны дунд, дээд сургуулийн мииий хоёр үеийн багш байсны хувьд уламжлалт тэжээхүй ухааныг сонирхон оролдож үе үе элдвийг асууж сонирхож явсныхаа ачаар багшийг зарим талаар бусдаас илүү гадарлах болсон. Өнөөх "Хөх дэй мэргэн" гэдэг нь нэг л үлгэр домгийн баатар байх гэж бодсоор олон жил өнгөрчээ. Ухааны манан будангаа хөөргөн цэлмээх салхи үүсгэх санаатай гадаад дотоодын ном хэвлэл үзэх боллоо. Тэгтэл нэг номонд "Хөхдэй Мэргэн" нь үлгэрийн баатар биш нэгэн одны нэр гэжээ.

Тэр одны нэг шоо дөрвөлжин см нь тавин тонн хүнд жинтэй их нягт ажээ.

Үүнийг олж мэдээд багшийн хэлсэн нэг үгний цаана ямар их оюун, ямар олон нууц агуулагдаж байдагт бишэрч билээ. Тавин жилийн өмнө багшийнхаа зэмлэл, магтаал,
урам, сэтгэлд асэасан унтрэшгүй гэрэл гэгээний тухай бичиж суухдаа: тэр хүнд ямар ч сайшаал, магтаал багадах билүү? гэж өөрөөсөө дахин асуулаа. Тиймээ багадана гэсэн хариулт хэвээрээ байлаа.

Яагаад гэвэл Рагчаа багш маань орон зай мэт уужим ухаантай орчлонгийн номд нэгэн галаараа нийлсэн хүн байжээ. Бас гэрэл гэгээ мэт өгөөмөр сэтгэлтэй.

Зэм, дэм, тэмүүлэл гурвыг шавь болгоныхоо сэтгэлд арилж баларшгүй суулгаж чаддаг жинхэнэ ардын багш байсан юм. Өвгөн бичээч би анх анагаах ухааны цалайн захад хүрч ирсэн 1953 оноос л "Өвгөд, эмгэд өвдөж шаналсан хүмүүс тэр Рагчаатай нь л уулзвал үхэхэд яах вэ? цаг нь болсон юм байгаа биз. Цаг нь ирээгүй бол ч эдгээдэг хүн гэсэн" гэж ярьцгаадаг байсныг дадпагын хичээлийн хонгилд өдөр бүр сонсож багшийн өрөөг зааж өгч байсан эмч, газарч, гэрч нарын нэг нь би мөн.

Ард түмэн Рагчаа багшийг эрүүлийг хамгаалахын ажилтанаар бус миний эмч .намайг аврагч , нас хайрлагч, "Манал бурхан" гэж зүрхэндээ дээдлэж явсан юм.

Ёстой ардын эмч хүн "Ардын" гэдэг цолыг төр олгодоггүй юм. Төр баталгаажуудаг л юм эхлээд цолгүй хүн ард түмэнд хүрч очдог. Хүн болгоны өвчин бүхний өвчтөн бүрийн олон сорил шүүлтийг гүн гүнзгий мэдлэг, өгөөмөр уудам сэтгэл, харьшгүй тэмүүлэл зүтгэлээрээ даваад ирэхээр хүн хүн миний эмч гэж явдаг.

Ардын эмч ингэж л төрдөг. Ард түмэн гэдэг номын хуудас эргэх шиг , өдөр шөнө солигдох шиг тасрал зогсолгүй шинэчлэгдэж байдаг, болохоор зуун жилийн дараах үеийхэнд мартагдах эндэл гарч юун магад гэж төр Ардын цолыг баталгаажуулдаг. Тэгэхээр :'Ардын эмч" багшийнхаа цолыг нь төр мөнхжүүлэх л дутуу санагдана.
 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 497
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК