Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2008, (038) 2008.No2(038)
ХОРТ ХАВДАРТАЙ ӨВЧТӨНИЙ ГИПЕРКАЛЬЦИЕМИ БА ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГИЙН СУДАЛГАА
( Судалгааны өгүүлэл )

Б. Бүрэнжаргал, Г. Хандсүрэн, Д. Одонтуяа

 
Абстракт

Хорт хавдартай өвчтөний биохимийн өөрчлөлтийн нэг өвөрмөц онцлого бол гиперкальциеми бөгөөд энэ нь ясны үсэрхийлэл байгаа эсэхээс үл хамааран ихэнхи тохиолдолд үүсдэг байна.

Хорт хавдартай өвчтөний гиперкальцеми шингэний /гуморальный/ механизмаар явагддаг ба хатуу хорт хавдрын үед хавдраас ялгарах паратиреоид даавартай холбоот уургийн / ПТДхУ/ нөлөегөөр ясны задрал ихсэх замаар гиперкальцеми үүсдэг бол Миеломын үед интерлейкин 1, хавдар үхжүүлэгч хүчин зүйл, лимфотоксин зэрэг цитокин нь остеокластыг идэвхжүүлэх замаар гиперкальцеми үүсдэг байна.

Лимфомын зарим тохиолдолд миеломынх шиг дээрх хүчин зүйлийн нөлөөгөөр гиперкальциеми үүсдэг бол зарим лимфом нь 25 гидрокси-Д аминдэмийг биологийн идэвхтэй 1,25 дигидрокси-Д аминдэм болгож хувиргадаг тул гиперкальцеми үүсдэг.

Ясанд үсэрхийлсэн тохиолдлын тоо ба гиперкальцемийн тохиолдол хоёрын хооронд ямар нэгхамаарал байхгүй.

Уушгины карцином 35%, хөхний хорт хавдар 25%, цусны хорт хавдар 14%, толгой хүзүүний хавтгай эст хавдар 6%, шээс, бэлгийн замын хорт хавдар 6%, бусад хорт хавдрууд 15% гиперкальциеми үүсгэдэг байна.

Хорт хавдар өвчтөний ясанд үсэрхийлж, ясны эд эсийг хайлуулснаар ясны ©вдөлт үүсгэх /80%-90%/, цусан дахь кальцийн хэмжээ ихсэх /10%-20%/ атлаа яс сийрэгжих, хугарамтгай болох, эмгэг хугаралт үүсэх /25%-35%/, нурууны яс хайлсанаар нугас дарагдах /10%-20%/, мэдрэл саажих, мэдээгүй өтгөн шингэнээ гаргах зэрэг нэг нь нөгөөгөөсөө

үүдсэн олон шаналгаат шинжүүдийг үүсгэн өвчтөний амьдралын чанарыг эрс доройтуулдаг байна. Хөхний хавдар 73%, түрүү булчирхайн хавдар 68%, бамбай булчирхайн хавдар 42%, бөөрний хавдар 35%, уушгины хавдар 36%, шулуун гэдэсний хавдар 11% ясанд үсэрхийлдэг болохыг Glasko 1981 онд тогтоожээ.

Гиперкальциемийн хөнгөн үед ядрах, нойрмоглох, ой ухаан муудах, тамирдах, хоолонд дуршил муудах, өтгөн хатах, полиури, полидипси зэрэг шинжүүд илэрнэ. Хүнд үед дотор муухайрах, бөөлжих, түгжрэх, дэмийрэх, нойрмоглох, оврого зэрэг шинжүүд илэрдэг бөгөөд дээрх шинж тэмдгүүд нууц үегүйгээр маш хурдан явцтай илэрч болно. Кальцийн хэмжээ 4 ммоль/л-с ихсэх тохиолдолд эмчлэхгүй бол бөөрний хурц дутагдал, зүрхний хэм алдалтаас өвчтөн нас барж болно.

Гиперкальциемийн эмчилгээнд: 1). 24-48 цагийн дотор 2-4 л шингэн дуслаар хийх 2).Шингэн нөхсөний дараа кальцийгшээсээр хөөх зорилгоор фуросемид зэргийн шээс хөөх эм 80 мг-аар хэрэглэх 3).Яс сийрэгжихээс сэргийлэх зорилгоор бифосфонатууд,    кальцитонин,

кортикостероид хэрэглэх шаардлагатай байдаг.

Бифосфонатыг хэрэглэх заалт:

•    Хавдар үсэрхийлснээс үүссэн гиперкальциемийг эмчлэх

•    Хавдар үсэрхийлснээс үүссэн яс сийрэгжилтийг эмчлэх

•    Хавдар үсэрхийлснээс үүссэн өвдөлтийг намдаах

•    Эмгэг хугаралтыг багасгах

•    Педжетын өвчин

•    Яс сийрэгжих өвчин

Гэтэл Монголд ганцхан Бонефос гэдэг бифосфонатыг 2005 онд Шеринг эмийн компани анх оруулж ирсэн бөгөөд 2007 онд судалгаагаар үзэхэд ХСТ-ийн эмч нарын 90% нь уг эмийн талаар ба гиперкальциемийн эмчилгээний талаар ямар нэг ойлголтгүй байсан нь тогтоогдсон билээ.

Монголд хорт хавдартай өвчтөний гиперкальциемийн талаар хийсэн судалгааны ажил одоогоор үгүй байна. Гиперкальциемийн эмчилгээнд хоногт 2 литр хүртэл физиологийн уусмал дуслаар өгөх шаардлагатай боловч судсаар дусаах нь аюултай байсан тул арьсан дор дусаах эмчилгээг нэвтрүүлэх аргыг Монголд анх хэрэгжүүлэх хэрэгцээ байсан юм.

Судалгааны зорилго.

Монголын хорт хавдартай өвчтөнд гиперкальциемийн тохиолдол ба эмчилгээний үр дүнг судлах.

Судалгааны зорилт.

1.    Хорт хавдартай өвчтөнд гиперкальциемийн тохиолдлыг судлах.

2.    Гиперкальциемийн эмчилгээнд арьсан дор байрлуулсан эрвээхээ зүүгээр дусал хийх аргын үр дүнг судлах.

3.    Гиперкальциемийн эмчилгээнд Бонефосын үр дүнг судлах.

Судалгааны материал

СХД -ийн хавдрын кабинетын хяналтанд байгаа 25 өвчтөний цусанд кальци, альбумины хэмжээг үзэх биохимийн шинжилгээг Герман улсын Human пүүсийн Кумаляезер 2000 аппаратаар хийсэн. Сийвэнгийн альбумины хэмжээ багассан 1 г/л тутамд нийт кальцийн хэмжээнд 0,02 ммоль/л-г нэмж тооцсон.

Найдвар хоспист хэвтэн эмчлүүлсэн 50 өвчтөнд арьсан дор дуслаар физиологийн уусмал хийж үр дүнг судалсан.

Бонефосыг гиперкальциемийн эмчилгээнд хэрэглэсэн 5 өвчтөний эмчилгээний үр дүнг судалсан.

Судалгааны үр дүн

Судалгаанд гиперкальциеми илэрсэн СХД-ийн хавдрын кабинетын 25 өвчтөн хамрагдсанаас хөхний хорт хавдартай 4, уушгины хорт хавдартай 4, ясны хорт хавдартай 3, элэгний хорт хавдартай 5, булчирхайн хорт хавдартай 3, шулуун гэдэсний хорт хавдартай 2, ходоодны хорт хавдартай 3, хэвлийн хөндийн хорт хавдартай 1 өвчтөн байсан. Эдгээрээс 8 өвчтөний хорт хавдар бусад эрхтэнд үсэрхийлэл өгсөн байсан ба хөхний хорт хавдартай 4 өвчтөн ясанд үсэрхийлэлтэй байсан ба дөрвөн өвчтөнд гиперкальциемийн хэмжээ 2,7-3,4 ммоль/л хүртэл ихэссэн байсан. Уушгины хавдартай 4 өвчтөнд гиперкальциеми мөн илэрсэн байна. Энэ нь хөхний хавдар ясанд үсэрхийлэх магадлал өндөртэй байдаг ба хөх, уушгины хавдрын үед гиперкальциеми үүсэх нь илүүтэй байдаг талаар гадаадын бусад судлаачдын үзэлтэй нийцэж байгаа юм. Кальцийн хэмжээ ихэссэн өвчтөн бүрт гиперкальциемийн эмнэлзүйн дээр дурьдсан шинжүүд илэрч байсан.

Гиперкальциемитэй өвчтөнд Бонефос / клодронат/гэгч бифосфонатын бүлгийн эмийг 5 өвчтөнд хэрэглэж үр дүнг судлахад 5 өвчтөнд цусандах кальцийн хэмжээ 3,4 ммоль/л-ээс 2,1 ммоль/л хүртэл буурч байсан ба, ядрах, дотор муухайрах, яс янгинаж өвдөх шинжүүд 100% арилжбайсан.

Бид судалгаандаа Найдвар хоспист эмчлүүлсэн ба хорт хавдрын хордлого буюу гиперкальциемийн шинж илэрсэн 50 өвчтөнийг хамрууллаа. Тэдгээрээс 50 өвчтөнд гиподермоклайзис эмчилгээг арьсан дор байрлуулсан эрвээхэй зүүгээр хийсэн.

Хүснэгт 1.

ДҮГНЭЛТ

1.    Хорт хавдартай өвчтөнд гиперкальциеми 2,7-3,4 ммоль/л хүртэл ихэссэн байсан. Хөхний хавдар ясанд үсэрхийлэх магадлал өндөртэй байдаг ба хөх, уушгины хавдрын үед гиперкальциеми үүсэх нь илүүтэй байсан.

2.    Бонефос /клодронат/ гэгч бифосфонатын бүлгийн эм нь гиперкальциемитэй өвчтөний сийвэнгийн кальцийн хэмжээг 3,4 ммоль/л-ээс2,1 ммоль/ л хүртэл бууруулж байсан ба өвчтөнд ядрах, дотор муухайрах, яс янгинаж өвдөх шинжүүд 100% арилж байсан.

3.    Гиперкальциемитэй өвчтөнд арьсан дор байрлуулсан зүүгээр физиологийн уусмал дусаахад өвчтөний биеийн байдал сайжирч, хордлого 90% тайлагдаж, шингэн дутагдлын шинжүүд 90% багасаж, 100% тамир тэнхээг дээшлүүлж байсан.
 

 

Ном зүй

1. Andrew Fowell, Nicolas S.G.Stuart, 2000, \"Emergencies in palliative care\", \"Basic and advanced palliative medicine course \", Puszczykovo, page 45-49.

2. Twycross R. 1995, \"Symptom management in advanced cancer\", Oxford, Radcliffe Medical Press.

3. Одонтуяа Д., Оргил Б. , 2003, \"Хөнгөвчлөх тусламж үйлчилгээ\", Гиперкальциеми\", хууд. 403-412.
4. Одонтуяа Д., 2006, \"Хөнгөвчлөх анагаах ухаан\", Типеркальциемийн эмчилгээ ба Бонефос\", гүнзгийрүүлсэн сургалтын материал,хууд.100-103.

5. Одонтуяа Д., 2007, \"Амьдралын чанарыг дээшлүүлье\", \"Гиперкальциеми ба Бонефос\", хууд . 15-18.

6. Одонтуяа Д., 2007, \"Амьдралын чанарыг дээшлүүлье\", \" Hypodermoclysis эмчилгээ\", хууд . 23-28.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2282
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК