Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2010, 46(046)
ХОРТ ХАВДАРТ НӨЛӨӨЛӨХ ХООЛ ТЭЖЭЭЛИЙН ЭРСДЭЛТ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ТАРХАЛТ
( Намтар )

Д. Отгонтуяа АУ-ны магистр;  Ж. Батжаргал  АУ-ны доктор НЭМХ, Хоол судлалын төв  

 

 

Хорт хавдар нь жил бүр манай дэлхийн 7.1 сая хүний аминд хүрч байна. Хөгжиж буй орнуудад  хорт хавдрын шалтгааны 20 орчим хувийг хоол тэжээлийн эрсдэлт хүчин зүйлс нөхцөлдүүлж байдаг. Хоол хүнсний зохисгүй хэрэглээ нь тамхи таталтын дараа хоёрдугаарт  орох урьдчилан сэргийлэх боломжтой эрсдэлт хүчин зүйл юм.  Одоогоор манай гаригийн 20 сая орчим хүн хорт хавдраар өвчлөн шаналж байгаа ба ойрын 10 жилд энэ тоо 30 саяд хүрнэ гэсэн тооцоо гараад байна. Түүнчлэн хорт хавдрын нийт тохиолдлын талаас илүү хувь хөгжиж буй орнуудад ногдох болно. 
Хорт хавдар нь улс орны нийгэм, эдийн засгийн байдал, амьдралын хэв маягт гарах өөрчлөлттэй нягт уялдах ба хотжилт, суурьшмал амьдралыг даган хөгжиж буй орнуудын хорт хавдрын төрөл, хэлбэр хөгжингүй орнуудад давамгайлдаг хоол тэжээл, хөдөлгөөний идэвхийн байдалтай холбоотой хавдрын төрлүүд рүү шилжих  хандлага гардаг. Уушиг, бүдүүн шулуун гэдэс, хөх, түрүү булчирхайн хавдрын тархалт эдийн засгийн хөгжилтэй зэрэгцэн нэмэгдэхийн хэрээр ходоодны хавдрын өвчлөл буурах хандлага байдаг. 
Хоол тэжээлтэй холбоотой хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлсэд жимс, хүнсний ногооны хангалтгүй хэрэглээ, давсалж даршилсан хүнс, малын мах, архины зохисгүй хэрэглээ, унд хоолыг хэт халуунаар ууж хэрэглэх зэрэг орно. Сүүлийн жилүүдэд хийгдсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлууд илүүдэл жин, таргалалт нь улаан хоолой, бүдүүн шулуун гэдэс, хөх, умайн хүзүү болоод бөөрний хорт хавдраар өвчлөх чухал хүчин зүйл болохыг тогтоогоод байна. Түүнчлэн тогтмол идэвхтэй хөдөлгөөн нь хөх, бүдүүн шулуун гэдэсний хорт хавдраар өвчлөх эрсдлийг бууруулна. 
Манай оронд хорт хавдрыг хоол тэжээлийн эрсдэлт хүчин зүйлстэй холбон судалсан судалгаа шинжилгээний ажил хараахан хийгдээгүй байна. Эрүүл Мэндийн Яам, ДЭМБ, Мянганы Сорилтын Сангийн Эрүүл Мэндийн Төсөл, НЭМХ-ийн хамтарсан Халдварт бус өвчин (ХБӨ)–ний эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын үндэсний судалгаагаар Монгол улсын 15-64 насны хүн ам хоногт дундажаар 1.8 нэгж жимс, хүнсний ногоо хэрэглэж байгаа дүн гараад буй нь хоногт 5 нэгж буюу 400 грамм хэрэглэх зөвлөмж хэмжээнээс энэ үзүүлэлт 2.7 дахин бага байна. Түүнчлэн хүн амын  92.3 хувь нь хоногт 5 нэгжээс бага жимс хүнсний ногоо хэрэглэж байна. Нийт хүн амын 38.6 хувь архи согтууруулах ундааг хэрэглэдэг ба эрэгтэйчүүдийн 49.8 хувь, эмэгтэйчүүдийн 27.2 хувь хэрэглэдэг байна. Архины нэг удаагийн дундаж хэрэглээний байдлыг авч үзэхэд судалгаанд хамрагдсан эрэгтэйчүүдийн 39.7 хувь, эмэгтэйчүүдийн 15.1 хувь нь архийг хэтрүүлэн хэрэглэж байгаа нь ажиглагдав. Хорт хавдрын шалтгааны чухал хүчин зүйл болох илүүдэл жин, таргалалтын байдлыг судлахад, нийт хүн амын 39.8 хувь, эрэгтэйчүүдийн 37 хувь, эмэгтэйчүүдийн 42.7 хувь илүүдэл жин буюу таргалалттай байна. 
Хорт хавдар нь манай улсын хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болж буй өнөө үед хүн амын дунд хавдрын хоол тэжээлийн эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын түвшин тогтвортой өсөх хандлага ажиглагдаж байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна. Энэ нөхцөл байдал нь хүн амын хоол тэжээл, хүнсний хэрэглээний байдлыг хорт хавдрын өвчлөлтэй холбон судлах, хорт хавдраар өвчлөх эрсдлийг зохистой хооллолтоор бууруулах, эрсдэлтэй бүлэгт чиглэсэн интервенц судалгааг хийх зэрэг эрдэм судалгааны дорвитой ажлууд нэн шаардлагатайг харуулж байгаа юм.
 
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1309
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК