Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Инноваци - Шинэ Санаа, Шинэ Нээлт, 2007, 1(4-1)
Олгойн гаралтай хэвлийн тархмал идээт гялтантас өвчний мэс заслын эмчилгээг “Хэвлийн хоёр талын ташуу зүслэгийн арга”-аар хийх практик арга
( Судалгааны өгүүлэл )

Ш.Баттөр

Завхан аймгийн Эрүүл мэндийн газар

 
Удиртгал

Мухар олгойн үрэвсэл болон түүний хүндрэлүүд мэс заслын өвчнүүд дотроос хамгийн их тохиолддог билээ. Хөдөөгийн нөхцөлд мухар олгойн өвчин хүндэрч ирэх явдал асар их байгаа бөгөөд энэ нь голдуу алс холоос ирэх, онош зөв тавигдахгүй цаг  хугацаа алдах явдлуудаас шалтгаалж байна. 1958 онд Ленинград хотод болсон ХОУ-ын мэс засалчдын анхдугаар их хурал дээр Б.М.Хромов гялтантас үүсэх бүх шалтгааныг 3 том бүлэг болгосон бөгөөд хэвлийн хөндийн эрхтнүүдийн цочмог үрэвслээс хүндэрч гялтантас болох нь хамгийн их тохиолдогийн дээр мухар олгойн цочмог үрэвсэл гол шалтгаан нь болсон байна. Т.Шагдарсүрэнгийн энэ хуралд тавьсан илтгэлийн материалд гялтантас үүсэх гол шалтгааны 1-р байранд мухар олгойн цочмог үрэвсэл орсон байна. Идээт гялтантасын судалгаанаас үзэхэд мухар олгойн гаралтай идээт гялтантас ихэнхи хувийг нь эзэлж байна. Үүнд 1958 онд 72.7 /Шлапоберски/, 1959 онд 62 / Б.М.Хромов, Л.И.Гарвин/, 1965 онд 55 /Б.С.Данилов/, 1974 онд 65.4 /В.Д Феодоров/, 1973 онд 60 /Ё. Бодьхүү/.

Мөн мухар олгойн гаралтай идээт гялтантасын нас баралт манай оронд 28.3 % байна /К.Анаргул, 1996 он/. Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт Мухар олгойн үрэвсэл хүндэрч ирсэн тохиолдлуудаас онцлон хэвлийн тархмал идээт гялтантас өвчний улмаас хүндэрч ирж мэс заслын эмчилгээ хийгдсэн  143 өвчтөнд “Хэвлийн хоёр талын ташуу зүслэгийн арга”-аар хийсэн хагалгааны онцлогийн талаар судалгаа хийж энэ аргын практик ач холбогдлыг гарган тавьж байна. Энэ өвчний үеийн мэс заслын эмчилгээний арга одоогийн онол, практикаас нилээд өөр байгаа бөгөөд энэ аргыг бид “Хэвлийн хоёр талын ташуу зүслэгийн арга” гэж нэрлэж байгаа болно.

Аргазүй

“Хэвлийн хоёр талын ташуу зүслэгийн арга”-аар хийх мэс засал эмчилгээний ерөнхий зарчмыг тоймловол:

Олгойн гаралтай хэвлийн тархмал идээт гялтантас өвчний мэс заслын эмчилгээг зөвхөн Дьякино-Волковичийн зүслэгээр орж идээт голомтуудыг авч хэвлийг угааж цэвэрлэдэг бөгөөд хэвлийн зүүн талд нэмэлт зүслэг  (контроператур) хийнэ. Олгойн шарх болон хэвлийн зүүн талын зүслэгийн шархуудаар хэвлийг нэлэнхүйд нь цэвэрштэл угаана (зураг 1).           

Хэвлийн угаалганд эрэгтэй хүний төмөр катетр хэрэглэдэг (зураг 2). Энэ нь хагас дугуй учраас хэвлийн хөндийн эрхтнүүдийг гэмтээдэггүй, угаах гэсэн газраа чөлөөтэй хүрдэг, хэвлийг даралттайгаар угааж  болдог зэрэг олон сайн талтай болно.

Баруун талын олгойн шархаар элэгний булан болон баруун канал, хэвлийн дээд хэсэг мөн аарцаг руу, зүүн талын нэмэлт зүслэгийн шархаар дэлүүний булан болон зүүн канал хэвлийн зүүн дээд хэсэг  мөн аарцаг руу угааж цэвэрлэдэг.

Хэвлийг ерөнхийд нь угааж, цэвэрлэсний дараа олгойн шархаар баруун каналаар дээш нь элэг өөд, доош нь аарцаг руу, зүүн талын шархаар зүүн канал өөд дэлүү рүү, доош нь аарцаг руу тус тус плосктой гуурсуудыг тавьж, шархыг хаах бөгөөд идээ болон идээт шингэн гуурс шархаар чөлөөтэй гарах нөхцлийг хангана.

Хагалгааны  гол зүйл нь идээт голомтуудыг зайлуулах явдал байдаг бөгөөд хэвлийн бусад хэсэгт тархсан идээг ерөнхийд нь угаах замаар гарах замыг нь чөлөөлж өгвөл организм өөрөө хөөж цэвэрлэдэг явдал ажиглагдаж байна.  Мөн мухар олгойн ямар ч үрэвслийн үед Дьякино-Волковичийн зүслэгээр хагалгааг хийх нь техникийн хувьд илүү хялбар байдаг нь мухар олгойн анатомын байрлалтай холбоотой. Бидний хагалгааны тактик эдгээр зүйл дээр үндэслэгдсэн байдаг бөгөөд нэлээд ач холбогдолтой судалгаа харуулж байна.

Олгойн гаралтай хэвлийн тархмал идээт гялтантас өвчний мэс заслын эмчилгээг “Хэвлийн хоёр талын ташуу зүслэгийн арга”-аар хийхэд давуу болон сул талууд ажиглагддаг ба давуу тал нь илүү байна гэж бид үзэж байгаа бөгөөд уламжлалт аргаар хийх хагалгаатай харьцуулан дараах дүгнэлтүүдийг хийж байна.

Үүнд:

Давуу талууд: Хагалгаа өвчтөнд хөнгөн, харьцангуй хурдан хийгддэг, гэдэсний хэвийн байрлалыг алдагдуулдаггүй, париетал болон висцерал гялтангуудыг цочроож макро болон микро гэмтлүүдыг үүсгэдэггүй, хэвлийг хөндийг даралтыг ашиглан угаалгыг хийдэг учир идээ цааш тардаггүй, хагалгааны шарх задрах аюул байдаггүй, хагалгааны дараа ивэрхий үүсэх боломжгүй, наалдац бага үүсдэг, хагалгаанд эмч ачаалал харьцангуй бага авдаг, хагалгааны материал, унтуулгын бодис бага хэрэглэгддэг хагалгааны дараа өвчтөнд шаналгаа багатай харьцангуй хурдан тэнхэрдэг, өвчтөний гоо сайхныг хадгалдаг үүгээрээ сэтгэл санаа өндөр байдаг.

Сул талууд: Хэвлийг бүрэн нээдэггүй учир идээг бүрэн цэвэрлэх боломжгүй, хагалгааг хийх техникийн хувьд хүндрэлтэй чөлөөтэй биш байдаг, хэвлийн угаалга хийх, хэвлийн зүүн талд контур зүслэг хийх, шархуудаар гуурсуудыг тавихад хурууны баримжаагаар хийгддэг, хагалгааны дараагаар шарх болон гуурсуудыг дагаж идээ их гардаг, хэвлийн угаалга, боолт илүү их шаарддаг.

Мэс заслын өвчний дотроос хамгийн их тохиолддог, хамгийн их хүндрэл гардаг энэ өвчний мэс заслын эмчилгээг дэлхий нийтийн жишигтэй харьцуулан үзэх явдал чухал байгаа ба өөрийн орны хөдөөгийн нөхцөлд судалгааг хийж практикт нэвтрүүлэх нь үр дүнтэй байгааг судалгаа болон дүгнэлтүүд харуулж байгаа болно.

Мэс заслын эмчилгээний энэ арга  зөвхөн Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хийгдэж байгаа ба бид олон жил энэ аргаар олгойн гаралтай хэвлийн тархмал идээт гялтантас өвчний мэс заслын эмчилгээг  хийж ирсэн практикаар шалгарсан арга, энэ өвчний үеийн мэс засал эмчилгээний үед хэрэглэж болох хагалгааны нэгэн хувилбар гэж бид хэрэглэж ирсэн бөгөөд цаашид манай орны нөхцөлд хэрэглэж болох хамгийн энгийн хагалгааны хувилбар гэж үзэж байна.

Ингэснээр энэ аргаар хийгдсэн мэс заслын эмчилгээ өвчтөнд аль болох хөнгөн хялбар, гэмтэл бага өгөх, хүндрэл бага гаргах, хурдан хугацаанд эдгэрэх боломжтой гэж үзэж одоогийн практиктай харьцуулан судалж байгаа болно.

Ном зүй

1. Шагдарсүрэн.Т. Труды 1 съезда хирургов РСФСР. М. 1959. стр 127
2. Ринчиндорж Ц. Острыи аппендицит в Монголии в краеведческом освешении. Автореф. кондидат. дис. УБ. 1961
3. Данилова Б.С Брюшной диализ при обшем гнойном перитоните. /Экспериментально-клиническое исследование резорбции брюшины в условях брюшного диалеза/. Автореф. диссертации на соискание ученой степени доктора медицинских наук. Москва 1969
4. Бодьхүү Ё. Мухар олгойн цочмог үрэвслээс үүссэн хэвлийн гялтангийн идээт түгээмэл үрэвслийн мэс заслын эмчилгээний зарим асуудал. Монголын Анагаах Ухаан сэтгүүл. 1972. ¹2. Хуудас 16-21
5. Анаргуль К. Диагностика и лечение острого перитонита в условиях Монголии. Автореф.диссертации на сойскание ученой степени доктора медицинских наук. Санкт-Петербург 1996
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2019
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК