Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эх барих, эмэгтэйчүүд, хүүхэд судлалын сэтгүүл, 2009, 1(5)
Бодлын солбилцол
( Редакцийн зурвас )

П.Отгонбаяр

ЭХЭМҮТ

 
Абстракт

Миний бие ЭНЭШТ-д  “ Хүүхдийн Нэгдсэн Эмнэлэг” нэртэй байх үеэс эхлэн ажиллаж  ирсэн ба эх барихын болоод хүүхдийн эмч нарын алтан үеийн ахмад эмч, эрдэмтэн мэргэдтэй  мөр зэрэгцэн ажиллаж тэдний ажлын арвин туршлагыг өвлөн авч үлдсэндээ баярлаж явдагаа сэтгүүлээрээ дамжуулан илэрхийлж байна.

Клиникийн профессор Д.Рагчаа, клиникийн профессор А.Маналжав эмч, ЭМШУИС-ийн мэдрэл сэтгэцийн тэнхмийн багш, АУ-ы доктор, дэд профессор  Д.Өлзийбаяр нар намайг мэдрэлийн эмч болоход, Монгол Улсын Ардын эмч, академич, АШУ-ы доктор, профессор Э.Лувсандагва, Монгол Улсын Хүний гавъяат эмч, АУ-ы доктор, профессор Д.Малчинхүү, Монгол Улсын Хүний гавъяат эмч, АУ-ы доктор, профессор Г.Цагаанхүү нар миний судлаач болоход,  Монгол Улсын Хүний гавъяат эмч, АШУ-ы доктор, профессор Ж.Раднаабазар, Монгол Улсын Хүний гавъяат эмч, АШУ-ы доктор, профессор Т.Эрхэмбаатар, АУ-ы доктор, дэд профессор Г.Чойжамц нар намайг эмнэлгийн удирдах ажилтан болоход ихээхэн нөлөөлсөн хүмүүс гэж хүндэтгэн дээдэлж явдаг.

Эмч гэдэг эрхэм алдраар овоглож яваа мэргэжил нэгт нөхөддөө хандаж өөрийн бодол, оюундаа тээж явдаг хэдэн зарчмыг хэлэхийг хүсч байна.

Аав, ээж минь намайг хүүхэд байхаас эхлэн ядарсан зүдэрсэн, өвдсөн зовсон хүмүүст тус болж яв, эдээр биеэ чимэхээр эрдмээр биеэ чим гэж ой тойнд ортол захидаг байсан энэ сургаалийг би амьдралынхаа гол зарчим болгодог юм.

Бид ахмад эмч нарынхаа, хүний төлөө гэсэн сэтгэл зүрхээр ажиллаж ирсэн тэр сайхан чанарыг хэзээ ч орхигдуулж болохгүй. Манай эмч нар, ялангуяа залуу эмч нарт хүнлэг сэтгэл дутаад байна уу гэж бодогддог.

Аливаа зүйлийг хайнга, дутуу дулимаг, ор нэр төдий хийхийг би үзэн яддаг. Энэ бол эмч хүнд байж болохгүй чанар. Бид өвчтнийг дутуу эмчилбэл өвчин ужгирна, хүндэрнэ, үлдэц үлдэнэ гэдгийг хатуу санаж явах хэрэгтэй.

Буурлын үгийг сонс гэдэг сайхан зүйр үг бий. Олон жил ажилласан, дадлага туршлагатай эмч, эрдэмтэн судлаач, багш нарынхаа үгийг сонсч нэгийг тунгааж, нөгөөг бодож явахад илүүдэхгүй.

Хүнийг хүндлэх, хүнийг сонсох, хүнтэй ярьж сурах гэдэг бол бас нэг эрдэм. Та өөрийнхээ үйл хөдлөл, үг хэлээр хүнийг баярлуулж ч чадна, гомдоож ч чадна. Иймд хүнийг баярлуулж чадахгүй бол гомдоох үг бүү хэлээрэй. Гэхдээ хүнийг гомдохвий гээд бурууг нь булзааруулж эсвэл булж болохгүй.

Та шударга байх ёстой. Үнэн үг хэлсэн хүнд хүн дургүй гэж байдаг шүү дээ. Энэ надад дургүй болчихвий гэж бүү ай. Үнэн хэзээд ялна.

Эцэст нь би ЭНЭШТ-ийн эмч, судлаач, эрдэмтэн, ажилчин, ажилтан та бүгдээрээ бахархаж явдаг шүү. Та бидний хийсэн бүхэн түүх болон үлдэх аваас улам ихийг хийж бүтээцгээе.

Сайн үйлс дэлгэртүгэй 



Нийтлэлийн нээгдсэн тоо: 1
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК