Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эх барих, эмэгтэйчүүд, хүүхэд судлалын сэтгүүл, 2009, 1(5)
ЭНЭШТ-ийн Эх Барих Эмэгтэйчүүдийн Клиник 20 жилд
( Намтар )

Г.Санждорж

ЭХЭМҮТ

 
Абстракт

ЭНЭШТ-ийн бүрэлдэхүүний томоохон хэсэг болсон Эх барих эмэгтэйчүүдийн клиник нь 1988 оны 8-р сарын 29-нд үйл ажиллагаагаа эхлэхдээ эмнэлгийн 280 ортой, 470-аад ажиллагсадтай, эмчилгээ үйлчилгээний 14 тасагтайгаар хаалгаа нээсэн билээ.

Тус клиник нь эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээний үндсэн төрлүүдээс гадна, зүрх судасны эмгэгтэй жирэмсэн, зуршсан дутуу төрдөг эхчүүд, охид, үргүйдэл, эм бэлгийн дааврын эмгэг судлалын чиглэлээр улсын хэмжээний тэргүүлэх үйлчилгээ үзүүлж ирсэн. Эдгээр тусламж үйлчилгээнээс гадна, эх барих эмэгтэйчүүдийн мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээ ба дутуу нярайн эмчилгээ сувилгааны асуудлаар ч улсын хэмжээний тэргүүлэх тусламж үйлчилгээ үзүүлж ирлээ.

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд, поликлиникээр нэг сая орчим хүнд үйлчилгээ үзүүлж, 236065 эх эмэгтэйчүүдийг хэвтүүлэн эмчилснээс 97658 эх нярайлж, 34243 томоохон мэс засал хийж, онош эмчилгээний хэд хэдэн стандарт, удирдамж хамтран боловсруулж, улсын хэмжээнд мөрдүүлж байна. Түүнчлэн 220 эмчийг мэргэшүүлэн сургаж, 120 их эмчид эх барих эмэгтэйчүүдийн эмч хэмээх эрхэм мэргэжил олгож,  522 эх баригч сувилагч нарыг мэргэжил дээшлүүлэх, олгох сургалтанд хамруулснаар эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах албаны оюуны чадавхийг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. 

Манай клиникийн дэргэд 1991 онд, Эмнэлгийн ажилтны мэргэжил дээшлүүлэх институтын Эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхим нээгдэж, 1993 онд анхны Эх барих эмэгтэйчүүдийн мэргэжил олгох 10 сарын сургалтыг явуулж эхэлснээр сургалт, эрдэм шинжилгээ, практикийн гурвалсан хослол үүссэн билээ.

1994 оноос Монгол улсын Засгийн газар, НҮБ-ын  Хүн амын сантай хамтарсан “Нөхөн үржихүйн эрүүл мэнд” I, II, III Үндэсний хөтөлбөрийн мэргэжлийн сургалтыг орон даяар хэрэгжүүлэгч байгууллагуудын нэг нь болсон.

1998 оноос эх  барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмчийн резидентурын сургалтыг явуулж эхэлсэн.

1999 оноос улсын хэмжээний зүрх судасны эмгэгтэй эхчүүдэд тусламж үйлчилгээ үзүүлж, 2001 оноос НҮБ-ын Хүүхдийн сангийн “Эсэн мэнд амаржихуй” төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудын нэгээр нь ажиллаж, 2001 оноос Засгийн Газрын хөрөнгө оруулалтаар, “Эхчүүдийн амрах байр”  нээгдэн ажиллаж байна.

2006 онд “Жирэмсний хавсарсан эмгэг судлалын тасаг”, 2006 онд  “Үйл онош зүйн тасаг”, 2007 онд “Удамзүйн зөвөлгөө өгөх кабинет”, 2008 онд “Урогинекологийн кабинет”, “Сэргээн засах эмчилгээний тасаг” тус тус шинээр нээгдэн ажиллаж байна.

Тус клиникийг 2007–2011 онд хөгжүүлэх зорилгоор перинаталь судлал, үргүйдлийн оношлогоо эмчилгээний лаборатори, дурангийн мэс заслын тоног төхөөрөмжийн шинэчлэл, удам зүй, урогинеколог болон хавдар, хөх судлал зэрэг чиглэлээр  тусламж үйлчилгээ үзүүлэх зорилтууд дэвшүүлсэн нь НҮЭМ-ийн Үндэсний 3 дахь хөтөлбөр (2006 он)  болон Засгийн Газрын 52-р тогтоолоор батлагдан, хэрэгжиж эхлээд байна.  

2007 оноос Монгол улс, Люксембургийн Засгийн Газрын хамтарсан “Эх нярайд алсын зайн оношлогооны дэмжлэг үзүүлэх” телемедицины төслийг 8 аймагт хэрэгжүүлж байна.

2008 оноос, “Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах” Үндэсний хөтөлбөрийн (2002-2010) зорилт, Засгийн Газрын 4 тоот тогтоол (2006), Эрүүл мэндийн сайдын 173(2002), 203(2005), 02(2008) тушаалууд зэрэг шийдвэрүүдийг хэрэгжүүлж эхэлснээр 500-аас 1000 грамм жинтэй ураг-нярай төрсөн тохиолдлыг  анх удаа хүлээн авч, төрөлтийн тусламж үзүүлсэн ба эдгээрийн 35%-ийг постнаталь үе өнгөртөл болон цаашид  амьдруулсан нь тус клиникийн хэмжээнд олсон томоохон амжилт юм. 

Манай хамт олон эхчүүд, эмэгтэйчүүд, нялхсын эрүүл мэндийг хамгаалах их үйлсийн төлөө цохилох зүрх, ариун хөдөлмөрөө зориулан тусламж үйлчилгээндээ шинэ технологи, техник нэвтрүүлэхийг чармайн ажилласнаар дэлхийн түвшиний тусламж үйлчилгээний хэд хэдэн  алхамыг тавьж чадсан.

Өнгөрсөн 20 жилийн үйл ажиллагааны статистик үзүүлэлтээс сөхөн дурьдвал, дундаж ор хоног 2.6-аар буурч 5.1 хоног, орны ашиглалт 21.7 хүнээр нэмэгдэж 61.9 хүн болсон нь ажлын ачаалал, нягтрал ихтэй ажиллаж ирснийг  харуулж байна.

2002-2005 оны байдлаар жирэмсний хүндрэл 10.1 хувиар буурч байхад төрөлтийн хүндрэл 18.4 хувиар нэмэгдэж байсан бол 2006-2008 онд жирэмсний хүндрэл 9.9 хувиар нэмэгдэж байхад төрөлтийн хүндрэл 15.3 хувиар буурсан байна. Энэ үед, төрсний дараах үеийн хүндрэл 2.0 хувь нэмэгдсэн зэрэг тоон баримтуудаас харахад жирэмслэлт, төрөлт, төрсний дараах үеийн хүндрэлийг анхаарах шаардлагатай байна.

Тус клиникт кесар хагалгааны тоо жил бүр нэмэгдэж байгаа нь постнаталь үеийн нярайн эмгэгээс сэргийлсэн арга хэмжээнүүдтэй холбоотой байгаа хэдий ч кесар хагалгаа нь интер-постнаталь эндэгдлийг бууруулах үндсэн арга болж чадахгүй байгаад анхаарах ёстой.

Улсын хэмжээний жирэмсний болон төрөлтийн хүндрэлтэй эхчүүд, зуршсан дутуу, ургийн хэт бага жинтэй  эхчүүд ирж төрдөгтэй холбоотойгоор эхийн ба перинаталь эндэгдэл улсын дундажаас их байдаг боловч Монгол улсын мянганы хөгжлийн зорилтын 2008 оны түвшингээс эхийн эндэгдэл 28.4 пунктээр бага буюу 36.6 просантимиль, перинаталь эндэгдэл 0.7 пунктээр бага буюу 24.3 промиль байна.

Хөгжлийн идэр залуу үедээ өргөжин тэлсэн Эх барих эмэгтэйчүүдийн клиник маань бидний ахмад үеийнхний алдар суу авъяас билгийн их талбар болж, хамт олны хөдөлмөрийн үр шимээр хөгжин бэхжиж ирсэн билээ.  Өнөөдөр тус клиник нь эхчүүдийн 184 ор, эмэгтэйчүүдийн 74 ор, нярайн 75 ор, амрах байрны 4 ор нийт 335 ортой, 75 их эмч, 196 эмнэлгийн дунд мэргэжилтэн нийт 330 эмч  ажиллагсадтайгаар 21 дэхь жилтэйгээ золгож байна.

Эх барих эмэгтэйчүүдийн клиниктэй ажил амьдралаа холбосон Монгол улсын гавъяат эмч 3, гавъяат багш 2, ОХУ-ын Буриадын гавъяат эмч 1, анагаахын шинжлэх ухааны доктор 1,  анагаахын боловсролын доктор 11, Эх Нялхсын Эрдэм Шинжилгээний Төвийн Хүндэт доктор 1, Клиникийн профессор 16 эмч, Монгол улсын Төрийн дээд одон медальтан 11 эмч ажилтан байна.

Манай хамт олон эдгээр эмч нарынхаа алдар гавъяагаар бахархан ажиллаж Монголын үрсийг маш олон болгохын төлөө чармайн ажиллаж байна.    

             



Нийтлэлийн нээгдсэн тоо: 1
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК