Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Инноваци - Шинэ Санаа, Шинэ Нээлт, 2007, 1(4-1)
Ходоодны эрт үеийн хавдрыг дурангаар эмчлэх боломж
( Судалгааны өгүүлэл )

Адъяасүрэнгийн Баттулга1, Ядамсүрэнгийн Энх-Амар2

1“Авантэ” эмнэлэг, 2Хавдар Судлалын Үндэсний Төв

 
Абстракт

Удиртгал

Монгол орны хүн амын нас баралтын шалтгааны 2-р байрыг хорт хавдарын нас баралт эзэлж байгаа бөгөөд түүний дотор ходоодны хорт хавдар 2-р байрыг эзэлж байна.1 Сүүлийн жилүүдэд ходоодны хорт хавдрын эрт оношлогоо сайжирч байгаа нь Монголын анагаах ухааны практикт ходоодны эрт үеийн хорт хавдрыг дурангаар эмчлэх ESD (endoscopic submucosal dissection)- аргыг нэвтрүүлэх нэн шаардлагатай чухал бөгөөд хойшлуулашгүй болохыг харуулж байгаа бөгөөд үүний үр дүнд ходоодны хорт хавдрын нас баралтыг багасгах боломжтой.

Аргазүй

Тус төвд оношлогдож, ESD аргаар эмчлэгдсэн, ходоодны эрт үеийн хорт хавдар эд сорьцын шинжилгээгээр батлагдсан өвчтөнүүдийг дагаж судлах (проспектив) аргаар эмчилгээний үр дүнг тооцсон болно.

Үр дүн

2006 оны 10 сараас 2007 оны 6 сарын хугацаанд нийт 8 тохиолдолд ESD хагалгаа хийлээ. Хагалгааны дараа хавдрын дахилт тодорхойлогдоогүй ба шарх 2 сарын дотор бүрэн соривжиж эдгэрсэн байна.

Удиртгал

Анагаах ухааны практикт ходоодны дуранг ашиглаж ур ургацаг авах хагалгаа 1968 онд анх удаа японы эмч нар хийж эхэлснээс хойш өдгөөг хүртэл хагалгааны заалт хүрээ өргөсөж, аргачлалын хувьд илүү боловсронгуй болсоор байна. Анх жижиг хэмжээний хоргүй ур ургацагийг авч эхэлсэн тус хагалгааны арга нь салстын доторх байрлалтай 100смІ бүхий том талбайтай хортой хавдрыг нэг бүхэл хэсэг болгон хуулж авах хүртлээ технологийн өндөр түвшинд хүржээ. Ходоодны дурангаар салстыг хуулах хагалгааны аргачлалын хувьд 1960-1983 он хүртэл полипэктомын үе, 1983-1990-д оны сүүл хагас хүртэл EMR -н үе, 1990-д оны сүүлийн хагасаас өнөөг хүртэл ESD-н үеийг дамжин хөгжиж иржээ. ESD аргаар, хорт хавдар нь салстаас халиагүй л бол ходоодны ямар ч байрлалд, хүссэн хэмжээгээр, хавдрын эдийг гэмтээлгүйгээр нэг бүхэл хэсэг болгон авах боломжтой юм.

Хавдар Судлалын Үндэсний Төвийн статистикын албаны 2003 оны судалгаагаар улсын хэмжээний ходоодны эрт үеийн хорт хавдрын илрүүлэлт 15 орчим хувьтай байдаг ба  дурангийн хагалгааны заалт болох T1(M) хавдрын эзлэх хувь 0,5-0,8%-с хэтэрдэггүй байсан бол (1999-2003 ХСТ статистик алба) 2006 оноос зарим эмнэлгүүд сүүлийн үеийн өндөр хүчин чадал бүхий видеодуран хэрэглэх болсноор оношлогооны чадамж эрс сайжирч T1(M) хавдрын илрүүлэлт 4% (23 тохиолдол) болтлоо өсөж байгаа нь эмчилгээний хувьд ходоодыг бүтэн болон хагас тайрах гэх мэт мэс заслын эрсдэл ихтэй, өртөг өндөртөй, өвчтөн нийгмийн амьдралд эргэн орох хугацаа урт, сэтгэл ханамж муутай (Quality of life) зэрэг аргыг ашиглах боломж багассаар байгаа нь ESD аргыг Монголын анагаах ухааны практикт шинээр нэвтрүүлэх зайлшгүй хэрэгцээ шаардлага гарч ирж байгааг харуулж байна.

Аргазүй

Стандарт суваг бүхий японы PENTAX фирмийн ходоодны видеодурангаар   IT knife хутгыг ашиглаж салстын доод давхрагаар хуулах ESD (endoscopic submucosal dissection) хагалгааг Монголд анх удаа Японы Хавдар Судлалын Төвийн төв эмнэлгийн (chyuobyouin) дурангийн эмч Ichiro Oda багшийн удирдлаган дор “Авантэ” эмнэлэг, Хавдар Судлалын Үндэсний Төвийн эмч нарын баг /дурангийн, унтуулагч, патогистологич эмч нар/ хийлээ.

ESD-ны аргачлалын хувьд олон янз байдаг ба IT knife хутгаар хуулах сонгомол хувилбарыг хэрэглэсэн болно.2 /Зураг 1-8/ 2001 онд Японы Ходоодны Хорт Хавдарын Hийгэмлэгээс баталсан ходоодны эрт үеийн хавдрын эмчилгээний удирдамжын заалтыг баримталсан болно.3

Өөрөөр хэлбэл ялгаралтай булчирхайлаг эсийн хорт хавдар, салстаас доош хонхойсон эмгэг бол 1,5 см-с доош хэмжээтэй, салстаас дээш овойсон эмгэг бол 2см-с доош хэмжээ  бүхий эмгэг нь тунгалагийн булчирхай үсэрхийлэлтгүй байдаг нь олон жилийн судалгаагаар нотлогдсон тул дурангийн хагалгааны заалт болгож авсан болно. ESD хагалгааны материалыг эд сорьцын шинжилгээнд эдийг 2мм зузаантайгаар үечлэн зүсэж, тус бүрийг дугаарлан ердийн гистологийн дамжлагаар дамжуулан гематоксилин эозины будгийн аргаар будаж бэлтгэсэн бичил бэлдмэлийг микроскопоор харж хавдрын эсийн хэлбэр, эсийн ялгарал болон pTNM –ийн дагуу дүгнэлт өгсөн болно. Ингэхдээ ESD-гээр тайрагдсан эдийн зах ирмэгүүд эрүүл эдээр тайрагдсан эсэх, хавдар хэр гүн нэвчсэн зэрэгт дүгнэлт өгсөн болно. Хагалгааны дараах үр дүн болон шархны эдгэрэл, хавдрын дахилт зэргийг дагаж судлах (проспектив) аргаар тооцсон болно.

Үр дүн

2006 оны 10 сараас 2007 оны 6 сарын хугацаанд нийт 8 тохиолдолд ESD хагалгаа хийгдсэн. Насны хувьд 40-50 насны 12.5%, 51-60 насны 37.5%, 61-70 насны 12.5%, 71-с дээш насны 37,5% байна. Хавдарын байрлал нь ходоодны бүх хэсэгт тохиолдож байсан ба U(дээд) 37.5%, M(дунд) 37.5%, L(доод) 25% байв. Хагалгааны дундаж үргэлжилсэн хугацаа 90 минут, дундаж ор хоног 3. Дурангийн урьдчилсан онош бүгд T1(M) хавдар бөгөөд эд сорьцын шинжилгээгээр ялгарал сайтай булчирхайн эсийн хорт хавдар байлаа. Хавдрын дундаж хэмжээ 0.9см  байв.  ESD хагалгааны дараах эдийн шинжилгээнд 6 тохиолдолд Т1(M) хавдар, 2 тохиолдолд T1(SM) бүхий гүн хавдар болох нь тогдоогдсон ба хагалгааны материалын зах ирмэгүүд бүгд эрүүл хэсгээр тайрагдсан байлаа. Хагалгааны дараах шархны дундаж хэмжээ 2.9 см орчим байсан ба бүгд 7 хоногийн дараа соривжиж эдгэрсэн болно. /Зураг 1/ Дээрх шархны эдгэрэлтийн хугацаа нь японы эмч нарын хийсэн хагалгааны шархны эдгэрэлтийн судалгааны дүнтэй тохирч байна.4

Одоогоор төлөвлөгөөт хяналтын хугацаа явагдаж байгаа бөгөөд хавдар дахисан тохиолдол байхгүй байна.

Дүгнэлт

Манай оронд ходоодны эрт үеийн хавдрын оношлогоо сайжирч, дурангийн хагалгааны заалт бүхий тохиолдлын тоо ихсэж байгаа нь ESD хагалгаагаар уг хавдрын эмчилгээний асуудлыг бүрэн шийдэх боломжийг бүрдүүлж байна.

Хагалгааны заалтыг зөв сонговол ходоодны эрт үеийн хорт хавдар нь ESD эмчилгээний дараа  98-100% төгс эдгэрэх боломжтой.

ESD хагалгаа нь эмнэлгийн дундаж ор хоног бага /3 хоног/, өвчтөнд сэтгэл ханамж өндөр, богино хугацаанд нийгмийн идэвхтэй амьдралд шилжих боломжтой, ямарч насны хүнд хийж болохоос гадна ялангуяа өндөр настай, дагалдах хүнд өвчтэй өвчтөнд хийдгээрээ хөнөөл эрсдэл багатай зэрэг эдийн засгийн болон өвчтөний хувьд ердийн ходоод тайрах мэс заслын эмчилгээг бодвол олон давуу талтай юм.

Сүүлийн жилүүдэд улс орны эдийн засгийн хөгжил сайжирхын хирээр эрүүл мэндийн салбарт оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж байгаа, цаашид өндөр хүчин чадал бүхий дуранг хэрэглэж ходоодны эрт үеийн хавдрын оношлогоо нэмэгдэх боломжтой болж буй нь ESD хагалгааг зайлшгүй клиникийн практикт нэвтрүүлэх хэрэгцээ шаардлагыг харуулж байна.

Цаашид тус хагалгаанд шаардагдах тоног төхөөрөмж болон эмч мэргэжилтнүүдийг бэлтгэх асуудалд эрүүл мэндийн яамны бодлого хэрэгтэй байна.

Ном зүй

1. Монгол улсын статистикийн эмхэтгэл, 2007 он, 331 хуудас (Бүлэг 20, нас барсан хүний тоо).
2. Японы хоол боловсруулах замын дурангийн бага хурлын илтгэлийн эмхэтгэл, 2004 он, 1750 хуудас (Ходоодны эрт үеийн хорт хавдрын ESD хагалгааны арга), Ичиро Ода, Годада нар.
3. Японы ходоодны хорт хавдрын эмчилгээний удирдамж, 2001он, 5-р хуудас
4. Ходоод, улаан хоолойн ESD хагалгааны үндсэн арга техник, 2007 он, 12-р хуудас.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 5801
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК