Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2002, (015) 2002.No3(015)
Зүрхний булчингийн цусан хангамжийн дутагдал /Ишеми/
( Судалгааны өгүүлэл )

АУ-ны доктор /Ph.D/ Д. Нарантуяа

 
Абстракт

ДЭМБ 1999 онд гаргасан зөвлөмжиндөө "Буурай хөгжилтэй болон социалист асан улс гүрнүүдэд газар авч буй зүрх судасны өвчний /ЗСӨ/ "хоёрдох давалгаа" нь дэлхий нийтийг түгшээх шинжтэй байна. Зүрхний титэм судас ба тархины судасны өвчний улмаас нас барах, тахир дутуу болох тохиолдлын TOO 2020 он гэхэд нэмэгдэж, одоогийн байгаа түвшингээсээ дээшилж 1-4-р байранд дэвшин гарах нь гарцаагүй боллоо" гэжээ. Манай орны хувьд ч ялгаагүй уг өвчний тохиолдлын тоо буурах бус өсөх хандлагатай байгаа юм. Эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн удирдлага, мэдээлэл, боловсролын төвөөс гаргасан эрүүл мэндийн статистикийн мэдээллээс үзэхэд 1999 онд цусны эргэлтийн тогтолцооны өвчнөөр 69798 хүн өвдсөнөөс зүрхний ишеми өвчнөөр /ЗИӨ/ 10475, зүрхний шигдээсээр /ЗШ/ 1288 хүн өвдсөн бол, 2000 онд уг эрхтэн тогтолцооны өвчний нийт тохиолдлын тоо 1.2 дахин, үүнээс ЗИӨ 1.4 дахин, ЗШ 1.0 дахин тус тус нэмэгджээ. Иймд уг өвчнөөс сэргийлэх ажлыг хүн амын дунд зохион байгуулах, нэгэнт өвчилсөн бол цаг алдалгүй эрт оношилж, зөв, эрчимтэй эмчилгээг хийж хүндрэлээс сэргийлэх, нас баралтыг бууруулах нь эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болж байна. Иймд бид сүүлийн үед тохиолдлын тоо нь эрс нэмэгдэж буй зүрхний цусан хангамжийн дутагдал буюу ишеми өвчний талаархи орчин үеийн ойлголт, эмчилгээний талаар эмч нартаа товч зөвлөж байна.
Зүрхний ишеми өвчний үед зүрхний булчингийн хүчилтөрөгчийн хангамж буурпа гэдэг нь титэм
судасны цусан хангамж зүрхний булчингийн бодисын солилцооны хэрэгцээг хангаж чадахгүй болохыг хэлнэ. Үүнд:
1,    Титэм судсанд атеросклерозын эмгэг өөрчлөлт байх
2,    Эмгэг өөрчлөлтгүй титэм судасны агшилт болох
3,    Титэм судас тромбоэмболигоор бөглөрөх
4,    Титэм судасны эндотел өөрчлөгдөх
5,    Титэм судасны төрөлхийн гаж хөгжил
6,    Микроциркуляци алдагдах
7,    Цусны бүлэгнүүлэх системийн идэвхжил нэмэгдэх
8,    Зүрхний булчингийн гипертрофи зэрэг болно. Эдгээр шалтгаанууд нь заримдаа хавсран тохиолддог. Жишээ нь: зүрхний булчингийн гипертрофи нь титэм судасны атеросклерозтой хавсрах, цөсний чулуутай, ходоод гэдэсний хямралтай, архаг тамхичдад титэм судасны мэдрэлийн зохицуулга алдагдсанаас судас рефлексээр агших зэрэг болно.
Зүрхний булчингийн цусан хангамжийн дутагдлын үндсэн илрэл нь өвдөлт /стенокарди/, амьсгал давчдах, хэм алдагдах, цаашилбал цацалтын үзүүлэлт буурах явдал юм. Зүрхний булчингийн цусан хангамжийн дутагдлыг уг өвчнийг өдөөгч хүчин зүйл бүхий өвчтөнд өөрөөр хэлбэл стенокардийн илрэлгүй ч гэсэн уушгины венийн даралт ихэссэн /ачааллын үед амьсгаадах, уушги хавагнах, шөнийн амьсгаадалт, ортопноэ/, цацалтын үзүүлэлт буурсан шинж /гипотензи/, хэм алдагдал бүхий өвчтөнд сэжиглэх хэрэгтэй.
 

Стенокарди: Зүрхний цусан хангамжийн дутагдлын нэг хэлбэр юм. Тодорхой байрлал, дамжилт, онцлог, үргэлжлэх хугацаа бүхий өвдөлтийн хам шинжээр нь уг стенокарди гэсэн оношийг тавина. Энэ үед зүрхний цахилгаан бичлэгт /ST сегмент цахилгаан саармаг шугамнаас дээш, доош шилжих, Т шүд хавтгайрах, эсрэг болох/ болон цөмийн шинжилгээнд /цөмийн шингээлт буурах/ гарсан өөрчлөлт нь эргэн засагдах чанартай байдаг, Биеийн ба сэтгэл санааны ачааллын үед зүрхний зүүн ховдлын ханын хөдөлгөөний хомсдол /гипокинези/ ЭхоКГ ба цөмийн шинжилгээнд илэрнэ.
Практикт стенокардийн олон хэлбэр байдаг. Ачааллын, тогтворгүй, өвөрмөц /вариантный/, "шөнийн", "хоол идсэний дараахь", шигдээсийн дараахь зэрэг болно. Эдгээрэс тогтворгүй болон шигдээсийн дараахь хэлбэрт анхаарлаа хандуулах хэрэгтэй. Тогтворгүй    стенокарди /шигдээсийн өмнөх байдал/ Тогтвортой стенокардийн өвдөлт өгч байсан, өвдөлтийн хам шинж илрээд нилээд удсан өгүүлэмжтэй байна. Өвчтөнийг тайван байхад нэг эсвэл хэд хэдэн удаа, янз бүрийн онцлог бүхий өвдөлт илэрдэг.
Тогтворгүй стенокарди бүхий өвчтөний 90%-д нь титэм судсыг нарийсгасан атеросклероз байх ба зүрхний булчингийн үхжлийг илэрхийлсэн зүрхний цахилгаан бичлэгийн /ЗЦБ/ болон ферментийн өөрчлөлтүүд энэ үед илрэхгүй.
Ийм өвчтөнүүдэд хэвтрийн дэглэм сахиулж, эмийн эрчимтэй эмчилгээг хийх хэрэгтэй. Титэм судасны ангиографийн шинжилгээг хийж, гэмтлийн онцлогийг тогтоох шаардлагатай. Ихэнх өвчтөнд эмчилгээний гол зорилго нь тиэтм судасны цусан хангамжийг сайжруулахад чиглэгдэнэ.
Шигдээсийн дараахь стенокарди: Зүрхний хурц шигдээс болсоноос 30 хоногийн дараагаас өвчтөнг тайван байхад эсвэл бага зэргийн ачааллын үед өвдөлтийн хам шинж илэрдэг. Өвдөлт хоорондын завсарлагын хугацаа 24 цаг байж болно. Хэрэв ЗЦБ-т шигдээсийн бүсээс зайтай, өөр газар цусан хангамж дутагдсан шинж илэрвэл /бусад өөр артериас цусан хангамж авсан хэсэг/ "зайны, холдсон ишеми " гэж оношлоно, Ийм өвчтөнд шигдээс дахих, гэнэт нас барах, богино хугацаанд зүрхний дутагдалд орох зэрэг хүндрэлүүд гарах аюултай. Нитроглицерин, бусад удаан үйлчилгээтэй нитратын бүлгийн эмүүд, бета-хориглогч, Са-ийн эсрэг бэлдмэлүүдээр эрчимтэй эмчилгээг хийх ба цусан хангамжийг сайжруулах зорилгоор ангиопластик эсвэл гол судас, титэм судсыг холбосон мэс засал хийх хэрэгтэй. Өвөрмөц /принцметал/ стенокарди: Өвчтөнд урьд өмнө нь ачааллын, тогтвортой стенокарди болж байсан талаар өгүүлэмж байхгүй байж болно. Өвчтөнг тайван байхад өвдөлтийн хам шинж илэрч. өвдөлт өгч буй тэр л агшинд ЗЦБ хийхэд ST сегмент цахилгаан саармаг шугамнаас дээш, доош шилжсэн байна.
Стенокардийн энэ хэлбэрийн үүсэх шалтгаан нь эпикардад байрлах титэм судасны салааны агшилт юм. Оношийг титэм судасны /сэдээгч тест бүхий/ ангиографийншинжилгээгээр тавина.
Энэ хэлбэрийг нитрат, Са-ийн эсрэг бэлдмэл. альфа-хориглогч, цаашилбал амидароноор эмчилнэ.
Зүрхний цусан хангамжийн дутагдлыг оношлохдоо өгүүлэмжийг анхааралтай цуглуулж. бодит үзлэг, ЗЦБ, цөмийн шингээлт, зүүн ховдлын үйл ажиллагаанд анхаарлаа сайн хандуулж, титэм судасны ангиографийн шинжилгээг хийх хэрэгтэй.
Дээр дурьдсан хэлбэрүүд оношлогдсон тохиолдолд цаг алдалгүй, эмийн эмчилгээг тохируулан хийх хэрэгтэй,
Орчин үед ишемийг эмчлэх эмийн эмчилгээ нь 2 үндсэн зарчим дээр тулгуурлаж байна. Үүнд:
1,    Титэм судсыг өргөсгөн, агшилтыг сулруулсанаар зүрхний булчингийн цусан ба хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулах
2,    Зүрхний ажлыг багасгах замаар булчингийнх нь хүчилтөрөгчийн хэрэгцээг бууруулах зэрэг болно.
Дээрх зарчим дээр тулгуурлан зүрхний өвдөлтийг намдаах бэлдмэлүүдийг дараахь бүлгүүд болгон хуваадаг.
A / Миокардын цусан хангамжийг сайжруулахын    зэрэгцээ хүчилтөрөгчийн    хэрэгцээнд нөлөөлдөг бүлгийн эмүүд:
-    Нитрат нитритүүд Са-ийн эсрэг бэлдмэл
-    Амиодарон
Б/ Зүрхний ажлыг багасган, хүчилтөрөгчийн    хэрэгцээг бууруулдаг боловч цусан ба хүчилтөрөгчийн    хангамжинд нөлөөлдөггүй бүлгийн эмүүд:
-    Бета-хориглогч
В/ Зүрхний булчингийн цусан болон хүчилтөрөгчийн    хангамжийг сайжруулдаг боловч түүний хүчилтөрөгчийн    хэрэгцээнд нөлөөлдөггүй бүлгийн эмүүд:
-    Титэм судасны урсгалыг сайжруулдаг    бэлдмэлүүд /карбохромен ба бусад/
-    Рефлексийн замаар титэм судасны агшилтыг сулруулдаг бэлдмэлүүд /валидол ба бусад/
-    Титэм судасны жижиг салаанууд дээр үйлчилдэг эмүүд /дипиридамол ба бусад/ Зүрхний цусан хангамжийн дутагдлыг    эмчилэхдээ эмчилгээний 3
Зэргээр эмчлэх зарчмыг баримтлан, хэлбэрүүдэд нь тохируулан хэрэглэнэ.
I зэрэг буюу 1 төрлийн бэлдмэлийг дангаар нь хэрэглэнэ. Уг эмчилгээг 7 хоног хэрэглээд үр дүн өгөхгүй бол II зэргийн буюу 2 эмийг хавсруулан өгнө. Үүнд: бета-хориглогчийг Са-ийн эсрэг бэлдмэлтэй, удаан үйлчилгээтэй нитратийг Са-ийн эсрэг бэлдмэлтэй г.м. Эмчилгээг 7 хоног хийгээд үр дүнгүй бол III зэргийн буюу 3 эмийг хавсруулан хэрэглэнэ. Үүнд удаан үйлчилгээтэй нитрат, бета хориглогч, Са-ийн эсрэг бэлдмэлүүдийг хавсруулан өгнө. Эмчилгээнд нэмж цус шингэлэх бэлдмэлийг хэрэглэнэ. Нитратад амархан дасал болдог тул 3-4 долоо хоног хэрэглээд 3-7 хоног завсарлах шаардлагатай. Хэрэв "үгүйлэгдэх" хам шинж илэрвэл корватоныг хэрэглэж болно. Шаардлагатай үед III зэргийн эмчилгээтэй зэрэг зүрхний архаг дутагдлын эсрэг эмчилгээ, бодисын солилцоог сайжруулах бэлдмэлүүдийг хамт хэрэглэнэ.
Бидний өгсөн зөвлөгөө эрхэм эмч та бүхний оюуны санд бага ч болов нэмэр болохын зэрэгцээ та бүхэн дэлгэрүүлэн унших, мэдэхийг хүсэж байгаа бол АУИС-ийн зүрх судасны тэнхмийн багш нарын эмхэтгэн гаргасан" Зүрх судас судлал" номыг сонирхон таалаарай.

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 4378
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК