Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2002, (013) 2002.No1(013)
Цөсний хүүдийн цочмог үрэвслийн оношлогоо, эмчилгээний асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Д/доктор, профессор Ч.Пунцаг АУ магистр, хэт авиан оношлогооны их эмч С.Туяа

 
Абстракт
Цөсний хүүдийн цочмог үрэвслийг хугацаа алдахгүй яаралтай журмаар оношлон, хагалгааг эрт хийх нь цөсний замын эмгэгийн хагалгааны өмнө ба дараа гарах хүндрэлээс сэргийлэх нэгэн арга болж байна. Цөсний замын хагалгааны 60-70%-д архаг, 20%-д цочмог үрэвсэл, 10-15% нь механик шар болон нойр булчирхайн архаг ба цочмог үрэвслээр илэрч хагалгаанд орж байна. (Herman R.E. 1989, Barbara 1991. Зигмантович, Ю.М 1995). Бид П.Н.Шастины нэрэмжит Клиникийн төв эмнэлгийн яаралтай мэс заслын тасагт цөсний хүүдийн цочмог үрэвслийн оношлогоо ямар байгааг товч боловч тодруулахыг бодсон юм.
1995 оны байдлаар манай улсад мухар олгойн хагалгааны дараа 2-р байрыг цөсний хагалгаа эзэлж байгаа нь цаашид шинжлэх ухааны үндэслэлтэй судлах шаардлагатай байгааг илтгэж байна. Бид 1998-1999 оны хооронд П.Н.Шастины нэрэмжит Клиникийн төв эмнэлгийн яаралтай мэс заслын тасагт цөсний хагалгаа хийгдсэн 69 өвчтөнд судалгаа хийлээ. Бид судалгаагаараа хагалгааны өмнөх ба дараахь оношлогоо, эмчлэгдсэн ор хоног, мэс заслын эмчилгээнд орсон хугацааг нэгтгэн дүгиэж үзсэн юм. Судалгаанд хамрагдагсдын 45 (65,2%) эмэгтэй, 24 (34.8%) эрэгтэйчүүд байгаа нь манай нөхцөлд эмэгтэйчүүд бараг 2 дахин илүү тохиолдлоор цөсний хүүдийн цочмог үрэвсэлт өвчнөөр өвдөж байна гэсэн дүгнэлт, эрдэмтэн Lawrence W Way нарын судалгаагаар эмэгтэйчүүдийн эзлэх хувь их байдаг гэсэн дүгиэлттэй тохирч байна. Судалгаанд хамрагдагсдын 16-25 нас 2 (2.9%), 26-35 8 (11,6%), 36-45 15 (21,7%), 45-55 18 (26,1%), 56-65 18 (26.1%), 60-аас дээш 8 (11.6%) байгаагаас 36-65 (73.9%) насны хүмүүс зонхилж байгаа нь өвчлөл хөдөлмөрийн насны хүмүүст өндер байна гэж үзэхээр байна. Энэ нь эрдэмтэн Lawrence W. Way нарын судалгаагаар 55-65 насанд өвчлөл өндөр байна гэсэн дүгнэлттэй ойролцоо байна. Нөгөө талаар 16-35 насны хүмүүс 10 (14,5%) тохиолдолд цөсний хүүдийн цочмог үрэвсэлтэй байгаа нь энэ өвчин харьцангуй залуужиж байгааг илтгэх мэт. Судалгаанд хамрагсдыг анхны онош тавьж хагалгаанд орсон байдлаар үзэхэд: 24-36 цаг 24 (34,8%), 37-48 цаг 9 (13%), 49-72 цаг 10 (14.5%), 72 цагаас дээш 26 (37.7%) байгаа нь яаралтай мэс заслын хувьд хугацаа алдах тохиолдол ажиглагдаж байна. Эрдэмтэн Jones, Peter.Е нарын судалгаагаар 24-36 цагаас дээш хугацаанд цөсний хүүдийн цочмог үрэвслийн үед хүүдийн цооролт болон үхжил үүсэх нь ихсэнэ гэсэн дүгнэлтээс харахад, бидний судалгаанд хамрагсдын 37,7% нь 72 цагаас дээш хугацаа алдаж хагалгаанд орсныг анхаарахгүй байж боломгүй. Судалгаанд хамрагсдын дотроос нэг тохиолдол элэгний хорт хавдартай хавсарсан байлаа. Судалгаанд хамрагдагсдын дундаж ор хоног 10-15 хоног 10 (14,5%), 16-20 хоног 15 (21,7), 21-25 хоног 32 (46.4%), 26-30 хоног 12 (17,4%) байгаагас үзэхэд 17,4 (46,4%) нь 21-30 хоног эмчлүүлж байгаа нь харьцангуй олон хоног эмчлэгдэж байна. Энэ нь хагалгааны өмнөх бэлтгэл дутуу хийгдэх, өвчтний биеийн байдал шархны эдгэрэлттэй уялдан эмийн эмчилгээ, үргэлжлэн хийгдэх үндэслэлтэйг давхар харуулж байна. Бидний судалгаагаар 62(89,9%) чулуутай, 7 (10%) нь чулуугүй цөсний цочмог үрэвсэл байгаа нь эрдэмтэн Leonard.M.Freedan нарын судалгаатай тохирч байна.
 
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 442
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК