Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эх барих, эмэгтэйчүүд, хүүхэд судлалын сэтгүүл, 2009, 2(6)
Бодлын солбилцол
( Редакцийн зурвас )

Д.Малчинхүү

 
Абстракт

Юуны өмнө “Эх барих-эмэгтэйчүүд, хүүхэд судлал” сэтгүүлд “Бодлын солбицол” нүүр  бичих боломж олгосон сэтгүүлийн зөвлөлд талархлаа илэрхийлье! Гэтэл юу бичихээ шийдэж чадахгүй мунгинасаар эцэст нь өөрийн бодлын зах зухаас бичив.

Миний бие АУДэС-ийг “Хүүхдийн эмч” мэргэжлээр дүүргэж хүүхдийн эрүүл мэндийн төлөө ухамсарт амьдрал, бие сэтгэлээ зориулсаар 45 намрыг үдсэн ахмад эмчийн хувьд хүүхдийн эрүүл мэндийн тогтолцооны бараг хагас зууны хүүхдийн гэрч билээ. Энэ амьдралаа эргэн бодоход: багачууд, хүүхдийн эрүүл мэндийн манаанд баттай зогсож өнгөрүүлсэн бараг хагас зууны амьдрал минь нүдний өмнүүр жирэлзэн өнгөрлөө.

Ертөнцөд дөнгөж мэндэлснээ зарлан бархирч, хайр ивэлгэсэн булзрай нярайн цоглог дуу чихэнд чимэгтэй сонсогдож, нүцгэн биеэрээ эхийнхээ хэвлий дээр тарвалзан ангир уургаа амлаж ядан буй нярайн өхөөрдөм дүрс нүднээ харагдаж, өөрийнхөө цорын ганц өмч-ээжийнхээ мөөмийг хоёр гардан хөхөж буй хөхүүл насныхны жаргалтай мишээлт, тультираа хэлээр шулганаж шүлэг уншин, дуу аялж буй цэцэрлэгийн насныхны баясгалантай царай, бичиж уншиж сурах гэж будилж, сандарч буй нэгдүгээр ангийнхан, хэрсүүжиж, бие дааж  эхэлж яваа гэнэн цайлган өсвөр насныхан бүгд л нүдний минь өмнө харагдлаа.

Бас өвчин нь хүндэрч, амь нь дэнсэж, өндөр үнэтэй багажийн эмчилгээ шаардсан хүүхдийн шаналангуй царай, эхийн нь горьдлого сүүмэлзсэн нулимстай нүдний өрөвдөлтэй харц, хүүхдийг аврах гэж боломжийнхоо хирээр тэмцэж, бодол оюунаа дайчлан, мэдрэлийнхээ эсийг хороож буй “Хүүхдийн эмч” шавь нарын минь чин сэтгэл зүтгэл, зарим “бүдүүлэг”-ийн эмчийг сүрдүүлж зандчих догшин харцтай авир, аврагдсандаа баярлах хүүхдийн гэгээ татсан инээмсэглэл, аврагчаа хүндэтгэн талархах эхийн баяртай царай бүгд л өмнүүр минь өнгөрлөө.

Хүүхэд гэдэг ариухан цагаан сэтгэлтэй, атгаг муу санаагүй, албан тушаал хөөцөлддөггүй, хор найруулдаггүй гэгээлэг ертөнц, Монгол Улсын ирээдүйг цогцлоон бүтээгч тул “эхийн хэвлий”-д бүрэлдэх үеэс нь эхлэн насанд хүртэл нь тэдний эрүүл мэндийг  сахин хамгаалахад “Хүүхдийн эмч”-ийн хувь нэмэр асар их гэж бодогдоно.

Өнөөдөр хүүхдийн төлөө гэсэн цаасан дээр бичсэн уриа лозунгаас илүү хүүхдэд хүрч үйлчлэх ажил хэрэгч, чин сэтгэлийн үйлс дутагдсаар байна. Хүүхдэд үйлчлэх “Хүүхдийн эмч” мэргэжилтний тоо цөөрсөөр 10 гаруй жил болж байна. “Хүүхдийн эмч” дандаа буянтай үйлс бүтээдэг, хүүхэд шигээ цагаан цайлган сэтгэлтэй байдаг. Зах зээлийн нийгэмд ерөнхий мэргэжлийн эмчээр сургууль дүүргэсэн залуус маань мөнгө хийдэг мэргэжил илүү сонгож, ажил нь хүнд хэл ам ихтэй, авдаг цалин багатай “Хүүхдийн эмч” мэргэжлээс зайлсхийх болсон нь нууц бишээ.

Өнөөдөр хүүхдийн эрүүлийг хамгаалах тууштай бодлого, хүүхдэд хүртээмжтэй эмч нарын тоо хангалтгүй болжээ. Төрөлт нэмэгдэж, хүүхэд олшрох хирээр мэргэжлийн тусламж үйлчилгээний хүртээмж нэмэгдэх ёстой атал нэг хүүхдийн эмчийн ачаалал 2 дахин нэмэгдэж, өвчтэй нэг хүүхдэд ноогдох эмнэлгийн өрөөний талбай 2 дахин багасчихаад байхад бид тусламж үйлчилгээний чанар, хүртээмж дээшлэх байх гэж залбирсаар л байх уу?

Төр засаг минь ирээдүй болсон үр хүүхдийн эрүүл мэндийн бодлогыг эргэж нэг харах цаг болсон гэж бодном.

 

Хүүхдийн хувь заяаг тэнгэр ивээх болтугай



Нийтлэлийн нээгдсэн тоо: 1
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК