Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Инноваци - Шинэ Санаа, Шинэ Нээлт, 2015, 16(9-1)
СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН АЖИЛЧДЫН ДУНД АЖЛААС ХАЛШРАХ ХАМШИНЖИЙГ MASLACH-ИЙН АСУУМЖИЙН АРГААР ТОДОРХОЙЛСОН НЬ
( Судалгааны өгүүлэл )
 
ҮНДЭСЛЭЛ
Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллагын эмчилгээний багт сэтгэцийн эмч, сэтгэцийн сувилагч, сэтгэлзүйч, нийгмийн ажилтан багтдаг. Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж авахаар ирж буй үйлчлүүлэгч, эмчлүүлэгчдийн ихэнх нь сэтгэл гутрал, айдас, түгшилт, нойрны эмгэг, дасан зохицохуйн өөрчлөлт, архаг солиорох эмгэг, биеийн хэлбэрийн эмгэг, харилцааны зөрчил гэх мэт сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай, сэтгэцийн эмгэгтэй хүмүүс байдаг бөгөөд эдгээр хүмүүст удаан хугацааны тусламж үйлчилгээ шаардагддаг1. Монгол Улсад сэтгэцийн тусламж үйлчилгээг 3 шатлалд үзүүлдэг бөгөөд төрөлжсөн нарийн мэргэжлийн 3 дах шатлалын тусламжийг Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв үзүүлдэг. Мөн Монгол улс Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуультай бөгөөд Сэтгэцийн эрүүл мэндийн хоёр дахь хөтөлбөр хэрэгжиж байна. Сэтгэцийн тусламж үйлчилгээг үзүүлдэг ажилчдын ажиллах нөхцлийг ажлын хүнд нөхцөлд оруулан үздэг бөгөөд үүнийг “Сэтгэцийн эрүүл мэндийн хууль”, Монгол улсын нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 тоот тушаалуудад зааж өгсөн байдаг. Тухайлбал: Хөдөлмөрийн хүнд нөхцөлд - Хурц, архаг халдварт өвчин болон сэтгэцийн эмгэгтэй өвчтөнийг эмчлэн сувилах ажлыг байнга гардан гүйцэтгэдэг их, бага эмч, зөвлөх эмч, сувилагч, асрагч орно.10 Сэтгэцийн эмгэгтэй хүнд тусламж үйлчилгээ үзүүлдэг эмч, эрүүл мэндийн бусад ажилтны хөдөлмөр нь нарийн мэргэшил, мэдлэг, мэргэжил шаардах, хүнд нөхцөлтэй хөдөлмөрт хамаарах бөгөөд эмнэлгийн байгууллага нь нэмэгдэл цалин, мөнгөн урамшууллыг төсөвтөө багтаан олгож, нийгмийн баталгаа, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээ авч ажиллана11. Сэтгэцийн эмгэгтэй хүмүүс нь сэтгэцийн эмгэгийн эрхээр өөртөө болон нийгэмд аюултай үйлдэл хийх эрсдэлтэй байдаг бөгөөд ийм сэтгэцийн хурц байдалтай өвчтөнийг яаралтай хэвтүүлэн, эмнэлэг хамгааллын дэглэмийг чанд сахих шаардлагатай байдаг. Тиймээс сэтгэцийн эмгэг судлалын тасгуудад ажиллаж буй ажилчид нь бусад мэргэжлийн хүмүүстэй харьцуулахад сэтгэлзүйн хувьд илүү хүнд нөхцөлд ажилладаг. Сэтгэцийн эмгэг нь удаан хугацааны асрамж, эмчилгээ шаардлагатай эмгэг бөгөөд хүнд, архаг, тавилан муутай өвчтөнүүдтэй удаан хугацаагаар ажилладаг эмнэлгийн ажилтнуудад ажлаас халшрах хам шинж илэрдэг. Ажлаас халшрах хам шинжийг олон янзаар тодорхойлсон байдаг. Ажлаас халшрах хам шинж нь ажилчидтай холбоотой харилцааны зөрчил, удаан хугацаанд үргэлжилж байгаа таагүй сэтгэл хөдлөл, ажлын байрны бодит нөхцөл, ажлын хэт их ачаалал, ажил үүргийн тодорхой бус байдал, цалин урамшуулал бага байх зэрэг хүчин зүйлүүд удаан хугацаанд 
үргэлжилсний улмаас үүсдэг2,3. Дэлхий нийтэд “Ажлаас халшрах хам шинж”-ийг үнэлэхдээ Maslach-ийн асуумжийг зонхилон ашигладаг бөгөөд энэ нь сэтгэцийн хүрээний 3 бүлэг өөрчлөлтөөр авч үздэг. Үүнд:
1.Сэтгэл хөдлөлийн өөрчлөлт (Emotion Exhausion) - Энэ нь сэтгэцийн талаас ихэвчлэн  сэтгэл гутрал болон түгшлийн хэлбэрээр илэрдэг бол биеийн талаас амархан ядарч сульдах, нойрны өөрчлөлт, толгой өвдөлт зэрэг шинжүүдээр илэрдэг.
2.Өвчтөнийг сэтгэлээрээ мэдрэх чадвар буурах (Depersonalization-Loss of empathy)
3.Хувь хүний ур чадвар (Personal accomplishment) - Энэ ойлголт харьцангуй эерэг үзүүлэлт бөгөөд энэ бүлгийн асуултууд дээр өндөр оноо авах нь ажлаас халшрах хам шинж байхгүй байгааг илтгэдэг1. Ажлаас халшрах хам шинжийн үед ажлын бүтээмж буурах, ганцаараа байхыг илүүд үзэх, шалтгаангүй ажлаа таслах, ажилдаа сэтгэл ханамжгүй болох, муу зуршилд автагдах (тамхи, архи, кофег хэтрүүлэн хэрэглэх), өөрт итгэх итгэлээ алдах зэрэг шинжүүд илэрдэг байна4,5. СЭМ-ийн байгууллагын ажилчдын ажлаас халшрах хам шинжийг судлан тогтоосноор түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг илрүүлж, цаашид ажилчдын бие, сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах ажлыг төлөвлөхөд ач холбогдолтой хэмээн үзэж энэхүү сэдвийг сонгосон юм.
ЗОРИЛГО
Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн (СЭМҮТ) ажилчдын дунд ажлаас халшрах хамшинжийг тодорхойлох
ЗОРИЛТ
1.СЭМҮТ-ийн ажилчдын дунд ажлаас халшрах хамшинжийн түвшинг стандарт асуумжийн аргаар тодорхойлох
2.Ажлаас халшрах хамшинж үүсэхэд нөлөөлж буй эрсдэлт нөхцлийг (ажлын газар, ажлын байрны нөхцөл, цалин, ажлын ачаалал, амьдралын нөхцөл гэх мэт) тогтоох
АРГА, АРГАЧЛАЛ
Судалгааг 2014.09.01-ээс 2014.10.01-ийг хүртэлх хугацаанд хийсэн ба судалгаанд СЭМҮТ-ийн дараах 8 тасгийн 103 ажилчдыг (эмч, сувилагч, туслах сувилагч) хамруулав. Үүнд:
1.Амбулатори
2.Донтох эмгэг судлалын тасаг (ДЭСТ)
3.Сэтгэцийн эмгэг судлалын 3-р клиник
4.Стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэгийн клиник (СШСЭТ)
5.Сэтгэцийн эмгэг судлалын 5-р клиник
6.Сэтгэцийн эмгэг судлалын 6-р клиник
7.Яаралтай тусламжийн тасаг (ЯТТ)
8.Хүүхэд, өсвөр үеийн тасаг (ХӨҮТ)
Судалгааны загвар: Агшингийн судалгааны загвар Ажлаас халшрах хамшинжийг оношлохдоо: MBIийн (Maslach Burnout Inventory) стандарт 22 болон ерөнхий 15 нийтдээ 37 асуулт агуулсан асуумжийн хуудсыг ашигласан. Түүврийг санамсаргүй түүврийн аргаар цуглуулсан.
Асуумжийг үнэлэхдээ 7 хувилбар бүхий /Likert scale/ сонголтоос нэгийг сонгуулж (тохиолдож байгаагүй (=0) - өдөр бүр (=6)) оноогоор үнэлж, нийлбэрээр нь дүгнэсэн. Бидний ашигласан MBI тест нь:
• Сэтгэл хөдлөлийн өөрчлөлт (Emotional         exhaustion – EE) – 9 асуулт
• Өвчтөнийг сэтгэлээрээ мэдрэх чадвар буурах   (Depersonalization - DP) – 5 асуулт
• Хувь хүний ур чадварын өөрчлөлт (Personal    Accomplishment) – 8 асуулт гэсэн бүтэцтэй.
EE болон DP-ийн нийлбэр оноо их, РА-ийн нийлбэр оноо бага байх нь ажлаас халшрах хам шинжийг оношлох шалгуур юм. Бид мэдээллээ SPSS-21 программ ашиглан статистикийн үзүүлэлтүүдийг тодорхойлж, боловсруулалтыг хийсэн.
ҮР ДҮН 
Бидний судалгаанд нийт 103 ажилтан хамрагдсаны 27 нь эмч, 32 нь  сувилагч, 44 нь туслах сувилагч эмч-26.2%(n=27), сувилагч-31.1%(n=32), туслах сувилагч-42.7% (n=44)) байсан ба, хүйсийн хувьд 14.6% (n=15) нь эрэгтэй ба 85.4% (n=88) нь эмэгтэй, дундаж нас 38.21 (SD=8.92) жил байв. Мэргэжлээрээ ажилласан жилийн дундаж 13.09 (SD=9.76) жил байсан ба судалгаанд оролцогчдын 61.2% (n=63) нь ээлжийн хэлбэрээр ажилладаг байв. Өдөр тутмын ажлын ачааллыг өөрсдийн үнэлгээгээр тодорхойлоход 96.1% (n=99) нь өөрсдийгөө ажлын ачаалал ихтэй байдаг гэж үзсэн байна. Гэр бүлийн байдлыг харахад 79.6% (n=82) нь гэрлэсэн, 5.8% (n=6) ганц бие, 14.6% (n=15) нь салсан, тусдаа амьдардаг, нэг гэр бүлийн гишүүний тоо дунджаар 3.9 (SD=1.11), 31.1% нь (n= 32) орон сууцанд, 68.9% (n=71) нь гэр, байшинд амьдардаг, сарын цалингийн дундаж нь 567503 (SD=200432) төгрөг байна. Нэг ажилтан өдөрт дунджаар 31.98 (SD=15.43) өвчтөнд үйлчилдэг. Эмнэлгийн ажилчдын дунд ажлаас халшрах хам шинжийн 3 бүлэг түвшингээр тодорхойлоход EE-ийн түвшин хамгийн өндөр үзүүлэлт нь 27% (n=27), DP-ийн түвшин хамгийн өндөр үзүүлэлт нь 22.8% (n=23), PAийн түвшин хамгийн өндөр үзүүлэлт нь 50.5% (n=50) байлаа (Хүснэгт 1). Харин ажлаас халшрах хам шинж 
болон судалгаанд оролцогчдын нийгмийн байдал хоорондын хамаарлыг (Хүснэгт 2) үзүүлсэн бөгөөд EEийн хувьд өдөрт үйлчилдэг өвчтөний тоо мөн одоогийн ажилдаа сэтгэл ханамжтай байгаа эсэх нь статистикийн өндөр ач холбогдолтой (p < 0.001) үзүүлэлтүүд болж, DP-ийн хувьд албан тушаалын онцлог статистикийн өндөр ач холбогдолтой (p < 0.001) үзүүлэлтүүд болж байгаа нь харагдаж байна. Статистик ач холбогдолтой (p < 0.05) үзүүлэлтүүдэд EE-ийн хувьд нас, ажиллаж буй тасаг нэгж, DP-ийн хувьд цалингийн хэмжээ, өдөрт үйлчилдэг өвчтөний тооноос хамаарч байгаа бол PA болон DP хоёр үзүүлэлтэнд амьдарч буй орчин нөхцөл нөлөөтэй болох нь харагдаж байна. Статистикийн ач холбогдолгүй хэдий ч ажлаас халшрах хам шинж үүсэхэд нөлөөлж болохуйц ажиллах хэлбэр (өдрийн болон ээлжийн), гэр бүлийн байдал, насны хувьд 31-40 нас нөлөөлж байна гэж үзэж болохоор байна.
ХЭЛЦЭМЖ 
Ажлаас халшрах хам шинжийг судалсан бидний судалгааны үр дүнг бусад оронд хийгдсэн судалгааны ажлуудтай харьцуулахад бидний хийсэн судалгааны үзүүлэлтүүд ойролцоо байна. Maslach-ийн 3 бүлэг үзүүлэлтийн дундажаар (SD) харьцуулахад EE 23.72 (8.87) байгаа нь харьцуулсан судалгааны үзүүлэлтээс ялимгүй өндөр байна. PA, DP-ийн үзүүлэлтүүдэд дундаж үзүүлэлтэй ойролцоо байна. Монгол улсад эрүүл мэндийн салбарт хийсэн судалгаанаас харахад ажлаас халшрах хам шинжийг Copenhagen-ий сорилоор судлахад хувь хүнтэй холбоотой ажлаас халшрах хам шинж 45,39%; ажилтай холбоотой нь 44,45%; үйлчлүүлэгчтэй холбоотой нь 32,46% (Б.Ариунсанаа ба бусад, 2011 он) байна гэсэн тоо баримт байна.9 
ДҮГНЭЛТ
1. СЭМҮТ-ийн ажилчдын дунд ажлаас халшрах хамшинж харьцангуй өндөр байна.
2. Ажлын цаг хэдий бага байгаа боловч ажлын хэт ачаалал, ээлжийн ажлын хэлбэр, өдөрт үйлчилдэг өвчтөний тоо зэрэг нь эмнэлгийн ажилчдад ажлаас халшрах хам шинж үүсэхэд нөлөөлж байна.
3. СЭМҮТ-ийн яаралтай тусламжийн тасаг, хурц тасгийн ажилчдад ажлаас халшрах хам шинж илүү байгааг ажлын орчин, нөхцөл нөлөөлж байна гэж үзэв.
 

 

Ном зүй

1. Bride., B. E. (2004). The impact of providing psychosocial services to traumatized populations. Stress, Trauma, and Crisis, 7(1),
2. Maslach C, Jackson SE, Leiter MP: Maslach Burnout Inventory Manual. 3rd edition. Palo Alto, CA: Consulting Psychologists Press; 199629-46.
3. Maslach, C., Jackson, S.E., Leiter, M.P., Schaufeli, W.B. and Schwab R.L. (1986) Maslach burnout inventory sampler set manual, general survey, human services survey, educators survey, & scoring guides. Mind Garden Publishers, Menlo Park.http://www.mindgarden.com
4. Sabbah, I., Sabbah, H., Sabbah, S., Akoum, H., Droubi, N. (2012) Burnout among Lebanese nurses: Psychometric properties of the Maslach Burnout InventoryHuman Services Survey (MBI-HSS). Health, Vol.4, No.9, 644-652.
5. Abushaikha, L. and Saca-Hazboun, H. (2009) Job satis- faction and burnout among Palestinian nurses. Eastern Mediterranean Health Journal, 15, 190-197. 6. Sherring, S., Knight., D: An exploration of burnout among city mental health nurses. Br J Nurs 2009; 18 (20): 1234 – 40. 7. Prosser., D., Johnson.,S., Kuipers, E., et al: Mental health, “burnout” and job satisfaction in a longitudinal study of mental health staff. Soc Psychiatry Psychiatr Epidemiol (1999); 34 (6): 295 – 300.
8. Garzotto, N., Carcereri, G., Turrina, C., Ballarini, C: The syndrome of burn-out among mental health professionals in Verona (Italy). New Trends Exp Clin Psychiatr (1992); 8 (3): 113 – 8.
9. Ariunsanaa, B., Sugarmaa, M., Khuderchuluun, N., Saranchuluun, O., Young Moon, Ch. (2011) Burnout and Job Stress among Mongolian Doctors and Nurses. Industrial Health, 49, 582-588.
10. Монгол Улсын нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын тушаал, 2004 он, 77 тушаалын дөрөвийн 30 дугаар зүйл.
11. Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль, 2013 он, ху-10
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1691
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК