Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Инноваци - Шинэ Санаа, Шинэ Нээлт, 2015, 16(9-1)
ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН ХҮҮХДИЙН СЭТГЭЛ ТҮГШИЛТИЙН БАЙДЛЫГ ШҮЛСНИЙ КОРТИЗОЛЫН ТҮВШИНТЭЙ ХАРЬЦУУЛАН СУДАЛСАН НЬ
( Судалгааны өгүүлэл )
 
ҮНДЭСЛЭЛ
ДЭМБ-ын мэдээгээр хүн хоорондын хүчирхийллийн улмаас өдөрт дунджаар 10-29 насны 565 хүүхэд залуучууд нас барж байна гэж тооцоолсон байдаг.1 Хэвлэлийн тоймоос үзвэл хүчирхийлэлд өртсөн хүүхдэд түгээмэл илэрдэг сэтгэлзүйн сөрөг үр дагаврын нэг нь сэтгэл түгшилт юм.2 Хүүхэд насандаа хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийг хүчирхийлэлд өртөөгүй эмэгтэйчүүдтэй харьцуулахад сэтгэцийн эмгэгээр 10 дахин, үүн дотроо сэтгэл түгших эмгэгт 3 дахин их өртдөг ажээ.3 Хүчирхийллээс улбаатай үүсч буй сэтгэл түгшилтийн эмгэг жамын үндсэн өөрчлөлт нь мэдрэл шингэний тохируулга алдагдсантай холбоотой хэмээн тайлбарладаг. Сүүлийн үед судлаачид хүчирхийлэлд өртсөн хүүхдийн төв мэдрэлийн тогтолцооны хямрал, стресст үзүүлэх хариу урвалыг эмгэг жамын томоохон хүчин зүйл хэмээн үзэж байна. Тухайлбал хүүхэд насандаа хүчирхийлэлд өртсөн ба  өртөөгүй эмэгтэйчүүдийн гипоталамус-өнчин тархи-бөөрний дээд булчирхайн үйл ажиллагааг үнэлсэн К.Penza нарын (2003) судалгаагаар хүүхэд насандаа хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн ийлдсийн кортизол дааврын түвшин харьцангуй бага, архаг стрессийн шинжүүд илүү давамгай илэрч байна хэмээгээд ийлдсийн кортизолын түвшин сэтгэлзүйн хариу урвалыг илтгэх чухал үзүүлэлт хэмээн тодорхойлсон байна.4 Манай улсад судлаач Б.Жаргал (2005) хүүхдийн сэтгэлзүйн гэмтлийн дараах дарамтат эмгэг үүсгэх шалтгаан, илрэх хариу урвалыг тогтоосон. Харин хүүхдийн сэтгэцийн эмгэгийг биемахбодын өөрчлөлт, дааврын түвшинтэй уялдуулан судалсан судалгаа хараахан хийгдээгүй байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болж байна.5
АРГА, АРГАЧЛАЛ
Судалгааг 2011.6.1-ээс 2013.05.01-ний хооронд тохиолдол хяналтын судалгааны загвар ашиглан хийсэн. Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, хүүхдийн асрамжийн болон хамгаалах төвүүд, төрийн бус байгууллагад хүчирхийллийн улмаас хандаж буй Улаанбаатар хотын 11-16 насны 53 тохиолдол, хүчирхийлэлд өртөөгүй, харьцангуй эрүүл, ойролцоо нас, хүйсний 96 сурагчдыг хяналтын бүлэг болгон авав. Сэтгэл түгшилтийн байдал, хэлбэрийг илрүүлэх зорилгоор судалгаанд хамрагдагсадаас 38 асуулт бүхий, хүүхэд өөрөө бөглөдөг “Хүүхдийн сэтгэл түгшилтийг илрүүлэх Спенсийн сорил” (The Spence Children’s Anxiety Scale - SCAS, 1997, Australia) авав. Судалгаанд хамрагдагсдын биеийн жин, өндөр, биеийн жингийн индекс, артерийн дээд, доод даралт, судасны лугшилт, амьсгалын тоо зэргийг стандарт аргаар тодорхойлов. Судалгаанд хамрагдагсад болон түүний асран хамгаалагч нар таниулсан зөвшөөрлийн хуудастай танилцаж зөвшөөрсний үндсэнд судалгаанд хамруулсан. Сэтгэл түгшилтийн үеийн дааврын өөрчлөлтийг илрүүлэх зорилгоор шүлсний кортизол дааврын түвшинг хяналтын болон тохиолдлын бүлэгт харьцуулан тодорхойллоо. Судалгаанд оролцогч бүрээс нэг удаагийн хэрэгсэл ашиглан өглөөний 8 цагт, өлөн үед, цэвэр усаар 3 удаа амаа зайлсны дараа нь 5 мл шүлсийг цуглуулан авч фермент холбох урвал ашиглан кортизол дааврыг (Cortisol ELISA kit, Sigma, USA) “Антиген” лабораторид тодорхойлов. Судалгааны боловсруулалтыг SPSS 17.0 программыг ашиглан, статистикийн үнэн магадтайн шалгуур, стандарт дундаж хазайлт, дундаж, дундаж алдаа, Oneway ANOVA, Пейрсоны хамаарлын коэффицент, Odds Ratio (OR),  Аdjusted OR, бинари ложистик регрессийн анализ зэрэг үзүүлэлтийг ашиглан  судалгааг хийв.
ҮР ДҮН 
Судалгаанд нийт 11-16 насны 149 хүүхэд (тохиолдол-53, хяналт-96) хамрагдсан бөгөөд дундаж нас 13.49±1.54 (эрэгтэй 13.38±1.60, эмэгтэй 13.54±1.51) байлаа.  Тохиолдлын бүлгийн дундаж нас эрэгтэйд 13.14±1.65, эмэгтэйд 13.66±1.81 байсан бол хяналтын бүлэгт эрэгтэйд 13.48±1.60, эмэгтэйд 13.47±1.30 байлаа. Хүйсний хувьд эрэгтэй 47 (тохиолдол-14, хяналт-33), эмэгтэй 102 (тохиолдол-39, хяналт 63) хүүхэд хамрагдав.  Судалгаанд хамрагдагсдын орон сууцны байдлыг тодруулж үзвэл орон сууцанд 27.5% (n=41), хашаа байшин, гэр хороололд 27.5% (n=41), асрамжийн газар, хамгаалах байранд 35.6% (n=53), бусад газар 5.4% (n=8) амьдардаг хэмээн хариулсан.  
Хүчирхийллийн хэлбэрийг судлан үзэхэд нийт тохиолдлын бүлгийн 30.4% биемахбодын, 41.3% бэлгийн, 10.9% сэтгэл санааны, 17.4% үл хайхрах хэлбэрийн хүчирхийлэлд өртсөн байна.
Судалгаанд хамрагдагсдын сэтгэл түгшилтийн дараах хэлбэрүүдийг Спенсийн сорил нь ашиглан тодорхойлсон (Хүснэгт 1).
Үүнд:
• Улигт бодол, албадмал үйлдлийн шинж
• Нийгмийн айдас
• Сандрах дайралт
• Салан хагацахаас айх айдас
• Айдсын бусад хэлбэрүүд
• Түгээмэл сэтгэл түгшилт Спенсийн сорилоор тодорхойлсон үр дүнгээс үзвэл тохиолдлын бүлгийн улигт бодол, албадмал үйлдлийн шинж (p<0.01), нийгмийн айдас (p<0.01), сандрах дайралт (p<0.01), салан хагацахаас айх (p<0.01), өвөрмөц айдсууд (p<0.01) болон түгээмэл сэтгэл түгших хэлбэр (p<0.01) хяналтын бүлгээс статистик ач холбогдол бүхий өндөр байлаа. Судалгаанд оролцсон хүүхдүүдийн сэтгэл түгшилтийн эмнэлзүйн шинжүүдийг судалж үзлээ (Хүснэгт 2). Хүснэгт 2-оос харвал гэрээсээ өөр газарт хонох айдас (18.4%), гэрийнхний маань хэн нэгэнд ямар нэгэн аймшигтай зүйл тохиолдох вий гэсэн санаа зовинол (15.4%) зэрэг салан хагацахаас айх айдас, хорхой шавж,
аалзнаас айх (16.5%) өвөрмөц айдсын хэлбэр зэрэг нь хяналтын ба тохиолдлын бүлэгт аль алинд нь их илэрч байв.
Судалгаанд хамрагдагсдын шүлсний кортизол дааврын агууламжийг тодорхойлон харьцуулалт хийлээ (Зураг 1).  Бидний судалгаагаар хяналтын бүлгийн шүлсний
кортизолын дундаж агууламж 31.56±16.9 нг/мл байсан бол хүчирхийлэлд өртсөн буюу тохиолдлын бүлэгт 21.3±8.1 нг/мл буюу хүчирхийлэлд өртөөгүй бүлгээс статистик үнэн магадтай (p<0.01) бага байлаа.
ХЭЛЦЭМЖ
Хүүхэд, өсвөр насныханы сэтгэл түгшилтийг илрүүлэх Спенсийн сорил нь 38 асуулттай, хүүхэд өөрөө бөглөдөг, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сорил юм. Ази, Европын олон орны хүүхдийн дунд энэ сорилыг ашиглан сэтгэл түгшилтийн шинжүүдийг тогтоосон судалгаанууд нилээдгүй хийгдсэн (Хүснэгт 3).
Иймд өөрсдийн судалгааны үр дүнг бусад орны судалгаатай харьцуулан үзлээ. Судлаач Dimitar Bonevski нарын 13 судалгаанд (2012) хүүхэд насандаа бие махбод, сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн насанд хүрэгчдийн дунд сэтгэл түгшилт их тохиолддог ба сэтгэл түгшилтийн эмнэлзүйн хэлбэрүүдээс сандрах дайралт нь бусад хэлбэрээсээ харьцангуй өндөр харин нийгмийн айдас харьцангуй бага тохиолддог гэж тогтоосон.
Бидний судалгаанд хүчирхийлэлд өртсөн бүлгийн хүүхдэд сэтгэл түгшилтийн бүх хэлбэрүүд нь хүчирхийлэлд өртөөгүй бүлгээс статистик ач холбогдол бүхий их (p<0.01) байсан. Энэ үр дүн нь дээрх судлаачийн үр дүнтэй адил байна.
Судлаач Shin-ichi Ishikawa нар6 (2009) 13-15 насны Япон хүүхдийн сэтгэл түгшилтийн хэлбэрийг илрүүлсэн судалгаагаар улигт албадмал үйлдлийн шинж (аливаа зүйлийг зөв хийсэн эсэхээ заавал шалгадаг-37.9%), айдсын шинж (хорхой, шавьж, аалзнаас айдаг-37.1%), санаа зовинолын шинж (юм юманд санаа зовдог-36.7%), улигт албадмал үйлдлийн шинж (бусад хүмүүс миний тухай юу гэж боддог бол гэдэгт миний санаа зовдог-35.2%) зэрэг сэтгэл түгшилтийн хэлбэрүүд зонхилон тохиолдож байсан.
Бидний судалгаагаар хяналтын бүлгийн хүүхдэд 18.4% (би гэрээсээ өөр газар хоносон бол айх байсан) салан хагацахаас айх айдас, 15.7% (би аливаа зүйлийг зөв хийсэн эсэхээ заавал шалгадаг, гэрлээ унтраасан эсэх, хаалгаа түгжсэн эсэх) улигт албадмал үйлдлийн шинж, 15.3% (би хорхой шавьж, аалзнаас айдаг) өвөрмөц айдсын шинж зэрэг нь илүүтэй тохиолдож байсан.
Судлаач Heim C нарын 14 (2002) судалгаагаар хүүхэд насандаа хүчирхийлэлд өртсөн сэтгэл гутралтай ба гутралгүй эмэгтэйчүүдийг хүчирхийлэлд өртөөгүй сэтгэл гутралтай ба гутралгүй эмэгтэйчүүдтэй харьцуулахад кортизолын агууламж ийлдсэнд харьцангуй бага байдаг гэж тогтоосон. Харин судлаач Elliot нар15 (2006) нийгмийн айдастай хүмүүсийн шүлсэн дэх кортизол дааврын түвшинг нийгмийн айдасгүй хүмүүстэй харьцуулан судалжээ. Судалгааг тайван үед, стрессийн үед, стрессийн дараах үед
тогтооход шүлсэн дэх кортизолын түвшин гурван үед гурвууланд нь харьцангуй бага байгаа нь батлагдсан.
Эдгээр судалгааны үр дүн нь бидний судалгааны үр дүнтэй ойролцоо байна. Дээрхээс харвал хүчирхийлэлд өртөх, сэтгэл зүйн гэмтэл авах, сэтгэл гутрал, сэтгэлзүйн
гэмтлийн дараах дарамтат эмгэг зэрэг нь мэдрэл шингэний тохируулгыг алдагдуулж байна.
ДҮГНЭЛТ
Судалгааны үр дүнгээс харвал хүчирхийлэлд өртсөн хүүхдэд сэтгэл түгшилт илүүтэй тохиолдож, шүлсний кортизол дааврын түвшин бага байгаа нь төв мэдрэлийн тогтолцооны гипоталамус-өнчин тархи- бөөрний дээд булчирхайн стресст хариу урвал үзүүлэхүйл ажиллагаа хямардагийг баталж байна.

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1197
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК