Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Инноваци - Шинэ Санаа, Шинэ Нээлт, 2015, 16(9-1)
СЭТГЭЛ ЦОЧИРДЛЫН ХОЁР ТУЙЛТ ЭМГЭГИЙН ОНОШЛОГОО ЭМЧИЛГЭЭНИЙ БАЙДАЛ
( Судалгааны өгүүлэл )
 
ҮНДЭСЛЭЛ
Сэтгэл цочирдлын хоёр туйлт эмгэг нь дотоод шалтгаантай удамшимтгай сэтгэцийн эмгэгүүдийн нэг бөгөөд эмнэлзүй нь сэтгэл гутралын хамшинж, сэтгэл хөөрлийн хамшинж, холимог байдал гурвын аль нэгээр нэгээс дээш удаа илэрдэг, дахилтын дараагаар өвчтөн бүрэн эрүүлждэг, солиорлын болон солиорлын бус шинжээр илэрдэг эмгэг юм.1-3
Сэтгэл цочирдлын хоёр туйлт эмгэг нь хүний хөдөлмөрийн чадварыг түр болон урт хугацаагаар алдагдуулдаг гол эмгэгүүдийн нэг. ДЭМБ-ын 2001 оны тайланд дурьдсанаар “Сэтгэл гутрах эмгэг” нь дэлхийн хэмжээнд насанд хүрэгсдийн хөдөлмөрийн чадварыг алдагдуулдаг бүх өвчлөлийн дотроос 4 дүгээр байранд, харин сэтгэцийн зонхилон тохиолдох эмгэгүүдийн дотор 1 дүгээрт оржээ4. Өвчний олон улсын 10-р ангилалд өвчтөн хөнгөн сэтгэл хөөрөл эсвэл сэтгэл гутралын аль нэг хамшинжтэй байх бөгөөд
урьд нь сэтгэл цочирдох эмгэг сэтгэл хөөрөл, сэтгэл гутрал, холимог байдал илэрч байсан тухай анамнез өгвөл сэтгэл цочирдлын хоёр туйлт эмгэг гэж оношилно гэжээ5. Сэтгэл цочирдлын хоёр туйлт эмгэгийн анхны хөдлөл хөнгөн үедээ ялангуяа эмнэлзүйн бүдэг илрэлтэй эхэлсэн тохиолдолд бие махбодын эмгэг гэж андуурагдан оношлогддог эсвэл огт оношлогддоггүйн улмаас оношлогоо эмчилгээний хожимдолд хүргэж байгаа нь тархалтыг тодорхойлоход бэрхшээл учруулдаг байна6. АНУ болон Европын орнуудад сүүлийн үед хийгдсэн судалгааны дүнгээс харвал хоёр туйлт эмгэгийг аль болох эрт оновчтой оношлох асуудал нь эрдэмтдийн анхаарлыг илүү татах болжээ7. Дэлхийн нийт хүн амын 3 орчим хувь нь сэтгэл цочирдлын хоёр туйлт эмгэгтэй байдаг бөгөөд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд болон үндэстэн ястнуудад харилцан адилгүй тархалттай байдаг гэж үздэг8,9. Мөн ДЭМБ-ын 2001 оны тайлангаас үзэхэд дэлхий дахинаа 360 сая орчим хүн сэтгэл цочирдлын хоёр туйлт эмгэгээр өвчилсөн байна гэж мэдээлжээ10. Монгол улсын сэтгэцийн эрүүл мэндийн тусламжийг үнэлсэн судалгааны тайлангаас үзэхэд 2004 оны байдлаар Сэтгэцийн эрүүл мэндийн байгууллагуудад эмчлүүлсэн нийт үйлчлүүлэгчдийн дотор амбулаториор эмчлүүлэгчдийн 35%-ийг, хэвтэн эмчлүүлэгчдийн 8%-ийг, аймаг орон нутагтаа эмчлүүлэгчдийн 5%-ийг сэтгэл цочирдлын хоёр туйлт эмгэг тус тус эзэлж байгаа бөгөөд амбулаториор эмчлүүлэгчдийн дотор уг эмгэг өвчлөлийн байдлаараа хоёрдугаарт орсон байна11. Манай оронд 2008 онд хийгдсэн нэгэн судалгаанд сэтгэл цочирдлын хоёр туйлт эмгэгүүд нь хүмүүсийн хөдөлмөрийн чадварыг алдагдуулдаг сэтгэцийн нийт эмгэгийн дотроос 4 дүгээр байранд орж, жил ирэх тутам нэмэгдэх хандлагатай байна гэсэн дүгнэлт гарчээ12. Манай улсад уг эмгэгийн эмнэлзүйг сэтгэл гутрах эмгэг, сэтгэл хөөрөх эмгэг нэрийн дор хамшинжийнх нь хүрээнд тус тусад нь хийсэн судалгаанууд нэлээд байгаа боловч сэтгэл хөдлөлийн хоёр туйлт эмгэгийн оношлогоо эмчилгээний хожимдлыг судалсан судалгааны ажил одоогоор огт хийгдээгүй байна. Энэхүү судалгаа нь Монгол улсын хувьд сэтгэл цочирдлын хоёр туйлт эмгэгийн тархалт, оношлогоо эмчилгээний
хожимдол зэрэг асуудлыг хөндөн эрүүл мэндийн салбартаа хийгдэж байгаа анхны томоохон судалгаа бөгөөд энэ нь дараа дараагийн судалгааны ажлуудад суурь судалгаа болохоос гадна уг эмгэгээр өвчилсөн хүмүүсийн эмчилгээ үйлчилгээний үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулахад ирээдүйд томоохон ач холбогдолтой юм.
ЗОРИЛГО
Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд 2011- 2012 онд тусламж авахаар хандсан сэтгэл цочирдлын хоёр туйлт эмгэгтэй нийт хүмүүсийг судалгаандаа хамруулж уг эмгэгийн тархалт, шинэ өвчлөл, ор хоног, оношлогоо эмчилгээний хожимдлыг судлахад оршино.
ЗОРИЛТ
1. Нийгэм ба хүн ам зүйн ерөнхий үзүүлэлтийг судлах
2. Тархалт ба шинэ өвчлөлийн байдлыг судлан тогтоох
3. Оношлогоо эмчилгээний хожимдлыг үнэлэх
АРГА, АРГАЧЛАЛ
Энэхүү судалгаа нь эмнэлэгт суурилсан зорилготой түүвэрлэлтийн загварыг ашигласан ретроспектив судалгаа юм. Бид уг судалгаандаа Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн клиникийн тасгуудыг түшиглэж 2011 оны 12-р сараас 2012 оны 12-р сар хүртэлх хугацаанд сэтгэл цочирдлын хоёр туйлт эмгэг оноштой хэвтэн эмчлүүлсэн 101, эмнэлэгт хэвтээгүй боловч амбулаторт ирж үзүүлсэн 32, нийт 133 үйлчлүүлэгчийг хамруулсан. Үүнээс:
Хэвтэн эмчлүүлж байсан 101 үйлчлүүлэгчээс 2 нь шизоаффектив эмгэг гэж оношлогдсон тул судалгаанаас хассан.
Амбулаториор ирж үзүүлсэн 32 өвчтөнөөс судалгаанд оролцуулахаас асран хамгаалагч нь татгалзсан 5, өөрөө татгалзсан 9, онош нь сэтгэл цочирдлын хоёр туйлт эмгэг гэж батлагдаагүй 5 нийт 19 өвчтөнийг тус судалгаанаас хасаж шаардлага хангасан нийт 13 өвчтөнийг сонгосон болно.
Бид судалгаанд хамрагдсан нийт хүмүүсийн оношийг Өвчний олон улсын 10 дугаар ангилалд заасан оношлогооны шалгууруудын дагуу сэтгэл цочирдлын хоёр туйлт эмгэгийг оношилж баталгаажуулсан.
Судалгаанд хамрагдагсдыг сонгох шалгуур:
А. Нийтлэг шалгуур
• Монгол улсын иргэн байх
• Судалгаанд оролцохыг өөрөө буюу асрамжлагч нь бичгээр зөвшөөрсөн байх
Б. Нарийвчилсан шалгуур
• Нарийн мэргэжлийн эмчийн үзлэгээр сэтгэл цочирдлын хоёр туйлт эмгэгийн шинж тэмдгүүд илэрсэн байх
• Сэтгэл цочирдлын хоёр туйлт эмгэгтэй гэдэг нь өвчний олон улсын 10 дугаар ангиллын оношлогооны шалгуураар батлагдсан байх
Судалгаанаас хасах шалгуур:
   • Гадаад улсын иргэн
   • Өөрөө буюу асрамжлагч нь судалгаанд оролцохоос татгалзах
   • Бие, мэдрэл, сэтгэцийн талаас хавсарсан эмгэгтэй, шинж тэмдгийн сэтгэл цочирдлын эмгэгтэй хүн
Судалгааны мэдээ, материал цуглуулсан аргууд
  • Асуумж судалгааны арга буюу эмнэлзүйн ярилцлага хийх арга
  • Бичиг баримтын судалгааны арга зэрэг аргуудыг ашиглаж судалгааг дөрвөн үе шаттайгаар хийсэн
Нэгдүгээр шат:
Асуумж судалгааны арга
Бид эмнэлзүйн ярилцлагыг ЭМШУИС-ийн АУС-ийн Эрдэмтдийн Зөвлөлийн хурлаар 2010 онд батлуулсан өөрийн орны нөхцөлд тохируулан тусгайлан боловсруулсан асуумжийн дагуу өвчтөн болон түүний ар гэрийн гишүүдтэй эмнэлзүйн ярилцлага хийж өвчтөн тус бүрт 35 бүлэг, 546 асуулт бүхий картыг хөтлөв.
Хоёрдугаар шат:
Ажиглалт судалгааны арга
СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан өвчтөнүүдэд өдөр бүр эмнэлзүйн ажиглалт хийж тэмдэглэл хөтөлсөн.
Гуравдугаар шат:
Бичиг баримтын судалгааны аргаар СЭМҮТ-ийн амбулаторын үзлэгийн кабинетууд ба архиваас судалгаанд хамрагдагсдын хяналтын карт, өвчний хуучин түүхүүдийг авч өмнөх хэвтэлтүүдийн үеийн эмнэлзүй, даамжрал, хэвтэлтийн тоо, эмчлүүлсэн хугацаа, дахихад нөлөөлсөн хүчин зүйлс зэрэг олон мэдээллийг цуглуулсан.
Дөрөвдүгээр шат:
Оношлогоо эмчилгээний хожимдлыг үнэлэх
Ретроспектив эмнэлзүйн ярилцлага, баримтын судалгааны аргуудыг ашиглан цуглуулсан материалууддаа тулгуурлан өвчтөн тус бүр дээр оношлогоо эмчилгээний хожимдлыг үнэлсэн.
Ёс зүйн асуудал:
ЭМШУИС-ийн Анагаах Ухааны Ёс Зүйн Хяналтын Салбар Хорооны 2010 оны хурлаар орж судалгаа хийх ёс зүйн зөвшөөрөл авсан.
Энэхүү судалгаанд био-анагаахын судалгааны ёс зүйн зарчмуудыг баримтлан өвчтөн, тэдний асрамжлагч нарт судалгааны зорилго, судалгааг явуулах зарчим, мэдээллийн нууцлал, судалгаанаас гарах үр дүнгийн талаарх мэдээллийг танилцуулж, өвчтөн, түүний асрамжлагч нь судалгаанд оролцохыг зөвшөөрсөн тохиолдолд цуглуулсан мэдээллийг зөвхөн эрдэм шинжилгээний зорилгоор ашиглахыг тайлбарлан таниулж, зөвшөөрөл авч судалгааг явуулсан.
Статистик шинжилгээ: Судалгааны боловсруулалтыг SPSS 21.0 программыг ашиглан категорийн хувьсагчуудын хоорондын ялгааг Пийрсоны χ2 тестээр, тэдгээрийн хоорондын хамаарлыг энгийн логистик регрессийн аргаар, оношлогоо эмчилгээний хожимдлын дундаж хугацааг уг эмгэгийн анх эхлэн илэрсэн хамшинжтэй нь холбож хамаарлыг Independent-samples T test-ээр тус тус тооцов. Хувьсагчуудын дундаж тооны хэлбэлзлийг стандарт алдааны дунджаар илэрхийлсэн.
ҮР ДҮН
Судалгаанд хамрагдагсдын хүн ам зүйн ерөнхий үзүүлэлтүүд
Бидний судалгаанд 14-62 насны, эрэгтэй 31(27.7%), эмэгтэй 81 (72.3%) нийт 112 өвчтөн хамрагдсны дундаж нас нь 42.1±0.9 байсан бөгөөд 45-49 (n=27, 24.1%), 35-39 (n=18, 16.1%), 50-54 (n=17, 15.2%) насны бүлгийн хүмүүс, хүйсний хувьд эмэгтэйчүүд (n=81, 72.3%) түлхүү хамрагдсан байлаа. Судалгаанд хамрагдагсдын оношлогоо эмчилгээний нийт хожимдлыг судлан үзэхэд 28 хоногоос 19 жил хүртэл байлаа. Иймээс бид 1-30 хоногийн дотор сэтгэцийн эмчид хандаж сэтгэл цочирдлын хоёр туйлт эмгэгээр оношлогдож зохих эмчилгээндээ хамрагдсан 5 хүнийг оношлогоо эмчилгээний хожимдолгүй гэсэн бол 31 хоног ба түүнээс дээш хугацааг алдаж оношлогдсон хүмүүсийг оношлогоо эмчилгээний хожимдолтой гэж үзсэн. Хүснэгт 1-ээс харахад судалгаанд хамрагдагсдын дөнгөж 4.5% (n=5) нь оношлогоо эмчилгээний хожимдолгүй буюу эхний нэг сарын дотор мэргэжлийн эмчид хандаж эмчилгээ хийгдсэн байсан бол 95.5% нь 1 сараас дээш хугацаагаар хожимдож мэргэжлийн эмчид үзүүлж оношлуулсан байна. Өвчин эхэлсэн дундаж нас нь хожимдолтой ба хожимдолгүй 2 бүлэгт статистик ач холбогдол (P утга 0.009) бүхий ялгаатай байна. Өвчтөнөөс шалтгаалсан оношлогооны хожимдолтой хүмүүсийн өвчин эхэлсэн дундаж нас нь 27.9±0.8 байгаа нь уг эмгэг хэдий чинээ орой эхэлнэ төдий чинээ өвчтөнөөс шалтгаалсан хожимдол гарах магадлал (P утга 0.011) бүхий байна.
Хэвтэн эмчлүүлсэн ор хоногийн дунджийг хожимдолтой ба хожимдолгүй 2 бүлэгт харьцуулан судлахад онцын ялгаа ажиглагдсангүй.
Тархалт ба шинэ өвчлөлийг судлахад судалгаанд хамрагдагсдын өвчин анх эхэлсэн дундаж нас 27.5±0.8 байв.
Зураг 1-ээс харахад судалгаанд хамрагдагсдын өвчин 3 ба 5, 7 дугаар саруудад хамгийн их, 6, 8 дугаар саруудад цөөн хувь нь анх эхэлсэн ялгаатай байдал ажиглагдсан хэдий ч статистик ач холбогдолгүй байв. Иймд бид энэхүү ялгаатай үзэгдлийг өвчин анх эхэлсэн хамшинжтэй нь харьцуулж судлахад сэтгэл хөөрөх болон гутрах хамшинжийн аль алинд нь 3 ба 7 дугаар саруудад хамгийн их эхэлсэн байсан бол сэтгэл хөөрөх хамшинжийн үед 1 ба 8 саруудад уг эмгэг эхэлсэн тохиолдол байгаагүй боловч 2 сараас огцом эхэлж 3 сард (n=8, 22.9%) хамгийн их сэдэрч эхэлсэн ялгаатай үзүүлэлт ажиглагдсан хэдий ч χ2 тестээр статистик ач холбогдлыг
шалгахад (P утга 0.653) хамааралгүй байлаа. Сэтгэцийн эмчийн хяналтанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тоог судалж үзэхэд судалгаанд хамрагдагсад нь 1-34 удаа хэвтэж 10-1276 ор хоног эмчлүүлжээ. Харин эмнэлэгт хэвтсэн дундаж тоо нь 7.4±0.5 байсан бол дундаж ор хоног нь 211.8±21.8 байлаа. Сэтгэцийн эмнэлэгт хэвтсэн дундаж тоог өвчин анх эхлэхэд илэрсэн хамшинүүдтэй нь харьцуулж хамаарлыг Independent-samples T test- ээр шалгахад сэтгэл хөөрөх хамшинжээр эхэлсэн үеийн хэвтэн эмчлүүлсэн дундаж тоо 6.9±0.7, сэтгэл гутрах хамшинжээр эхэлсэн үеийн дундаж тоо 7.6±0.7 байгаа нь статистик ач холбогдол бүхий (P утга 0.319) ялгаа харагдсангүй. Харин судалгаанд хамрагдагсдын дунд 2012 оны турш анх удаа оношлогдсон шинэ өвчлөл нь 2.7% (n=3)-ийг эзэлж байв.
Сэтгэл цочирдлын хоёр туйлт эмгэгийн оношлогоо, эмчилгээний хожимдлын нийт дундаж хугацаа нь 2.6±0.3 нь жил байв. Оношлогоо эмчилгээний хожимдолд хүргэж байгаа шалтгааныг тодруулан судлахад өвчтөн болон түүний ар гэрээс шалтгаалан эмч эмнэлгийн байгууллагад хандахгүй хугацаа алдсан буюу өвчтөнөөс шалтгаалсан хожимдлын дундаж хугацаа 1.2±0.2 жил, өвчтөн эмнэлгийн байгууллагуудад хандсан боловч мэргэжлийн эмчид хандахгүй хугацаа алдаж хожуу оношлогдсон оношлогооны хожимдлын дундаж хугацаа 2.5±03 жил, мэргэжлийн эмчид хандсан боловч эмчилгээ оройтож хийгдсэн эмчилгээний хожимдлын дундаж хугацаа 0.2±0.05 жил байсан бол системээс шалтгаалсан нийт хожимдлын дундаж нь 1.2±0.3 байлаа. Үүнээс харахад мэргэжлийн эмчид хандаж зөв оношлогдсон бол эмчилгээг цаг алдахгүй хийгдэж байгаа нь харагдаж байна. Ийм учраас бид оношлогоо эмчилгээний хожимдлын дундаж хугацааг уг эмгэгийн анх эхлэн илэрсэн хамшинжүүдийн хоорондын хамаарлыг Independent-samples T test-ээр шалгаж үзлээ. Сэтгэл хөөрөх хамшинжээр анх эхэлсэн хоёр туйлт эмгэгийн нийт хожимдлын дундаж хугацааг, сэтгэл гутрах хамшинжээр анх эхэлсэн хоёр туйлт эмгэгийн нийт хожимдлын дундаж хугацаатай харьцуулж үзэхэд сэтгэл хөөрөх хамшинжээр уг эмгэг нь эхэлж илрэх нь оношлогоо эмчилгээний хожимдолд хүргэх эрсдэл сэтгэл гутралаас илүү байгаа нь статистик ач холбогдол (P<0.009, T test –1.3, F value 7.1) бүхий хамааралтай байлаа. Өөрөөс шалтгаалсан хожимдлын дундаж хугацаа нь сэтгэл хөөрөх хамшинжээр эхлэх нь сэтгэл гутрах хамшинжээр эхэлсэн өвчтөнүүдээс илүү оройтож эмч, эмнэлгийн байгууллагад тусламж авахаар хандаж байгаа нь статистик ач холбогдолгүй (P<0.668, T test 0.6, F value 0.2) байв. Харин оношлогооны хожимдлын дундаж хугацааг нь сэтгэл хөөрөх хамшинжээр эхлэх нь сэтгэл гутрах хамшинжээр эхэлсэн өвчтөнүүдээс харьцангуй хожуу оройтож оношлогдсон нь статистик ач холбогдол (P<0.003, T test –1.5, F value 9.1) бүхий үнэн магадлалтай батлагдав.
Судалгаанд хамрагдагсдын эмнэлгийн тусламж авахаар анх хандсан эмч, эмнэлгийн байгууллагыг судалж үзэхэд 41.1% (n=46) нь 2 ба 3 дах шатлалд ажиллаж байгаа сэтгэцийн эмчид хандаж оношлогоо эмчилгээгээ зөв хийлгэсэн бол өвчтөнүүдийн 50-иас илүү хувь нь өрх сумын эмнэлэг (n=28, 25%)-т, 2 дах шатлалын мэдрэл ба дотрын эмчид (n=32, 28.6%), хувийн эмнэлэг (дотор, мэдрэл, уламжлалт) (n=6, 5.4%) зэрэгт мэргэжлийн бус эмч нарт хандаж буруу оношлогдон эмчлэгдсэнээс болж хугацаа алдаж оройтож оношлогдож эмчилгээ оройтож байгааг харууллаа. Мөн судалгаанд хамрагдсан нийт өвчтөний 11.6% (n=13) нь эмнэлгийн тусламж авахаасаа өмнө эхлээд лам бөөд хандсан гэсэн анамнезтай байлаа. Үүнээс харахад сэтгэцийн эмгэгээр анх өвдөж байгаа зарим хүмүүс нь хувь хүний өөрийн итгэл үнэмшилтэй холбоотойгоор лам, бөө болоод бусад шашны байгууллагад эхлэн хандсанаас болж оношлогоо эмчилгээний хожимдолд хүргэж байна.
ХЭЛЦЭМЖ
Бид энэхүү судалгаагаар сэтгэл цочирдлын хоёр туйлт эмгэгийн оношилгоо эмчилгээний хожимдол, тархалтын зарим үзүүлэлтүүд, өвчин анх эхэлсэн сар, улирал, анх тусламж хайж хандсан эмнэлгийн болон бусад байгууллагууд зэрэг мэдээллүүдийг өвчин анх эхэлсэн хамшинжүүдтэй нь харьцуулсан судалсан. Бид оношлогоо эмчилгээний хожимдлыг дараах хэлбэрүүдээр ангилж үзсэн. Үүнд:
 Өвчтөнөөс шалтгаалсан хожимдлыг өвчтөнд өвчний анхны шинж тэмдэг мэдрэгдсэн өдрөөс хойш анх удаа  эмнэлгийн байгууллагад тусламж авахаар хандсан өдрийг хүртэлх хугацаагаар
Оношлогооний хожимдлыг өвчтөн эмнэлгийн тусламж хайж анх удаа эмнэлгийн байгууллагад хандсан өдрөөс эхлэн сэтгэл хөдлөлийн хоёр туйлт эмгэг гэж оношлогдсон өдөр хүртэлх хугацаагаар
Эмчилгээний хожимдлыг өвчтөн анх удаа сэтгэл цочирдлын хоёр туйлт эмгэг гэж оношлогдсон өдрөөс эхэлж сэтгэцийн эмчийн хяналтанд хоёр туйлт эмгэгийн эмчилгээг хийлгэж эхэлсэн өдрийг хүртэлх хугацаагаар  
Системийн хожимдлыг өвчтөн тусламж хайж анх удаа эмнэлгийн байгууллагад хандсан өдрөөс эхлэн сэтгэцийн эмчийн хяналтанд хоёр туйлт эмгэгийн эмчилгээг хийлгэж эхэлсэн өдрийг хүртэлх хугацаагаар
Нийт хожимдлыг өвчтөнд өвчний анхны шинж тэмдэг мэдрэгдсэнээс өдрөөс эхлээд сэтгэцийн эмчийн хяналтанд хоёр туйлт эмгэгийн эмчилгээг хийлгэж эхэлсэн өдрийг хүртэлх хугацаагаар тус тус тооцсон.
Манай судалгаанд хамрагдагсдын дөнгөж 4.5% (n=5) нь оношлогоо эмчилгээний хожимдолгүй буюу эхний нэг сарын дотор мэргэжлийн эмчид хандаж эмчилгээ хийгдсэн байсан бол 95.5% нь 1 сараас дээш хугацаагаар хожимдож мэргэжлийн эмчид үзүүлж оношлогдсон бөгөөд уг эмгэгийн оношлогоо, эмчилгээний хожимдлын нийт дундаж хугацаа нь 2.6±0.3 нь жил байсан бол өвчин эхэлсэн дундаж нас нь хожимдолтой ба хожимдолгүй 2 бүлэгт статистик ач холбогдол (P утга 0.009) бүхий ялгаатай гарсан. Өвчтөнөөс шалтгаалсан оношлогооны хожимдолтой хүмүүсийн өвчин эхэлсэн дундаж нас нь 27.9±0.8 байгаа нь уг эмгэг хэдий чинээ орой эхэлнэ төдий чинээ өвчтөнөөс шалтгаалсан хожимдол гарах магадлал (P утга 0.011)  бүхий байлаа. Ном, сурах бичгүүдэд бичигдсэн мэдээллээс үзвэл эрдэмтэд сэтгэл цочирдлын хоёр туйлт эмгэгийг анхны хөдлөлийн дараа сайжралын байдалд удаан хугацаагаар байх эсвэл нэг туйлт хэлбэрээр дахих эсвэл анхны хөдлөл нь хөнгөн ялангуяа эмнэлзүйн бүдэг илрэлтэй эхэлсэн тохиолдолд бие махбодын эмгэг гэж андуурагдан оношлогддог зэргээр зөв оношлогддоггүйн улмаас оношлогоо эмчилгээний хожимдолд хамгийн их хүргэдэг эмгэг бөгөөд энэхүү хожимдолтой холбоотойгоор тархалтыг нь тодорхойлоход ихээхэн бэрхшээл учирдаг эмгэг гэж тодорхойлж байна. АНУ болон Европын орнуудад сүүлийн үед хийгдсэн судалгааны дүнгээс харвал   хоёр туйлт эмгэгийг аль болох эрт оновчтой оношлох асуудал нь эрдэмтдийн анхаарлыг илүү татаж байна. 2013 онд Иран улсад хийгдсэн судалгаанаас харахад нийт хожимдол нь 4 хоногоос 30 жил байсан бөгөөд өвчин эхэлсэн нас залуу байх тусмаа хожимдлыг үүсгэж байна гэсэн мэдээлэл нь бидний судалгаанаас ялгаатай байна. Бидний судалгаагаар өвчин эхлэх нас ахих тусам хожимдолд хүргэх хандлагатай байгаа юм. Энэхүү үзэгдэл нь манай иргэдийн дундах сэтгэцийн эрүүл мэндийн талаарх буруу ойлголтууд болон сэтгэцийн мэндийн боловсрол хангалтгүй байгаатай холбоотой байж болох юм гэж үзлээ. АНУ-ын сүүлийн үеийн судалгаанаас харахад өвчин анх эхэлсэнээс хойш эмчилгээнд хамрагдах хүртэл 2.2 жилийн хожимдолтой гэсэн дүн нь бидний судалгааны (нийт хожимдлын дундаж 2.6±0.3 жил) дүнтэй ойролцоо байна.
Манай судалгаанд хамрагдагсдын өвчин нь 3 ба 5, 7 дугаар саруудад хамгийн их, 8 ба 6 дугаар саруудад цөөн хувь нь анх эхэлсэн ялгаатай байдал ажиглагдсан хэдий ч статистик ач холбогдолгүй байв. Харин энэхүү ялгаатай үзэгдлийг өвчин анх эхэлсэн хамшинжтэй нь харьцуулж судлахад сэтгэл хөөрөх болон гутрах хамшинжийн аль алинд нь 3 ба 7 дугаар саруудад хамгийн их эхэлсэн байсан бол сэтгэл хөөрөх хамшинжийн үед 1 ба 8 саруудад уг эмгэг эхэлсэн тохиолдол байгаагүй боловч 2 сараас огцом эхэлж 3 сард (n=8, 22.9%) хамгийн их сэдэрч эхэлсэн ялгаатай үзүүлэлт ажиглагдсан хэдий ч χ2 тестээр статистик ач холбогдлыг шалгахад (P утга 0.653) хамааралгүй байлаа.  Хэвлэлийн тоймоос үзвэл сэтгэл цочирдлын хоёр туйлт эмгэгтэй хүмүүсийн ⅔ нь улирлаас хамааран шинж тэмдгүүд илэрдэг бөгөөд ихэвчлэн хавар, намрын улиралд сэтгэл гутрал илэрдэг. Дээрхи мэдээлэлтэй өөрийн судалгааны дүнг харьцуулахад бидний судалгааны дүн ойролцоо гарсан. Хэдий тийм ч судалгаанд хамрагдагсдын өвчин нь 3 ба 5, 7 дугаар саруудад буюу хаврын саруудад хамгийн их эхэлсэн боловч зуны сард багагүй илэрч байгаа нь нарны идэвхжилтэй холбоотой байж болох  юм. Сэтгэцийн эмнэлэгт хэвтсэн дундаж тоо нь 7.4±0.5 байсан бол дундаж ор хоног нь 211.8±21.8 байлаа. Харин Оксфордын их сургуулийн 2010 онд хийсэн судалгаанд эмнэлэгт хэвтсэн дундаж тоо нь 2.65±4.5, Испанид 2008 онд хийгдсэн судалгаанд эмнэлэгт хэвсэн дундаж тоо нь амиа егүүтгэх оролдлого хийгээгүй бүлэгт 1.6±2.2 бол амиа егүүтгэх оролдлого хийсэн өвчтөнүүдийн бүлэгт  2.5±2.7 удаа байгаа нь бидний судалгааны дүнгээс нилээд бага байлаа. Энэ нь өвчтөнүүд эмчилгээний дэглэм барьдаггүйтэй холбоотой байж болох юм гэж үзлээ.
ДҮГНЭЛТ
1. Хоёр туйлт эмгэгийн эмнэлзүйн хэлбэрүүдээс солиорлын шинж тэмдэгтэй гүнзгий сэтгэл гутрал бүхий (F31.5) хоёр туйлт эмгэг, холимог шинж тэмдэг бүхий (F31.6) хоёр туйлт эмгэгтэй өвчтөн бусад хэлбэрүүдээсээ илүү эмнэлгийн тусламж авахаар хандаж байна.
2. Манай улсын хувьд хоёр туйлт эмгэгтэй өвчтөнүүдийн эмнэлэгт хэвтсэн дундаж тоо, дундаж ор хоног нь бусад улс орнуудтай харьцуулахад өндөр байгаа нь өвчтөнүүд болон ар гэрийнхний хоёр туйлт эмгэгийн талаарх мэдлэг хомс, эмчийн зөвлөсөн эмийг гэрээр уухгүй эмчилгээний дэглэм барьдаггүй зэрэгтэй холбоотой байж болох талтай байна.
3. Оношлогоо эмчилгээний хожимдол их байгаа нь нэгдүгээрт иргэдийн сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол хангалтгүй, хувь хүний шашинд итгэх итгэл үнэмшил өндөр байгаатай холбоотой байж болох юм. Нөгөө талаас сэтгэцийн мэргэжлийн эмчээс бусад эмч, эмнэлгийн ажилчдын сэтгэл хөдлөлийн хоёр туйлт эмгэгийн талаарх мэдлэг хомс байгааг харууллаа.
 

 

Ном зүй

1. Sadock, Benjamin James; Sadock, Virginia Alcott, Kaplan & Sadock’s Synopsis of Psychiatry: Behavioral Sciences/Clinical Psychiatry, 10th Edition, Copyright, 2007, Lippincott Williams & Wilkins, p.527-562
2. Попов Ю.В ВВД. Современная клиническая психиатрия. М, с.110-14 1997
3. Бямбасүрэн.С. Үечилсэн солио. Сэтгэцийн эмгэг судлал. Улаанбаатар 2007. х.553-559.
4. World, Health, Organization. The world health report mental health, new understanding, new hope,1211 Geneva 27, Switzerland 2001
5. The ICD-10 Classification of Mental and Behavioural Disorders, Clinical descriptions and diagnostic guidelines, World Health Organization
6. Igor Oyffe, Rachel Shwizer, Tali Stolovy The association between diagnosis, treatment delay and outcome among patients with bipolar disorders. Published online. DOI 10.1007/s11126-014-9316-4, 05 september 2014
7. Siegfried Kasper, Rodert M.A. Hirschfeld. Handbook of Bipolar disorder diagnosis and Therapeutic approaches, United States of America, 2005. P.11-17
8. Elaine.M, Bolanda, Lauren.B, Alloya. Sleep disturbance and cognitive deficits in bipolar disorder: Toward an integrated examination of disorder maintenance and functional impairment. Clin Psychol Rev. 2013 February ; 33(1): 33–44. doi:10.1016/j. cpr.2012.10.001.
9. Andrea, Schmitt, Berend, Malchow, Alkomiet, Hasan, Peter, Falkai. The impact of environmental factors in severe psychiatric disorders. Frontiers in Neuroscience, 11 February 2014 | doi: 10.3389/fnins.2014.00019.
10. WPA. Educational programme on depressive disorders. The World Psychiatric Association. 2008;Volume I Fundamentals:p.85-211, 228-233,236-245
11. Монгол улсын сэтгэцийн эрүүл мэндийн тогтолцоог. ДЭМБ-СЭМТҮА-аар үнэлсэн тухай тайлан. Улаанбаатар 2006:х.12-13 12. World, Health, Organization. World health statistics. 2008 13. Seyedeh S.H, Mehri R,Gholam R.K,Roqaeh A. Predictive factors of delay in contact with a psychiatrist in depressive: A sample of Iranian patients. Int J Prev Med. Mar 2014; 5(3): p.360-364.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3270
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК