Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Инноваци - Шинэ Санаа, Шинэ Нээлт, 2015, 16(9-1)
СЭТГЭЛ ГУТРАХ ЭМГЭГТЭЙ ХҮМҮҮСИЙН АМНЫ ХӨНДИЙН ЭРҮҮЛ АХУЙН БАЙДЛЫГ ҮНЭЛСЭН НЬ
( Судалгааны өгүүлэл )
 
ҮНДЭСЛЭЛ
ДЭМБ-ын мэдээлснээр номхон далайн баруун эргийн бүсийн хөгжингүй орнуудад сэтгэц, зан үйлийн эмгэг нийт хүн амын 27%-д, хөгжиж буй орнуудад 15% оношлогддог. Үүнээс сэтгэл гутрах эмгэг эрүүл мэндийн анхан шатны тусламжийн хүрээнд 10.4% тархалттай байна.
Сэтгэцийн эмгэгийн онцлогтой холбоотой өвчтөнүүд бие даан ажиллаж амьдрах, өөрийгөө арчлах чадвар сул, амны хөндийн эрүүл ахуйг үл тоох, тамхи их татах зэргээс шалтгаалан амны хөндийн эрүүл ахуй харьцангуй муу байдаг.
Сэтгэл гутрах эмгэгийн үед шүдээ хавирах, серотонин багассанаар нүүрс-ус ихсэх, амтлах мэдрэхүй алдагддаг учраас чихэрлэг зүйл их хэрэглэх, шүлсний ялгаралт багасах, лактобациллын тоо ихэссэнээр шүд цоорох, чамархай эрүүний гурвалсан мэдрэлийн өвдөлт, амны мөөгөнцөрт халдвар, амны эвгүй үнэр, хэл ам түлэгдэж буй мэдрэмж, архаг явцтай нүүрний өвчингүүд илэрдэг ба сэтгэл гутралын эсрэг эмүүдийг 6 сараас доошгүй хугацаанд хэрэглэснээс эмийн шалтгаант амны хөндийн өвчлөлүүд ч үүсч болдог.
Мөн эдгээр хүмүүсийн амны хөндийгөө хэрхэн арчлах талаар мэдлэг мэдээлэл, чадвар дутмагбайхын зэрэгцээ эдгээр хүмүүс рүү хандах мэргэжлийн эрүүл ахуйч өнөөгийн байдлаар манай улсад бэлтгэгдээгүй байна. 
ЗОРИЛГО
Сэтгэл гутрах эмгэгтэй хүмүүсийн амны хөндийн эрүүл ахуйн байдлыг судлан тогтооход оршино. 
ЗОРИЛТ
1. Сэтгэл гутрах эмгэгтэй хүмүүст амны хөндийн үзлэг хийж, шүдний өвчлөлийг тодорхойлох
2. Амны хөндийн эрүүл ахуйн дэглэмийг хэрхэн сахиж байгааг судлан тогтоох
АРГА АРГАЧЛАЛ
Уг судалгааг аналитик судалгааны агшингийн загварыг ашиглан явуулсан. Судалгаанд 2014 оны 9 сарын 22-ноос 26 хүртэл хугацаанд СЭМҮТ-ийн 5 тасагт хэвтэн эмчлүүлж буй 55 хүнийг хамруулсан. Эдгээр хүмүүсийн өвчний түүхийг судлан үзэхэд 16 хүн сэтгэл гутрах эмгэг гэсэн оноштойгоос 13 өвчтөн урьдчилан сэргийлэх үзлэгт сайн дураараа оролцохыг зөвшөөрч, 2 өвчтөн чөлөөгөөр гарсан, 1 өвчтөн судалга
анд оролцохоос татгалзсан. Судалгааны мэдээ материалыг цуглуулахдаа асуумжийн арга, ярилцлагын арга, амны хөндийд эмнэлзүйн урьдчилсан сэргийлэх үзлэгийг тус тус хийсэн.
ҮР ДҮН
Судалгаанд нийт 13 өвчтөн хамрагдсанаас насны хувьд 30-60 насны, хүйсийн хувьд 11 эмэгтэй, 2 эрэгтэй байв.
Эдгээр оролцогчдын 9 өвчтөн давтан, 4 нь анхны хэвтэлт байсан ба шүдний өвчлөлийн эзлэх хувийг хүснэгт 1-р харууллаа
Хүснэгт 1-ээс харахад сэтгэл гутрах эмгэгийн улмаас эмнэлэгт давтан эмчлүүлж байгаа өвчтөнүүдэд анхан хэвтэлтийн өвчтөнүүдийг бодвол шүдний цоорол 8, хэлний өнгөр 3, шүд хавирах 2, буйлны үрэвсэл 3, ам хуурайших 2, гурвалсан мэдрэлийн өвдөлт тус бүр 5 дахин их байгаа нь (p<0.001) статистик ач холбогдол бүхий байлаа. Эдгээр хүмүүсийн эмчилгээнд голчлон амитриптилин, левомепромазин, хлорпромазиныг хавсарсан байдлаар хэрэглэж байна. Шүд угаах хандлагыг судлан үзэхэд өдөрт 1 удаа-39%, 2 удаа-13%, угаадаггүй-48% хариулсан байна.
ХЭЛЦЭМЖ
Сэтгэл гутрах эмгэгийн үед сэтгэл хөдлөл, үг яриа, үйлдэл хөдөлгөөн удааширдаг учраас өвчтөнүүдийн амны хөндийн эрүүл ахуйг сахих идэвхи сонирхол буурсан байдаг. Өвчний онцлогтой холбоотой бидний судалгаанд хамрагдагсдын 48% нь шүдээ огт угаадаггүй байв. Мөн сэтгэл гутрах эмгэгтэй өвчтөнүүдэд чамархай эрүүний гурвалсан мэдрэлийн өвдөлт их түгээмэл тохиолддог учраас шүдний эмнэлэгт очих шалтгаан нь болж байна. Ингэхдээ энэ өвдөлтөө сэтгэцийн өвчин гэж мэдэхгүй, зөвхөн шүдний эмгэг гэж бодон улам их сэтгэлээр унадаг. Судлаач Korszun. A судалгаагаар гурвалсан мэдрэлийн өвдөлт нийт өвчтөний 41- 78% тохиолддог ба эрүү чамархайн өвдөлт архагших хандлагатай байдгийг тэмдэглэсэн бол бидний судалгаагаар гурвалсан мэдрэлийн өвдөлт 46.2% байлаа.
Бидний судалгаанд хамрагдсан өвчтөнүүдийн 69.2% нь шүдний цооролтой байсан нь бусад судлаачдынхтай ойролцоо байв. Шүд цоорохын эмгэг жамын үндэс нь сэтгэл гутрах эмгэгтэй хүмүүст серотонины эргэн шимэгдэлт буурснаар нүүрс-усыг ихээр хэрэглэх хандлагатай болдог. Энэ нь acidduric нян үржих таатай нөхцлийг бүрдүүлж, шүд цоордог байна.
Шүлсний булчирхайн шүүрэл нь өөр өөр нейротрансмитрүүдтэй холбогдсон байдаг ба сэтгэл гутралын эсрэг эм нь шүлсний ялгаралтыг багасгадаг. Ингэснээр амны мөөгөнцөрт халдвар, тойрон эдийн үрэвсэл, ам хуурайших, цангах, амны эвгүй үнэр байнга үнэртэх, шөнөөр өвдөлт өгч, эдгээр байдал нь сэтгэл гутралыг улам гүнзгийрүүлдэг талаар олон судалгаа харуулж байна.
ДҮГНЭЛТ
1. Бидний судалгаанд хамрагдсан сэтгэл гутрах эмгэгтэй ихэнхи өвчтөнүүдийн шүд цоорсон, буйлны үрэвсэл, хэл хагарах эмгэг түгээмэл байгаа нь амны хөндийн эрүүл ахуйд анхаарах идэвхи сонирхол өвчний шинжтэй холбоотой буурсан, эмийн гаж нөлөөнөөс болж шүлсний ялгарал багассантай шууд холбоотой байна.
2. Сэтгэл гутрах эмгэгтэй хүмүүст амны хөндийн эрүүл ахуйг сахих дадал муу байна.
Ном зүй

1. Korszun A, Ship JA. Diagnosing depression in patients with chronic facial pain. J Am Dent Assoc 1997 Dec;128(12):1680-6.
2. Fishbain DA, Cutler R, Rosomoff HL, Rosomoff RS. Chronic pain- associated depression: antecedent or consequence of chronic pain? A Review. Clin J Pain 1997 Jun;13(2):116-37.
3. Elter JR, White BA, Gaynes BN, Bader JD. Relationship of clinical depression to periodontal treatment outcome. J Periodontol 2002 Apr; 73 (4):441-9
4. Anttila SS, Knuuttila ML, Sakki T. Depressive symptoms favor abundant growth of salivary lactobacilli. Psychosom Med 1999 JulAug; 61(4):508-12.
5 .Friedlander AH, Mahler ME. Major depressive disorder. Psycho-pathology, medical management and dental implications. J Am Dent Assoc 2001 May;132(5):629-38.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1195
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК