Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Инноваци - Шинэ Санаа, Шинэ Нээлт, 2015, 17(9-2)
ЯРИАНЫ АНГЛИ ХЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ АРГЫН ТАЛААРХ СУДАЛГАА
( Судалгааны өгүүлэл )
 
ҮНДЭСЛЭЛ
Орчин үед англи хэлээр алдаагүй, цэвэр ярьж сурах нь хүн бүрийн хэрэгцээ болж байна. Ялангуяа англи хэлийг төгс эзэмшиж сурахад анхаарах цаг болжээ. Англи хэлээр чөлөөтэй ярьж сурахын тулд үгийн зөв дуудлага, үгсийн сангийн мэдлэг, дүрмийн зөв хэрэглээг хөгжүүлэх нь чухал юм. Англи хэлээр ярих үед хэт их бодох, үгийн баялаг муу байх, дүрмийн алдаа гаргахаас айх зэргээс болж оюутан сэтгэл санааны дарамтанд ордог байна. Англи хэлийг сурах хамгийн сайн арга бол хэлний шаардлага хэрэгцээгээ ухамсарлаж, мэдлэгээ байнга дээшлүүлж хөгжүүлэх явдал юм. Ингэж чадвал тухайн оюутны ярианы чадвар сайжирна. 
 
Англи хэлээр чөлөөтэй ярьж сурах 1-р үе шат буюу ярихын өмнөх үед оюутнуудад мэдлэгийг нь дээшлүүлэх болон хэл сурахыг нь дэмжихийн тулд  төлөвлөх үе шат (pre-task planning), дэмжих үе шат  (prespeaking support), итгэлтэй байдал (authentic input) зэргийг оюутнуудад ойлгуулах хэрэгтэй. Төлөвлөх үе шат гэдэг нь  чөлөөтэй яриулахын тулд юу ярих вэ?, яаж ярих вэ? гэдгээ төлөвлөх хангалттай цаг өгөхийг хэлнэ. Энэ үе шатны 2-р зүйл болох дэмжих хэсэгт ярих гэж буй оюутны сэтгэл зовнисон байдлыг нь ойлгож дэмжих шаардлагатай. Итгэлтэй байдлыг төрүүлэхийн тулд үгсийн сан, нэмэлт болон үндсэн мэдээллүүдийг ярианы явцад оюутанд олж авах боломжийг олгож, дэмжигч анги хамт олны орчинг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай. 
Англи хэлээр чөлөөтэй ярьж сурах 2-р үе шат болох while speaking буюу ярьж байх үед чөлөөтэй, зөв ярих арга барил эзэмших, шууд буюу автоматаар ярьж сурах нь хамгийн чухал юм. Ярьж байх явцдаа оюутан мэдээлэл боловсруулж, санаа бодлоо зөв илэрхийлж сурах хэрэгтэй бөгөөд  олон талын мэдлэг, нийгэмших үйл явц нь оюутны тухайн сэдвээр ярихад чухал юм. Иймээс энэ үе шатыг оюутан сайн эзэмших нь англи хэлээр чөлөөтэй ярих, өөрийн санаа бодлоо зөв илэрхийлэхэд сургадаг сайн талтай. 
 
Англи хэлээр чөлөөтэй ярьж сурах 3-р үе шат буюу уншсаны дараах үед ярианы англи хэлээ хөгжүүлэхэд сэдвийн утга учрыг ойлгох, ярьж сурах зөв бүтцийг өөрийн болгох зэрэг салшгүй хэсгүүд багтана. Оюутан ярьсан зүйлийнхээ утга учрыг сайн ойлгож, ажиглах, харьцуулах, зэрэгцүүлэх, ялгах, нэгтгэн дүгнэх гэх мэт аргуудыг өөрийн болгосноор тухайн оюутны ярианы чадвар аажим аажмаар сайжирч байдаг. Мөн оюутан дүрмийн мэдлэг, үгийн дуудлага, үгсийн сангийн мэдлэгтээ өөрөө анхааран дүн шинжилгээ хийж чадсанаар ярианы чадварт нь ахиц гарч, өөрт нь мэдрэгдэж байдаг.  Англи хэлээр чөлөөтэй ярьж сурах 4-р үе шат буюу дадлагын үе нь англи хэлээр чөлөөтэй, зөв ярьж сурах хамгийн чухал үе юм. 
Дадлага гэдэг нь давталт бөгөөд нэг ижил сэдвээр өөр өөр хүнтэй ярих, өөр өөр хүмүүсээс нэг ижил асуултыг асуух, бусадтай харилцах гэх мэт нэг зүйлийг олон давтаж ярьсанаар оюутны чөлөөтэй, зөв ярьж сурах чадвар хамгийн их хөгждөг байна.
ШИНЭЛЭГ ТАЛ
Англи хэлний сурах аргын талаарх судалгааг олон эрдэмтэн судлаачид олон талаас нь судалж хийсэн байх ба ярианы англи хэлний талаарх судалгааг түлхүү хийсэн байдаг. Харин бидний судалгааны ажлын шинэлэг тал нь ярихын өмнөх үеийн (pre-reading), ярьж байх үеийн (while reading), ярьсаны дараах үеийн (post-reading), дадлагын (extension practice) аргаар хичээлийг явуулж судалгааг хийснээрээ онцлог юм.
ЗОРИЛГО
Энэхүү судалгааны ажлаар англи хэлээр чөлөөтэй, зөв ярьж сурахад тулгарч байгаа бэрхшээлийг танин мэдэхүйн, хэл шинжлэлийн, нөлөөлөх хүчин зүйлс зэргээр тодорхойлохыг зорилоо.
АРГА, АРГАЧЛАЛ
Уг судалгаанд 8 асуулт бүхий англи хэлээр ярихад тулгардаг бэрхшээлийн талаарх асуумжийг АШУҮИСийн НЭМ, ЭМНА-ны 2-р курсын 30 оюутнаас хичээлийн өмнө болон хичээлийн дараа авч үр дүнг нэгтгэн дүгнэх болон  харьцуулалтын аргаар боловсруулсан. Бид оюутнуудад ярианы англи хэлний  4 үе шат болох ярихын өмнөх үеийн (pre-reading), ярьж байх үеийн (while reading), ярьсаны дараах үеийн (post-reading), дадлагын (extension practice) аргыг ашиглан хичээлийг заасан. Эдгээр аргуудаар “Essential English For Public Health Students” номын Unit 10 “How to take the case” (хуу-49), Unit 11 “Physicians and medical specialties” (хуу-52)  сэдэвт хичээлийг заасан.
ҮР ДҮН
Оюутнуудад 2 долоо хоногт дээрх 2 хичээлийг 4 цагт ярихын өмнөх үеийн (pre-reading), ярьж байх үеийн (while reading), ярьсаны дараах үеийн (post-reading), дадлагын (extension practice) үеийн гэсэн 4 аргаар заасан. Хичээлийн өмнө болон дараа нь 8 асуулт бүхий асуумжийг 2 удаа авсан. Хичээл заахаас өмнө авсан асуумжаар гарсан үр дүнг хүснэгт 1-т харуулж, хичээл заасны дараах асуумжаар гарсан үр дүнг хүснэгт 2-т харууллаа. 
 
Хүснэгт 1-ээс харахад оюутнууд англи хэлээр ярихад “дандаа” тохиолддог бэрхшээлүүд 28%-64% байгаа бол “хааяа” тохиолддог бэрхшээлүүд нь 4%-23% байна
 
Хүснэгт 2-оос харахад оюутнууд англи хэлээр ярихад “дандаа” тохиолддог бэрхшээлүүд 21%-42% байгаа бол “хааяа” тохиолддог бэрхшээлүүд нь 20%-29% болсон байна.
 
ХЭЛЦЭМЖ
Сүүлийн жилүүдэд ярианы англи хэлний ярихын өмнөх үеийн (pre-reading), ярьж байх үеийн (while reading), ярьсаны дараах үеийн (post-reading), дадлагын (extension practice) аргыг олон улсад өргөнөөр хэрэглэх болжээ. Бидний судалгаанд танин мэдэхүйн, хэл шинжлэлийн, нөлөөлөх хүчин зүйлс зэргийг багтаасан дээрх 4 аргыг хэрэглэснээр англи хэлээр чөлөөтэй, зөв ярьж сурахад дөхөм болж байгаа нь харагдаж байна.
ДҮГНЭЛТ
Бидний судалгаагаар англи хэлээр ярих бэрхшээлийг даван туулж, ярих арга барил эзэмшин ярианы чадвараа хөгжүүлэх боломж байгааг тухайн оюутан ойлгох нь чухал гэдэг нь харагдаж байна. Мөн ярихаасаа өмнө сандарсан байдлаа арилгах нь англи хэлний мэдлэг, үгсийн сангийн мэдлэгээ бүрэн ашиглаж чөлөөтэй ярихад нэлээн дөхөм болдог. Ингэснээр ярьж байх үедээ утга санаагаа илэрхийлэхэд анхаарлаа хандуулж чөлөөтэй, зөв ярих цаг хугацаа болон орон зайг мэдэрч сурдаг. Англи хэлээр ярьсаны дараа хэлний зөв хэрэглээг анзаарч байх хэрэгтэй. Эцэст нь англи хэлээр чөлөөтэй, зөв ярьж сурахад давталт хамгийн чухал юм гэдэг нь бидний судалгаагаар мөн батлагдлаа.
 
 
Ном зүй

1. Tuya.T (2014) Essentail English for Public Health Students, (pp. 49-55), Erkhes publishing
2. Arevart, S,& Nation,P.(1991) Fluency improvent in a Second language. RELC Journal, 22 (1),(pp. 84-94)
3. Brown,H.D (2007). Principlas of lnguage learning and teaching. White Plains,NY,Pearson Longman 4. Goh,C.C.M. (2007). Teaching speaking in the language classroom. Singapore: SEAMEO Regional Language Center
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2916
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК