Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Инноваци - Шинэ Санаа, Шинэ Нээлт, 2015, 17(9-2)
АЖЛЫН БАЙРАН ДАХ АСБЕСТИЙН ӨРТӨЛТ
( Судалгааны өгүүлэл )
 
ҮНДЭСЛЭЛ
Асбестийг дулааны цахилгаан станцид уур, дулаан дамжуулах хоолойн дулаалга, нүүрс шатаах зууханд галд тэсвэртэй материал, автомашинд хөдөлгөөн дамжуулах диск, тоормозны жийргэвч, илчит тэрэгний хөдөлгүүрт дулаан тусгаарлагчаар хэрэглэдэг. Мөн асбестийг барилгын материалын үйлдвэрлэхэд ашигладаг1. Гэвч асбест нь хүнд хавдар үүсгэдэг нь нотлогдсон хортой бодис юм9. 1900 оноос эхлэн эмч нар асбестад өртдөг ажилчдын дунд уушгины хавдар, асбестоз, мезотелиомын өвчлөлийг оношлох болсон. Улмаар эдгээр өвчин нь асбестийн шалтгаант болохыг  судалгаагаар баталжээ3-9. 
 
МУ-д асбестийг дулааны цахилгаан станц, дулаан түгээх шугам хоолой, барилга, илчит тэрэг, химийн шинжилгээний лабораторит дулаан тусгаарлагч материалаар хэрэглэдэг10. Л.Ж.Багиа нар асбест агуулсан барилгын материалын үйлдвэрийн ажилчид асбестад өртдөгийг судалгаагаар тогтоожээ11. Мөн В.Пранпрасит нар асбест агуулсан дээврийн хавтан зүсдэг ажилчид 0.13-12.41 ш/см3 өтгөрүүлэгтэй асбестат өртдөгийг тогтоосон14. Энэ нь асбест хэрэглэдэг ажлын байранд ажиллагсад нь асбесттай холбоотой өвчнөөр (АХӨ) өвдөх эрсдэлтэйг илтгэж байна. Манай оронд ажлын байранд асбестийн өртөлтийг үнэлсэн судалгаа хийгдээгүй байна. Энэхүү судалгаа нь асбест хэрэглэдэг ажлын байрнууд дах өртөлийг тодорхойлсон бөгөөд ажилчдыг АХӨ-өөс хамгаалах бодлого боловсруулах, интервенц хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
АРГА, АРГАЧЛАЛ
Судалгаанд асбест хэрэглэдэг ДЦС (n=4), химийн шинжилгээний лаборатори (n=1), барилгын материалын  зах (n=1), барилгын засварын ажлын байр (n=1), илчит тэрэгний засварын газраас (n=1) нийт 85 агаарын сорьц цуглуулав. Судалгаанд сонгосон ажлын байрнаас хувь хүний болон талбайн сорьц цуглуулж, NIOSH 7400, 7402 стандарт аргаар шинжлүүлэв15-16. Сорьц цуглуулахад цахилгаан цэнэг хуримтлуулдаггүй юүдэнд угсарсан 0.8 мкм нүхтэй, 25 мм диаметртэй холимог целлюлоз эдэн хальсан шүүлтүүр, агаарын сорьц цуглуулах SKC Air Check 224X шахуурга, агаарын урсгалын хурд хэмжигч Defender 510 BIOS багажийг хэрэглэв. Шахуургыг 2.5 л/мин хурдаар ажиллуулж дунджаар 42 минут соруулж, 113.5 л эзлэхүүнтэй агаараас сорьц цуглуулав. Нийт сорьцны 10%-тай тэнцэх тооны (n=9) чанарын хяналтын сорьцыг шинжилгээнд илгээв. 
Агаарын сорьцыг АНУ-ын Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний лабораторит (Forensic Analytical Laboratory, Hayward, CA, USA) илгээж Үе шатаар ялгах микроскоп (ҮШЯМ), Нэвт дамжуулах электроноор 
(НДЭМ) шинжлүүлэв. Агаарын бүх сорьцонд (n=85) ҮШЯМ-ын шинжилгээ хийж нийт ширхэглэгийн өтгөрүүлгийг тодорхойлов. Эдгээрээс хамгийн их ширхэглэгийн өтгөрүүлэгтэй 18 сорьцыг сонгож, НДЭМын шинжилгээг хийж сорьцон дах нийт ширхэглэг, түүнд эзлэх асбестийн хувь, төрлийг тодорхойлов. ҮЯШМ, НДЭМ-ийн шинжилгээний үр дүнг ашиглаж нийт сорьцны ҮШЯМ эквивалент (ҮШЯМЭ) өтгөрүүлгийг тооцож, ажлын байран дах асбестийн өртөлтийг үнэлэв.
ҮР ДҮН
Агаарын сорьцонд (n=85) хийсэн ҮШЯМ-ын шинжилгээгээр ажлын байрны агаар дах ширхэглэгийн дундаж өтгөрүүлэг 0.75 ш/см3 (CI95% 0.59; 0.91) байлаа. НДЭМ-оор шинжилсэн бүх сорьцонд (n=18) асбест илэрсэн ба нийт ширхэглэгийн дундаж өтгөрүүлэг нь 0.83 см/ш3 (CI95% 0.49; 1.16), асбестийн ширхэглэгийн дундаж өтгөрүүлэг  нь 0.78 ш/см3 (CI 95% 0.44; 1.11) байв. НДЭМ-оор шинжилсэн сорьцнуудын асбестийн ширхэглэгийн дундаж агууламж 83% (CI95% 74; 97) байлаа (Хүснэгт 1).  
 
Нийт агаарын сорьцнуудын дундаж ҮШЯМЭ өтгөрүүлэг 0.72 /см3 байсан нь 8 цагт жинлэсэн дундаж өртөлтийн зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс (ЗДХ=0.1ш/см3)7.2 дахин их байв (p=0.000). Судалгаанд хамрагдсан үйлдвэр, байгууллагуудаас ДЦС-уудын дулаалга засварын ажлын байранд асбестийн өртөлт хамгийн өндөр (CI95% 0.78; 1.13 ш/см3) байсан нь ЗДХ-ээс дундажаар 9.6 дахин их байв (p=0.000). Түүнчлэн Илчит тэрэгний засварын газрын (ИТЗГ) хөдөлгүүрийн засварын ажлын байранд асбестийн өртөлтийн дундаж түвшин (CI95% 0.14; 0.61 ш/см3) ЗДХ-ээс 3.8 дахин их байлаа (p=0.035). Барилгын засвар, барилгын материалын зах, аналитик лабораторийн ажлын байрны агаарт  асбестийн ширхэглэг илэрсэн боловч өртөлтийн түвшин нь ЗДХ-ээс хэтрээгүй байв (p<0.05).
ХЭЛЦЭМЖ
2014 оны байдлаар дэлхийн 55 орон асбестийн хэрэглээг хуулиар хориглосон боловч Монгол улсад асбестийг хэрэглэсээр байна2,11. Монгол улстай эдийн засгийн хөгжлөөр төстэй бага дунд орлоготой орнуудад асбестийг хэрэглэдэг боловч ажлын байранд асбестийн өртөлтийг бууруулах ажлыг хангалттай хэрэгжүүлдэггүй. Тайланд улсад хийсэн судалгаагаар барилгын материалын үйлдвэр дэх асбестийн өртөлт 0.59 ш/см3 хэмжигдсэн олон улсын стандартаас 5.9 дахин их байжээ11. Түүнчлэн 2010 онд Энэтхэг улсад хийсэн судалгаагаар дулаан тусгаарлагч материалын үйлдвэрт асбестийн өртөлтийн түвшин (0.11 ш/см3) байсан нь ЗДХ-ээс хэтэрсэн байв12.
 
МУ-д асбест хэрэглэдэг ажлын байранд ажиллагсадаас ИТЗГ, ДЦС-ын дулаалга засварын ажилчид ЗДХ-ээс 3.8-9.6 дахин их асбестийн нөлөөлөлд өртөж байна. Өөрөөр хэлбэл эдгээр ажлын байранд ажиллагсад АХӨ
 
 өөр өвдөх өндөр эрсдэлтэй байна. АНУ-ын Хүрээлэн орчныг хамгаалах агентлаг 0.5 ш/см3 өтгөрүүлэгтэй асбестат өртсөн ажилчдаас 45 жилийн дараа 100,000 тутамд 3328 хүн мезотелиома, уушги, ходоод гэдэсний хавдрын өвчлөх эрсдэлтэйг судалгаагаар тооцжээ13. Тиймээс МУ-д асбестад өртдөг ажилчдын эрүүл мэндийг хамгаалах, АХӨ-өөс сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, АХӨ-ний тандалт, хяналтын тогтолцоог бий болгох эрх зүйн зохицуулалтыг сайжруулах зайлшгүй хэрэгцээтэй байна.
ДҮГНЭЛТ
Энэхүү судалгаа нь МУ дах ДЦС, ИТЗГ-ын дулаалга, засварын ажилчид олон улсын хөдөлмөрийн эрүүл ахуйн ЗДХ16-ээс хэтэрсэн асбестийн нөлөөлөлд өртөж буйг тогтоов. Тиймээс МУ-ын Засгийн газар асбестийн нөлөөлөлд өртдөг ажилчдын эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн хөдөлмөрийн эрүүл ахуйн стандарт, эрх зүйн зохицуулалтыг нэн даруй бий болгох зайлшгүй шаардлагатай байна. Улмаар асбестийн хэрэглээнээс татгалзах замаар хүн амыг  АХӨ-өөс хамгаалах дэлхийн нийтийн хандлагыг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй. Ажил олгогчид ажлын байранд асбестийн өртөлтийг бууруулах олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн техник технологи, удирдлага зохион байгуулалт, хөдөлмөрийн эрүүл ахуйн үйл ажиллагааг нэн даруй хэрэгжүүлж эхлэх шаардлагатай байна.
 
 
Ном зүй

1. US ATSDR [internet]. Agency for Toxic Substances and Disease Registry, Profile for asbestos. 2015. [cited 2015 January 13]. Available from: http://www.atsdr.cdc.gov/toxprofiles/ tp.asp?id=30&tid=4.
2. IBAS [internet]. Interantional Ban Asbestos Secretariat, Current Asbestos Bans and Restrictions. 2015. [cited 2015 January 13]. Available from: http://ibasecretariat.org/alpha_ban_list.php.
3. Ascoli V, Romeo E, Carnovale Scalzo C et al. Familial malignant mesothelioma: A Population-based study in Central Italy (1980-2012). Cancer Epidemiol. 2014. 38(3):273-278.
4. Luo S, Liu X, Mu S et al. Asbestos related diseases from environmental exposure to crocidolite in Da-yao, China. I. Review of exposureand epidemiological data. Occup Environ Med. 2003. 60(1):35-42.
5. Morinaga K, Kishimoto T, Sakatani M et al. Asbestos-Related Lung Cancer and Mesothelioma in Japan. Ind Health. 2001. 39(2):65-74.
6. Stayner L, Welch LS, Lemen R. The Worldwide Pandemic of Asbestos-Related Diseases. Annu Rev Public Health. 2013.34:205-216.
7. W.E.Cooke. Fibrosis of the Lung due to the Inhalation of Asbestos Dust. BMJ. 1924; 2:147
8. Ronald F. Dodson, Samuel P. Hammer. Asbestos: Risk Assessment, Epidmiology and Health Effect. In. New York: 2011.
9. International Agency on Research for Cancer, Monographs: Metals, Fibers and Dust, Volume C. Lyon, France: 2012.
10. ДЭМБ, Монгол улсын асбестийн хэрэглээний судалгаа, Улаанбаатарт, 2010 он
11. L.J.Bhagua, J.B.Vyas, M.I.Shaikh et al. Chrysostile Asbestos Exposure in Manufacturing of Thermal Insulationg Boards. Environ Monit Assess. 2010.(167):559-564.
12. Phanprasit W, Surjjrarat D, Chaikittiporn C. Health risk among asbestos cement sheet manufacturing workers in Thailand. J Med Assoc Thai. 2009. 92(7):115-120.
13. USEPA. Airborne asbestos health assessment update, Report No.: EPA/600/8-84/003; 1986.
14. USNIOSH [Internet]. Manual of Analytical Method 7400, Asbestos and other fibers by PCM, Revision 2. 1996 [cited 2014 April 14]. Available from: http://www.cdc.gov/niosh/ docs/2003-154/pdfs/7400.pdf .
15. USNIOSH [Internet]. Manual of Analytical Method 7402, Asbestos by TEM, Revision 2. 1994 [cited 2014 April 14]. Available from: http://www.cdc.gov/niosh/docs/2003-154/ pdfs/7402.pdf
16. USOSHA [Internet]. Occupational Safety and Health Standard, Asbestos. 2012 [cited 2014 April 14]. Available from: https:// www.osha.gov/pls/oshaweb/owadisp.show_document?p_ table=STANDARDS&p_id=9995.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1007
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК