Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Инноваци - Шинэ Санаа, Шинэ Нээлт, 2015, 17(9-2.)
ХҮНИЙ НҮДНИЙ АЯГАНЫ МОРФОМЕТРЫН ҮЗҮҮЛЭЛТИЙГ 3 ХЭМЖЭЭСТ БАЙГУУЛАМЖААР СУДЛАХ НЬ
( Судалгааны өгүүлэл )
 
ҮНДЭСЛЭЛ 
Нүдний аяга нь тархи болон нүүрний хэсгийн яснуудаас бүтсэн, дотроо харааны нэн чухал эрхтэн болох нүдний алимыг агуулсан, 4-5 см орчим өндөртэй, ойролцоогоор 30 см3 эзлэхүүнтэй, дөрвөлжин суурьтай, цац маягийн хөндий юм.1 Нүдний олон хэмжээст бүтцийн гол хэмжигдэхүүн нь “нүдний аяганы эзлэхүүн” юм. Энэ үзүүлэлт нь үндэстэн бүрт өөр өөр байдаг байна.2  Нүдний аяганы эзлэхүүнийг тодорхойлох уламжлалт болон орчин үеийн гэгдэх цөөнгүй арга байдаг. Нүдний аяганы хөндийд ус дүүргэн судлах аргыг (water filling) эзлэхүүн тодорхойлох алтан стандарт гэж үздэг боловч зөвхөн гаргалгаа хийсэн гавлын ясан дээр л хийх боломжтой юм.3 Мөн компьютерт томографийн шинжилгээний үр дүнг хальсан дээр буулган түүнийгээ цэгэн тооцооны аргаар (point counting) нүдний аяганы эзлэхүүнийг олох аргыг туршсан зарим судлаачдын судалгааны ажлуудад тэмдэглэгдсэн байна. Гэвч цэгэн тооцооны арга нь нүдний аяганы шугаман болон муруй хэмжээсүүд, тухайлбал ханын урт, ирмэгийн периметр зэргийг тодорхойлох боломжгүй байдаг дутагдалтай талтай.4-6 Дэлхий нийт уламжлалт 2 хэмжээст хэмжилтийн аргаас сүүлийн хэдхэн жилийн дотор эрчимтэй хөгжиж буй компьютерт томографид суурилсан нүдний аяганы 3 хэмжээст бүтцийн судалгааны чиглэл рүү шилжих хандлагатай байна.7 Нүдний аяганы олон хэмжээст бүтцийг судалснаар гэмтэл, нүдний аяганы төрөлхийн дисплази, хавдар, нүүр, гавал ясны төрөлхийн гажигуудыг нарийн ялган оношлох боломжтой болдог. Нэг нүдний сохролын гол шалтгаан нь гэмтэл бөгөөд сүүлийн үед нэмэгдэх хандлагатай байна. Манай оронд нүдний гэмтэл нийт гэмтлийн дотор 6,9%, нийт нүдний өвчлөлийн 28,3%  эзэлж байжээ (Т.Булган, 1998). 8  Нүдний аягыг сэргээн засах хагалгааны (окулопластик) гол зорилго нь нүдний аягыг олон хэмжээст бүтцийн хувьд засч, тэгш хэмтэй болгох явдал юм. Хөгжингүй орнуудад компьютерт томографийн шинжилгээний 3 хэмжээст үзүүлэлт нь нүдний аяганы бүтцийн эмгэг өөрчлөлтийг оношлох, мэс заслын төлөвлөгөө боловсруулахад чухал үүрэг  гүйцэтгэн, түүний үр дүн, ахиц дэвшилд нөлөөлж ирсэн.2 Манай оронд түгээмэл хэрэглэгддэг хоёр хэмжээст дүрслэлээр энэ төрлийн мэс ажилбарыг урьдчилан төлөвлөх, нарийн хэмжилт хийх боломж хязгаарлагдмал байдаг. Энэ нь орчин үеийн дэвшилтэт технологи болох компьютерт томографийн шинжилгээнд суурилсан нүдний аяганы 3 хэмжээст байгууламжийн судалгааны ажил хомс байгаатай холбоотой юм. Иймд Монгол хүний нүдний аяганы бодит болон 3 хэмжээст бүтцийг харьцуулан судлах шаардлагатай байна.
АРГА АРГАЧЛАЛ
Судалгаанд 72 хүний гавлын ясны нүдний аяганы (n=144) нийт 1296 нэгж, 384 хүний толгойн компьютер томограммын (n=768) нийт 6912 нэгж хэмжилтийг нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн краниометрийн аргаар хэмжил зүйн нийт 13 үзүүлэлтийг компьютерийн 3 хэмжээст байгууламж болон гүйдэг штанганциркулиэр хэмжив. 2-4 Компьютер томограмм дээр нүдний аяганы хэмжил зүйн цэгийг тодорхойлж, эзлэхүүнийг тооцоолохдоо зургийг “Materialise Mimics 10.01” програмаар 2 шаттай боловсруулж хэмжилт хийлээ. 1-р шатанд олон хавтгайн (хэвтээ, хөндлөн, дагуу зүслэг) болон 3 хэмжээст байгууламжийн бодит дүрслэлийг харуулсан цонхон дээр ажиллана. 2-р шатанд нүдний аяганы бүтцийг хэсэгчлэн авч, автоматаар 3 хэмжээст байгууламжаар эзлэхүүнийг тодорхойлсон.5 Нүдний аяганы орой нь харааны мэдрэлийн суваг руу харсан, суурь нь тэгш өнцөгт, тархи болон нүүрний яснуудаас тогтсон 4 ханатай, пирамид хэлбэртэй бүтэц юм. Нүдний аяганы суурь буюу өмнөд хэсгийн периметрийг дух хацар ясны заадсаас (sutura frontozygomatica) нулимсны ясны урд ирмэг (crista lacrimalis anterior) хүртэл авдаг. Нүдний аяганы нийт талбайг 4 ханаар нь тус тусад нь нарийвчлалтай авах ба хойд хязгаарыг дотно болон гадна ханыг харааны мэдрэлийн сувагтай уулзах цэгээр тодорхойлно.6 (Зураг 2.) Ийнхүү өмнөд хилийг нүдний аяганы периметр, арын хилийг харааны мэдрэлийн сувгаар авсны дараа нүдний аяганы эзлэхүүнийг автоматаар бодож гаргасан.6
ҮР ДҮН
Нүдний 2 талын аяганы хэмжил зүйн үзүүлэлтийг холбоо түүврийн T шалгуурыг (Paired- Samples T-test) тооцоход P утга бүх үзүүлэлтэд >0.1 буюу баруун, зүүн нүдний аяганы хэмжээс хоорондоо ялгаагүй байна. Нүдний аяганы хэмжил зүйн үзүүлэлтүүдийг хүйсээр харьцуулж үзэхэд эрэгтэй хүнд нүдний аяганы суурийн талбай, периметр, өндөр, өргөн, дээд, дотно, гадна ханын урт, дотно, гадна ирмэгийн хоорондын зай эмэгтэй хүнийхээс илүү байсан ба ялангуяа нүдний аяганы эзлэхүүн статистикийн тоон утгын хувьд зөрөөтэй байв. (P< 0.001)  Харин нүдний аяганы өндөр, доод ханын урт, суурьд татсан өндөр (гүн), индекс зэрэг үзүүлэлт хүйсийн хооронд статистикийн хувьд ялгаа ажиглагдсангүй. Нүдний аяганы хэмжээсүүд хүйсийн хувьд ялгаатай байгаа тул насны бүлгээр ангилахдаа эрэгтэй, эмэгтэй бүлэг тус бүрээр гаргав. Эрэгтэй, эмэгтэй хүний нүдний аяганы хэмжил зүйн үзүүлэлтийг насны бүлгээр харьцуулахад статистикийн хувьд ялгаагүй боловч идэр насны 2-р үе хүртэл өсч байгаад ахимаг насанд буурах хандлагатай байна. Нүдний аяганы морфометрийн хэмжилтийг гавлын яс болон компьютер томограмм дээр харьцуулан судлахад нүдний аяганы орох хэсгийн (амсрын) талбай, периметр, өндөр, өргөн, дээд, дотно, гадна, доод ханын урт,  суурьд татсан өндөр (гүн), дотно, гадна ирмэгийн хоорондын зай ирмэгийн хоорондын зайн хэмжээсүүд ялгаагүй байлаа. Харин нүдний аяганы эзлэхүүнийг компьютер томографийн 3 хэмжээст байгууламжаар тодорхойлох нь гавлын ясан дээрх хэмжилтийн математик томъёогоор тооцоолохоос илүү бодитой болох нь батлагдлаа. (Хүснэгт 1)
 
ХЭЛЦЭМЖ
Монголд нүдний аяганы морфометрийн судалгааны ажил хомс байсан бөгөөд манайд хийгдсэн судалгааны ажлууд бүгд гавлын ясан дээр хийгдсэн тул бид судалгааны ажлын 1-р хэсэг болох гавлын ясан дээр хийсэн хэмжил зүйн үзүүлэлтэй харьцуулахад дөхөм байлаа. Бидний гавлын ясан дээр хийсэн хэмжилтийн үр дүнг С.Удвал, Б.Үен (2011) нарынхтай харьцуулахад судалгааны арга зүй зарим талаар төстэй боловч ихэнх нь зөрөөтэй, цөөн үзүүлэлтийг харьцуулах боломжтой байсан.41 Мөн судлаачид гавлын ясны нас болон хүйсийн хувьд ялгаж тодорхойлоогүй тул бид өөрсдийн судалгаанд хамруулсан нийт гавлын ясны дундаж үзүүлэлттэй харьцууллаа. Судлаач С.Удвал, Б.Үен (2011) нарын хийсэн нүдний аяганы өндөр, өргөн, доод, дээд, дотно, гадна ханын урт зэрэг үзүүлэлтүүд биднийхтэй дүйцэж, харьцуулахад дөхөм байв. Судлаач С.Удвал, Б.Үен нарынхаар нүдний аяганы өндөр 36.2 ± 0.5 мм, өргөн 41.01 ± 0.55 мм, доод ханын урт 52.12 ± 0.97 мм, дээд ханын урт 56.65 ± 0.9 мм, дотно ханын урт 50.31 ± 1.58 мм, гадна ханын урт 48.06 ± 1.3 мм, нүдний аяганы индекс 88.27 ± 0.76 байлаа. Судлаач Х.Батбаяр нарын 2000-2003 онд гүйцэтгэсэн “Монгол хүний генийн сан, хрономорфофизиологийн судалгаа” төслийн судалгаанд  20-79 насны дан эрэгтэй хүний гавлын ясан дээр хэмжилт хийсэн тул бид өөрсдийн судалгааны нийт эрэгтэй хүйсийн судалгаанд оролцогчдын дундаж хэмжээтэй харьцуулав. Судлаач Х.Батбаярынхаар нүдний аяганы өндөр 41.4 ± 0.2 мм, өргөн 47.8 ± 0.2 байлаа.
Бидэнтэй адил аргаар нүдний аяганы хэмжилтүүдийг хийсэн бусад орны судлаачдын судалгааны үр дүнтэй харьцуулахад нүдний аяганы хэмжээсүүд үндэстэн 
бүрт харилцан адилгүй байгаа нь ажиглагдаж байна. Монгол хүний нүдний аяганы морфометрийн үзүүлэлтийг Негржүү, Монголжуу, Кавказжуу төрхтнүүдийнхтэй харьцуулж үзэхэд нүдний аяганы өргөн, эзлэхүүн төрхтнүүдэд ялгаатай болох нь нэг чигийн вариацийн анализийн шинжилгээгээр (oneway ANOVA) тодорхойлогдлоо. (P <0.05) Бидний судалгаагаар Монгол хүний нүдний аяганы өргөн Негр болон Европжуу төрхтнөөс богино байсан ба  харин Монголжуу төрхтнийхөөс илүү өргөн байна. (P <0.05) Харин нүдний аяганы өндөр Монгол хүнийх Монголжуу, Негржүү төрхтнүүдийнхээс илүү, Европжуу төрхтнөөс нам байлаа. (P <0.05)  Нүдний аяга нь эзлэхүүний хувьд Монгол хүнийх Европжуу төрхтнөөс бага хэмжээтэй ба Монголжуу, Негржүү төрхтнүүдийнхээс их байна.
Бид мөн Азийн зарим үндэстнүүдийн нүдний аяганы эзлэхүүнтэй харьцуулалт хийж үзэхэд Монгол хүний нүдний аяганы эзлэхүүн Хятад, Япон, Хонг- Конг, Солонгосуудаас их, харин Кавказуудаас бага байна. (P <0.05)  Хятад хүний нүдний аяганы эзлэхүүн, амсрын талбай бага, периметр, өндөр, доод, дээд, дотно, гадна ханын урт  Монгол хүнийхээс богино байна. (P <0.05) Харин нүдний аяганы гадна, дотно ирмэгийн хоорондох зай, индекс (мезоконхи) зэрэг үзүүлэлтүүд ялгаагүй байлаа. (P >0.05)
Бидний хийсэн судалгааны ажлын гавлын ясан дээр хийсэн шугаман хэмжилтүүд нь КТ-ийн 3 хэмжээст байгууламжийн үзүүлэлттэй зөрөөгүй байсан. Харин гавлын ясны эзлэхүүнийг томъёолон бодож гаргасан үзүүлэлт КТ-ийн үзүүлэлтийн хооронд зөрөөтэй байлаа. Энэ нь томъёогоор гаргасан дүн нүдний аягыг 4 талт тэгш өнцөгт суурьтай пирамид дүрсээр ханыг нь эгц байдлаар тооцож гаргасантай холбоотой. КТ-ийн зурган дээр гаргасан эзлэхүүн нь нүдний аяганы хонхор хотгор, ханын жигд биш байдлыг нарийн тооцож гаргасан тул илүү бодитой хэмжилт болсон гэж бид үзэж байна.
ДҮГНЭЛТ
Монгол хүний нүдний аяганы хэмжээсүүдийг гавлын ясан дээр тодорхойлоход нүдний аяганы хэмжил зүйн үзүүлэлтүүд хүйсний хувьд ялгаатай, баруун, зүүн талд болон насны бүлгүүдэд ялгаагүй байна. Компьютер томограмм дээр хэмжсэн нүдний аяганы хэмжил зүйн үзүүлэлтүүд хүйсний хувьд ялгаатай, баруун, зүүн талд болон насны бүлгүүдэд ялгаагүй байна. Монгол хүний нүдний аяганы хэмжээсүүдийг гавлын яс болон компьютер томограмм дээр харьцуулан судлахад нүдний аяганы орох хэсгийн (амсрын) талбай, периметр, өндөр, өргөн, дээд, дотно, гадна, доод ханын урт,  гүн, дотно, гадна ирмэгийн хоорондын зай ирмэгийн хоорондын зайн хэмжээсүүд ялгаагүй байлаа. Харин нүдний аяганы эзлэхүүнийг компьютер томографийн 3 хэмжээст байгууламжаар тодорхойлох нь гавлын ясан дээрх хэмжилтийн математик томъёогоор тооцоолохоос илүү бодитой болох нь батлагдлаа.
 Дээрх судалгааны мэдээг харьцангуй эрүүл Монгол хүмүүсийг хэмжин цуглуулсан тул нүдний аяганы хэвийн үзүүлэлтүүдийг гаргахад тус нэмэр болно гэж найдаж байна. Бидний судалгааны үр дүнгээс харахад гавлын ясан дээр хэмжсэн шугаман хэмжээсүүд КТ-ийн шинжилгээний 3 хэмжээст байгууламжаар хэмжсэн үзүүлэлтүүдтэй ойролцоо, харин гавлын ясны шугаман хэмжээсүүдийг томъёонд орлуулан нүдний аяганы эзлэхүүнийг тооцоолоход гарсан үр дүн КТийн эзлэхүүн тооцоолдог программын үр дүнгээс ялгаатай байгаа нь хавтгайн болон огторгуйн дүрсний хэмжээсийн ялгаатай холбоотой. Судлаач М.Туул нарын судалгаагаар насанд хүрэгчдийн дотор эрхтний эзлэхүүний математик загварчлалаар сэргээн тогтоосон үзүүлэлтийг 3 хэмжээст эхографийн шинжилгээгээр тогтоосон харьцуулахад цул эрхтнүүдийн хооронд статистик магадлалтай ялгаагүй, хөндийт эрхтнүүдийн эзлэхүүний хэмжээтэй хооронд статистик магадлалтай ялгаатай байсан үр дүнтэй тохирч байна. (P<0.001).89
Судалгаанд хамрагдагсдын дунд цөөн тооны хөдөө орон нутгаас ирсэн хүмүүсийн компьютерт томограммын зургийг ашигласныг эс тооцвол ихэнх нь Улаанбаатар хот орчмын хүмүүс хамрагдсан тул Монгол орны нийт үндэстэн угсаатны онцлог, галбир төрх тусгагдаагүй болно. Гэвч энэ нь бидний судалгааны ажлын үр дүнг бууруулахгүй гэж найдаж байна. Цаашид нүдний аяганы эмгэг өөрчлөлттэй тохиолдлыг харьцуулан судлах шаардлагатай гэж үзэж байна.
 
 
Ном зүй

1. Yongrong Ji,* Zanqun Qian. Quantitative morphometry of the orbit in Chinese adults based on a three-dimensional reconstruction method. Journal of Anatomy. 2010;217(5):501-506.
2. Hotsubo M, Ohba M, Ogasawara K, Kii T, Nakagawa T. Morphometry of normal orbit. Jpn J Clin Ophthalmol, 1994; 48: 839-42
3. Dryden, I. L., & Mardia, K. V. (1992). Size and shape analysis of landmark data. Biometrika, 79, 57–68.
4. Nicholas Mascie-Taylor C. G. Cambridge Studies in Biological and Evolutionary Anthropology, Cambridge University Press; 2003
5. Mimics Reference Guide (computer program). Version 10.01. Louvain, Belgium: Materialise; 2008.
6. Regensburg NI, Kok PH, Zonneveld FW, et al. (2008) A new and validated CT-based method for the calculation of orbital soft tissue volumes. Invest Ophthalmol Vis Sci 49, 1758–1762.
7. Minoru Furuta, Measurement of Orbital Volume by Computed Tomography: Especially on the Growth of the Orbit. Jpn J Ophthalmol.2001Nov-Dec;45(6):600-6.
8. Chau A, Fung K, Yip L, Yap M. Orbital development in Hong Kong Chinese subjects. Ophthalmic Physiol Opt. 2004 Sep;24(5):436-9.
9. Kim TH, Jun HS, Byun YJ., The Normal Value of Adult Korean Orbital Volume in Three-Dimensional Computerized Tomography., J Korean Ophthalmol Soc. 2001 Jul;42(7):1011-1015.
10. Regensburg N. I, Wiersinga W. M et al. Age and genderspecific reference values of orbital fat and muscle volumes in Caucasians. Br J Ophthalmol, June 7, 2010; (2010) bjo.2009.161372v2.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 750
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК