Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эх барих, эмэгтэйчүүд, хүүхэд судлалын сэтгүүл, 2014, 1(15)
Бодлын солбилцол
( Захидал )

М.Баялаг

ЭХЭМҮТ

 
Абстракт

Бага насны сая сая хүүхдийн амь насыг авч оддог хэдий ч сэргийлэх боломжтой шалтгааныг таслан зогсоохын тулд ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангаас “Хатгалгаа, суулгалт өвчнөөс сэргийлэх, хянах үйл ажиллагааны дэлхий дахины цогц төлөвлөгөө”-г 2013 онд боловсруулжээ. Уг төлөвлөгөөнд 2025 он гэхэд уушгины хатгалгаа, суулгалтаас үүдэлтэй, сэргийлэх боломжтой хүүхдийн нас баралтыг төгсгөл болгох зорилго тавьж, түүнд хүрэх нэгдсэн, цогц арга замыг санал болгосон. Энэ нь хүүхэд амьдрах эрүүл орчинг бүрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг өвчний эгзэгтэй үеийн оновчтой тусламж, үйлчилгээтэй нэгтгэх замаар эмчилгээний төдийгүй урьдчилан сэргийлэх зохистой аргыг хүүхэд бүрт хүртээх боломжийг олгоход чиглэгдэж байгаа юм. Үүнд:

Олон нийтийн дундах эрүүл мэндийн эерэг үр нөлөөтэй дадлыг тодорхойлж, хөхиүлэн дэмжснээр хүүхдийг аливаа эрсдэлээс хамгаалах,

Дархлаажуулалтанд хамруулж, эрүүл орчноор хангах замаар уушгины хатгалгаа, суулгалт өвчнөөр өвдөхөөс сэргийлэх,

Уушгины хатгалгаа, суулгалтаар өвдсөн хүүхдийг цаг алдалгүй, зохистой аргаар эмчлэх.

Магадгүй энэхүү зорилго нь бид бүхэнд хэт агуу, хүрэх арга зам нь маш энгийн мэт санагдаж болох хэдий ч биелүүлж болохуйц юм. Манай оронд нялхсын ба 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1990 оноос хойш тууштай буурсан. Ялангуяа нялхсын эндэгдлийн зонхилох шалтгаан болж байсан суулгалт өвчний улмаас хүүхэд нас барах нь анхан шатны эрүүл мэндийн байгууллага, лавлагаа эмнэлгүүдэд “Хүүхдийн өвчний цогц менежмент” зэрэг уушгины хатгалгаа, суулгалтын оношилгоо, эмчилгээний энгийн, стандарт удирдамжийг нэвтрүүлснээр бараг зогссон. Харин 5 хүртэлх насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийн эхний байрыг амьсгалын тогтолцооны өвчний шалтгаан эзэлсээр байна. 2013 оны НҮБ-ын Хүүхдийн сан, ЭХЭМҮТ-ийн хамтарсан судалгаагаар ариун цэвэр эрүүл ахуй, усан хангамж муу байх, эцэг эхийн хүүхдээ зөв асрах дадал, эмнэлгийн тусламж хайх мэдлэг дорой байдал зэрэг нь хүүхдийн эсэн мэнд амьдрахуйд ихээхэн сөрөг нөлөө үзүүлж, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг бууруулж байгааг тодорхойлсон. Түүнчлэн хүн амын амьдралын түвшний ялгаа хэт гүнзгийрсэн, хот хөдөөгийн ялгавартай байдал, төвөөс хэт алслагдсан, дэд бүтэц хөгжөөгүй, яаралтай тусламжийн бэлэн байдал хангалтгүй, агаарын ба хөрсний бохирдол зэрэг нь хүүхдийн өвчлөл, эндэгдэлд нэрмээс болж байгаа нь ойлгомжтой юм.

Уушгины хатгалгаа, суулгалтаас сэргийлэх, эмчлэхэд орчин үеийн технологийн томоохон дэвшил шаардлагагүй, харин маш энгийн, хялбар арга хэмжээ ихээхэн үр дүнтэй болохыг олон улсад нэгэнт нотолсон. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь өндөр эрсдэлийн бүлгийн хүүхдийг тэр бүр хамарч чадахгүй, нэгэнт үр дүнтэй болох нь нотлогдсон, энгийн арга замын хэрэглээ маш хангалтгүй байгаа нь эндэгдэлд нөлөөлсөөр байгаа юм. Тухайлбал, 6 сар хүртэлх насны хүүхдийн орйолцоогоор тал хувь нь хөхөөр дагнан хооллож байгаа бол уушгины хатгалгаа сэжиглэгдсэн хүүхдийн ердөө 60 орчим хувь нь зохистой эмчилгээ, үйлчилгээ авч, суулгалттай хүүхдийн дөнгөж гуравны нэг нь шингэн сэлбэх эмчилгээ хийлгэж байна. Өндөр эрсдэл бүхий, хамгийн орхигдсон, хүрэхэд хэцүү хүүхдийг тодорхойлж, тэдэнд чиглэсэн, үр дүнтэй болох нь батлагдсан энгийн, хялбар аргыг хэрэглэх нь дээрх орон зайг бөглөх боломжийг бидэнд олгох юм.

Дээр дурдсан стратегийн хүрээнд үндэсний хэмжээнд засгийн газар, глобал түвшинд хамтрагч түншүүдийн дэмжлэгтэйгээр яаралтай арга хэмжээг авахгүйгээр 2025 он гэхэд уушгины хатгалгаа, суулгалтаас үүдэлтэй, сэргийлэх боломжтой хүүхдийн нас баралтыг таслан зогсоох боломжгүй юм. Хүүхдийн эсэн мэнд амьдрахуйн өндөр үр дүнтэй арга хэмжээг эрүүл мэнд, хоол тэжээл, усан хангамж, ариун цэвэр, бага насны хүүхдийн хөгжил зэрэг олон салбарын оролцоотойгоор сайжруулахын тулд нийгэм экологийн загварыг Монгол улсад нэвтрүүлэхээр НҮБ-ын Хүүхдийн сангаас санаачилж, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулахад чиглэсэн С4D буюу Хүүхдийн эсэн мэнд амьдрахуйн мэдээлэл харилцааны стратегийг боловсруулахад ЭМЯ, ЭХЭМҮТ-тэй хамтран ажиллаж байна. Энэ нь эцэг эх, олон нийтэд хүүхдээ асрахад нэн шаардлагатай цогц мэдээллээр хангаж, үр хүүхдээ эрүүл саруул өсгөж бойжуулахад туслах, итгэл үнэмшилтэй шийдвэр гаргахад нь туслахад чиглэгдсэн стратеги төлөвлөгөө юм.

ЭХЭМҮТ нь өнгөрсөн үеийн эмгэнэл хэдий ч уушгины хатгалгаа, суулгалт өвчний улмаас хүүхэд амь насаа алдахаас сэргийлж, 2025 он гэхэд уушгины хатгалгаа, суулгалтын шалтгаант сэргийлэх боломжтой хүүхдийн нас баралтыг таслан зогсоохын тулд холбогдох бүх хамт олон, байгууллагын амлалтыг нэгтгэж, шаардлагатай нөөцийг бүрдүүлэн, хамтран ажиллахыг уриалж байна.

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрдэм шинжилгээ, сургалт, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал                           М.Баялаг



Нийтлэлийн нээгдсэн тоо: 7
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК