Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эх барих, эмэгтэйчүүд, хүүхэд судлалын сэтгүүл, 2014, 1(15)
Анагаах ухааны докторын зэрэг хамгааллаа
( Товч мэдээлэл )
 
Абстракт

ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал, хүүхдийн эмчийн мэргэжилтэй, хүүхдийн сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний чиглэлээр мэргэшсэн эмч Шонхууз овогтой Энхтөр нь “Хүүхдийн уушгины цочмог дутмагшлын оношилгооны асуудалд” сэдвээр 2014 оны 05 сарын 22-ны өдөр АШУҮИС-д Анагаах ухааны доктор (Ph.D)-ын зэрэг амжилттай хамгааллаа.

Манай оронд бага насны хүүхдэд тохиолдох уушгины цочмог үрэвслийг сүүлийн 40 гаруй жилд тал бүрээс нь судалж, хүүхдийн уушги судлалд тулгамдаж буй олон чухал асуудлыг шийдвэрлэсэн хэдий ч эндэгдэлд хүргэх гол шалтгааны нэг болох амьсгалын цочмог дутмагшил, түүний онцгой хэлбэрийн асуудал төдий л бүрэн судлагдаагүй байна. Ялангуяа, хүүхдэд тохиолдох “зүрхний бус шалтгаант уушгины хаван”, “амьсгалын цочмог дистресс хамшинж”, “уушгины завсрын эдийн үрэвсэл” зэрэг ижил төстэй, амь насанд онц аюултай байдал нөхцөлдүүлдэг эмгэгүүд, амьсгалын дутмагшил ба уушгины дутмагшлын талаар нэгдсэн цогц ойлголтгүй, тохиолдлын давтамж тодорхойгүй, оношилгоо, эмчилгээний олон асуудал бүрэн шийдвэрлэгдээгүй байгаа нь энэхүү судалгааг хийж гүйцэтгэх үндэслэл болжээ.

Судлаач хүүхдийн амь тэнссэн төлөвийн үеийн уушгины цочмог дутмагшлын онцлогийг судалж, оношилгооны асуудлыг шийдвэрлэх зорилго тавин ажилласан байна. Судалгааны ажлын хүрээнд 2007-2012 онд ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлсэн нийт 5322 хүүхдээс УЦД оношлогдсон тохиолдол бүрийг судалгаанд хамруулсан байна. УЦД ба түүний эмнэлзүйн үндсэн 2 хэлбэрийн тохиолдлын давтамж, тавилан, эмнэлзүйн ба эмгэг бүтцийн онцлогийг судлахад эмнэлзүйн проспектив; эндэгдэлд нөлөөлөх зарим эрсдэлт хүчин зүйлсийг тодруулахад тохиолдол-хяналтын; SpО2/FiО2 харьцааны мэдрэг ба өвөрмөц чанарыг тодорхойлоход ажиглалтын проспектив судалгааны аргыг тус тус ашиглажээ. Мэдээллийг Stata программ ашиглан дүрслэх, нэг ба олон хүчин зүйлийн аргаар боловсруулж, УЦД-ын SpO2/FiO2 ба PaO2/FiO2 харьцааны ялгааг тогтооход ROC муруйг ашигласан байна. Судалгааны үр дүнд тулгуурлан дараах дүгнэлтэнд хүрсэн байна. Үүнд:

1.    Манай оронд хүүхдийн амь тэнссэн төлөвийн үед эрчимт эмчилгээний 1000 хэвтэлт тутамд УЦД-ын 11.5 тохиолдол оношлогдож, түүний хүнд хэлбэр (АЦДХШ) давамгай (55.7%) тохиолдож байна. Уушгийг анхдагчаар гэмтээж байгаа зонхилох шалтгаан нь уушгины үрэвсэл (59.0%), хоёрдогчоор гэмтээж байгаа голлох шалтгаан нь ТҮХШ (13.1%), үжил (9.9%), эм, химийн (6.7%) ба хийн (3.3%) бодисоор хордолт байна.

2.    УЦД-ын нас баралт 60%, үүнээс УЦГ-тэй харьцуулахад АЦДХШ-ийн эндэгдэл илүү (67.7%) нь уг эмгэг нас баралт өндөртэй буйг харуулж байна. УЦД-ын эндэгдэлд үжил (OR 2.7), ТҮХШ (OR 2.8), угартсан ба хордсон (OR 1.30), 3 ба түүнээс олон эрхтэн тогтолцооны гэмтэц (OR 3.1), анхнаасаа хүчилтөрөгчийн хангамжийн алдагдал ихтэй байх (OR 1.14) зэрэг нь ач холбогдол бүхий эрсдэлт хүчин зүйлс болж байна.

3.    Эмнэлзүйд нь хүнд хэлбэрийн амьсгалын дутмагшил, уушгины хаван, хөхрөлт, амьсгал дэмжих орлуулах шаардлага, О2 эмчилгээнд тэсвэрлэг хөхрөлт, уушгины нэвчдэст өөрчлөлт тодорхойлогдож байна. УЦД цочмог, түргэн явцтай, тухайлбал, өдөөгч хүчин зүйлс нөлөөлсний дараах 6-48 цагийн дотор үүсч, хурдацтай үгдрэн хүндэрч, цулцан, цулцан-хялгасан судасны сарьс, уушгины завсрын эд илүүтэй өртөж, уушги хавагнах, уушгины уян чанар алдагдах, фиброзжих зэрэг эмгэг процесс явагдаж байна.

4.    УЦД-ын SpO2/FiO2 харьцааны оношилгооны мэдрэг ба өвөрмөц чанар, ROC муруйн зэргээс дүгнэхэд цусны хийн шинжилгээ хийх боломжгүй нөхцөлд пульсоксиметрийн шинжилгээг оношилгоонд орлуулан ашиглах боломжтойг харуулж байна.

Судлаач судалгааныхаа үр дүнг эмнэлзүйн практик үйл ажиллагаанд нэвтрүүлж, олон бүтээл туурвин эмч судлаачдын хүртээл болгосон төдийгүй тусламж үйлчилгээний шатлал бүрд зориулсан оношилгоо эмчилгээний зөвлөмж, гарын авлага бичсэн байна.

 

АУ-ы доктор, клиникийн профессор, удирдлагын шинжлэх ухааны магистр Ш.Энхтөр таны цаашдын эрдэм судлалын ажилд амжилт хүсье!

 



Нийтлэлийн нээгдсэн тоо: 7
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК