Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын эм зүй, эм судлал, 2014, №1(5)(2)
НИЙТЛЭГ ХЭРЭГЛЭДЭГ СУДАЛГААНЫ АРГУУД
( Лекц )

Ш.Болд
 

“Монос” Дээд сургуулийн,УАУ тэнхим

 

СУДАЛГАА ГЭЖ ЮУ ВЭ?
Судалгаа гэдэг бол байгаль, нийгэм, хүмүүнлэг гэм мэт шинжлэх ухааны танин мэдэхүйн үндсэн арга юм. Судалгааны эцсийн зорилго нь шинэ санааг дэвшүүлэн тавих, түүнийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох, үр дүн, дүгнэлт, шийдэл гарган түүгээрээ өгүүлэл, илтгэл бичиж бусдаар хэлэлцүүлэх, бусдад хүртээл болгох явдал юм. Судалгаа нь эрэл хайгуул хийх, танилцах, тодорхойлох, тайлбарлах, асуудал дэвшүүлэх, дүгнэх янз бүрийн зорилго, чиглэлтэй байдаг. Тиймээс шинжлэх ухааны судалгаа гэдэг нь шийдэл шаардсан, тодорхой асуудлын мөн чанарыг тодорхойлж хариулт өгөх, дэс дараатай, зохион байгуулалттай, бүтээлч, танин мэдэхүйн хүчин чармайлт буюу үйл ажиллагааг хэлнэ. Аливаа судалгаа нь судлах гэж буй сэдвийн хүрээнд асуудлаа сонгож томъёолохоос эхэлдэг.
Судалгааг ерөнхийд нь суурь болон хавсарга гэж ангилна. Суурь судалгаа гэж хүн, нийгэм, хүрээлэн байгаа орчны хөгжлийн үндсэн зүй тогтолын талаар шинэ мэдлэг бий болгоход чиглэсэн туршилтын буюу онолын үйл ажиллагааг харин хавсрага судалгаа гэж шинэ мэдлэгийг ашиглахад чиглэсэн судалгаа, туршилтын ажлыг хэлнэ.

СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ
Аливаа шинжлэх ухааны арга зүйн асуудал судлаачдын анхааралын төвд байсаар ирсэн. Судалгааны арга зүйг тогтсон хэв маяг, загвараар тодорхойлж томъёолж болдоггүй. Шинжлэх ухаан, техник технологийн дэвшил хурдац, нийгмийн шинжлэх ухааны ойртолт, ялгарал тэдгээрийн арга зүй, арга, арга хэрэгсэл харилцан бие биедээ нэвтэрч байна. Хөгжлийн бэрхшээл судлал нь шинжлэх ухааны салбар болохын зэрэгцээ уг судлалын шинжлэх ухааны арга зүй, арга, аргачлалыг улам боловсронгуй болгох зорилго тулгарч байна.
Шинжлэх ухаанд дараах хоёр элемент:
1. Мэдлэгийн тогтолцоо
2. Арга барилын тогтолцоо
Энэ хоёр элемент хоорондоо харилцан шүтэлцээтэй, мэдлэгийн тогтолцооны арга зүйг хэрхэн зүй зохистой зөв боловсруулж чадсанаар нь шинжлэх ухааны шинэ санаа,дэвшил урагшилдаг жамтай юм. Хөгжлийн бэрхшээл судлалын арга зүйн асуудал өнөөг хүртэл тулгамдсан хэвээр байна. Арга зүйн ерөнхий асуудлыг дараах 3 үзлээр тайрбарлаж болох байна.
Үүнд:
1. Хөгжлийн бэрхшээл судлалын арга зүй нь тухайн бэрхшээл, үзэгдлийг судлах арга, аргачлалын онолын нэгдмэл цогц мөн,
2. Хөгжлийн бэрхшээл судлалын арга зүй нь хөгжлийн бэрхшээл судлалын арга, учир шалтгаан, танин мэдэхүйн философи ойлголт мөн,
3. Аргазүй бол ерөнхий утгаараа диалктик болон түүхэн материализм мөн. Гурав дахь үзэл нь өнөөдрийн түвшинээс харахад хэтэрхий өрөөсгөл мэт санагдана. Яагаад гэвэл хөгжлийн бэрхшээл судлалыг зөвхөн диалектик аргыг хэрэглэж судлах нь учир дутагдалтай, зарим нэгний шүүмжлэлд өртөх боломжтой. Гэхдээ Карл Марксаас
өмнөх философийн диалектик аргыг шинжлэх ухааны төрөл бүрийн салбарт хэрэглэж олон арван нээлт хийж байсныг бид үгүйсгэж чадахгүй байна. Тиймээс хөгжлийн
бэрхшээлийг судлахдаа диалектик болон түүхэн материализмыг аргыг судалгааныхаа аргазүйн үндэс болохоос гадна шинжлэх ухааны ерөнхий ба тусгай аргуудыг хэрэглэх зүйд нийцнэ. Жишээ нь: хүн амын дунд хөгжлийн бэрхшээлийн талаар судалгааны ажил хийхэд судалгааны арга зүй нь юу вэ? Шинжлэх ухааны ерөнхий болон тусгай аргууд юуны өмнө танин мэдэх, хийсвэрлэх, диалектик логик арга, түүхчлэн харьцуулан, харьцуулан системчлэх аргуудыг хэрэглэхээс гадна хөгжлийн бэрхшээлийн агуулга, бүтэц үүрэг төлөвшил, зүй тогтолын тухай хөгжлийн бэрхшээл судлалын онолын үндэслэл, үзэл бодол энэ талаар Монгол Улсын үндсэн хууль, бусад холбогдох хууль, төр засгийн баримт бичигт тодорхойлсон дүгнэлтийг судалгааны ажил арга зүйн онол үндэслэл болгоно. Судалгааны янз бүрийн арга хэрэгсэл, арга
барилыг зөв сонгож хэрэглэх нь судалж буй асуудлынхаа өвөрмөгц онцлогийг сайтар мэдэх ёстойг шаарддаг. Өөрөөр хэлбэл хөгжлийн бэрхшээл судлалын тогтолцоо, ерөнхий чиг хандлага, онолын гол үндсийг мэдэх хэрэгтэй гэсэн үг юм. Дээр дурдсан асуудал нь хөгжлийн бэрхшээл судлалын судалгааны арга зүйн онолын үндэслэл болно.
СУДАЛГААНЫ АРГА
Шинжлэх ухаан бүр өөрийн судлах зүйлд тохирсон судалгааны аргуудтай байдаг. Судлах зүйлтэй холбогдсон арга нь судлах зүйлд хүрэх хэрэгсэл болдог. Өөрөөр хэлбэл судалгааны арга бол мэдлэг олж авах танин мэдэхүйн үйл ажиллагааны тодорхой хэрэгсэл юм. Г.Чулуунбаатар “Танин мэдэхүйн логик, судалгааны ажлын арга зүй” номондоо “Арга бол аль нэгэн үзэгдлийг судлахад хандах тодорхой хандлага мөн. Шинжлэх ухааны арга бол бидэнд судалж буй үзэгдлийг зөв танин мэдэх замыг зааж өгдөг тодорхой зөрчлийн цогц мөн гэжээ”. Судалгаанд хэрэглэх арга нь гагцхүү судлах зүйлийнхээ шинж чанараас хамаарна. Тухайлбал: юуг судлах вэ?
гэдгээс яаж судлах арга нь тодорхойлогдоно. Судалгаа шинжилгээнд олон янзын арга хэрэглэж болох бөгөөд тэдгээрийг дараах байдлаар ангилан үзэж болно.
Үүнд:
1. Нийтлэг арга
2. Тодорхой арга
3. Тусгай арга
Нийтлэг ерөнхий арга нь шинжлэх ухааны аль ч салбарын судалгаанд түгээмэл хэрэглэгддэг. Нийтлэг аргад анализ, синтез, индүкц, дедүкц, туршилт, төсөөтэй хэрэглэх харьцуулан судлах аргууд хамаарна. Жишээ нь: онолын үүднээс үзвэл хөгжлийн бэрхшээл судлалын мөн чанар, зүй тогтол, хандлагийг судлахдаа ерөнхий бүтцийг гарган, элментийг нь тогтоон, тэдгээрийн харилцан холбоог нэгтгэн анализ хийх, эсвэл судалж буй үзэгдлийн мөн чанар, шинж тэмдэгт анализ хийсний үндсэн дээр зарим элментүүдийн синтез гаргах, улмаар хөгжлийн бэрхшээл судлалын талаар бүхэлд нь нэгдмэл ойлголт олж авч болно. Энэ нь анализ, сентизийн аргаар хийгдэнэ. Тэгвэл хөгжлийн бэрхшээл судлалын зарим шинж чанар, бүтцийг илэрхийлсний үндсэн дээр янз бүрийн түвшний дүгнэлт гаргах тухайлбал: хөгжлийн бэрхшээл судлалын талаар төрийн байгууллага ямар үүрэгтэй болохыг судлах, ингэснээр цаашид төрийн байгууллагууд хөгжлийн бэрхшээл судлалын чиглэлээр юу хийх, ямар арга хэмжээ авах алаар нэгдсэн дүгнэлт хийж болно.

НИЙТЛЭГ ХЭРЭГЛЭДЭГ СУДАЛГААНЫ АРГУУД
1. Тоо баримт цуглуулах арга Өгөгдсөн болон цуглуулсан тоо баримтад тулгуурлан нийгмийн ямар нэгэн үзэгдлийг тайлбарлах арга. Жишээ нь: Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв, эмч нарын бүртгэл мэдээлэл, хөгжлийн бэрхшээлтэй суралцагсдын тоо, мэдээлэл гэх мэт. Баримтыг янз бүрийн нөхцөл дэх эх үүсгэвэрээс олон янзын аргаар цуглуулдаг. Баримт цуглуулах аргыг баримтанд шинжилгээ хийх арга, ажиглалтын, асуулгын, ярилцлага, туршилт, харьцуулалт гэх зэрэг ангилдаг. Баримтын эх үүсвэрийг анхдагч болон хоёрдогч гэж ангилдаг. Анхны эх гар бичмэл, анхны зохиогч, үүсгэн байгуулагч\ анх харсан хүн зэрэг нь анхдагч эх сурвалж болно. Анхдагч эх сурвалжууд нь хоёрдогч эх сурвалжийн гол үндэс болдог. Судлаачдын баримт цуглуулах аргыг судалгааны стратегит нийцүүлэн сонгоно. Баримт бичиг нь нийгмийн амьдралын янз бүрийн талыг баримтжуулан бичиглэн үлдээдэг учраас судалгааны үнэтэй эх сурвалж болно. Баримт бичигт хэрэглэгддэг эх үүсгэвэрийн төрөлд:
1. Хууль
2. Эрх зүйн баримтууд
3. Ном, эрдэм шинжилгээний өгүүллэг, тайлан
4. Вэб хуудас ба интернет
5. Сонин сэтгүүл
6. Дуу болон дүрс бичлэг
7. Захидал, санамж бичиг
8. Өдрийн тэмдэглэл
9. Засаг даргын шийдвэр, холбогдох баримт бичиг
10. Албан ёсны статистик баримт бичиг
11. Дотоод гадаадын төслийн баримт бичиг, тайлан зэргийг авч үздэг.
2. Ажиглалтын арга
Судалгааны хамгийн энгийн, хамгийн анхдагч арга юм. Зориуд мэдэгдэж ажиглах, мэдэгдэхгүйгээр ажиглах гэж байна. Мөн нийтийг хамарсан, ганцаарчилсан ажиглалт хийж болох ба судлаач өөрөө оролцож ажиглах хөндлөнгөөс ажиглах гэх мэт ялгаанууд байна.
1/ Хариулт нь шууд ажиглагдаг. Тиймээс хариулт нь бусад судалгааны арга шиг баримтад тулгуурладаггүй, шууд ажиглалтаас гардаг.
2/ Судалгааг газар дээр нь хийдэг. Баримт цуглуулах судлах ажлыг судлаач өөрөө газар дээр нь ашиглан тэмдэглэл хөтлөх эсвэл бичлэг хийдэг. Лабораторийн ажиглалтаас тухайн орчинд судлаач байсан байгаагүй үргэлж тохиолдож байдаг зүйлийг ажигладагаараа ялгаатай.
3/ Судлаачийн сэрэл, хүртэхүй, ой, туршлага ажиглалтад нөлөөлдөг. Системтэй болон оролцсон ажиглалтын үр дүнд судлаачийн оюун ухааны чанар, танин мэдэхүйн онцлог нөлөөлснөөр бодитой биш хийсвэр дүгнэлт гарч байдаг учир энэ байдлыг боловсруулалт хийхдээ анхаарах шаардлагатай.
4/ Нийгмийн тодорхой салбарууд дахь үзэгдэл, үйл явцыг шийдвэрлэх асуудалтай холбогдуулан дэвшүүлсэн таамаглалыг нотлох буюу үгүйсгэсэн тодорхой зорилгод захирагдаж байдаг.
5/ Зохион байгуулагдсан буюу системчлэгдсэн байдаг.
3. Туршилтын арга Нийгмийн ухаанд туршилтын арга байгалийн ухааныг бодвол илүү хүндрэлтэй байдаг. Турших явцад нийгмийн сэтгэл зүй өөрчлөгдөх магадлалтай анхаарах нь чухал байдаг. Гэвч туршилтын арга нь байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухааны үндсэн зарчим үзэл санаанд тулгуурлан онол таамаглалыг нарийвчилсан бодит хэмжилтийн дүнд шалгах явц юм. Туршилтын аргыг судлаачид “Таамаглал, үзэл баримтлал, онол, хуулийг тухайн бодит орчин нөхцөлд шалгахыг туршилт” гэнэ, “Судлаач өөрийн үзэмжээр зохиомлоор судалж буй объёктод нарийн төвөгтэй үйлдэл хийх замаар түүний шинэлэг талыг нээн илэрүүлдэг” хэмээн бичсэн байдаг.
Туршилтаар байгаль нийгмийн юм үзэгдлийн мөн чанар учир шалтгаан, үр дагавар, уялдаа холбоо, нөлөөг бодитой тогтоодог.
4. Харьцуулалтын арга
Харьцуулалтын арга нь хөгжлийн бэрхшээлийн нэг талыг нөгөөтэй нь жишин үзэж ямар болохыг харах явдал. Ихэвчлэн нэг төрлийн төсөөтэй зүйлийг хооронд нь жишиж үздэг.Харьцуулалтын аргын давуу тал нь:
1/ Үр дүн үнэн бодитой найдвартай, 2/ Судлаачийн судалгаа хийх чадвар дадлагыг болон мэдлэгийг хөгжүүлдэг, 3/ Олон арга хослон хэрэглэдэг. Баримт, бичиг, ажиглалт гэх мэт. Харьцуулалтын аргын сул тал нь: 1/ Их хэмжээний мэдээлэл, цаг хугацаа шаарддаг, 2/ Судлаачаас 2-3 болон түүнээс дээш гадаад хэл мэддэг байхыг шаарддаг.
5. Индүкци ба дедүкцийн арга Индүкци гэж тусгайгаас ерөнхий дүгнэлт гаргах арга. Эмч нарыг нэг нэгээр нь судалж эмчилгээний аргын нийтлэг талыг мэдэх. Дедүкци нь ерөнхийгөөс тусгайг таних арга бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй суралцагсдын сурлага тааруу байна гэвэл, багш нарынх нь заах арга, технологийг ямар байгааг судлахад оршино.
6. Тохиолдлын дагнасан судалгааны арга Үйл явдлыг хамтад нь биш тодорхой нэг тохиолдлыг гүн гүнзгий судлах арга юм. Жишээлбэл: хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажилгүйдлийг судлахдаа ажилгүй нэг хүнийг судлах.
7. Богино болон урт хугацааны судалгаа Богино хугацааны судалгаа нь үйл явдлын нэг агшинг харуулдаг. Жишээ нь: хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэтгэл зүй гэх мэт. Урт хугацааны судалгаа нь олон жилийн туршийн өөрчлөлт хувирлыг судалдаг.
8. Загварчлах арга Бүх зүйлийг хамран судлах боломжгүй, цаг их шаардсан хүндрэлтэй зүйлийг судлахад загварчлалын аргыг хэрэглэдэг. Зарим хэсгийг орхиод загвар гаргаж судалдаг. Судалгааг хялбар дөхөм болгож, нарийн багаж хэрэгсэл шаарддаггүй зэргээрээ давуу талтай.
9. Түүврийн арга Бүх хүнийг хамардаггүй. Тодорхой сонголт хийж судлах арга. Түүврийн арга нь дотроо санамсаргүй, системчилсэн, давхардсан хэлбэртэй байдаг. Тодорхой болзолгүй байвал санамсаргүй түүврийн арга гэнэ. Жишээлбэл: гудамжинд явж байсан хүнээс асуух, системчилсэн түүвэр гэвэл жагсаалтаас 2 дахь хүн бүрээс гэх мэт. Харин жагсаалтын 2 дахь эмэгтэй, хүүхэдтэй хүн бүрээс гэвэл давхраажсан түүврийн аргын жишээ болж байна.
10. ßрилцлага, анкетийн арга Ярилцлага, анкетийн аргыг бүтэцлэгдсэн ба бүтэцлэгдээгүй гэж ангилдаг. Урьдчилан асуултаа бэлдсэн бол бүтэцлэгдсэн гэнэ. Харин хүнийг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхээр орхисон бол бүтэцлэгдээгүй ярилцлага гэнэ.
11. Асуумжийн арга Энэ аргыг судалгаанд хамрагсдсан хүмүүсийн мэдлэг чадварыг шалгаж, дүгнэх, шинэ мэдлэг эзэмшүүлэх, сонирхсон мэдээллээ цуглуулахад эмч нар хөгжлийн бэрхшээлийг зөв оношлох, материал бүрдүүлэх гэх мэтэд голчлон ашигладаг бөгөөд мөн хэл шинжлэлийн ухаанд өргөн хэрэглэж байна.
Судалгааны асуултыг боловсруулах Судалгааны асуулгын эхэнд судалгааны зорилгыг бичдэг. Гэхдээ оролцогч хариултаа өөрчилж эргэлзэхэд нөлөөлж болохуйц тийм мэдээллийг оруулж болохгүй. Жишээ нь: Хөгжлийн бэрхшээтэй үйлчлүүлэгчдэд хамгийн их үнэлэгддэг эмчийг тодруулах зорилготой гэх мэт. Дараа нь халаах асуултыг оруулж өгөх нь зүйтэй. Та энд удаан хугацаагаар ажиллаж байна уу? Таны өмнө өнөөдөр ямар бэрхшээлтэй асуудал тулгарч байна гэх мэт. Гэхдээ халаах асуулт нь судалгаанд тодорхой үүрэгтэй байх ёстой. Судалгааны үндсэн асуултууд нь асуулгын цөмийг бүрдүүлдэг. Асуултанд логик дараалал байх ёстой боловч нэг хэвд цутгах хэрэггүй. Судлаач нэг асуултыг хэдэн янзаар ч тавьж болно. Үндсэн асуултууд нь дотроо ерөнхий, тусгай гэж хоёр ангилдаг. Жишээлбэл: Эмч тантай ёс зүйтэй харьцсан уу? Эмчийнхээ хэлсэн ямар үгийг мартдаггүй вэ? гэх мэт.

 

Ном зүй

1.Шинжлэх ухаан, технологийн тухай хууль, 2006
http://bumtuya.blog.gogo.mn
http://zoorgii.miniih.com
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 53325
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК