Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эрүүл мэндийн лаборатори, 2013, 1(1)
Бөөрний цочмог гэмтлийн эрт үеийн оношлогооны шинэ маркерыг бид клиникийн практикт хэрэглэхэд бэлэн үү?
( Тойм өгүүлэл )

Баяржавхлан.Ч, Баярмаа.Э, Түвшинжаргал.М, Чулуунбаатар.Д, Наран.Г, Гэлэгжамц.Х

1ЭМШУИС, 2УКТЭ, 3ЭМШУИС-ийн Түшиц Гурван гал эмнэлэг

 
Абстракт

Сүүлийн жилүүдэд бөөрний цочмог гэмтэл их тохиолдох боллоо. Бөөрний цочмог гэмтлийн оношлогоо өнөөдрийг хүртэл эрт  үедээ оношлогдох боломжоор хязгаарлагдмал байгаа төдийгүй ийлдсийн креатинин бөөрний цочмог дутагдлыг үнэлэх хамгийн боломжит арга хэвээр байсаар байгаа юм. Ийлдсийн креатинины түвшинд үндэслэн бөөрний цочмог гэмтлийг оношлох нь дараах сул талуудтай.

1.    Креатинин нь бөөрний гэмтлийг бус үйл ажиллагааг үнэлдэг.

2.    Бөөрний үйл ажиллагааны 50% алдагдсан байхад креатинины төвшинд өөрчлөлт гардаггүй.

3.    Креатинины концентрациар бөөрний үйл ажиллагааны нарийн зураглалыг шууд үнэлэх боломж байдаггүй бөгөөд хэд хоногийн турш тодорхойлох шаардлага тулгардаг.

Өөрөөр хэлбэл креатинин нь бөөрний үйл ажиллагааны алдагдлын хожуу үеийн оношлогоонд ач холбогдол өндөртэй  байдаг. Дөнгөж төрсөн нярайд гэхэд төрсний  дараах эхний хэдэн долоо хоногт жирэмслэлтийн явц, ээжийн креатинины түвшин зэргээс хамааран ийлдсийн креатинины хэмжээ өндөр байдаг тул бөөрний цочмог гэмтлийг дан ганц ийлдсийн креатининаар нярайд үнэлэх нь нэмэлт хүндрэлд хүргэдэг байна. Дээр дурьдсан шалтгаан төдийгүй бүх насныханд бөөрний цочмог дутагдлын эрт үеийн оношлогоо тулгамдсан асуудал хэвээр байсаар байна. Сүүлийн үед бөөрний цочмог дутагдлын эрт үеийн оношлогоонд олон нэр дэвшигч биомаркеруудыг судлаж байгаа  бөгөөд нейтрофил желатиназа-холбоот липокалин (NGAL), цистатин С уургийг бөөрний цочмог дутагдлын эрт үеийн нэр дэвшигч хамгийн мэдрэг уураг хэмээн үзэх боллоо (Хүснэгт 1). NGAL нь 25кДа жинтэй, нь түрүү булчирхайн эпитель, хоол боловсруулах зам, амьсгалын зам, нейтрофил зэрэг олон эсээс маш бага хэмжээгээр нийлэгждэг болохыг тодорхойлоод байна. NGAL-ийг хэд хэдэн аргаар сийвэн болон шээсэнд тодорхойлох боломжтой ба бөөрний цочмог дутагдлыг эрт үед оношлоод зогсохгүй дараах эмгэгийн үед сонгон хэрэглэхэд ач холбогдол өндөртэй байна. Үүнд: Диализд оруулах шаардлагатай болон эндэгдэлд хүргэх эмгэг,  бөөр шилжүүлэн суулгах, зүрхний мэс засал, бөөрний гэмтэл, эмийн хордлого, яаралтай тусламжийн хэсгүүд. Хамгийн чухал нь креатинины хэмжээг ашиглан бөөрний цочмог дутагдлыг оношлож байгаа нь цочмог дутагдлыг цагт нь оношлож чадахгүй цаг алдаж байгаа бөгөөд зарим судалгаагаар БЦД-ийн үед NGAL нь креатининаас 2 хоногийн өмнө ихэссэн байдаг гэдгийг баталж байгаа нь БЦД-ийн дахин үнэлэхэд ач холбогдолтой уураг болохыг харуулж байна. 

 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 643
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК