Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Мэдрэл судлал монголын сэтгүүл, 2009, 1(1)
ТАРХМАЛ ХАТУУРЛЫН ШАЛТГААН ЗҮЙ, ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ АСУУДАЛД
( )

                                                       Цагаанхүү.Г1,  Дэлгэрмаа.Ц2,  Дуламрагчаа.П3,  Шүрэн. Д1

 

 
Абстракт

Удиртгал

 

Тархмал хатуурал (Multiple Sclerosis) нь тархи, нугасны янз бүрийн хэсгийг хамран гэмтээж,  олон тооны голомтот шинжүүдээр илэрдэг, сэдрэх, даамжрах явцтай, мэдрэлийн тогтолцооны миелингүйжих өвчин юм. Энэ өвчин дэлхийн хүн амын дунд өргөн тархалттай, зонхилон 20-40 насны ид хөдөлмөрийн чадвартай хүмүүс өвчлөх ба эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 2-3 дахин илүү өртөгдөнө.

Орчин үед дэлхийн олон оронд хийгдсэн судлагааг үндэслэн, тархмал хатуурлын тархалтын үзүүлэлтийг газарзүйн онцлог, угсаатны амьдралын хэвээс хамааруулан,  3 бүсэд хуваан авч үзэж байна (5). Өндөр эрсдлийн бүсэд өвчлөлийн давтамж 100000 хүн амд 50-иас дээш тоогоор (Өрнөд ба Төв Европ, Канадын өмнөд хэсэг, АНУ-ын хойд хэсэг, Австралийн өмнөд хэсэг, Шинэ Зеланди, Скандинавын орнууд); дунд зэргийн эрсдлийн бүсэд өвчлөл 100000-д 10-50 хүртэл (АНУ-ын төв ба өмнөд хэсэг, Хавайн арал, Өмнөд Европ, Израйль, Өмнөд Африкийн цагаан арьстнууд, Украины өрнөд, хойт хэсэг, Оросын европын хэсэг, Алс Дорнод); бага эрсдлийн бүсэд  өвчлөлийн давтамж 100000-д 10-аас цөөн тохиолдол бүртгэгдэнэ (Азийн орнууд, Өмнөд Америкийн хойт хэсэг, Аляск, Гренланди, Карибийн тэнгэсийн сав, Мексик, Африкийн ихэнх хэсэг, Ойрхи ба Дундад Дорнодын орнууд). Эндээс үзэхэд, Өмнөдөөс Хойт Өргөрөг, Дорнодоос Өрнөд Уртрагийн чиглэлд ойртох тусам тархмал хатуурлын гаралт ихэсдэг ерөнхий хандлага ажиглагдаж байна.

Дэлхийн бөмбөрцгийн хойт бүсийн орнуудад энэ өвчний тархалт 100000 хүн ам тутамд дунджаар 60-100 тохиолдол бүртгэгдэж, жилд гарах шинэ өвчлөлийн тоо дунджаар 100000:3 ногддог байна (3). Монгол улсын хүн амын дунд явуулсан мэдрэлийн органик өвчнүүдийн тархалзүйн судлагаагаар тархмал хатуурал 100000 хүн амд 2-3.0 (1, 2), Улаанбаатар хотын хүн амд 5.0 (3) бүртгэгдсэн нь энэ өвчин манай орны хувьд цөөнгүй тохиолддогийг харуулж буй үзүүлэлт мөн.

Тархмал хатуурлыг бүх талаас нь хандаж судлах нь орчин үеийн эмнэлзүйн мэдрэл судлалын нэн тулгамдсан асуудлын нэг мөн. Өнөө үеийг хүртэл тархмал хатуурлын шалтгаан, эмгэгжамын олон асуудал тодорхой бус, миелингүйжих процессын оньсон түлхүүр бүрэн тайлагдаагүй, эмчилгээний олон арга, чиг хандлагууд ч маргаантай байгаа билээ. Миелингүйжих өвчинд нэрвэгдсэдийн хөдөлмөрийн чадварыг дэмжих явдал эрүүл мэнд, анагаах ухааны гол асуудлын нэг хэвээр байна.

Монгол орны хувьд тархмал хатуурлын тархалзүйн үзүүлэлтийн бүс нутгийн онцлог, яс угсаатны өвөрмөц хамаарлын талаархи мэдээлэл хомс, эмнэлгийн тусламж хангалтгүй, олон өвчтөн зохих ёсны эмчилгээг авч чадахгүй байна. Урьд ч, одоо ч тархмал хатуурлыг зөв оношлох асуудалд ташааралтай хандсаар ирсэнийг тэмдэглэж, чухам  энэ асуудалд бид эмч, мэргэжилтний анхаарлыг хандуулахыг зорьсон юм.



Нийтлэлийн нээгдсэн тоо: 2
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК