Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эрүүл мэндийн лаборатори, 2013, 2(2)
Хотуудын хөрсний бохирдлын бактерийн судалгаа
( Судалгааны өгүүлэл )

Б.Доржханд1, Ц.Энхжаргал1, Ч.Батцэцэг2, Ж.Сүхдолгор3

1Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

2 МУИС, Биологи Биотехнологийн Сургууль

 
Абстракт

Background

One of the soil pollution assessment criterions is bacterial contamination. Soil bacterial contamination has negative impact on water, air, food stuff, human health as well as soil biological activity and soil purification process. The soil of populated area is contaminated by animal and human solid and liquid wastes, dead plants and industrial and household drainage water. Soil becomes a source harboring and transmitting pathogens due to the fact that pathogens are transmitted to the soil by the wastes of patients, human and animal corpses (dead bodies) died of infectious diseases, plants and water. Since it is difficult to detect pathogens from outside environment, the level of soil bacterial contamination is determined by the way of detecting medically important group of bacteria such as E.coli, Cl.perfringens, Proteus and thermophilic bacteria.

Aim

Our survey objective is to determine level of soil contamination of Ulaanbaatar, Erdenet, Darkhan city’s by using microbiological method.   

Results and Discussion

1. Microbiological characteristics of soil bacterial quantitative assessment of the cities surveyed in Ulaanbaatar, all soil samples, Darkhan city, 72.2% and Erdenet, 54.5% belong to higher contamination levels. In 2009, Ulaanbaatar the result of E.coli titer 0.004, anaerobic titer 0,001 and thermophilic bacterial number 28,8 x10 c/g revealed.

2. Compared to the average Ulaanbaatar, Darkhan city colon  E.coli average titer of 1.25 times and anaerobic-titer 2 times and thermophilic bacteria was less than 1.6 times the number of a city for these parameters 1.5 times and 2 times and 1.5 timesis low.

Оршил

Хөрсний бохирдолын үнэлгээг өгөх хэмжүүрийн нэг нь нянгийн бохирдол юм. Хөрсний нянгийн бохирдол нь ус, агаар, хүнсний бүтээгдхүүн цаашилбал хүний эрүүл мэндэд болон хөрсний биологийн идэвхи, хөрс цэвэрших процесст сөргөөр нөлөөлдөг.

Хүн ам ихтэй газрын хөрс нь хүн амьтны хатуу шингэн хаягдал, ургамлын үлдэгдэл, ахуйн болон үйлдвэрийн бохир усаар бохирддог. Хөрсөнд өвчтөнөөс ялгарсан ялгадас, халдварт өвчнөөр өвчилж үхсэн хүн ба амьтны хүүр, ургамал, ус зэргээр дамжин өвчин үүсгэгчид ордогоос хөрс халдварт өвчин үүсгэгч бичил биетэн дамжих эх үүсвэр болдог [1.2]. Өвчин үүсгэгчдийг гадаад орчноос шууд илрүүлэх нь хүндрэлтэй байдаг тул түүнээс эрүүл зүйн бичил биетнүүд болох E.coli, Cl.perfringens, Proteus болон дулаансаг бактерыг илрүүлэх замаар хөрсний бактерийн бохирдлын төвшинг тогтоодог.

Судалгааны ажлын зорилго

Монгол улсын Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудын  хүний нөлөөгөөр бохирдсон хөрсний бохирдлыг харьцуулан микробиологийн үзүүлэлтүүдээр үнэлэх зорилго тавьсан.

Судалгааны материал  

Бид Монгол улсын томоохон хотууд болох Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудын хөрсний бактерийн бохирдлыг судлах зорилгоор 2005, 2007, 2008, 2009 онуудын 7-р сард дараахи цэгүүдээс “дугтуйн аргаар” хөрсний дээжийг авлаа, үүнд: гэр хороолол, орон сууц, хотын төв, үйлдвэрийн район, голын эрэг, зуслан, цэвэрлэх байгууламж, хогийн цэг, хүнсний зах, техникийн зах орчмын хөрс зэрэг юм.

 

Эрүүл ахуйн микробиологийн судалгааны арга зүй

Бид 2009 оны 11 сард Дархан хотын хөрсний 11 цэгээс дээж авсан. 1г хөрсөнд агуулагдах бактерийн нийт тоог дээжийг шингэрүүлэн хатуу тэжээлт орчингуудад ургуулах замаар, Рroteus-ийг хуруу шилэнд ташуу царцаасан орчинд Щуковичийн аргаар, дулаансаг бактерийг 1:101-1:105 хүртэлх шингэрүүлэг бүрээс тарилга хийн 56-60 хэмд 24-48 цаг өсгөвөрлөн өсгөвөрлөлт, хэлбэр зүйн шинжээр тодорхойллоо. Гэдэсний савханцрын таньцийг тодорхойлохдоо исэлдүүлэх аргыг ашигласан бөгөөд дээжний 1:101-1:106 хүртэлх шингэрүүлэг бүрээс шингэн тэжээлт орчингуудыг савласан хуруу шилнүүдэд 1 мл-ийг хийж өсгөвөрлөн, 24 цагийн дараа хүчил, хий үүсгэн ургасан өсгөврөөс Endo agar, Eosin Methylene Blue Agar-т батлах тарилга хийн, металлын гялалзсан улаан ягаан (Endo), хар өнгөтэй (EMB) колонуудаас Oxidase disc-ийн тусламжтайгаар оксидазын сорил тавьж, микроскопын үзлэг, Грамын будагдалтаар гэдэсний савханцрын таньцыг тогтоосон. Cl.perfringens –ийн титрийг тодорхойлохдоо дээжний 1:101-1:106 хүртэлх шингэрүүлэг бүрээс ариун хуруу шилнүүдэд хийн 80 хэмд 15 минут халааж, түүнээсээ ариун Петрийн аяганд 1 мл дусааж дээрээс нь ариутган 45 хэм хүртэл хөргөсөн Clostridial Agar, Perfringens Agar Base тэжээлийн орчинг хийсэн. Улмаар тарилгыг тусгай саванд байрлуулан савны доторхи хүчилтөрөгчийг Mitsubishi Gas Chemical Co.,-ийн бүтээгдхүүнээр шингээн анаэроб орчинг бүрдүүлэн, 37 хэмд 24 цаг өсгөвөрлөсөний дараа орчинд ургасан хар өнгийн колоноос бэлдмэл бэлтгэн микроскопын үзлэгээр Cl.perfringens-ийг тодорхойлсон. [3,4,5,6]. Хөрсний бактерийн бохирдлыг тодорхойлоход стандарт аргуудыг ашиглалаа.

Судалгааны үр дүн

Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудын хөрсний эрүүл ахуйн микробиологийн судалгааны дүн

Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудын 1г хөрсөнд агуулагдах бактерийн нийт тоон дүн

Судалгаа хийсэн жилүүдэд Улаанбаатар хотоос хөрсний дээж авсан бүх цэгүүд бактерийн нийт тоогоор Дархан, Эрдэнэт хотуудын ижил цэгүүдээс их байна. Харин 2005-2009 онуудад Дархан хотын орон сууц, хотын төв, цэвэрлэх байгууламж, хүнсний зах  орчмын хөрсний бохирдол Эрдэнэт хотын ижил цэгүүдээс ихтэй, Эрдэнэт хотын гэр хороолол, хогийн цэг, техникийн зах, машины төв замын дагуухи хөрсний бактерийн агууламж Дархан хотын ижил цэгүүдээс ихтэй байна.

Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудын хөрсний E.coli таньцыг тогтоосон судалгааны дүн

Хөрсөн дэхь гэдэсний савханцрын агууламжаар судалгааны гурван хотыг харьцуулахад Улаанбаатар хот хүн амьтны ялгадасаар бохирдсоны үзүүлэлт болох гэдэсний савханцарыг ихээр агуулж байна. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудын хөрсний бүх дээжүүдээс орон сууц, хотын төв, машины төв замын хөрс E.coli агууламжаар бусад дээжүүдээс багатай байна.

Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудын хөрсний Clostridium perfringens-ийн агууламжийг илрүүлсэн судалгааны дүн

Судалгааны хотуудын хөрс анаэроб титрээр бохирдолтын янз бүрийн төвшинд байна. 2005 онд Улаанбаатар хотын орон сууц орчмын хөрс хөрс цэвэр (9%), хотын төв, үйлдвэрийн район, голын эрэг бага бохирдсон (27.2%), гэр хороолол, зуслан, хүнсний зах, техникийн зах, машины төв зам хөрс дунд зэргийн бохирдсон (45.4%) бусад нь их бохирдсон (18.1%) төвшинд хамаарагдаж бол 2007 онд бүх хөрс бохирдолттой байлаа.  Анаэробын таньцаар бага бохирдолттой төвшинд 2007 онд  нийт хөрсний дээжийн 27.2%, 2008 онд 18,1%, 2009 онд 9% болж багассан бол дунд бохирдсон төвшинд 2007 онд  нийт дээжийн 18.1%, 2008 онд 27.2%, 2009 онд 36.3% болон нэмэгдсэн байна. Улаанбаатар хотын орон сууц, хотын төвийн хөрс бусад хөрснөөс анаэробын бохирдлоор багатай байв.

 Дархан хотын хувьд 2005 онд нийт хөрсний 27.2% (орон сууц, хотын төвийн хөрсний дээжүүд), 2007 онд 9% (орон сууц орчмын хөрс) Clostridium perfringens-ээр бохирдоогүй байлаа. 2005 онд үйлдвэрийн район,  голын эрэг, техникийн зах, машины төв зам дагуух хөрс “бага”,  гэр хороолол, зуслан, хүнсний захын хөрс “дунд” бусад нь “их” бохирдолттой байв. 2007 онд дээрхи төвшингүүдэд хамаарагдах дээжүүд тухайлбал хотын төв бага бохирдолтын төвшинд,  үйлдвэрийн районы хөрс “дунд” төвшинд нэмэгджээ.

Эрдэнэт хотын хөрсний анаэробын бохирдолт  ерөнхийдөө Дархан хотын хөрстэй төстэй байв. Харин гэр хороолын хөрс (E1) Clostridium perfringens-ийн агууламжаар Дархан хотынхоос их байлаа.

Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудын хөрсний Proteus-ын агууламжийг тогтоосон судалгааны дүн

Proteus агууламжаар Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудын орон сууц, хотын төв, машины төв зам, Дархан, Эрдэнэт хотуудын хүнсний зах, техникийн зам дагуухи хөрсний дээжүүд бага, харин голын эрэг, зуслан, цэвэрлэх байгууламж, хогийн цэгийн хөрсөнд их байгааг тогтоолоо. Улаанбаатар хотын хөрсний дээжинд Дархан, Эрдэнэт хотуудын хөрснийхөөс илүүтэйгээр Proteus агуулагдаж байна. Дарханы машины төв замын дагуух хөрсний Proteus агууламж Эрдэнэт хотын ижил цэгийнхээс, Эрдэнэтийн гэр хороолол, зуслангийн хөрсний Proteus агууламж Дархан хотын ижил цэгийнхээс их байлаа.

Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудын 1г хөрсөнд агуулагдах дулаансаг бактерийн нийт тоон дүн     

2005 онд 3 хотын судалгаанд хамрагдсан хөрсний дээжүүд дэхь дулаансаг бактерийн тоо 4.1-48.2х103 эс/г, 2007 онд 4.2-50.4х103 эс/г, 2008 онд 3-62х103 эс/г, 2009 онд 3.2-72.6х103 эс/г болжээ. Хогийн цэг, зуслан, голын эрэг, гэр хорооллын хөрсөнд дулаансаг бактерийн тоо бусад цэгээс илүү байна.

Дүгнэлт

1.         Микробиологийн үзүүлэлтүүдээр хотуудын хөрсний байдлыг үнэлэхэд нянгийн нийт тоон үзүүлэлтээр Улаанбаатар хотын судалгаанд хамрагдсан бүх хөрсний дээж,  Дархан хотын 72.2%, Эрдэнэт хотын 54,5% их бохирдолттой төвшинд хамаарагдаж байна. 2009 онд Улаанбаатар хотын гэдэсний савханцрын дундаж титр 0.004, анаэробын титр 0.001, дулаансаг бактерийн тоо 28.8х103 эс/г  байгааг тогтоов.

2.         Улаанбаатар хотын дундажтай үзүүлэлтүүдтэй харьцуулахад Дархан хотын гэдэсний савханцрын титр 1.25 дахин их, анаэроб титр 2 дахин их, дулаансаг бактерийн тоо 1.6  дахин бага байсан бол Эрдэнэт хотын хувьд эдгээр үзүүлэлтүүд 1.5 дахин их, 2 дахин их, 1.5 дахин бага байна. 

Ном зүй

1. Довровольский Г.В. Функций почв биосфере и экосистемах., -1997.–с 15-79
2. Поздеев О.К. Медицинская микробиология. М., -2001. –с 572-576
3. Т.П.Трушина. Микробиология, гигиена и санитария в торговле. Феникс, Ростов на Дону, 2000
4. http://www.bact.wisc.edu/microtextbook/index.php?module=book&func=displaҮarticle&art_id=117 (эсийн хөдөлгөөн)
5. www.bmb/eeds.ac.uk/mbiologҮ/ug/ugteach/icu8/tests/head.html (сорилууд)
6. www.jlindquist.net/genera/micro/index.html (ангилалзүй)
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1439
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК