Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2004, 1(127)
“10 / 90 гажуудал” ба Дэлхийн эрүүл мэндийн эрдэм шинжилгээний чуулган
( Редакцийн зурвас )
 

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг дээшлүүлж, хүртээмжийг сайжруулахад эрүүл мэндийн судалгаа, шинжилгээний ажил чухал үүрэгтэй.

Дэлхий дахинд эрүүл мэндийн судалгаа, шинжилгээний ажлыг хийж буй улсын болон хувийн салбарт жил бүр 70 тэрбум ам.доллар зарцуулдаг байна. Үүний дөнгөж 10 хувийг л дэлхийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын 90 хувийг шийдэхэд арцуулж байгаа бөгөөд үүнийг “10/90 гажуудал” гэж нэрлэж байгаа юм. Хүний болон эдийн засгийн нөөцийг оновчгүй хуваарилах нь аюултай агаад ялангуяа хөгжиж буй орнуудад илүү хортой гэж үзэж, “10/90 гажуудал’’-ыг засахад туслах зорилгоор 1998 онд Дэлхийн эрүүл мэндийн эрдэм шинжилгээний чуулган байгуулагджээ1.

Эрдэм шинжилгээний ажилд зарцуулж буй нийт хөрөнгийг дахин хуваарилах замаар түүний 1 хувь буюу 700 сая ам.долларыг эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэлийг хөгжүүлэхэд зарцуулах боломжтой агаад дэлхийн чуулга нь эрүүл мэндийн эрдэм шинжилгээний энэ тулгамдсан асуудлыг засгийн газар (шийдвэр гаргагчид), олон талын болон хоёр талын хамтын ажиллагааны байгууллагууд, олон улсын сангууд, иргэний нийгмийн байгууллагууд, эмэгтэйчүүдийн байгууллага, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, хувийн салбарт ажиллаж буй пүүс, хоршоод, хэвлэл, мэдээллий байгууллагуудтай тогтоосон хамтын ажиллагаагаа бэхжүүлэх замаар шийдвэрлэж болно гэдэгт илтгэлтэй байна.

Дэлхийн чуулга нь өөрийн зорилгоо хэрэгжүүлэх зорилгоор дараах стратегийн зорилтуудыг дэвшүүлсэн байна.Үүнд:

Эрүүл мэндийн болон эдийн засгийн өндөр дарамттай өвчнүүдэд эрдэм шинжилгээний ажлыг чиглүүлэхэд нь улсын болон хувийн салбарын үйл ажиллагааг дэмжих; Тэргүүлэх чиглэлийг тогтоох илүү сайн арга зүйг дэмжих (хавсарсан-хандлаат хэлбэр, эрүүл мэндийн эрдэм шинжилгээнд зарцуулж буй зардлыг тооцох, зардал-үр ашгийг задлан шинжлэх, өвчний гаралтыг тооцох); Чуулганы жил бүрийн хуралдааныг зохион байгуулах;
ололт, амжилтыг түгээн дэлгэрүүлэх; Үр дүнг тооцох зэрэг болно. “10/90 гажуудал’’ыг засах нь хөгжил дэвшлийг түргэтгэх, ядуурлыг бууруулахад чухал хувь нэмэр оруулах бөгөөд энэ гажуудлыг засах нь биелэх боломжтой, үүнийг шийдэхэд мянга мянган хүрээлэн төвүүдийн дангаар болон харилцан зөвшилцсөн тусламж дэмжлэг шаардлагатай ажээ2. Дэлхийн чуулга нь ийм дэмжлэгийг нэмэгдүүлэх хурдасгуур болон ажиллаж байгаа бөгөөд байгуулагдасанаас хойш “10/90 гажуудал”ыг засах арга хэмжээний хүрээнд 7 дахь удаагаа 2003 оны 12 дугаар сарын 2-5-нд Женев хотноо чуулж, эрүүл мэндийн эрдэм шинжилгээний тулгамдсан олон асуудлыг хэлэлцлээ. Энэхүү чуулганд  оролцсоныхоо хувьд Монголын анагаах ухааны салбарт ажиллагсдын өмнө ч энэ үлгэрээр, судалгааны тэргүүлэх чиглэлийг оновчтой тогтоон, алдаа, гажуудлыг илрүүлэн засаж, дэлхийн эрүүл мэндийн эрдэм шинжилгээний хөгжилтэй хөл нийлүүлэх шаардлага зүй ёсоор тулгарч байна гэж үзэж байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 332
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК