Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2010, 47(047)
Улаанбаатар хотын ядуу болон нэн ядуу бүлгийнхний эрүүл мэндийн даатгалд хамрагдалтыг судлах нь
( Судалгааны өгүүлэл )

Д.Мөнхтуяа, Б.Ганбат

 
Абстракт

Abstract.The Mongolian law about Citizen’s health insurance was confirmed in the 8th of July 1993 and complied in the 1st of January 1994. The cause of conducting the health insurance to initiate sources of finance, to conduct mechanism of market and to improve the responsibility of population involving achieved 96-97%, but employments structure, unemployment, and written out elementary care service became the cause of decreasing to involve in the health insurance. The distinct indication is in 1998 the population involving was 95.3% in the health insurance, at last of 2007 the population involving became 77.3%. The number of poor and needy households increased from year to year and they couldn’t take the healthcare service shapely. Citizens of  poor and needy group are affected by illness, although they can’t involve in the health insurance and state activities haven’t released at all. 

 

Удиртгал 
Ядуу, эмзэг бүлгийнхэн өвчин эмгэгт ихээр нэрвэгдэж байдаг ч эрүүл мэндийн тусламж үйлчилгээг төдийлөн хүртэж чаддаггүй. Харин төрөөс явуулах бодлогын хүрээнд тэдгээр иргэдийг эрүүл мэндийн даатгалд хамруулах, ингэснээр тэдэнд эрүүл мэндийн шаардлагатай тусламж, үйлчилгээг бүрэн  хэмжээгээр үзүүлэх боломжийг эрүүл мэндийн даатгал олгоно гэж үздэг боловч энэ нь төдийлөн сайн хэрэгжихгүй байгаагийн улмаас хүн ам шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээ жигд хүртээмжтэй авч чадахгүй байна. 
Судалгааны ажлын зорилго
Улаанбаатар хотын ядуу болон нэн ядуу бүлгийнхний эрүүл мэндийн даатгалд хамрагдалт болон хамрагдахгүй байгаа шалтгаан, нөхцөл байдлыг судлаж үйл ажиллагааны болон бодлогын зөвлөмж гаргахад оршино.
Судалгааны ажлын зорилт 
Монгол улсын эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцоо, өнөөгийн байдлыг судлах. 
Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны өнөөгийн байдал, хүн амын эрүүл мэндийн даатгалд хамрагдалтын түвшинг судлах.   
Улаанбаатар хотын ядуу болон нэн ядуу бүлгийнхний эрүүл мэндийн даатгалд хамрагдалт болон хамрагдахгүй байгаа шалтгаан нөхцлийг судлах.
Ядуу болон нэн ядуу бүлгийнхний эрүүл мэндийн даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлэх талаар үйл ажиллагааны болон бодлогын санал зөвлөмж гаргах. 
Судалгааны материал, аргазүй 
Уг судалгаанд нэг агшингийн судалгааны аргыг ашигласан. 
Олон шатлалт түүврийн аргыг ашиглан таамаглаж байгаа ядуу болон нэн ядуу бүлгийн хүн амын нийт хүн амд эзлэх хувийн жингээр магадлал хийн түүвэр судалгааны алдааг 5% /d=5%/, итгэх түвшний утгыг 95% /CI=95%/, түүврийн бус алдааны нөлөө зэргийг харгалзан судалгаанд ойролцоогоор 384 хүнийг хамруулсан. 
Судалгааны мэдээ мэдээллийг цуглуулахдаа нийгмийн судалгааны тооны болон чанарын аргуудыг хослуулан ашигласан.
Манай орны эрүүл мэндийн салбарын зардал жил бүр нэмэгдэж байгаа (Нэг хүнд ноогдох эрүүл мэндийн зардал 2007 оны байдлаар 43.0 мян.төг буюу 2005 онтой харьцуулахад 23.9 хувь өссөн байна.1) бөгөөд “Эрүүл мэндийн салбарын санхүүжилт нь өнөөдрийн эдийн засгийн түвшинд боломжийн байна“ хэмээн  олон улсын шинжээчид дүгнэсэн байна. Иймд санхүүжилтийг нэмэгдүүлэх асуудал эрүүл мэндийн тусламж үйлчилгээний салбарт нэн тулгамдсан асуудал болох учиргүй бөгөөд харин салбарын хэмжээнд нөөцийн хуваарилалтын оновчтой, тэгш байдал, үр ашиг, үр нөлөө, зэрэг нь тулгамдсан асуудал болж байгаа  юм. Сүүлийн жилүүдэд дотоодын нийт бүтээгдэхүүн(ДНБ)-ий үйлдвэрлэлд эрүүл мэндийн салбарын зардлын эзлэх хувь 1996-2002 оныг хүртэл тасралтгүйгээр өсч, 2003-2005 онуудад бага зэрэг (0.7 хувь) буурсан дүнтэй болсон боловч 2006 оноос дахин 1.2 хувиар нэмэгдсэн байна. (Зураг1.) ДНБ-д эрүүл мэндийн салбарын зардлын эзлэх хувь 1995 онд 2.6 хувь, 2000 онд 1.9 хувь, 2001 онд 1.9 хувь 2003 онд 1.8 хувь байсан ба салбарын бүтэц харьцангуй тогтвортой байсан байна.
Эрүүл мэндийн даатгал нэвтрүүлэх эхний жилүүдэд хүн амын хамрагдалт 96-97%-д хүрч байсан боловч хүн амын хөдөлмөр эрхлэлтийн /албан ба албан бус/ бүтэц, ажилгүйдэл, хүн амд хамгийн түрүүн хүрч үр дүнгээ өгч байдаг анхан шатны тусламж үйлчилгээ даатгалаас хасагдсан зэргээс шалтгаалан хамралт буурах хандлагатай болсон.Үүний тод илрэл бол 1998 онд хүн амын 95.3% нь эрүүл мэндийн даатгалд хамрагдаж байсан бол 2007 оны  жилийн эцсийн дүнгээр хүн амын 77.3% нь эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байна. Нийт хүн амын тоонд эрүүл мэндийн даатгалд хамрагдсан даатгуулагчийн эзлэх хувь 1995 онд  89.1% байсан бол 2005 онд 77.6% болж буурсан байна. Иймээс эрүүл мэндийн даатгалыг орлогын бүлгүүдээр ангилах, эрүүл мэндийн даатгалын боломжит шинэ хувилбаруудыг өөрийн орны нөхцөлд тохируулан туршин нэвтрүүлэх, тухайлбал дундаж болон чинээлэг орлоготой бүлгүүдэд зориулсан хувийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоог нэвтрүүлж эхлэх зэрэг үйл ажиллагааг авч хэрэгжүүлэх шаардлагатай. Эрүүл мэндийн даатгал нь одоогоор ядуу, эмзэг бүлгийн хүн амыг санхүүгийн эрсдэлээс хамгаалж чадахгүй байна.
Бодлогын санал зөвлөмж 
Хүн амын эрүүл мэндийн даатгалд хамрагдалтыг  тогтмол судалж, үр дүнг нь үнэлж байх. 
 Эрүүл мэндийн даатгалтай иргэдийн авч буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах. 
Хүн ам ялангуяа ядуу эмзэг бүлгийнхнийг эрүүл мэндийн даатгалд бүрэн тогтмол хамруулах боломжит бодитой арга замыг хайж олох. 
Эрүүл мэндийн даатгалын боломжит шинэ хувилбаруудыг судалж өөрийн орны нөхцөлд тохируулан туршин нэвтрүүлэх, хувийн эрүүл мэндийн даатгалыг хөгжүүлэх. 
Эрүүл мэндийн даатгалын хуулинд  ядуу болон нэн ядуу бүлгийнхний эрүүл мэндийн даатгалд хамрагдалтыг дэмжих талаар нэмэлт оруулах.
Эрүүл мэндийн даатгалын санг нийгмийн эрүүл мэндийн даатгалын сангаас салгаж тусад нь нэг цогц байгууллага болгох. 
 
Үйл ажиллагааны  санал зөвлөмж  Улаанбаатар хотод оршин суугаа ядуу болон нэн ядуу бүлгийнхний ажил эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа явуулснаар орлогын түвшинг нь нэмэгдүүлж эрүүл мэндийн даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлэх. 
Иргэдийн эрүүл мэндийн даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлэхийн тулд сургалт сурталчилгааны чанрыг сайжруулах, тогтмолжуулах. 
Ядуу болон нэн ядуу бүлгийнхний эрүүл мэндийн даатгалд хамрагдалтыг дэмжих үйл ажиллагаа явуулах. 
Судалгааны ажлын дүгнэлт Манай улсын хувьд нэг иргэнд ногдох эрүүл мэндийн зардал нь 2000 онд байх ёстой үзүүлэлтээсээ даруй 1.2 дахин бага байсан. Харин 2007 онд энэ үзүүлэлт  ДЭМБ-ийн стандарт хэмжээнд хүрсэн нь манай улсын эдийн засгийн чадавхийг харуулахаас гадна хүн амын эрүүл мэндийг сайжруулахад төрөөс баримталж байгаа бодлогын үр дүнг илтгэж байна. Эрүүл мэндийн даатгал нь одоогоор ядуу болон нэн ядуу бүлгийн хүн амыг санхүүгийн эрсдэл болон өвчлөлөөс хамгаалж чадахгүй байна. Эрүүл мэндийн даатгалд хамрагдахгүй байгаа үндсэн шалтгаанууд нь санхүүгийн боломж, иргэний бичиг баримтгүй, иргэний бүртгэлтгүй, түүний ач холбогдлын талаарх мэдээлэл хомс байгаа зэрэг нь мэндийн даатгалын шинэ хууль, дүрэм шаардлагатай болсныг харуулж байна.

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1742
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК