Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1981, 1(37)
Тодорхой насны хүмүүсийн артерийн даралтыг хэмжсэн ажиглалтаас
( Судалгааны өгүүлэл )

Б. Дагвадорж, Л.Энхтуяа

 
Абстракт

При определении артериального давления определенного возраста у 158 студентов отмемены некоторые изменения. Артериальное давления находится в тесной зависимости от возраста и эмоционального состояния (стресса), а также от других причин. Для раннего выявления больных с повышенным артериальным давлением собходимо массовое обсленованные населения всех возрастов. 

Артерийн даралт ихдэх өвчин нь дэлхий нийтэд их тархсан өвчин юм. Эдийн засгийн өндөр хөгжилтэй орнуудын насанд хүрэгсдийн 10-15% нь энэ өвчинд нэрвэгдэж байгаагийн зэрэгцээ диастолын даралт нь 90 мм м.у.б.д (мөнгөн усны баганын даралт)-тай тэнцүү буюу түүнээс дээш байх явдал АНУ-д 23 сая (Stamler 1976), ХБНГУ-д 7 сая, Польшид 4,5 сая (Ruwek 1975), Швейцарт 0.8 сая, (Spstein 1976 он) хүнд тус тус тохиолдож байна. Дэлхийн Эрүүлийг Хамгаалах Байгууллагын 1975 оны мэдээгээр дэлхийн хүн амын 10 хувь нь энэ өвчнөөр өвчилж байгааг мэдээлжээ.  

Артерийн даралт ихдэх өвчин АНУ-д хүн амын 11 хувь, ЗХУ-д 7 хувь (Н.Гэндэнжав 1969 он), манайд 5,6% (Ц.Ишханд 1960), 8,5% (Б.Рагчаа 1968), стационарын нөхцөлд 9,1% (Н.Гэндэнжав 1969 он) тус тус тохиолдож зүрх судасны өчнүүд дотроос 36% (1-р байр) эзэлж энэ өвчнөөр нас барагсадын дундаж наслалт 58 (Н.Дондог, С.Жамъяндагва, С.Дэжээхүү 1978) байна. Улсын клиникийн төв эмнэлгийн стационарт зүрх-судасны өвчнөөр эмчлүүлэгчдийн 35,4 хувийг артерийн даралт ихдэх өвчин эзэлж байна (Б. Дагвадорж, Н.Оюун 1978 он).

Артерийн даралтыг янз бүрийн чиглэл, зорилготойгоор судалсан манай судлаачдын нилээд олон ажил бий. (Ц. Дугарням 1959, Ц. Ишханд 1964, 1969, Б.Рагчаа 1968, Но.Дондог 1968, 1978, Н.Гэндэнжав 1969, Н.Цэгмид 1970, Я.Дондог 1970, 1979, Ц.Дашдаваа, Э.Лувсандагва 1980 он). Сүүлийн үед артерийн даралт ихдэлт залуу насанд элбэгшиж байгааг судлаачид олонтоо бичих боллоо.

ЗХУ-д 1943-1944 онуудад 20-30 насны хүмүүст 22%, 1944-1945 онуудад 12%, 1965 онд 20-25 насанд 4,02%, 25-29 насанд 5,4% (г.Ф.Ланг, 3.М. Волвшский, И.И.Исаков, С. А.Кейзер) тохиолджээ.

Калифорнийн их сургуулийн хэсэг судлаач (Альварез, Бульзея, Моний) 16-30 насны 15000 оюутны артерийн даралтыг хэмжихэд систолын даралт 140 мм. м. у. б. даралтаас дээш 22%-Д, 130 мм, м. у. б. даралтаас дээш 67%-д нь ажиглагдсан байна.

Манай орны нөхцөлд артерийн даралтыг тодорхой хүчин зүйлүүдтэй холбон судалсан ажлууд (Я.Дондог 1979) цөөн тоогоор байгаа боловч тодорхой насаар нь ангилан бүлэглэж гаргасан ажил олон биш байна.

Материал ба арга

Бид 19-29 насны 158 оюутны артерийн даралтыг хэмжиж цөөн тооны судалгаа явуулан Зөвлөлтийн судлаач 3.М.Вольщский, Е.П.Феодоров, манай судлаач Ц.Ишханд нарын дүгнэлтүүдтэй жишиж үзэж дараахи ажиглалтуудыг тогтоох зорилт тавив.

1.  Тодорхой насны оюутнуудын артерийн үндсэн даралтын хэмжээг ажиглах,

2.   Үндсэн ба тохиолдлын даралтын ялгаврын хэлбэлзлэлийг анхаарах,

3.  Артерийн даралтын хэмжээг дээрх хүмүүсийн дөрвөн мөчид хэмжих,

4.  Артерийн даралтыг сэтгэлийн хөдлөл (стресс)-тэй холбон үзэх,

5.   Дээрх насны хүмүүст завсрын ба шилжилтийн гипертони ажиглагдах эсэхийг сонирхох.

Артерийн даралтыг Риво-Роччийн аппарат Коротковын аргаар хоёр гарт нь 3-5 удаа суугаа байрлалд хэмжсэн бөгөөд хэмжихийн өмнө шинжлүүлэгчийг 5-10 минут тайван суулгасан. Хэмжилтийг 1979 оны 1-р сард гүйцэтгэсэн. Тухайн хүний даралтын хэвийн хэмжээг тогтооход үндсэн даралтыг тодорхойлох нь зайлшгүй чухал гэдгийг харгалзан өвлийн амралтын үеэр нь оюутны байранд амьдарч байгаа 33 оюутны үндсэн даралтыг өглөө сэрсний дараа босголгүйгээр, оронд нь артерийн даралтыг дөрвөн мөчид нь тус бүр 3 удаа хэмжиж тодорхойлов. Эдгээр оюутнуудад систолын даралтын дундаж нь 110-120 мм. м. у. б. д. диастолынх нь 70-80 мм. м. у. б. д даралттай тэнцүү байсан ба тохиолдлын даралтыг 4-5 цагийн дараа хэмжихэд 87,5 хувьд нь 5-10 мм. м. у. б. даралтаар нэмэгдсэн байлаа. Харин 158 оюутны тохиолдлын даралтыг хэмжихэд 64,6 хувь нь систолын 111-120 мм. м. у. б даралттай диастолын 71-80 мм. м, у. б  даралттай байлаа. Бидний ажиглалт Зөвлөлтийн судлаач 3.М.Волынский, Б. П. Феодоров манай судлаач Ц. Ишханд нарын судалгааны дүгнэлттэй үндсэндээ тохирч байсан боловч Зөвлөлтийн судлаачдынхаас систолын даралт нь 10-15 мм. м. у. б даралтаар, диалтолынх нь 4-5 мм. м. у. б даралтаар доогуур байв.

Наснаас хамааран артерийн даралт өөрчлөгддөгийг томъёолсон 3.М.Волынскийн томъёог бид судалгаандаа ашигласан. Энэ томъёогоор систолын даралтыг тодорхойлоход 102 + (0.6 х нас) диастолын даралтыг олоход 63 + (0,4 х нас) гэсэн үзүүлэлтийг ашигладаг. Уг томъёогоор бодоод илэрсэн үзүүлэлтийг хүснэгт № 1~д харуулав.

Артерийн даралтын хэлбэлзлэлийг сэтгэлийн хөдлөл (стресс)-тэй холбон үзэх зорилгоор 80 оюутанд шалгалтын билет сугалахын өмнө хэмжихэд 65 хувьд нь 10-30 мм. м. у. б. даралтаар нэмэгдэж, шалгалтын асуудлаа хариулж дууссанаас хойш 10-20 мынутын хооронд дахин хэмжихэд тэдний 44,2 хувьд нь артерийн даралт хэвэндээ орохгүй байлаа. Энэ ажиглалт (Л.Бадамхандын, 1978) артерийн даралтыг сэтгэл хөдлөл холбон судалсан  судалгаатай дүйж байв.

Завсрын буюу шилжилтийн гипертонийн тухай анагаах ухааны хэвлэл мэдээлэлд 1970-аад оноос «Пограничный тип гипертензий» гэсэн нэрээр бичигдэх болсон бөгөөд Дэлхийн Эрүүлийг Хамгаалах Байгууллагаас энэ заагийн хэмжээг 140/90-159/94 мм, м. у. б даралттай тэнцүү гэж үзсэн. Харин бидний ажиглалт явуулсан залууст ийм даралттай хүмүүс ажиглагдсангүй.

Артерийн даралт ихдэх өвчинд өртөгдөх эсэх нь даралт ихдэлтийн урьдал үе (дохио) болсон дээрх байдалд байгаа хүмүүсийг эрт оношлон хяналтанд авснаас хамаарна. Даралт ихдэлтийн урьдал (гиперреактив) үедээ байгаа хүмүүст артерийн даралт ихдэх өвчин 2-3 дахин илүү тохиолддогийг судлаачид тодорхойлсон ба зарим нь 5 дахин элбэг (И. А. Рывкин) гэжээ.

Америкийн хэсэг судлаач гиперреактив байдалд байгаа 15-29 насны залууст 15-20 жилийн дараа судалгаа явуулахад тэдний 6,1 хувьд нь даралт ихдэх өвчин үүссэн байжээ. Даралт ихдэлтийн урьдал үеийг мэдсэнээр артерийн даралт ихдэх өвчин, гиперреактив байдал хоёрыг ялган оношлоход чухал ач холбогдолтой.

Артерийн даралт ихдэх өвчний 30 хүртэл хувь нь (Е.И.Чазов) .далд хэлбэрээр явдаг учир оношлогоонд зовиур шаналгаа бусад хүчин зүйлүүдийг өвчтөн бүрт онцгойлон анхаарах нь чухал. Дээрх 158 оюутны 1,8% нь систолын даралт 125-130 мм. м. у. б, 80-85 мм. м. у. б диастолын даралттай байсан ба сэтгэл хөдлөлийн дараа 46,2 хувьд систолын, 56,2 хувьд диастолын даралт тухайн насны хүмүүст байх хэвийн хэмжээний даралтын дээд заагт байв. Эдгээр залуусын артерийн даралтыг тогтмол хэмжин удам, орчин ахуй, хувийн онцлогтой нь холбон ажиглалт хийх шаардлага гарч байна.

Артерийн даралтыг хоёр хөлийн тахимын артерт хэмжин хоёр гарынхтай жишихэд систолын даралт доод мөчид дээд мөчдийнхөөс 10-20 мм. м. у. б. даралтаар, диастольнх 5-10 мм-р илүү байсан нь Зөвлөлт, Чехословакийн судлаачдынхтай тохирч байлаа.

ДҮГНЭЛТ:

1.   19-20 насны оюутан залуусын артерийн даралтыг хэмжсэн бид ажиглалтын дүн Зөвлөлтийн Е.Ш.Феодоров, 3.М.Волынский, манай судлаач Ц.Ишханд нарын судалгаатай үндсэндээ тохирч байгаа боловч зөвлөлтийн судлаачдынхаас систолын даралт нь 10 мм-р, диастолын даралт нь 4 мм. м у. б. даралтаар доогуур байв, Эдгээр оюутны 64.6 хувь нь 111-120 систолын, 71-80 мм. м. у, б. даралт бүхий диастолын даралттай байв.

2.   Үндсэн ба тохиолдлын даралтын хэлбэлзлийг 4-5 цагийн дараа хэмжихэд 87,5 хувьд нь 5-10 мм. м. у. б. даралтаар нэмэгдсэн байв.

3.  Дээд доод мөчний артерийн даралтын хэмжээг жишин үзэхэд доод мөчний артерт систол нь 10-20, диастол нь 5-10 мм. м. у. б. даралтаар илүү ажиглагдав.

4.   Артерийн даралтын хэлбэлзэлд сэтгэл хөдлөл нөлөөтэй болох нь бидний ажигласан оюутны 65 хувьд даралт нэмэгдэж байснаас харахад тодорхой байна.

5.   Судалгаанд хамрагдсан бүх оюутны 1,8 хувьд артерийн даралт нь тухайн насанд байх хэмжээний дээд заагт байв.6.   Артерийн даралтыг насны бүлэглэлээр судалж бусад хүчин зүйлүүдтэй уялдуулан үзэх нь уг өвчнийг эрт илрүүлэх, эмчлэх, урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.

Ном зүй

1. Н.Гэндэнжав. Артерийн даралт ихдэх өвчтэй хүмүүсийн цусны бүлэгнэлтийн зарим үзүүлэлтүүд. Дисс. 1972 он.
2. Б.Дагвадорж, Н.Оюун. Улсын клиникийн төв эмнэлгийн станционараар эмчлүүлэгчдийн тайлан. 1978.
3. Но.Дондог, С.Жамъяндагва, С. Дэжээхүү. Улаанбаатар хотын клиникийн эмнэлгүүдийн задлан шинжилгээний материалаар зүрх-судасны эмгэгүүдийн байдалд хийсэн судалгаа. Э.Ш илтгэл. 1978 он.
4. Я.Дондог. Зүрх судасны зарим өвчин.1979 он.
5. Ц. Ишханд, Б.Рагчаа. Улсын их сургуулийн Э.Ш. бичиг №5. х.19-38,1962
6. 3.М.Волынский, В.С.Соловьева. Гипертоническая болезнь у молодых людей 1965 он.
7. М. С. Кушаковский. Гипертоническая болезнь М. 1977 он
8. Г. Ф. Ланг. Гипертоническая болезнь М. 1950 он
9. И. А. Рывкин. Прегипертоническоя состояние М. 1950 он
10. Е. М. Чазов. Дискуссионные вопросы применения некоторых методов лечения сердечно-сосудистых заболований. Тер. архив 1975. 5. Стр 33-34
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 897
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК